Э.Одбаяр: Би буруутвал Засгийн газар, УОК надтай хам хэрэгтэн болно

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр дуулиантайгаар саатуулагдсан иргэдийн нэг бол Эрдэнийн Одбаяр. Түүний хувьд Зон олны намын дарга бөгөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ. Ардчилсан намд элсэх боломжтой ч өөрөө бие даан Зон олны намыг байгуулж, улс төрийн үзэл баримтлалын хувьд бусдаас өөр гэдгээ харуулахыг зорьж, дуу хоолойгоо илэрхийлж яваа түүнтэй ярилцлаа.
-НАМАЙГ ГРАШААР ДАМЖУУЛАН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ОРУУЛААД, ХУУЛЬЧ Б.МЭРГЭН НАРТАЙ УУЛЗУУЛААГҮЙ-
-Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг цагдаа нар баривчилсны нэг нь та байлаа. Таныг ингэхэд цагдаа нар ямар хэргээр яагаад баривчлав?
-Тухайн өдөр би коронавирусийн улмаас амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлэн төв талбайд зул өргөх ажиллагаанд оролцохоор гэрээсээ гарах гэж байсан юм л даа. Гэтэл хаалга тогшоод, онгойлготол энгийн хувцастай хоёр цагдаа байсан. Иймд баталгаажуулах, аюулгүй байдлаа хангах үүднээс би бичлэг хийж баримтжуулсныг харсан байх. Түүнээс өмнөх өдөр буюу зургадугаар сарын 24-нд дүрэмт хувцастай хоёр цагдаа гэрийн хаалга тогшоод надаас орцны үүдэнд хүмүүс зодолдсон эсэхийг харсан уу гэж асуусан. Оройн 23 цагийн орчимд манай гэрийн ойр орчмоор эргэлдээд байсныг нь ч анзаарсан. Харин маргааш нь буюу зургадугаар сарын 25-ны өглөө энгийн хувцас өмссөн хоёр цагдаа ирээд ямар шалтгаанаар явж байгаагаа хэлэлгүйгээр “Уулзах хэрэг байна. Гараад ир” гэж шаардсан нь тэр л дээ. Улмаар цагдаагийн байгууллага руу авч явахаар албадсан. Энгийн машинтай байсан. Тийм машинаар авч явна гэхээр ямар ч хүн айж, сандарна биз дээ. Иргэдээс тусламж хүсч орилоход хэд хэдэн хүн ирсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваачсан. Намайг грашаар дамжуулан гурван давхарт нэг алба хаагчийн өрөөнд оруулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд хуульч Б.Мэргэн, өмгөөлөгч Пүрэвдулам нар ирчихсэн намайг өмгөөлөх гээд хүлээгээд байсан юм билээ.
-Таниас ямар мэдүүлэг авсан бэ?
-Надаас мэдүүлэг гэхээр “юм” аваагүй. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэсийн н.Сүхбат гэх цагдаа байсан. Ганц л асуулт асуусан. “Гэрийнхээ үүднээс баригдаад ирлээ. Гэрийн гадаа цагдаа нар отоод байна. Юу болоод яагаад байгааг та нар надад тайлбарлах ёстой юм биш үү” гэж асуусан. Гэтэл “Мэдэхгүй би ойлгохгүй байна” гэдэг утгатай юм өөдөөс ярьсан. Яагаад баригдаад ирснийг минь мэдэхгүй байсан.
-Цагдаагийн газарт таныг хэр удаан хугацаатайгаар саатуулав?
-Цагдаагийн газарт надаас мэдүүлэг авах гэж нилээн удаан байлгасан. Дөрвөн цаг гаруй болсон. Мэдүүлэг авахгүй зүгээр л байлгаад байсан. Төв талбайд намайг очуулахгүй гэж тэр шүү дээ. Мэдүүлэг өгөх гээд хүлээгээд л зогсоод байлаа. Хуульч Б.Мэргэн, өмгөөлөгч н.Пүрэвдулам цагдаагийн байгууллагад ирээд “Дотор Э.Одбаяр гэж хүн байгаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэсэн юм” гэтэл “Тийм хүн ирээгүй байна” гээд л байлгаад байсан.
-Таныг жагсаал цуглаан зохион байгуулж, бусдыг өдөөн турхирах вий гэсний үүднээс саатуулсан гэх хардлага байж болох уу?
