Дашгомбын Баттулга Ардын багш боллоо

Монголын жүдо бөхийн өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэж, амжилтад хүргэсэн шилдэг дасгалжуулагчдын нэг нь Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга.
Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальтай тэрбээр Монголын жүдо, самбо бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн.
Оюутны (1988 он) болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн (“Белград-1989”, 60 кг-д) Монголын анхны жүдоч түүний амжилт булган сүүлтэй байж 1989 онд Хөдөлмөрийн баатар О.Балжинням (95 кг) дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн билээ. Тэгж монгол жүдочид ДАШТ-д анх амжилт гаргахдаа мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам тамирчдын нэг Д.Баттулга самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн залуучуудын аварга. Сайн санааны наадам, өнөөгийн Токиогийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн улсынхаа анхны жүдоч тэрбээр УАШТ-д жүдогоор дөрөв, самбогоор нэг удаа түрүүлсэн.
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар 10 гаруй жил ажилласан Д.Баттулга өнөөдөр Ардын багш цол хүртлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.