Залуусын зөв бас буруу: Тэд зах зээлийн зарчмаар ажилласан ч...

Шинэ залуу үе түрж гарч ирэх тусам тэдний улс төрийн үзэл баримтлал илэрхий ялгагдах болсон. Тэд сонгуульдаа идэвхтэй оролцох, хариуцлагатай сонголт хийх зэргээр сошиал орчинд бусдыгаа уриалдаг. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тэдний үзэл баримтлал сошиал орчинд илэрхий харагдаж байна.
Үүнийг илтгэсэн нэг үйл явдал өрнөсөн нь залуусын дунд өндөр хандалт бүхий контент брэндинг үүсгэсэн “YZ TV”-д холбогдоно. Нэгэн цахим хаяг хэрэглэгч тэднийг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхээс мөнгө авч, түүнийг магтсан агуулгатай контент хийсэн гэж бичжээ. Харин үүнийг нь залуус ихээр хуваалцаж, дургүйцлээ илэрхийлж байх юм.
Нэг талаас чөлөөт зах зээлийн зарчим гэж энэ. Хамгийн өндөр хандалттай медиа суваг, контент бүтээгчээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авч буй энгийн л нэг жишээ. Олны анхаарлын төвд байдаг подкэст хөтлөгч, контент бүтээгчдэд санал тавьж, тодорхой хөлс мөнгөөр захиалгат ажил хийлгэх нь ил ойлгогддог, байдаг л жишиг. Харин үүнийг монголчууд зах зээлийн энгийн зарчим гэж ойлгож, хүлээж авах нь хэр байдаг бол.
Ялангуяа залуус үүнийг бүр л сайн олж харах ёстой. Гэсэн хэдий ч тэд “Залуу хүмүүс байж үзэл бодлоо худалдлаа” гэсэн өнцгөөр шүүмжлэл хэлж буй нь бас бодууштай, онцлууштай. Өөрөөр хэлбэл “YZ TV”-гийн залуусыг залуу хүмүүс гэдэг утгаар нь харж, ирээдүй, үзэл бодлынхоо өмнөөс тодорхой хөлс мөнгөнөөс татгалзаж ч болох байсан гэсэн өнцгөөр тэд хандаж байна.
“YZ TV”-гийнхэн үнэхээр У.Хүрэлсүхийн сонгуулийн штабаас мөнгө авсан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ эл үйл явдал залуусын хандлагыг тод томруун илэрхийллээ. Нөгөө талд тэд үнэхээр захиалгат контент хийсэн бол, энэ нь өөрсдийнх нь улс төрийн үзэл баримтлалд нийцсэн байсан байж ч болохыг бодож үзэх хэрэгтэй. “Фэйсбүүк хуудсыг нь репорт хий, дагахаа боль” гэж шүүмжлэх бол утгагүй, ардчилсан үзлийн эсрэг хандлага гэдгийг бас залуус эргэж харах нь зүй юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tiime sanal neg bna. Hun buriin husej baigaa ireeduid ni nuluulj chdna gsn huneel songood baiga shude. Ternees bidnii husej bui niigmiig husehgui uur niigem husej baiga baij bolno tegle ged buruutai gsn ug bish ni zuw2.
Hmuusin durguig hurgesn zuil ni zugeer l content hiideg suvag deer demjij buiga ilerhiilsen met ilerhii haragdsan blhoorl durgui hurgesn bh daa