Нийгмийн

Өнөөдрийн ОНЦЛОХ ТАМИРЧИН: Токиогийн олимпод улсынхаа тугийг мандуулсан Ө.Дүүрэнбаяр

“Eguur.mn” сайт өдөр бүр Монголынхоо нэг тамирчныг онцолж байгаа билээ. Зарим хүн “Тэмцээнд оролцохынх нь өмнө битгий магт. Цагаан хэл ам хүрчихнэ” гэж шүүмжилж магадгүй. Энэ тамирчин ийм амжилт гаргаж, ингэж хөдөлмөрлөж яваа гэдэг тодорхой мэдээлэлтэй тэмцээнийг нь үзвэл уншигчдад илүү өгөөжтэй байх болов уу гээд онцолж буйг тодотгоё.

Бид өмнө өдрүүдэд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Л.Отгонбаатар, ОУХМ Л.Сосорбарам, Монголын тамирчин болсон Саид Моллаеи, олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй боксчин М.Мягмаржаргал нарыг онцолсон. Токиогийн дэвжээнээс ДАШТ-ний алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгө, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг, Азийн аварга Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулаад байгаа билээ.

Өнөөдөр бидний онцлох тамирчин бол ДАШТ–ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны бөх Ө.Дүүрэнбаяр өнөөдөр “Токио-2020” олимпын дэвжээнд барилдана.

МОНГОЛ УЛСЫН БАГИЙН ТУГЧ

Олимпийн наадамд улсынхаа тугийг мандуулсаар алхана гэдэг тамирчин бүхэнд олдохгүй том хүндлэл, их хувь заяа. Өнөө жил  Токиогийн олимпийн наадамд Монгол Улсынхаа тугийг барьсаар цэнгэлдэхэд орж ирэн, мандуулсан хоёр эрхмийн нэг нь Ө.Дүүрэнбаяр, нөгөө нь О.Хулан.

Үе үеийн олимпын наадамд улс бүр хамгийн шилдэг, нүүр царай болсон тамирчнаа тугчаар сонгодог. “Токио-2020”-д тамирчин бүхний бас нэгэн мөрөөдөл болсон олимпын наадамд тугч хийх мөрөөдөл түүний хувьд биеллээ оллоо.

ХОЁР ТАЛААСАА БӨХИЙН УДАМТАЙ

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Ө.Дүүрэнбаяр хоёр талаасаа бөхийн удамтай. Улсын заан “Тавхай” хэмээх Д.Лувсангийн ач, улсын начин Л.Өлзийбаярын хүү тэрбээр үндэсний бөх, жүдогийн бэлтгэлийг хослуулан хийдэг.

Аймгийн цолтой түүний аавын төрсөн ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальтай, Гавьяат тамирчин Л.Энхбаяр, нагац ах нь улсын заан Р.Давааням, соёлын Гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж, улсын гарьд Н.Ганбаатар, Харүмафүжи Д.Бямбадорж, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ юм.

11 НАСАНДАА ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭСЭН

Ө.Дүүрэнбаяр 11 насандаа жүдогоор хичээллэн, эл спорттой амьдралаа холбожээ. Түүнийг бага байхад нь тэднийх ОХУ-д амьдардаг байж. Хойд хөршид орос дасгалжуулагчийн дэгээр жүдо сурсан тамирчин Ө.Дүүрэнбаяр багын биерхүү, өсгөлүүн байжээ. Тиймээс багш нь тэр бүр мэх, техник заалгүй, хөдөлгөөний эвсэлтэй болгохын тулд байнга тоглуулж, дасгал хийлгэдэг байсан юм.

Анхны тэмцээндээ оролцон, алтан медаль хүртсэн тухайгаа тэр дурсах дуртай. Оросын дэвжээнээс хүртсэн 10-аад медаль түүнд бий. Тэдгээрийн нэг нь л хүрэл.

Ө.Дүүрэнбаяр 2008 онд олон улсын хүүхдийн наадамд оролцсоныхоо дараа Монголд ирж, Хаштогтох багшийн удирдлагад бэлтгэл хийх болжээ. Тухайн үед гэр нь Эрхүү рүү шилжсэн тул тэрбээр Монголд эмээгийндээ амьдран, жүдогийн бэлтгэлээ хийдэг байсан юм. Жүдогоор бэлтгэл хийх, амжилт гаргахын төлөө гаргасан анхны том алхам нь тэр гэнэ. Тухайн үед эмээгийнх нь Хайлаастад амьдардаг байв. Ө.Дүүрэнбаяр Хайлааст, Спортын төв ордон, “Их шавь” гэсэн маршрутаар өдөр бүр таваргана. Тэгж зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөгийн амжилтад хүрчээ.

