НийгмийнУЛС ТӨР

“Нийтийн мэдээллийн тухай хууль”-иар ИЛ ТОД байдлыг хумьж, иргэдийн мэдэх эрхийг ХААНА

Мэдээллийн ил тод байдлын тухай хууль нь нууцын хууль тогтоомжийнхоо “аяыг харж” мэдээлэл хүсэгчдэд “байгууллагын нууц мэдээлэл” гэдэг үгээр ам тагладаг байсан бол, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл нь мэдээллийг нууцлах уг аргыг нарийсгасан төсөл шинээр батлах гэж байна уу гэх асуудал асуулт болов.

Нууцаас бусад мэдээллийг авах эрх манай улсад нээлттэй. Үүний дагуу иргэн Б.Энхбаяр ЦУОШГ-аас Дорноговь аймгийн тодорхой сумын нутгуудад сүүлийн зургаан сарын хугацаанд орсон хур тунадасны мэдээллийг авахаар хүсэлт өгөв. Юунд хэрэглэх тухайгаа бичгээр өг гэхээс гадна тухайн мэдээллийг авахад байгууллагаас тогтоосон тарифыг төлөх шалгуур тавьжээ. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг “Албаны нууц” гэнэ. Тэгэхээр үүнээс бусад заалт нь нууц биш учир нийтэд нээлттэй байх ёстой аж. 

Ийм асуудал ганцхан иргэн Б.Энхбаярт тохиолдоогүй. Үүнийг ЦУОШГ-ын мэдээлэлдээ тогтоосон тариф нотолж буй. Яг энэ мэт асуудлыг шинэчлэн найруулж буй “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл”-өөр зохицуулж чадах болов уу. Ер нь өмнө нь мөрдөөд ирж байсан хуулийг яагаад шинэчлэхээр болов, онцлох өөрчлөлт юу байсан талаар задлан харъя. 

Бидний одоо мөрдөж буй “Мэдээллийн ил тод байдлын тухай” хууль нь зургаан бүлэг 25 зүйлтэй. Харин шинэчилж найруулаад буй “Нийтийн мэдээллийн тухай хууль”-ийн төсөл нь найман бүлэг 39 зүйлтэй юм.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” яагаад нэрээ өөрчилж “Нийтийн мэдээллийн тухай хууль” болно гэв. 

Иргэд, нийт ард түмэнд зориулсан мэдээллийн тухай хуулиас яагаад “ил тод” гэх үгийг хасчхав. Арай ил тод байдлыг хумьж байгаа юм биш биз дээ гэж уншигч танд санагдаж байна уу. Тэгвэл таны бодсон ёсоор ил тод байдлыг халж уг хуулийн төсөлд мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай хэмээн ангилжээ. Ийн ангилахдаа:

“Хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ” гэв. Харин “Танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл” гэж үзнэ. Хаалттай мэдээлэл гэдэг нь “Хуульд хаалттай байхаар тусгасан, төрийн нууцтай холбоотой мэдээлэл” багтана. Тэгэхээр энэ хуулийн төслийн ангилсан хэсгээс харвал талаас илүү хувьд нь хаалт тавьжээ. Гэвч хуулийн зорилгод “ил тод” байна гэдэг үг тусгагдсан хэдий ч уг тодотголтой харшилж байна.

Хуулийн төслийг энэ хэвээр нь үлдээвэл хэд хэдэн хуулийг шинэчлэх шаардлага гарах юм. Дээр дурдсанаар ангилалд хуваах нь Мэдээлэл олж авах, мэдээллийг нууцлахтай холбоотой ерөнхий буюу суурь хууль болохыг илэрхийлж байна. Ингэж нарийвчлан үзэх нь мэдээлэл авахад ямар нөлөөтэй, үр дагавар нь ямар байх талаар Хуульч, судлаач Л.Галбаатараас тодруулбал: 

-Уг төсөлд “Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгоход энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан. Ингэснээр, “Нийтийн мэдээллийн тухай” хууль нь мэдээлэл авах эрх, мэдээллийн ил тод байдлыг хангах ерөнхий буюу суурь хууль болж, түүнд нууцын хууль тогтоомж нь дагалдаж, уялдах боломжгүй болгосон байна. Төрийн болон албаны нууцыг ил болгох харилцаанд уг төслийг баталбал дагаад нууцын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.  

“Нийтийн мэдээллийн тухай” хуулийн төсөлд “мэдээлэл төрийн нууц байна, зарим мэдээлэл ил байна” гэж бичигджээ. Уг нь “мэдээлэл ил тод байна, зөвхөн хуульд тухайлан заасан зарим мэдээлэл нууц байна” гэж бичих ёстой. Энэ өнгө аяс хуулийн төслийн бусад заалтаас ч тодорхой харагдаж байгаа. Тодруулбал, хуулийн төслийн 13.3.3-т иргэн, хуулийн этгээд авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх үүрэг хүлээнэ гэж заажээ. Өөрт байхгүй мэдээллийг бодитой тодорхойлно гэдэг хэцүү. Хуулийн төслийн энэ зохицуулалт нь хүсэлтээр авах мэдээллээ бодитой, зөв тодорхойлоогүй гэх шалтгаанаар мэдээлэл авах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах үр дагавартай. Иймд хуулийн төслийн 13.3.3-ыг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед хасах хэрэгтэй” гэлээ.

