Улаанбаатарт дахин хөл хорио тогтоолоо
2020 оны 12 дугаар сарын 23 буюу өнөөдөр өглөөний 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дахин шилжлээ.
Энэ 14 хоногийн хугацаанд 15 салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Бусад салбар ажиллахгүй.
Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно. Өмнө нь код авсан бол идэвхжүүлэх юм байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлгийн бичигтэй, цаг авсан иргэд хувийн автомашинаараа чөлөөтэй зорчино. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тухай ХХААХҮ-ийн сайд хэлсэн. Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна.
Халдвартай аймаг, сумаас Улаанбаатар хотод ирэх бол PCR, энэ аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө. Халдваргүй аймаг, сумаас ирэх иргэд асуумж бөглөх юм.
Халдвартай иргэд, тэдний гэр бүл болон ойрын, дам хавьталтай иргэд бусад дүүрэгт амьдардаг учир зөвхөн Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Улмаар 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.