ЗАЛУУЧУУДЫН ДАШТ–д ТҮРҮҮЛСЭН МОНГОЛЫН АНХНЫ ЖҮДОЧ

Монгол Улсын жүдочид дэлхийн дэвжээнд өнгөлдөг, шуугиулдаг ч залуучуудын ДАШТ-д түрүүлсэн хоёрхон аваргатай. Тус тэмцээнд түрүүлж, анхдагч болсон жүдоч бол Ө.Дүүрэнбаяр. Тэрбээр 2014 оны залуучуудын ДАШТ-д түрүүлж, улсынхаа төрийн дууллыг дэлхийн дэвжээнд анх удаа эгшиглүүлсэн юм. Түүний амжилтыг давтсан, залуучуудын дэлхийн аварга болсон ганцхан бөх байдаг нь Л.Сосорбарам. Тэрбээр 2019 онд залуучуудын ДАШТ-д түрүүлж, Ө.Дүүрэнбаярын амжилтыг үргэлжлүүлсэн юм.

ҮНЭМЛЭХҮЙ ЖИНД ДЭЛХИЙН МЕДАЛЬТАН БОЛСОН МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ ЖҮДОЧ

Ө.Дүүрэнбаяр 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн +100 кг-д хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Тэгэхдээ жүдо төдийгүй чөлөөт бөхийн түүхэнд үнэмлэхүй жинд дэлхийн медальтан болсон Монголын хоёр дахь бөх (өмнө нь Н.Түвшинбаяр) болсон юм. ДАШТ-ээс медаль хүртсэн 16 дахь монгол жүдоч тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Лукас Крпалекийг ялсан.

Дэлхийн медальтан болсон тухайгаа “Би 2017 онд Парисын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртэхдээ Түшишвилиг ялсан. ДАШТ-д дахин дийлнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь алдаа болчихов уу даа. Тэрбээр сууж үүрэх дархан мэхтэй, би гараа татаж барилдан, үүрүүлдэггүй онцлогтой. Тиймээс надад илүү ашигтай байдаг, уг нь. Гэтэл санаснаар болсонгүй. Хүлээж барилдсан нь миний алдаа. Тийм чухал барилдаанд дийлдэг бөхдөө ялагдах ёстой харамсалтай. Үнэнийг хэлэхэд хүрэл медалийн төлөөх барилдаанд төвлөрье, өмнөх ялагдлаа хурдан мартъя гэж хэчнээн хичээсэн ч санаснаар болоогүй. Бүр дэвжээнд гарахаар алхаж явахад хүртэл бодогдсон, харамссан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд санасан мэхээ зоригтой хийгээд, өөртөө итгэлтэй барилдъя л гэж бодсон. Тэр жил ДАШТ-д гурав дахь удаагаа оролцсон болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Барилдааны эхэнд би түүнийг тосгуулж хавирсан. Тэгээд хөнтөрч унагаасныхаа дараа л барилдаандаа бүрэн төвлөрлөө.

Намайг барилддаг өдөр ээж Замын-Үүд сумын овоонд, эрэгтэй дүү Хийморийн овоонд, эхнэр Хамрын хийдэд мөргөн, сааль, сүүнийхээ дээжийг өргөсөн гэнэ лээ. Гэр бүлийнхний минь намайг гэсэн сайхан сэтгэл хазайхад түшиж, амжилтад нөлөөлсөн нь дамжиггүй. Итгэлийг нь алдаагүйдээ баярлаж байна. Мөрөөдлийн минь нэгээхэн хэсэг биеллээ.

Тэмцээнд явахынхаа өмнө эхнэртээ “Хайр нь нэг юм дуулгах юм шиг санагдаад байна. Миний дүрэмт хувцсыг хими цэвэрлэгээнд өгчихөөрэй” гэсэн юм. Айсуй амжилтаа зөгнөсөн байжээ” гэж дурссан юм.

2018 оны ДАШТ-ээс Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртсэн. Тэд хоёулаа Архангай аймгийн Батцэнгэл сумынх. Үүний сацуу хоёулаа энэ жил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн билээ.

ЖҮДОГООР БАРИЛДАХАА БОЛИОД ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭН ИРЖЭЭ

27 настай, армийн дэлхийн аварга, Азийн наадмын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр жүдогийн бэлтгэл хийхээ болин, жил гаруйн хугацаанд үндэсний бөхөөр дагнан барилджээ. Жүдогоор амжилт гаргахгүй нь гээд шантарсандаа тэр. Нөгөө талаар боловсролдоо анхаарахаар шийдэж. Тэгж явахад нь олон хүн ятгасаар жүдод эргэн хөл тавиулжээ.

