А.И.Цэдэнбал Филатова: Цэдэнбал надад гэрлэх санал тавьсныг зөвхөн миний эгч л мэдэж байсан

А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ. Иймд бид та бүхэндээ Маss.mn сайт 2014 оны наймдугаар сарын 28-нд орчуулан хүргэсэн Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гуайн ярилцлагыг хүргэж байна.
Монгол төрийн лидерүүдийн нэг БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн болон БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал гуайн Орос гэргий Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова гуай Оросын “Комсомольская правда” сонинд 1995 оны аравдугаар сарын 6-нд анх удаагаа ярилцлага өгчээ.
-Би Рязаны Сапожок хотод төрсөн. Арван жилээ төгсөөд Москва руу явсан юм. Плехановын их сургуулийг төгссөн. 1943 онд сургуулиа төгссөний дараа намайг Худалдаа аж үйлдвэрийн яаманд ажиллахаар хуваарилсан юм. Гурван жил ажиллах хугацаандаа би консулын байгууллагад нарийн бичиг хийж байлаа. Яг энэ үед 1947 онд Москвад Цэдэнбал ирсэн юм. Манай гэр хотын захад байдаг байсан тул ажил амжихгүй оройтох үедээ Чеховын гудамжинд нийтийн байранд амьдардаг том эгчийндээ хонодог байлаа. Харин түүний хөршөөр Монгол Улсын Коммунист намын Төв хорооны зөвлөх амьдарч байсан юм. Нэг өдөр тэр хүний хүүгийн төрсөн өдөр тохиож намайг урьсан юм. Энэ үед тэднийд Цэдэнбал байж таарсан. Дараа нь Цэдэнбал урт хугацааны туршид ажлаар Москвад байсан юм. Бид болзож, театрт үзвэр үзэж, бусад хосын адилаар ирээдүйгээ мөрөөдөж байлаа. Энэ үед би 27 настай, харин Цэдэнбал 30-тай байлаа. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа тэр надад гэрлэх санал тавьсан юм. Би мэдээж шууд зөвшөөрөөгүй л дээ. Монгол руу явах ... . гэсэн хэдий ч би аль хэдийнэ жирэмсэн болсон байлаа.
-Таныг Монгол руу авч явахын тулд Цэдэнбал гуай Кремлийн удирдагчидтай тохиролцоо хийсэн гэж ярьдаг. Нэг бол таныг эхнэрээ болгож авна, эсвэл хаашаа ч явахгүй гэсэн болзолтой байсан гэх юм. Түүнчлэн таныг албадан гэрлүүлсэн гэлцэх юм. Энэ үнэн үү?
-Бид бие биедээ хайртай байсан. Хэн ч намайг албадаагүй. Цэдэнбал надад гэрлэх санал тавьсныг зөвхөн миний эгч л мэдэж байсан юм.
-Тухайн үед гадаадын иргэнтэй гэр бүл болохыг хориглодог байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Би Дээд зөвлөлд өргөдөл гаргасан. Үүний хажуугаар ЗХУ-ын иргэншилтэй хэвээр үлдээхийг хүссэн юм. Яагаад ийм зүйл хийснээ ойлгоогүй ч одоо бодох нээ зөв зүйл хийсэн байна лээ. Тэр үед хоёр иргэншил байгаагүй. Тухайн үед Москвад Х.Чойбалсан айлчилж ирж байлаа. Маршал Х.Чойбалсан тэр үед сайд нарын зөвлөлийн дарга, улсын анхны дарга байсан юм.
Тэр үед хуримаа бид хийгээгүй байсан. Х.Чойбалсан Цэдэнбалаас “Эхнэрээ олсон гэж ярихын үнэн үү?” гэж асуугаад “Би хуримыг чинь хийж өгнө” гэж амласан юм. Хурим Х.Чойбалсаны амьдарч байсан Засгийн газрын нэгэн зусланд болсон. Бид 1947 оны зургадугаар сарын 12-нд голт бор цэцэглэх үеэр гэрлэж байлаа.
-Хэний зардлаар хурим зохион байгуулж байсан бэ?
-Энэ талаар сайн мэдэхгүй юм. Бүх зүйлийг Чойбалсан зохион байгуулсан.
-Хуримын зочдын жагсаалт ... ?
-Цэдэнбал цэргийн хүн. Түүний цэргийн найзууд 20 орчим хүн байсан. ЗХУ-д суугаа Монголын элчин сайд ирсэн. Хуримын дараа удалгүй бид Монгол явсан. Би 35 жил Улаанбаатар хотод амьдарсан. Би гурван хүү төрүүлсэн ч анхны хүү минь эндсэн юм.