-Тийм. Жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа гэдэг агуулгатай зүйл яригдсан л юм шиг байна лээ. Гэтэл тэр өдөр төв талбайд цугларах боломж байхгүй, бүхэлд нь цагдаагийн хамгаалалтад авчихсан байсан шүү дээ. Нас барагсдад эмгэнэл илэрхийлэх гэж очсон хэдэн хүмүүс ямар сайндаа л С.Зориг агсны хөшөөнд очхов дээ. Намайг 10 цагт гэрээсээ гарна гэж бодсон юм шиг байгаа юм. Гадаа сахиад байсан учир би 10:40 цаг хүртэл гарч чадаагүй. Ингээд намайг байгаа эсэхийг шалгах гэж энгийн хувцастай хоёр цагдаа хаалга тогшсон. Гэхдээ намайг ямар учир шалтгааны улмаас саатуулсан нь цагдаагийн байгууллага дээр очоод тодорхой болно гэж найдсан л даа. Харамсалтай нь байцаалт авсан цагдаа нь өөрөө өөдөөс гайхсаар байгаад таарсан гэх үү дээ.
-ӨМНӨХ ОРОЙ НЬ ГЭРИЙН ГАДАА ЦАГДАА НАР ЭРГЭЛДЭЖ, ГАРАХ Л ЮМ БОЛ АСУУДАЛ ҮҮСГЭХЭЭР БАЙСАН-
-Өмнөх өдөр нь цагдаа нар танай гэрийн гадаа эргэлдээд байсан гэж та ярилцлагын эхэнд дурдсан. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард та бас баривчлагдаж байсан удаатай. Яагаад танайхаар цагдаа нар эргэлдээд байдаг юм бэ?
-Тийм ээ, арванхоёрдугаар сард намайг нүцгэнээр бариад явсан удаатай. Тухайн үед манайх руу зөвшөөрөлгүй нэвтэрч орж ирээд бүх өрөөг нэгжсэн байдаг юм. Манай хүүхдийн мөлхөж тоглодог хивсэнцэр дээр цас шороо холилдсон шавхайтай гутлаараа гишгээд, нойлын өрөө рүү хүртэл шагайж бичлэг хийсэн удаа бий. Нэг хоёрхон өрөөтэй жижигхэн байрны бүх хэсгээр явж үзлэг хийсэн. Улмаар намайг цагдаагийн газар луу авч явна гэчхээд эрүүлжүүлэхэд хийчихсэн. Ямар үндэслэлээр авч явж байгаагаа ч тайлбарлаагүй. Яг тэр орой хүмүүс намайг сураглаад эхлэхэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Э.Одбаярыг баривчлаагүй” гэж мэдэгдсэн. Маргааш өглөө нь ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү “Э.Одбаяр архидан согтуурсны улмаас эрүүлжүүлсэн” гээд бичсэн байсан. Миний нэр төрд халдсан. Б.Баатархүү гэх хүн намайг удаа дараа гүтгэж байгаа. Үнэхээр эрүүлжүүлэгдсэн бол ядаж миний согтолтын зэргийг тогтоох ёстой биз дээ. Өөрөөр хэлбэл барихдаа үндэслэлгүй баривчлаад, маргааш нь “архидан согтуурсан учир оршин суугчдын дуудлага мэдээллийн дагуу эрүүлжүүлсэн” гэдэг үндэслэл гаргаад ирсэн байсан. Тухайн үед би гомдол гаргасан. Гэтэл Цагдаагийн газрын дотоод хяналтаас “ямар нэгэн зөрчил илрүүлсэнгүй” гэдэг дүгнэлт гаргаж байсан. Шүүхийн байгууллагад хандаагүй минь алдаа болсон. Хүссэн хүнээ баривчилчхаад маргааш нь ямар нэгэн үндэслэл гаргаж ирдэг болох нь байна шүү дээ.
Харин сая найз нөхөд рүүгээ залгаж “манай гадаа цагдаа нар эргэлдээд байна” гэдгийг хэлсэн. “Гаднаас ирээд ажиглаад өгөөч, ямар хүмүүс байгааг мэдээд өгөөч” гэж гуйсан. Гэтэл “Дор хаяж хоёр машинтай хүмүүс үүдийг чинь сахиж байна” гэдэг мэдээлэл авсан. Өмнөх орой нь манай гадаа эргэлдээд байгааг өөрөө харж, ажигласан юм л даа. Намайг гарах л юм бол асуудал үүсгэхийг мэдэж байсан. Үүн дээр өргөдөл гомдол гаргах гэж байгаа. Яагаад над дээр гүйцэтгэх ажиллагааны шинж чанартай зүйл явуулав. Яагаад намайг мөрдөж мөшгив. Яагаад энгийн хувцастай эрүүгийн мөрдөгч нар баривчлав. Би ямар гэм буруу хийв.
-Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?
-Дөнгөж сая өмгөөлөгчтэй уулзсан. Гомдол гаргахад бэлэн болгоод гартаа барьчихаад сууж байна. Өнөөдөр юм уу маргааш ЦЕГ-т гомдлоо хүргүүлнэ.
-Тухайн өдөр зул өргөж, эмгэнэл илэрхийлж чадав уу?
-Цагдаагаас гараад л С.Зориг агсны хөшөө рүү очсон. Цугласан иргэдийн санаа бодлыг сонсож лайв хийсэн. Тэгээд орой нь коронавирусийн улмаас амь насаа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлж зул өргөөд оройн 12 цаг хүртэл төв талбай дээр байсан.

-ЗГ, УОК, Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАР ФЕЙСБҮҮКТЭЭ БИЧСЭН ЗҮЙЛЭЭР МИНЬ ЦАГДААД ӨГСӨН-
-Ямар үндэслэлээр хэзээ 500 мянган төгрөгөөр торгуулсан юм бэ?
-Эхнийх нь 2020 оны арваннэгдүгээр сард Засгийн газар болон УОК-оос миний эсрэг гаргасан гомдол. Хоёр дахь нь 2021 оны эхээр өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан гэх хэргээр мөн миний эсрэг гаргасан гомдол.
Нэгдүгээрт 21 хоногийн тусгаарлалтын хугацааг багасгахыг, хоёрдугаарт эдийн засгаа сэргээхийг, гуравдугаарт “ковид-19” алга болохгүй тул дасан зохицож амьдрах шийдвэр гаргахыг шаардсан. Гэтэл ЗГ, УОК-оос олон нийтийг төөрөгдүүлж худал мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Ингээд ЦЕГ-аас над дээр эрүү үүсгэж шалгаад, Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Анхны мэдүүлгээ өгснөөс 5-6 сарын дараа энэхүү шийтгэлийн хуудсаа гардаж авч байгаа юм. Засгийн газар болон УОК-ын миний эсрэг гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралд уржигдар/2021.06.29/ оролцлоо. Шүүх хурлаар “намайг зөрчлийн хуулиар шийтгэсэн нь үндэслэлгүй” гэдэг шийдвэр гаргалаа.
Хамгийн хачирхалтай нь над дээр гомдол гаргасныхаа араас Засгийн газар, УОК тусгаарлалтын хугацааг 7-10 хоног болгосон, “ковид-19”-ийн үед эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн, “ковид-19”-тэй дасан зохицож амьдрах төлөвлөгөөг боловсруулсан. Тэгэхээр нэг ёсондоо надтай санал нэг байж, миний тавьсан шаардлагыг биелүүлээд байна л даа. Тэгсэн хэрнээ би бурууаад яваад байдаг. Хэрэв би буруутах юм бол Засгийн газар, УОК надтай хам хэрэгтэн болж таарна биз дээ.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр төрд халдсан гэх хэрэг ямар шатандаа яваа юм?
-Би өөрийн фейсбүүк хуудсандаа “төмөр замыг овоолсон шороо болгосон” гэж бичсэн. Үүний төлөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр над дээр гомдол гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй би шүүхэд хандсан. Уржигдар буюу /2021.06.29/-ний өдөр мөн шүүх хурал болж, гурван цаг гаруй үргэлжлээд “Х.Баттулгыг гүтгэсэн нь үндэслэлтэй” гэдэг шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдана. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь бас над дээр гомдол гаргаад, тэр нь 2021 онд хэрэгсэхгүй болж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Анх намайг гүтгэлээ гэж “Эрүүгийн хэрэг” үүсгэхээр Эрүүгийн цагдаагийн газарт хандсан байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гээд ЦЕГ-ын Зөрчлийн хэлтэс рүү шилжүүлсэн юм билээ.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг бас нэр төрд нь халдсан хэргээр гомдол гаргасан гэж сонссон юм байна?
-Тийм. Ерөнхий сайд байхдаа бас гомдол гаргасан. 2021 оны нэгдүгээр сард мөн л нэр төрд нь халдсан гэдэг шалтгаанаар. Нэр төрд халдсан нь тогтоогдоогүй гээд хаагдсан л даа.
-БУСДЫГ ӨДӨӨН ТУРХИРЧ БАЙСАН УДААГҮЙ. ТИЙМ ӨЧҮҮХЭН Ч ЗОРИЛГО НАДАД БАЙХГҮЙ-
-Өөрийн фейсбүүк буюу хувийн орон зайдаа бичсэн зүйлсээс болж цагдаад дуудагдсан гэж ойлголоо?