Уг хуулийн төслийг энэ хэвээр нь үлдээвэл 10-аад хуульд өөрчлөлт оруулж шинэчлэх шаардлага гарах юм. Жишээлбэл, “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”, “Шилэн дансны тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” гэх мэт мэдээлэл авах эрхтэй холбоотой хуулиуд багтана. Мөн энэ хууль дээрх зарим заалтууд батлагдсан бусад хуультай давхцаж байгаа юм. Тухайлбал, төсөв санхүү, худалдан авалтын мэдээллийг байршуулах талаар тусгасан нь “Шилэн дансны тухай хууль”-ийн  төсөв, санхүүгийн үйл ажиллагааны тайлангийн тухай заалттай давхцаж буй. Энэ мэт давхцал гарч, хуулийн зөрүү үүсэх эрсдэлтэй байгаа юм.

Уг хуулийн төслийг нийтэд хэлэлцүүлж, тайлбар өгч буй ХЗДХЯ Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хуулийн төслөөс эргэлзээтэй зүйлсийг лавлалаа.

-Мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилаад байгаа. Хязгаарлалттай гээд хязгаар тогтоочхоод байхад хаалттай гэж заавал хаах хэрэг байгаа юм болов уу? Уг нь энэ хуулийг ил тод байна гэж зорилгодоо тусгасан байна лээ. Иргэдэд мэдээллийг авахад хялбар бус улам л хааж, хязгаарлаад байх шиг.

-Нийтийн мэдээллийн тухай хуулийн гол үзэл баримтлал нь Төрийн болон төрийн бус байгууллагуудын нийтийн эрх зүйн хуулийн этгээдүүдэд байгаа мэдээллийг ямар нь нээлттэй байх, ямар нь хязгаарлалттай  байхыг зохицуулж өгсөн. Жишээ нь хаалттай мэдээлэлд гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хүний нүүр царайг өөрчилдөг. Гарын хурууны хээг ашиглахаа больё. Үүнийг зөвхөн сонгогчийг таних зорилгоор сонгуулиар ашиглана. Мөн иргэний бүртгэлээ шинэчилж, үнэмлэхээ шинээр захиалахаас бусад тохиолдолд хаалттай.

Хязгаарлалттай мэдээлэл гэдэгт гэрийн хаяг, регистрийн дугаар, бэлгийн чиг хандлага, эрүүл мэндийн байдал зэрэг багтана. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр л бусдад дамжуулж түгээнэ. Дээрээс нь шүүх прокурорын зөвшөөрлөөр ашиглана. Энэ хоёроос бусад мэдээлэл нээлттэй байна шүү гэдэг л зохицуулалт юм.

-Хязгаарлалттай мэдээллийн хувьд ийм нэг бодит жишээ байна. Өнгөрсөн 2020 оны өвлийн 600 гаруй нэр дэвшигчдийн сонгуулийн  зардлыг тайлантай танилцъя гээд Үндэсний Аудитын газарт Бодлогод залуусын хяналт ТББ ханджээ. Гэтэл энэ мэдээлэлд тэдгээр нэр дэвшигчдийн регистрийн дугаар байгаа учраас бүх нэр дэвшигчдээс зөвшөөрөл авч байж энэ мэдээллийг авах боломжтой гэсэн хариуг бичгээр илгээсэн байна. Энэ тохиолдолд мэдээллийг ил байлгахын тулд регистрийн дугаарыг нь нууцлаад бусад мэдээллийг өгөх боломжгүй байдаг юм байна. Харин энэ хуулийн шинэчлэсэн төслөөр ийм асуудлыг шийдэж байгаа юу? Мэдээллийг аль болох өгөх талаас нь яаж зохицуулсан бэ? уг нь авъя гэсэн гол мэдээлэл нь нийтэд шилэн байх ёстой мэдээлэл хэдий ч түүнд хүний регистрийн дугаар орсон гээд л тэр мэдээлэл хаалттай болчих юм уу?

-Регистрийн дугаар нь хязгаарлалттай мэдээлэл гэдгийг одоо батлагдах гэж байгаа хуулиар ч шинэчлэх гээд байгаа юм биш. 2018 онд улсын бүртгэлийн хуулийн багц хуулиар иргэний бүртгэл хөтлөхөд ямар мэдээлэл хаалттай, нээлттэй байхыг анх удаа их хурал хийж өгсөн. Түүнд регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл гэж гарсан. Тэгэхээр энэ нь хязгаартай мэдээлэл учраас Аудитыг газрын зөв юм. Цаашид ч энэ жишиг үргэлжилнэ. Үүнийг нийтийн мэдээллийн хуульд тодорхой агуулаад, бас сонгуулийн хуульд ч тодорхой болгочих хэрэгтэй.

