ТОЙМ: Х.Баттулгын шагналын “хур”-нд л нам дарагдах ТОДОРХОЙ БАС УЙТГАРТАЙ сонгууль эхлэв

Уг нь бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаат хугацаа энэ даваа гарагт эхэллээ. Даанч ямар ч сонин хачин үйл явдал, халширч жийрхэм сурталчилгаа байсангүй. Нам жимийн нам жим долоо хоног өнгөрчихлөө.
Харин энэ хугацаанд нэгэн шинэ үзэгдэл газар авсан нь залуусын дундах “Д.Энхбатыг дэмждэггүй л бол тантай харьцахгүй” гэх хандлага байв. Харин С.Эрдэнэд зарим аймаг сонгуулийн штабт нээж өгсөнгүй. У.Хүрэлсүх онгоцоор нисэж, өнөөдөр хотод, маргааш орон нутагт хуйлруулж явна.
С.ЭРДЭНЭЭС ЭХЭЛЬЕ
АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнийн нөхцөл байдал их эвгүй. Хоёр талаас “алалцаж, алалцаж” нэг юм хууль ёсны тамга, бүртгэл нь С.Эрдэнэ талдаа юм шив дээ гэж нэг тайвширцгаасан ч түүнийг сонгуульд дэмжиж буй ардчилагч ховорхон сураг дуулдаж буй. Мөнгө санхүүгээр ч дутмаг байгаа мэдээлэл чих дэлсэнэ. Ерөнхийлөгч Х.Баттулгын шошготой хүмүүс түүнд аймагтаа штаб нээж өгөхөөс ч татгалзсан. Тэр бүү хэл М.Тулгат нар нь ч нэг их анхаарч үзэхгүй, хүч хаяхгүй байгаа. “Гарахгүй дээ” гэсэн сонин шийдэлт уур амьсгалаар өөрсдийнх нь хүмүүс ч, өөрөө ч үзэж тарав уу гэлтэй. С.Эрдэнэ “Би энэ тулаанд гарцаагүй ялна” гээд нэг дуугарчихсан. Ерөнхийдөө өөртөө нэг их философилог утга учир тээгээд л, дээл өмсөөд, аймгуудаар зугуухан урагшилж байна даа. АН-ын маргаанаас хойш түүнийг үзэл бодолдоо үнэнч, хатуу зарчимч хүн юм гэдэг үнэлгээ өгөгдсөн.
У.ХҮРЭЛСҮХ, ...
У.Хүрэлсүх бол “нисээд” л байна. Д.Амарбаясгалан менежерийг нь хийж буй юм гэсэндээ, арга ч үгүй сонгуулийн сурталчилгааны ажил ямар ч алдаа мадаггүй, хий хийрхэлгүй мөртлөө хурдтай урагшилсаар л. “Хариуцлага хүлээлээ” гэж Ерөнхий сайдаас огцорчхоод, “Эх орныхоо хөгжлийн төлөө” гэж хашгирчхаад буй мөртлөө хамгийн өндөр эрх мэдэлтэй институтээс татгалзаж Ерөнхийлөгч рүү зүтгэж яваа хүн. Ер нь эр бяр нь амтагдаастай. Сурталчилгааны өмнөх СЕХ, УДШ, ҮХЦ, ҮАГ зэрэг газрууд дээр өрнөсөн үйл явдлууд бүгд хууль дүрмээ барьсан дүртэй ч начир ээрээ түүний талд л шийдэгдэж байв. Дээрээс нь сонгуулиар МАН-ын гишүүд бүгд У.Хүрэлсүхээ “долоож”, “хүлхэх”-ийн дээдийг үзүүлж буй. Сурталчилгаа эхлэхээс өмнө нэг хөрөг нэвтрүүлэг хийлгээд амжчихсан. Тодорхой хэмжээний, бага гэж гололтгүй масс түүнд дургүй байгаа нь бас үнэн. Тиймдээ ч тэр үү, эр бяраа хэт амталчихгүй шиг жимбий үзэж байна.