-Та төрийн албан тушаал хашиж байсан уу?
-Үгүй. Хүүхдийн сан байгуулагдах үед ТУЗ-ийн даргын алба хашиж байснаас өөр албан тушаал хашиж байгаагүй. Нэг удаа би монголчуудыг хүүхдийн цэцэрлэг барьж буйг харсан юм. Хэцүүхэн дүр зураг харагдаж байлаа. Тэгээд Монголд хүүхдийн сан байгуулах санаа төрсөн . Бидний анхны сайн дурын үйлсийн санхүүжилтийг лам нарт шилжүүлж байсан . Жил болгон номтой том лам нь хадган дээр мөнгөтэй чек болон өргөмжил авчирч ирдэг байлаа. Хүүхдийн санд намайг ажиллах хугацаанд 50 гаруй хүүхдийн цэцэрлэг барьсан. Үүний дараа би Монголын космомолд Олон улсын хүүхдийн пионерийн зуслан байгуулахыг санал болгосон юм. Одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.

-Таны нөхрийн дайснууд таныг Брежневээс харш босгох мөнгө авсан хэмээн буруутгадаг?
-Тэр үед юу болсоныг ярьж өгье. Бид Ленинградад байсан юм. Энэ үед би Улаанбаатарт хуримын ордон барих санаа олсон байлаа. 1974 онд Брежнев айлчилсан . Тэгээд би түүнд “Леонид Илич Монголын залуучуудад гэрлэх ордон байхгүй байна” гэлээ. Тэгээд “Ийм том гүрэн улсад гэрлэх ордон бэлэглэхэд юухан билээ” хэмээн хэлсэн юм. Зэргэлдээ бас залуу техникчдийн станц баригдаж байсан учир үүнийг ч мөн адил бэлэг болгооч гэсэн юм. Тэгээд тэр “За байз хө, би Сусловтой ярилцаадхая” гээд босоод явлаа. Эргэж ирээд тэр “За за. Хуримын ордон барьж болно. Харин үлдсэн нь хэтэрч байна” гэсэн юм. Би түүнээс дүү байсан тул тэр намайг “чи” гэдэг байлаа.
-Тэгэхлээр та зээл аваагүй гэсэн үг үү?
-Тиймээ, зээлээр өгөөгүй юм. Би гуйсан. Миний овжин сэргэлэн зан байлаа.
-Нөхөр тань улс орныг удирдахад танаас зөвлөгөө авдаг байсан уу?
-Гэр дотор хэзээ ч улс төр ярьдаггүй байсан. Улсын ажил тусдаа, эхнэр бас тусдаа. Тэгээд ч бид хэзээ ч чөлөөтэй ярилцаж чаддаггүй байсныг би одоо ойлгож байна. Зэргэлдээ өрөөнд хамгаалагчид суудаг байсан юм. Бидний амьдарч байсан улсын харш ердөө тавхан өрөөтэй. Бидний харшийг Х.Чойбалсан өгсөн. Дараа нь тэр өөртөө хоёр харш бариулсан юм. Нэг нь хотод, нөгөө нь хотын захад.

-Та сая нөхрийгөө цэргийн хүн гэж хэллээ?
-Миний нөхөр Жуковын найз байсан юм. Жуков чинь Халх голын дайны баатар байсан шүү дээ. Яг энэ үед 1939 онд Цэдэнбал түүний армийг махаар хангадаг байсан юм. Цэдэнбал тэр үед Сангийн сайд байлаа. Жуков хожим ч түүнд “Чи манай цэргүүдийг сайн махаар хангаж байсан шүү” хэмээн хэлж байсан юм.

-Цэдэнбал дарга олны хэлдэгээр Кремлийн тушаалаар улсыг захирч байсан гэдэг. Та үүнийг анзаарч байв уу?
-Огт үгүй. Би одоо нотлоод өгье. Цэдэнбал өөрийн гэсэн бодолтой, мөрөн дээрээ толгойтой хүн байсан.

-Би үүнтэй маргахгүй ээ?
-Мэдээж, социалист орнуудын бодлого Төв хорооны гадаад хэлтэст боловсордог байсан ч Хрущевын үед Сталины хөшөөг буулгаж байсан удаатай. Тухайн үед Сталин монголчуудын хувьд чухал хүн байсан юм. Цэдэнбал Хрущевд хандан “Та Сталины хөшөөг нурааж байна. Гэтэл манай ард түмэн үүнийг чинь ойлгохгүй” хэмээн эсэргүүцэж байсан юм. Тэгээд Сталины хөшөөг авч үлдсэн юм шүү дээ.