-Өөрийн хувийн орон зайдаа буюу фейсбүүктээ нийтэлсэн зүйлсээрээ дандаа шалгагдаж байгаа. Фейсбүүктээ бичсэн постуудаар минь гомдол гаргасан байдаг. Бараг 1000 гаруй иргэнийг зөрчлийн хэргээр шийтгэсэн юм билээ. Мөн цар тахлын хуулийг сунгаад түүгээрээ хүний эрхийг маш ихээр зөрчиж байна. Цар тахал нэрийн дор иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, зорчих эрхийг боомилоод зогсохгүй эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдах боллоо.
-Яг үнэндээ өөрийг тань бусдыг өдөөн турхирагч гэж хардаг, дүгнэдэг хүн цөөнгүй л дээ. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Нэгдүгээрт би Монгол Улсын иргэний хувьд, хоёрдугаар үр хүүхэдтэй аав хүний хувьд, гуравдугаарт улстөрийн намын даргын хувьд амьдарч буй нийгэмдээ үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Нийгэм, эдийн засаг, улстөрийн асуудлаар байр сууриа илэрхийлэх зүй ёсны эрхтэй. Хоёрдугаарт, нийгмийн эмх замбараагүй байдалд бусдыг өдөөн турхирч байсан удаагүй. Нэгдүгээр сарын 20-нд болсон том жагсаалыг ямар хүмүүс өдөөн турхирах оролдлого хийснийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа зарим улстөрч, улстөрийн намууд эмх замбараагүй болгох үүднээс эд зүйл, архи дарс тараасан асуудал үүссэн шүү дээ. Энэ том жагсаалд эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө тараах ажлыг би хийсэн байдаг юм аа.
-Тийм гэж үү?
-Баримт бий. “Жагсаал тодорхой үр дүнд хүрсэн, одоо тарах хэрэгтэй. Дараа дараагийн шаардлагуудын тайван замаар тавина” гэж уриалсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан энэхүү уриалгаа хэлсэн. Эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж иргэний үүргээ гүйцэтгэсэний нэг том жишээ. Тухайн үед АН, МАХН, ХҮН, ИЗНН зэрэг намууд ус балгасан юм шиг л дуугүй байсан шүү дээ. Харин өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөний төлөө “Зон олны нам” идэвхтэй дуугарсан. Дуу хоолойгоо илэрхийлэхээс гадна танин мэдүүлэх, сургалт семинар зохион байгуулах үйл ажиллагаануудыг ч хийдэг. Тийм учраас бусдыг өдөөн турхирах өчүүхэн ч зорилго надад байхгүй.
-ААВТАЙ ХОЛБООТОЙГООР НАМАЙГ ГАДУУРХАХ АСУУДАЛ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ, ТҮҮНД ЭМЗЭГЛЭХГҮЙ-
-Нийгэмд дуугарагч тэрслүү юм шиг байдаг болохоороо эсвэл улстөрийн намын дарга С.Эрдэнийн хүү болохоор адлагдаад байгаа гэж бодож байв уу?
-Аль аль нь л байх. Манай аав ч бас дуугүй байдаг хүн биш. Болж бүтэхгүй зүйлийг түс тас хэлчихдэг. Түүнээсээ болж хүмүүст адлагддаг, дайсантай болдог. Түүнтэй нь холбогдуулаад намайг гадуурхах асуудал байхыг би үгүйсгэхгүй. Гэхдээ түүнд эмзэглэхгүй. Хэн нэгний хүүхэд гэдгээр асуудалд хандах нь утгагүй гэж бодож байна. МАН-д гурав, дөрвөн үеэрээ улстөрийн албан тушаал хашиж байгаа хүмүүс бий шүү дээ. Миний хувьд 2016 онд буюу 30 настайдаа улстөрийн намд анх элссэн. Түүнээс хойш нэг ч удаа сонгуульд орж, ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Харин үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хаана ч гээхгүй байхыг хичээсээр ирсэн. Өнөөдөр эрүүл, амьд явах эрх баталгаагүй байна. Эрх баригчид гадаадад гацсан иргэдийн эрхийг хязгаарласан шийдвэр гаргаж байсан бол одоо дотоод иргэдийнхээ эрхийг гацаасан шийдвэрүүд гаргах болсонд эмзэглэж байна.
-Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлээд түүнийхээ хэрээр цагдаад дуудагдахдаа ааваасаа “боль, бай” гэдэг үг сонсож байв уу. Өөрөөр хэлбэл буруушаал, зөвтгөлийн үг хэлдэг үү танд?