Ө.Дүүрэнбаяр энэ талаар “2016 оны олимпын эрх олгосон зургаан тэмцээнд эхний тойргуудад дараалан ялагдахад их шантарсан. Өдөр, шөнөгүй хичээгээд амжилт гаргахгүй болохоор сэтгэлээр унадаг юм билээ. Хүний өөдөөс эгцлэн харахаас ч ичмээр. “Арайхийж “Рио-2016”-гийн эрх аваад яах юм бэ. Ямар олимпод оролцож үзэх гэж байгаа биш” гэж бодон жүдогоо орхин, үндэсний бөхөөр барилдах болсон.

Спорт залуу насны ажил болохоор боловсролдоо анхаараар шийдсэн юм. Жил гаруйн хугацаанд жүдогийн бэлтгэл хийгээгүй. Тэгж байтал 2017 оны УАШТ-ий үеэр О.Балжинням багш “Дүүрээ, Парисын “Их дуулга”-д оролцоорой. Заавал өрсөлдөнө шүү” гэдэг юм байна. Жил гаруйн хугацаанд бэлтгэл хийгээгүй болохоор амжилт гаргана гэдэгтээ итгээгүй. “Оролцохгүй ээ, багш аа. Медаль авахгүй байх” гэтэл ятгасаар байгаад намайг зодоглуулсан.

Бага дэлхийн аварга гэгддэг тус тэмцээнд өрсөлдөхдөө жингийнхээ олонх шилдгийг өвдөг шороодуулан, хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээний дараа хичээвэл амжилт гаргах нөөцтэй, боломжтойгоо ойлгосон. Тэгээд л спортдоо эргэн ирсэн, жүдогоор үргэлжлүүлэн барилдах болсон” гэсэн юм.

 Жүдодоо эргэн ирсэн нь зөв шийдвэр байсныг тэр дараа жил нь мэдэрч, дэлхийн медальтан болсон билээ.

ХӨГЖМИЙН АВЬЯАСТАЙ ДҮҮРЭЭ

Тэрбээр чөлөөт цагаараа хөгжим тоглох дуртай, шаггүй авьяастай. Ялангуяа, гитар, төгөлдөр хуур тоглох бүр ч дуртай. Мөн гадаад хэл сурах сонирхолтой. Ө.Дүүрэнбаяр Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын зохиосон аянуудыг ихэвчлэн тоглох дуртай гэнэ.

Тэрбээр “Сайхан ая тоглохоор сэтгэл уужраад, тайвширдаг. Тийм мэдрэмжийг дахин дахин мэдэрмээр санагддаг. Заримдаа бэлтгэл дээр гитар авч очдог юм. Тэгээд завсарлагаар нь гитар тоглон, тамирчидтайгаа хамт дуу дуулахаар ядарснаа ч умартдаг” гэсэн юм.

Түүний ханийг С.Хандармаа гэдэг. Тэд жүдогийн дэвжээн дээр танилцжээ.

“Тийм амжилт гаргалаа, тэгж яллаа, ингэж дийлдлээ” гэхээс өөр түүний тухай барим, тавим мэдээлэл ховор. Ө.Дүүрэнбаяр хэвлэлд ч төдийлөн ярилцлага өгдөггүй. Энэ талаараа “Түвшээ ах хэвлэлийнхнээс бэргэдэг шүү дээ. Аварга ярилцлага өгөхгүй байхад бид далдаганавал ичмээр, онигоо болно” гэж даруухан өгүүлсэн юм.

Монголын жүдо бөхийн спортод анхны тодотгол бүхий цөөнгүй амжилтын эзэн, дэлхийн медальтай ийм нэгэн жүдоч Токиогийн олимпод өнөөдөр барилдана. “Токио-2020” олимпод түрүүлж, медаль хүртэн, монгол түмнээ баярлуулах нөөц, боломж Ө.Дүүрэнбаярт дүүрэн бий.  Амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ
МОНГОЛ
7 сар 30, 2021 16:08

яасан ч ИХ ДАЛЧИГНАЖ МАГТДАГ ЮМ БЭ ДЭ НААДАХ ГАХАЙ ШИГ ЧИНЬ ЮМ ЗАХААС АВААД БАЙГАА ХООСОН ГУЯАА ГАНЗАГЛААД ХҮРЭН УЛААН ЦАРАЙЛААД ИРЭХ НЬ ДЭЭ ХАМГИЙН ЯДУУ АЙМАГ АРХАНГАЙХАН ЖУДО ГООР ЯВНА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН

Холбоотой мэдээ

Back to top button