Б.Баасандорж: Хурууны хээг сонгуульд санал өгөх, иргэний үнэмлэх захиалахаас бусад үед ашиглахгүй
“Нийтийн мэдээллийн тухай хууль”-ийн төслийг өчигдөр /2021.08.10/ хэлэлцсэн. Уг хуулийг ХЗДХЯ-аас санаачилсан юм. Иймээс ХЗДХЯ Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хуулийн төслөөс эргэлзээтэй зүйлсийг лавлалаа.
-Мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилаад байгаа. Хязгаарлалттай гээд хязгаар тогтоочхоод байхад хаалттай гэж заавал хаах хэрэг байгаа юм болов уу? Уг нь энэ хуулийг ил тод байна гэж зорилгодоо тусгасан байна лээ. Иргэдэд мэдээллийг авахад хялбар бус улам л хааж, хязгаарлаад байх шиг?
-Нийтийн мэдээллийн тухай хуулийн гол үзэл баримтлал нь Төрийн болон төрийн бус байгууллагуудын нийтийн эрх зүйн хуулийн этгээдүүдэд байгаа мэдээллийг ямар нь нээлттэй байх, ямар нь хязгаарлалттай байхыг зохицуулж өгсөн. Жишээ нь хаалттай мэдээлэлд гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хүний нүүр царайг өөрчилдөг. Гарын хурууны хээг ашиглахаа больё. Үүнийг зөвхөн сонгогчийг таних зорилгоор сонгуулиар ашиглана. Мөн иргэний бүртгэлээ шинэчилж, үнэмлэхээ шинээр захиалахаас бусад тохиолдолд хаалттай.
Хязгаарлалттай мэдээлэл гэдэгт гэрийн хаяг, регистрийн дугаар, бэлгийн чиг хандлага, эрүүл мэндийн байдал зэрэг багтана. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр л бусдад дамжуулж түгээнэ. Дээрээс нь шүүх прокурорын зөвшөөрлөөр ашиглана. Энэ хоёроос бусад мэдээлэл нээлттэй байна шүү гэдэг л зохицуулалт юм.
-Хязгаарлалттай мэдээллийн хувьд ийм нэг бодит жишээ байна. Өнгөрсөн 2020 оны өвлийн 600 гаруй нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг тайлантай танилцъя гээд Үндэсний Аудитын газарт Бодлогод залуусын хяналт ТББ ханджээ. Гэтэл энэ мэдээлэлд тэдгээр нэр дэвшигчдийн регистрийн дугаар байгаа учраас бүх нэр дэвшигчдээс зөвшөөрөл авч байж энэ мэдээллийг авах боломжтой гэсэн хариуг бичгээр илгээсэн байна. Энэ тохиолдолд мэдээллийг ил байлгахын тулд регистрийн дугаарыг нь нууцлаад бусад мэдээллийг өгөх боломжгүй байдаг юм байна. Харин энэ хуулийн шинэчлэсэн төслөөр ийм асуудлыг шийдэж байгаа юу? Мэдээллийг аль болох өгөх талаас нь яаж зохицуулсан бэ? уг нь авъя гэсэн гол мэдээлэл нь нийтэд шилэн байх ёстой мэдээлэл хэдий ч түүнд хүний регистрийн дугаар орсон гээд л тэр мэдээлэл хаалттай болчих юм уу?
-Регистрийн дугаар нь хязгаарлалттай мэдээлэл гэдгийг одоо батлагдах гэж байгаа хуулиар ч шинэчлэх гээд байгаа юм биш. 2018 онд улсын бүртгэлийн хуулийн багц хуулиар иргэний бүртгэл хөтлөхөд ямар мэдээлэл хаалттай, нээлттэй байхыг анх удаа их хурал хийж өгсөн. Түүнд регистрийн дугаар нь хязгаартай мэдээлэл гэж гарсан. Тэгэхээр энэ нь хязгаартай мэдээлэл учраас Аудитыг газрын зөв юм. Цаашид ч энэ жишиг үргэлжилнэ. Үүнийг нийтийн мэдээллийн хуульд тодорхой агуулаад, бас сонгуулийн хуульд ч тодорхой болгочих хэрэгтэй.

-Цаг уурын мэдээг иргэн мөнгө төлж авдаг юм билээ. Энэ хуулийн төслөөр мөнгө төлөхгүй, ямар нэг хаалтгүйгээр мэдээлэл авах эрхийг хэрхэн зохицуулсан бэ?
-Энэ зохицуулалтыг хийж өгсөн. Байгууллагуудад бүтэц орон тоо, чиг үүрэг зэрэг л нээлттэй байдаг. Яг тухайн байгууллагын татвар, дотоод ажил зэрэг ордоггүй. Цаг уурын тухайд тэртээ тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр долоогоос 10 хоногийн мэдээг бүтэн сайн өдөр бүр хоногийн давтамжтай мэдээлдэг. Магадгүй тэр байгууллагад хоёр гурван долоо хоногийн мэдээг авъя гэхэд нийтэд дэлгэх хугацаа зааж болно. Тэгэхэд тэр хугацаанаас өмнө авах бол төлбөр төлж авахаар зохицуулж байгаа. Учир нь нээлттэй болохоос нь өмнө авч байгаа учраас шүү дээ. Энэ журмыг ЗГ баталж ямар үед ямар нөхцөлөөр төлбөр тооцоо авах ёстой юм гэдгийг зохицуулж байгаа. Ер нь төрийн байгууллагын таван төрлийн таван чиглэлийн 67 мэдээллийг нээлттэй болгож байна.
-Мэдээллийг хаалттай болгож, хязгаарлаж байна. Үүгээр “Шилэн дансны хууль”-ийн зарим заалтууд давхцаж байгаа. Тэгэхээр “Шилэн дансны хууль” танагдах нь уу гэж харж байна?
-Шилэн дансны хууль байдгаараа л байна. Гэхдээ энэ хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын хэсэг гараад Засгийн газарт ажлын хэсэг нь ажиллаж байгаа. Тун удахгүй Шилэн дансны тухай хуульд шинэчилсэн найруулга орох болов уу гэж бодож байна.
-Тэгэхээр энэ хууль “Шилэн дансны хууль”-д сөргөөр нөлөөлж хумихгүй, улам дэлгэрүүлнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, улам сайжруулна. Зүйл заалтууд дээр ямар алдаа байна гэдэг дээр хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэн. Түүнийхээ дагуу улам сайжруулаад шинэчилсэн найруулга хэлбэрээр ЗГ-аас оруулахаар ажиллаж байгаа.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн талаар бид өмнө нь мэдээлэл бэлтгэж байсан юм. Энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bankin deer ashiglaad l bgaa shyy dee.