НИЙГЭМ

Ерөнхийлөгчид ҮНЭЛЭГДСЭН банкны салбарын хоёр гавьяат

Ерөнхийлөгч Х.Баттулга үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө шагналын хурыг идэвхийлэн буулгаж байна. Хоёр өдрийн зайтай хэдэн арван гавьяат төрөв. Салбар, салбарын мэргэжилтнүүд дундаас үнэхээр нүдээ олсон хүнээ олж шагнах нь ч байх, өөрийн хамаарал бүхий хүнээ “явахаасаа өмнө” шагнаад авъя гэж хандсан нь ч байх.

Өнөөдөр “Таванбогд групп”-ээр овоглодог Ц.Баатарсайхан Хөдөлмөрийн баатар цолыг Ерөнхийлөгчөөс гардаж, энгэрээ цооллоо. Хийсэн зүйлтэй жинхэнэ баялаг бүтээгч мөн. Бас Ерөнхийлөгчийн ч ойрын хүн.

Ноднин “Голомт” банкаар овоглогч Д.Баясгаланд мөн тэрбээр Гавьяат эдийн засагч цол олгосон байдаг. Тухайн үед харин тэдний холбоо хамаарал, хамтын ажиллагааны сэдэв сөхөгдөж байлаа.

Ц.Баатарсайхан, Д.Баясгалан хоёр хоёул банкны салбарынхан гэгдэх онцлогтой. Д.Баясгалан “Голомт” банкны ТУЗ-ийн дарга байж байгаад больсон сурагтай ч тус банкны "эзэн” мөн. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын алдарт төмөр замын ажилд дунд хавиас нь орж, хамтралцсан том тамгатай.

Ц.Баатарсайханы хувьд эртнээс ХААН банкны 30 гаруй хувийг эхнэрийн хамт эзэмшиж ирсэн. Сүүлд буюу нэг жилийн өмнө тус банкны дийлэнх хувийг эзэмшдэг Японы иргэн Хидео Савада хувиа Ц.Баатарсайханд 300 сая ам.доллараар зарах санал тавьсан тухай мэдээлэгдэж байлаа. Мөн Ерөнхийлөгчийг АНУ-д ноолуурын асуудлаар айлчлах үед тэр “Говь”-оо дайж явуулснаас эхлээд ойр дотно хамтарч ажиллах болсон нь ил, далд мэдээлэгддэг.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга албат хугацааныхаа дөрвөн жилд банкны салбарын хоёр “анд”-аа шагнаж авлаа. Үнэхээр Монголын эдийн засаг, хувийн хэвшлийн салбарт оруулсан хувь нэмэр, бүтээсэн үнэт зүйлийг нь ч үнэлсэн биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button