Д.ЭНХБАТ, ХАЧИН СОНИН ДҮР
Хэвлэлд нэгэнтээ Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихгүй гэж ам гарсан ч ХҮН-ын урилгаар гэнэт амбицалсан “Датаком”-ын Д.Энхбат сошиалд бол од болон гэрэлтсээр. Нэг тийм боловсролтой, сэхээлэг, барууны, “өөр” дүр болж харагддагаа тэр сайн ойлгочхож. Тийм ч болохоор эхнээсээ эхнэрээ урдаа гаргаж ирсэн. Авааль гэргийнх нь өмссөн гутал хүртэл шүтэх, үнгэх сэдэв болдог дээрээ тулжээ. Яг хүн рүү нь, түүх рүү нь У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар луу өнгийсөн шиг өнгийвөл улс төрд нэг хэсэг үзэл бодол нь тогтоогүй, чадвар чадавхгүй, нэг тийм “дэлчигнүүр” дүртэй байж байгаад “Ээ халаг, хувь бизнесээ л хөөх минь” гээд алга болчихсон эр. Тэгээд жиргээчин болсон. Жиргэхгүй сэдэв ч гэж байхгүй. Ер нь Д.Энхбат Твиттер гэдэг нэг цэнхэр шувуухайд өнөөдөр нэлээд талархах учиртай юм. Харин тийм ч том массыг хамраагүй боловч үнэлж болохуйц хэмжээний хэсэг түүнийг дөрвөн мөчөө өргөөд л дэмжиж байна. Тэр ч бүү хэл Д.Энхбатыг л дэмждэггүй бол хүн биш юм шиг дабль стандарт гаргаад эхэлчихжээ, дэмжигчид нь. Энэ бол харин харуусмаар л. Хүний С.Эрдэнийг эсвэл У.Хүрэлсүхийг итгэл үнэмшлээрээ дэмжих язгуур эрхийг нь ингэж үл хүндэтгэж байвал тоогүй л дээ.
ШИГТГЭЭ НЭГ: Энэ хооронд нээрэн улс төрийн ертөнцөөс МАХН гэдэг нам яваад өгсөн. Яагаа вэ, Намбарын Энхбаяр. МАН-д гомдож тусдаа гарсан ч эргээд МАН руугаа ингээд уусчихлаа. МАХН-д итгэдэг бас ч гэж цөөнгүй тооны дэмжигчид, С.Ганбаатарт итгэж сонгосон эрдэнэтчүүдийн сонголтыг ингээд л аль эрт үгүй хийчихсэн. С.Ганбаатар ч одоо АН-ын гишүүн болж дээ. УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар өчигдөр /2021.05.28/ МАН-ыг албан ёсоор татан буулгав. Одоо тэр тохироондоо авах хэд хэдэн сайдын суудал, МАН дахь албан тушаал зэргээ авахаар алгаа үрчиж буй.
ШИГТГЭЭ ХОЁР: Шагналын хур буусаар. Удахгүй ажлаа хүлээлгэж өгөх Х.Баттулгын бясалгасан маягийн өдөр хоногууд. Хоёр хоногийн зайтай л хэдэн арван гавьяат төрлөө. Энэ дундаа “Буухаасаа өмнө л амжуулъя, өгөх ёстой хүндээ өгч чадах юмаа, өгч чадахаар байгаа дээрээ өгье” гэсэн хандлагаар хэд хэдэн хүмүүсийг хавчуулчхаж байгаа юм. Тэтгэврийн зээл тэглэж өгсөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн СЕО Б.Мөнхбаяр гэх мэт цөөнгүй хүмүүс нэрлэгдэнэ. Төмөр замаа ч очиж эргэсэн, “Дуусгачихлаа” гэж нэг дутуу хагас зарласан. Сонгуулийн өмнө андлал нь цуу татагдсан У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын учраа төмөр зам дээр л нэг огтлолцох гээд байх шиг дүр зурагтай.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Үйл явдал цаашид яаж өрнөхийг таашгүй ч түүхэнд тэмдэглэгдэх айвуу тайвуу сонгууль болж байна. Арга ч үгүй, хаврын улс төр ч улайссан л даа. Одоо Х.Баттулга, З.Энхболд нарын хүмүүст Ерөнхийлөгчийн сонгууль сонин биш, харин дараагийн нөхөн сонгуулиуд болон гудамжнаас хийх улс төрийн тоглолтууд л сонин. Гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг л адаглаад сөхөөд үзэхэд онцолчих ганц өгүүлбэр байхгүй. Тун чиг бөөрөнхий, хэлбэрийн хувьд бараг л адилхан, мөлгөрийн мөлгөр. Ерөнхийдөө бүхний бэлтгэл сайн хангагджээ л гэмээр. Гэхдээ хэт их хүсэж, бодож төлөвлөж, дэндүү бэлдсэн зүйл бүтэхгүй байх тал ч бий. Аль нь ч бай Ерөнхийлөгчийн сонгуулиас бол юм хүлээлтгүй. Ардах улс төр нь л.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардын Хувьсг�##� ялаад100 болжээ Монголчууд Ардын Хувьсг�##�ын 100 жилийн ойгоо баярлаж бахархаж тэмдэглэж байна, Монголчуудадаа баяр хүргэе, их олон шагн�##� хүртээрэй
Enkhbat
ХИЙСЭН ЮМТАЙ, ЦААШИД ХИЙХ ЧАДВАРТАЙ, ХЭЛЭХ ҮГТЭЙ ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ НЬ ДЭМЖИЖ БАЙНА. БҮГДЭЭРЭЭ ДЭМЖЬЕ.!!!!"!!
Хүрэлсүх ээ дэмжинэ