УЛС ТӨР

Парламентаа “царайчлагч” Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын үйл ажиллагаанд хамгийн олон удаа хориг тавьсан Ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байна. Тэр бүрэн эрхийнхээ хугацаанд өнөөдрийн хүртэл нийт 16 хориг тавьсан. Гэвч үүнийх нь дөрвийг л УИХ хүлээн авч, нэгийг нь өөрөө буцаан татсан байдаг.

Хамгийн сүүлд Авлигын эсрэг хууль, Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа – нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад хэсэгчилсэн хориг тавьсан боловч УИХ нэгийг нь л хүлээж авсан. Авлигын эсрэг хуулиар АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилохоо больж, Шүүхийн тухай хуулиар ШЕЗ болон Сахилгын хорооны гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон.

Хэдийгээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хоригийг нь УИХ хүлээн авсан ч намрын чуулган хаасан. Мөн түүний “Оффшор бүсээс оруулж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох” агуулгатай тогтоолын төслийг ч УИХ хэлэлцэхгүй байсаар чуулганаа хаав. Ерөнхийлөгч “Хэрэв хэлэлцэхгүй бол ээлжит бус чуулган хүртэл зарлана” гэж индэр дээрээс мэдэгдээд байв.

Энэ дүр зургаараа МАН олонх парламент Ерөнхийлөгчийг үл ойшоож, өөрсдийнхөөрөө тоглодог. Харин Ерөнхийлөгч парламентаа уйгагүй царайчилж, хөөцөлддөг ийм хэлбэр улс төрд тогтчихлоо.

Хэлсэн ёсоороо Ерөнхийлөгч өчигдөр УИХ-ын даргад Өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг болон өөрийнхөө 2018 онд өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэхээр ээлжит бус чуулан хуралдуулах хүсэлтээ хүргүүлээд буй.

Мөн араас нь өөрийн цахим хуудсаар дамжуулан, хамгийн сүүлд хориг тавьсан гурван хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү? гэсэн санал асуулга явуулж байна. Санал асуулгаар олонх зөв гэж хариулбал магадгүй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэц рүү ч давж хандахаар төлөвлөжээ.

Нөгөө талдаа парламент Ерөнхийлөгчийг зүгээр нэг чангалдаггүй. Ихэвчлэндээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан: Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсоноос гадуур эрх мэдэл өгөхгүй гэсэн утгатай заалтыг барьж, хуулиудад өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл томоохон хуулиудаас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хассаар байгаа юм. Парламент үүнийгээ ҮХНӨ-ийг барьж байна гэсэн тайлбараар маргаангүй болгодог.

Үе, үеийн Ерөнхийлөгчид дундаас парламенттайгаа хамгийн их үзэлцсэн түүхтэй нь Х.Баттулга болж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригуудын жагсаалт:

  1. 2017.10.26 - Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг эсэргүүцэв (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  2. 2017.11.02 - 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  3. 2017.12.05 - Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  4. 2018.06.16 - Д.Мурат, Д.Гантулга нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай 45, 47 дугаар тогтоолд тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  5. 2018.11.15 - Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  6. 2019.05.14 - Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагалдах хуулиудад бүхэлд нь тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  7. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан хориг (УИХ хүлээн авсан).
  8. 2019.06.04 - Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг нь хүлээж авахаас татгалзсан УИХ-ын 51 дүгээр тогтоолд тавьсан хориг (Хоригоо буцаан татсан).
  9. 2019.09.20 - Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хориг (УИХ хүлээн авсан).
  10. 2019.12.03 - Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  11. 2019.12.03 - Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд тавьсан хориг  (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  12. 2020.05.26 - Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээн авсан).
  13. 2020.11.25 - Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  14. 2021.01.22 -  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  15. 2021.01.25 - Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээж авахаас татгалзсан).
  16. 2021.01.26 - Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг (УИХ хүлээн авсан).

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Царайчлагч биш дарамлагч байх гээд байгаа нь л харагдаад байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button