-Одоо хэр байдаг юм уу?
-Одоо бол байхгүй л дээ, ардчилал буулгасан. Хоёрдугаарт, Брежнев нэг удаа Цэдэнбалд хандан “ЗХУ-тай Болгар улс нэгдэх гэнэ” хэмээн хэлжээ. Далдуур танай орон хоцрогдоод байна гэж сануулж байгаа хэрэг. Харин Цэдэнбал үүнд “Үгүй. Бид тэгэхгүй” хэмээн хариулж байлаа. Тэгээд бас, Монгол Улсын баатар цолыг ЗХУ-ын баатар цолтой харьцуулахад Цэдэнбалын захирамжаар зөвхөн нэг удаа л гардуулахаар болсон юм. Гэхдээ үүнийг албаар хийсэн бөгөөд тэр үед Брежневийг дахин Монгол Улсын баатар цол хүсэхэд ийн тушаал буулгасан юм.
Анастасия Цэдэнбал-Филатова: "Цэдэнбалыг албан тушаалаас нь халсан явдал эртнээс төлөвлөсөн хуйвалдаан байсан"
-Үүнд ЗХУ яаж хандсан бэ?
-Ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. ЗХУ-д хүлээгээд суудаг хүн байхгүй шүү дээ. Гэсэн хэдий ч Монголд бас орос зөвлөхүүд байсан. Монголд суугаа бүх элчин сайдын яамны ажилчидтай би сайхан харилцаатай байдаг байсан. Гагцхүү Русаковтай таагүй харилцаатай байлаа. Их зантай, хүн муутай, аймшигтай хүн байсан. Тэр маш богино хугацаанд дэвшиж чадсан юм. Монголд тэрбээр зөвхөн Төв хорооны дарга болж чадсан. Харин дараа нь Брежневийн туслах болсон. Энэ хүн миний нөхрийг 1984 онд ерөнхий нарийн бичгийн даргын албанаас буулгахад нэн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн .

-Цэдэнбал гуай их уудаг байсан уу?
-Цэдэнбал бусдын адил уудаг байсан. Гэхдээ амьдрах хугацаандаа би түүнийг төрийн арга хэмжээ болон олон нийтийн газар уусан байхыг огт харж байгаагүй. Түүнд олон зүйл хориотой байсан ба хоолны тусгай дэглэмтэй хүн байсан. Би түүний эрүүл мэндэд их анхаардаг байсан юм. Заримдаа албаны хүлээн авалтын дараа дарга нар цуглардаг байв. Тийшээ эмэгтэйчүүдийг оруулдаггүй юм. Энэ үед тэд хэтрүүлэн ууна. Би мэдээж нөхөр маань их уугаасай гэж хүсдэггүй байсан тул иймэрхүү хүлээн авалтын үеэр олон хүнтэй муудалцдаг байлаа. Тэр маань ч миний үгэнд ордог байсан юм.

-Цэдэнбал даргыг албан тушаалаас нь огцруулсан 1984 оны талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Нэг л зүйлийн тодорхой хэлж чадна. Цэдэнбал хүмүүсийн ярьж байсан шиг хүндээр өвдөөгүй. Түүнийг албан тушаалаас нь халсан явдлыг би эртнээс төлөвлөсөн хуйвалдаан гэж боддог. Тэр өөрөө ч хэрэг явдлын дараа ингэж ярьдаг байсан. ЗХУ-ын төрийн эргэлтийн өмнөхөн түүний албан тушаалд горилогчид болох Монгол Улсын Аюулгүй байдлын хорооны сайд болон бусад хүмүүс Москваг зорьсон юм. Энэ нь Цэдэнбалыг Москва руу эрүүл мэндийн үзлэгт явахаас өмнө болсон хэрэг. Зөвлөгөөний үеийн гурван минутанд Цэдэнбалд өвчин “тарьж” буйг ойлгосон. Би Чазов Евгений Ивановичид хандан “Яагаад улс төрийн явуулга явуулаад байгаа юм бэ” гэж хэлж байлаа. Харин дараа нь өөрөө шалгасан юм. Надад эмнэлгийн салбар дахь профессор найз олон бий. Тэгээд би тэднээс улс төрийн асуудал үгүй эсэхийг лавлаж асуусан. Тэд надад “Улс төр” гэж хариулсан.

-Таныг Монголд олгогдсон хувийн, тусгай тэтгэвэр авдаггүй гэх юм. Мөн ОХУ-ын маш бага тэтгэвэр авдаг гэлцхийн. Энэ үнэн үү?
-Хамгийн бага бол биш л дээ. 190 мянгыг авдаг.
-Таны нөхрийг одоо хэр Монголд дурсдаг уу?
- Одоо бол Монголын айл бүрт Цэдэнбалын хөрөг зураг байдаг юм.

-Айл бүрт үү?
-Тийм. Та яагаад нүдээ том болгов? За магадгүй, хоёр айлын нэгт нь бий шүү. Түүнийг маш их хүндэтгэдэг юм. Тэр зөвхөн сайн үйл л хийж байсан. Монгол Улс эртнээс Цэдэнбалын үйл хэргийг зөв талаас нь харах болсон. Монголчуудад түүний үйл хэргийн бодит дүр зургийг үнэн мөнөөр нь таниулах зорилгоор “Сэтгэлийн толь” нэртэй сонин гаргаж байгаа.

-Та хамгийн сүүлд ОХУ-ын ямар сонинд ярилцлага өгсөн бэ?
-Ямар ч сонинд ярилцлага өгөөгүй.
-Харин ЗХУ-ын?
-Мөн адил өгөөгүй. Би хэнд ч, хэзээ ч ярилцлага өгж байгаагүй.
Ярилцсан: Михаил Рыбьянов
Эх сурвалж: Маss.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.