УЛС ТӨР

Долдугаар сарын 1-нээс хойш Засгийн газар иргэдээ “тэжээж” чадах уу

МАН-ынхан, эрх баригчдын хүсэн хүлээж байсан Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж дууслаа. Харин МАН-ын энэ амжилтын ард ард түмэн цар тахалд нийтээрээ нэрвэгдэж, хохирогч болж үлдлээ. Коронавирусийн халдварын тархалт тоогоо алдаж, арван хүний тутмын 6-7 нь халдвар тээсэн гэхэд буруудахгүй дүр зурагтай боллоо. Халдвар авсан иргэдээ эмчилж дийлэхээ больж, өрхийн эмчийн хяналтад байгаа нэртэй 8000 гаруй иргэн гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Үхвэл хохь нь. Өрхийн эмч нар нь ч ачааллаа дийлэхээ байж, утсаа авахаа больжээ.

Энх цагт хорьж цагдаж, хамаг орлого хааж, дампууруулсан төр засаг бүх хүн өвдөөд, ямар ч орлогогүй гэр гэртээ “хэвтэх” үед бүх зүйлээ нээгээд ажилла, амьдар гэж байна. Үүнтэй зэрэгцэн долдугаар сарын 01 тун удахгүй болох нь.

Засгийн газрын зүгээс долдугаар сарын 01 хүртэл хөнгөлсөн бүх хөнгөлөлтүүдээ зогсоохоо албан ёсоор мэдэгдчихлээ. Тодруулбал тог, ус, байрны мөнгөө бид ирэх сарын 01-нээс өөрсдөө төлж эхлэнэ. Энэ ч яахав гэхэд өөрсдөө болон ажилчид нь өвчинд нэрвэгдэж, ашиг орлого байтугай өнөө маргаашийн зардлаа нөхөж чадахаа байсан аж ахжй нэгжүүдийн банк, ББСБ-аас авсан зээлийн төлөлтүүд, иргэдийн ипотекийн зээл ийн төлөлтүүд эхлэх нь. Түүнчлэн цар тахлын үед 100 мянгаар олгож байсан хүүхдийн мөнгө ирэх сарын нэгнээс буцаад 20 мянга болох нь.

Ард иргэдэд хэрэгтэй, тэдэнд тус дэм болох шийдвэр хэрэгцээгүй үед хэрэгжиж, яг хэрэгтэй цагтаа дуусгавар болох нь. Цар тахалд нэрвэгдэж, ажилгүй, орлогогүй болсон, 200-300 мянган төгрөгийг үнэ бүхий эм авч өөрдсийгөө эмчилж чадахгүй иргэд цаашид хэрхэн амьдрах вэ. Яаж зээлээ төлөх вэ. Яаж хоногийн хоолоо залгуулах вэ. Долдугаар сарын нэгнээс хойш Засгийн газар иргэдээ “тэжээж” чадах уу.

Ялангуяа банк, ББСБ-уудын зээлтэй хүмүүсийн хувьд энэ хугацаанд төлөгдөөгүй хүүгийн төлбөр нь хуримтлагдсан. Төлж эхлэхэд хэцүү. Энэ хугацаанд эдийн засаг сэргэлт авсангүй, эрүүл мэндээ ч дорвитой хамгаалж чадсангүй.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ӨЛЗИЙБАЯР: ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТӨД НЬ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Цар тахалтай тэмцэхдээ хэрхэн менежмэнт хийх нь эдийн засагтай шууд уялддаг. Бид өвчний тархалтыг хяналтад авсан байсан, одоо алдчихлаа. ААН-үүд зээлээ төлөхөд дахиад л хүндрэлтэй харагдаж байна. Манай эдийн засаг өөрөө улирлын чанартай. Яг сэргэлт авдаг цагтаа нэг үгээр өвчинтэй зууралдаад сууж байна.

Зээлийг мэдээж хэзээ нэгэн цагт төлөх нь тодорхой, санхүүгийн сахилга бат байх ёстой. Гэхдээ эргэн төлөлтөд нь бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хүндрэлтэй. Ямар ААН-үүдийг салбар, салбараар нь ангилж, цар тахлын нөлөө хэр хүнд туссанаар нь ялгаж, уян хатан зохицуулалт хийдэг ч юм уу. Зээлийг нь нөгөө ГУРВАН хувийн хүүтэй зээлээрээ сольж өгдөг ч юм уу. Тийм дорвитой шийдвэр гаргах хэрэгтэй.

-ХҮҮХДИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГ ЦАР ТАХЛЫН ҮЕД ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭНД МАШ ИХ НЭМЭР БОЛСОН-

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.Даваасүрэн хэлэхдээ: Хүүхдийн 100.000 төгрөг, тог цахилгааны мөнгөний хэмнэлт нь иргэдийн амьдралд бодитой тус нэмэр болж чадсан. Ялангуяа олон хүүхдүүдтэй өрх толгойлсон эмэгтэй, хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд үр нөлөөгөө өгч чадсан. Цар тахлаар хувийн бизнесүүд зогссон. Би л гэхэд аялал, жуулчлалын салбарт ажилладаг. Манайд 30 гаруй эмэгтэйчүүд ажилладаг. Ихэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд юм. Харахад, 100.000 төгрөг тэдний амьдралд их тус болсон. Ялангуяа хэцүү цагт хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орохоос сэргийлж чадсан болов уу.

Түүнээс 20.000 төгрөг нь тухайн хүүхдэд хүрэлцэхүйц дэмжлэг биш. Би хатуу хэлж байгаа бол уучлаарай. Гэхдээ хүмүүст мөнгө өгсөн гэх нэр төдий зүйл. Улс орны нөхцөл байдал сайнгүй байхад төр засаг нь иргэддээ мөнгө өгч байгаа гэж харагдах л дүр зураг юм. Харин 100.000 төгрөг бол өөр. Төр засаг нь улс орноо харж ханддаг, үр хүүхдийг өсгөх бодлого баримталж байгаа юм байна гэж бодогддог.

Хамт ажилладаг залуус маань “Хүүхдийн мөнгө буцаад хэвэндээ орох нь” гэж ярилцаж байсан. Миний хувьд хүүхдийн мөнгийг хэвээр нь үлдээгээсэй гэж хүсэж байна. Боломжтой хүмүүс нь мөнгөө хадгаламждаа хийж байгаа л байх. Гэвч хамт ажиллагсдын 80 хувь нь шууд өрхийн хэрэглээндээ зарцуулж байгаа, тэр нь хэрэгцээнд нь хүрч байгаа гэж хэлсэн. Тиймээс 20 мянга болгож буулгахыг огтоос дэмжихгүй, эсрэг байр сууртай байна.

-ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООД ГЭРТЭЭ ТУСГААРЛАГДСАН УЧРААС АВАХ ЦАЛИН ХАСАГДАЖ БАЙНА-

Эхнэр нь коронавирусийн халдвартай иргэний ойрын хавьтал болж гэртээ тусгаарлагдсан иргэн Г ийн ярьж байна.

Тэрбээр “Засгийн газраас байр тог, ус, хүүхдийн мөнгө, зээлийн эргэн төлөлтүүдийг долдугаар сарын 01 хүртэл хөнгөлнө гэж анхнаасаа хэлж байсан. Тэр ч ёсоороо  болж байх шиг байна.

Хамгийн гол нь иргэдийн амьдрал, яг одоо л тартагтаа тулаад байна. Хамаг байснаа өмнө нь өгчхөөр яг одоо цар тахалд дарлуулж байгаа энэ цаг үедээ иргэдээ май гээд өгье гэвч өгөх юмгүй болсон байх.

За байр, тогны мөнгө ч яахав. Бид өмнө төлөөд болдог л байсан. Харин ажил орлого нь зогссон аж ахуй нэгжүүд, цалин орлогогүй өвдсөн иргэд зээлийн эргэн төлөлтүүдээ хийж эхлэхэд нэлээд хүндрэл учрах байх.

Миний хувьд олон сая төгрөгийг цалингийн зээлтэй. Эхнэр маань ойрын хавьтал болоод гэртээ тусгаалагдсан байна. Тэгэхээр дагаад би ч хавьтагч болчихож байгаа юм. Амьдралаа авч явж, зээлээ төлдөг хүн чинь халдвар аваад гэртээ хорионд орчихоор ажил ч үгүй, орлого ч үгүй, сарын сүүлээр зээлээ төлөх гэхээр бодогдсон нь цалин нь хүрэхгүй ийм л байдал орох гэж байна. Яаая даа гэж л бодож сууна. Миний хувьд цалингийн зээлийн төлөлтөө хойшлуулаагүй. Яаж ийгээд сар сардаа төлөөд явж байсан минь харин чадсан. Тэгээгүй төлөлтөө хойшлуулсан бол долдугаар сарын 01-нээс хойш ёстой л хүнд байдалд орох байж. Төр засаг сайн ажиллаад зун гэхэд халдваргүй, сайхан болох байх гэж горьдож, зээл төлөлтөө хойшуулсан олон хүн байгаа байх. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал ингэж хүндэрнэ гэж огт санаагүй” гэв.  

-БИЗНЕСИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭН ЗЭЭЛИЙНХЭЭ ХҮҮГ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА-

Цар тахлын үеийн шоконд орсон дараагийн хүн бол иргэн Ү. Тэрбээр үсчин, гоо сайхны газар ажиллуулахаар банкнаас бизнесийн зээл авчээ. Улмаар бизнесээ эхлүүлж, сар бүр төлөлтөө хийгээд амьдрал ахуй дажгүй сайхан байж. Гэтэл цар тахлаас үүдэлтэй хөл хориноос болж ажил, амьдрал нь орвонгоороо эргэжээ.

орлогогүй болсон иргэн Ү мөн л Засгийн газраас олгосон боломжийг ашиглаж, бизнесийн зээлийн төлөлтөө хойшлуулжээ. Харин одоо хүүг нь төлөөд явдаг гэнэ.

Тийм тулдаа л энэ хэдэн сар тэсэж байгаа ч одоо өмнөх шигээ үйлчлүүлэгчтэй байхаа больж, ажиллаж байгаа нэртэй ч ашиг орлого олохоо больжээ. Цар тахал гарахаас өмнө түүний сарын ашиг орлого нь 3.5-4 сая байдаг байсан гэнэ. Сарын түрээс нь 1 сая бөгөөд түрээсээ төлөөд цаана нь зээлээ төлөөд, амьдралаа авч явах боломжтой байсан аж.

Гэтэл одоо сарын орлого нь хэд дахин багассан хэрнээ түрээс нь хэвээрээ учраас түрээсийн мөнгөнөөсөө илүү гаргаж амьдралдаа зарцуулах мөнгө олоход тун хэцүүхэн байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн бизнесийн зээлийнхээ хүүг ч төлж чадахаа больжээ. Энэ бизнес эрхлэгчийн хувьд мөн л долдугаар сарын 01-нээс хойш зээлийн төлөлтөө хэрхэн бүтнээр нь, хүүтэйг нь төлж явахаа мэдэхгүй, ямар ч эдийн засгийн чадамжгүй болсон гэдгээ учирлаж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ийнхүү Засгийн газар, УОК-оос хөл хорихгүй байгаа нь иргэдийн ажлаа хийх боломжийг нээж, эдийн засгаа сэргээх боломж гэж ярьж буй. Гэтэл цөөхөн хүн амтай манай улсын хувьд эдийн засгийн эргэлт маш ихээр муудаж, бүх төрлийн аж ахуй нэгжүүдийн бизнес, худалдаа наймааны эргэлт байхгүй болж, үйлчлүүлэгч олж харахаа больжээ. Иргэд цар тахлын айдаст нэрвэгдэж, гадуур дэлгүүр хэсэж хувцас хунар авч өмсөх нь бүү хэл өдрийн цайны цагаараа хоол ч идэж чадахгүй санхүүгийн хүндрэлд ороод байна. Үүнд коронавирусийн айдсаас гадна мөнгөгүй болж, хэмнэлтийн горимд шилжсэн нь шууд нөлөөлж буй юм. Долдугаар сарын нэгнээс хойш хэрхэхийг хэн ч үл мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТЭЖЭЭВРИЙН АМЬТАН БОЛГОЧИХ БОЛТОЙ ЮМ

Өөрсдөө амьдар
Өөрсдөө амьдар

Х�##�амжийн бодлогоор ххвтгайруулчихаар төрөөс юм харсан иргндтэй л болж дээ

зочин
зочин

Арай хэтэрнээ төр засаг архичин монголчуудаа өөгшүүлэхээ болимоор юм ард иргэд нь ч авах ёстой юм шиг л айшилахаа бас болимоор юм

зочин
зочин

er n xalamjiig bolix xeregtei uursduu amidralaa avaad javj chadval boloo dendyy davardan xun muutai shunaltai ard tumen shuu

Холбоотой мэдээ

Back to top button