Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд төслийг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргасан юм.
Хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэх учраас танхимд хуваагдаад байсан бүх гишүүд бүгд чуулганы танхимд шилжин сууж, төслийг хэлэлцэн саналаа өгөх аж.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хүмүүнлэг боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэн, санал хураахад 63 гишүүнээс 50 нь буюу 79.4 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж дэмжлээ. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төв ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах талаар тусгасан аж. Түүнчлэн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байдлыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг бий болгох асуудлыг төсөлд тусгажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.