-Цаг уурын мэдээг иргэн мөнгө төлж авдаг юм билээ. Энэ хуулийн төслөөр мөнгө төлөхгүй, ямар нэг хаалтгүйгээр мэдээлэл авах эрхийг хэрхэн зохицуулсан бэ?

-Энэ зохицуулалтыг хийж өгсөн. Байгууллагуудад бүтэц орон тоо, чиг үүрэг зэрэг л нээлттэй байдаг. Яг тухайн байгууллагын татвар, дотоод ажил зэрэг ордоггүй. Цаг уурын тухайд тэртээ тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоогоос 10 хоногийн мэдээг бүтэн сайн өдөр бүр хоногийн давтамжтай мэдээлдэг. Магадгүй тэр байгууллагад хоёр гурван долоо хоногийн мэдээг авъя гэхэд нийтэд дэлгэх хугацаа зааж болно. Тэгэхэд тэр хугацаанаас өмнө авах бол төлбөр төлж авахаар зохицуулж байгаа. Учир нь нээлттэй болохоос нь өмнө авч байгаа учраас шүү дээ. Энэ журмыг ЗГ баталж ямар үед ямар нөхцөлөөр төлбөр тооцоо авах ёстой юм гэдгийг зохицуулж байгаа. Ер нь төрийн байгууллагын таван төрлийн таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгож байна.

-Мэдээллийг хаалттай болгож, хязгаарлаж байна. Үүгээр “Шилэн дансны хууль”-ийн зарим заалтууд давхцаж байгаа. Тэгэхээр “Шилэн дансны хууль” танагдах нь уу гэж харж байна.

-Шилэн дансны хууль байдгаараа л байна. Гэхдээ энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын хэсэг гараад Засгийн газарт ажлын хэсэг нь ажиллаж байгаа. Тун удахгүй Шилэн дансны тухай хуульд шинэчилсэн найруулга орох болов уу гэж бодож байна.

-Тэгэхээр энэ хууль “Шилэн дансны хууль”-д сөргөөр нөлөөлж хумихгүй, улам дэлгэрүүлнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ, улам сайжруулна. Зүйл заалтууд дээр ямар алдаа байна гэдэг дээр хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн. Түүнийхээ дагуу улам сайжруулаад шинэчилсэн найруулга хэлбэрээр ЗГ-аас оруулахаар ажиллаж байгаа.

ICNL Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төвөөс уг хуулийн төсөлд санал хүргүүлэхдээ дөрвөн асуудал байна гэж үзсэний нэг нь мэдээллийн ангилал байв. Тус байгууллагын зөвлөснөөр “Төрийн нууцтай холбоотой хууль тогтоомж, энэ хуулийн төсөл болон бусад хуульд тусгасан хязгаарлалтуудын хүрээнд мэдээллийг янз бүрийн байдлаар нууцлахаар зохицуулсаар байтал чухам ямар учраас энэ нэмэлт ангиллыг оруулж тусгасан нь тодорхойгүй байна. Энэ ангилал шаардлагагүй байх магадлалтай бөгөөд мэдээллийн ил тод байдлын соёлыг хөхиүлэн дэмжих, зохицуулалтыг энгийн болгох үүднээс энэ хэсгийг хасах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм. Иргэний нийгмийг дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгож хөгжүүлэхэд дэлхийн улс орнуудад техникийн туслалцаа, судалгаа шинжилгээ, боловсролын дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллага ийн зөвлөсөн нь энэ хэсгийг УИХ-аар соёрхон батлахаас өмнө засвар оруулах зайлшгүй шаардлагатайг давхар бататгаж байна. 

Гэхдээ энэ хуулийн төсөлд дэвшилттэй, нарийн нюансийг мэдэрсэн боловсруулалт голцуу бий. Тус төслийн сайшаах өнцгийг дурдвал хувийн нууцыг хамгаалах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг чухалчлах, төр өөрт байгаа мэдээллээ аюулгүй солилцох, хадгалах гээд олон сайжирсан боловсруулалтууд байгаа юм. Гэвч долдугаар зүйлд мэдээллийг ангилснаас харвал дээрх олон дэвшлээс чангааж, нэг шат ухраачих шиг болов. Уг нь нийтийн мэдээлэл гэдэг шинэчлэгдэх тусмаа нээлттэй, ил болох ёстой. Харин энэ төслийг өөлөх өнцөг нь тэрхүү “ухралт” аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Асуулт
Асуулт
8 сар 14, 2021 18:13

Хятадын хилээр гарахад хурууны хээгээр тухайн хүний дүрс Р/Д гараад ирдэг юм билээ.Мөн хэдэн удаа орж гарсан нь байдаг. Улсын бүртгэлээс өгчихдөггүй байгаа даа

Зочин
Зочин
8 сар 15, 2021 09:36

Харин тмйм шүү РД гараад ирдэг юм байда.Тэр үед их гайхаж билээ нэг л хачин эвгүй санагдсан

Холбоотой мэдээ

Back to top button