-Манай гэр бүл ер нь либериал. Тус тусынхаа үзэл бодол, өөр өөрсдийнхөө амьдралаар л амьдардаг гэх үү дээ. Аав “Ардчилсан нам”-ын дарга шүү дээ. “Ардчилсан нам”. Ийм намын дарга хүн бусдыг, ялангуяа үр хүүхдийнхээ юу хийх, юу хэлэхийг заахгүй нь ойлгомжтой. Аав гэлтгүй, миний эмээ, ээж, эхнэр, найз нөхөд минь надад санаа зовдог байх. Гэхдээ “дэмждэг шүү, болгоомжтой байгаарай” гэж л хэлдэг. Түүнээс биш “Хүүе болиоч, одоо наадахаа зогсоо” гэж хэлж байсан удаагүй.
-Цаг зав гаргаж дэлгэрэнгүй, нээлттэй ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Монгол Улсад иргэд нь үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хязгаарлаж байна. Иргэд нь Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй мөртлөө үгээ хэлэх, эрүүл мэндийн туслалцаа авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах зэрэг бүх эрхүүд зөрчигдөж байна. Товчхондоо “Ковидизм” буюу коммунизмын нэг төрөл өнөөгийн нийгэмд тогтсон. Өнөөдөр засаг төр нь иргэддээ хоол халбагадаж өгч байна. Нэг их цатгахгүй хэрнээ өлсгөөд алчихгүй хэмжээнд амь зогоолгож байна. Өөрийнхөө төлөө зүтгэх, өөрийнхөө эрхийг хамгаалах суурь эрхэд нь шууд халдаж байна. Юу бичих, юу ярих, хэдэн цагт унтах босохыг хүртэл зааж байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн “Халдвар хамгааллын дэглэмээ сахиач” гэсэн зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө цагдаад шалгуулж байна гэдэг л хамгийн харамсалтай байна даа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Alga bol..
Энэ муу бах мэлхийний зулзага их солиорч байнаа. Ингэж улс төр хийхгүй ээ тэнэг минь.
Od boloh n uu
Энэ нэг юм ямар төвөгтэй юм бэ бөөн хэрүүл сайхан байдаг юм байхдаа зүгээр мөрөөрөө амьдарч болдоггүй юмуу эцэг нь мэдрэл болохоор энэ нь адил юмдаа чааваас гэж
Aavigaa ehleed zuv hun bolgo. Aavtaigaa taarsan taar shuudai mini covidoor nas barags#aar uls tur hiihee boli. Burhan boloochdoo hundetgel uzuuleh udur zunduu bhad zaaval turiin terguunii tangarag urguh udur jujigee tavij yavdag hen be chi.
Covidoor, Burhan boloochdoor uls tur hiihee boli. Dandaa huviin sonirhol hsnhalj bdag zavaan novsh.
Жонхуу Хүүк хоёр нэр төрөө сэргээлгэх гэнээ, новшийн хоёр. Энэ хоёроос бусад нь ингэж эмзэглэж хүүхэн зан гаргадаггүй юм билээ. Э.Одбаяр бол эрүүл сэтгэлтэй, эрүүл бодлоготой, эрүүл улс төрчийн нэг яах аргагүй мөөн.
Энэ з�##�уу ард иргэдийг бодоогүй, өөрсдийн эрх ашгийн төлөө иргэдийг турхирч явдаг хүн шд. Аав нь их хур�##�д байхад ингээд явж байхыг нь мэдэхгүй л юм байна. Тухайн үед нийгмийн саар асуудлууд байж л байсан.
Энэ ацын эх оронч гэх хуурамч дүр нойлын цаастай адил
Энэ гөлөг эх оронч байх гэж юу байсан . дуулиан шуугиан тарьж , олонд танигдах гэсэн ганц хүний намын дарга ухаантай гөлөг. Энэ гөлөгийн намд гишүүн байгаа юу. Ганцаараа л орилоод солиороод явах юм
Эцэг нь нам дагаж амаа тосдож амьдарлаа з�##�гуулж мөнгөжсөн болхоор намыг мөнгө гэж хараад нам байгуулж амь зуух санаатай новш. Ганц хүний намын дарга . монголчууд юм юмыг мэддэг болсон болхоор чиний намд орж чамайг тэжээх тэнэг хүн байхгүй л боловуу солиот минь
Энэ нэг бах мэлхийний баас одооноос нэр хүнд олж авах гэж олон иргэдийг турхирч, аав шигээ тэнэгтэх юм. Аав С.Эрдэнэ нь сонгууль болгонд онигоо болж дуусаа биздээ. Аавын гень байнаа бна.