
Бяцхан алуурчид уйдахаараа аллага үйлддэг үү гэсэн асуултын хариулт нь тийм бас үгүй. Энэ бол маш ярвигтай асуулт. Яг л тахианаас өндөг гарсан уу, өндөгнөөс тахиа гарсан уу гэдэг шиг.
Олон аймшигт хэргүүдийн түүхийг сөхөхөд алуурчид нь бусад хүмүүсийн нэгэн адил хөөрхөн, гайхалтай хүүхдүүд байсан нь мэдээж. Гэмт хэрэгтэн болчихно гэж хэн санах билээ. Тэгвэл хүүхдүүд яагаад гэмт хэрэгтэн болдог вэ, үүнд тэдний эцэг эх буруутай юу. Хүүхдийг “муруй” зам руу татан оруулахгүйн тулд бид юу хийх ёстой вэ.
ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛОХ НЬ ЗАЯАМАЛ УУ, ОЛДМОЛ УУ
Хүн ер нь эхээс мэндлэхдээ гэмт хэрэгтэн болж мэндэлдэг үү, аль эсвэл тодорхой нөхцөл байдлын нөлөөн дор гэмт хэрэгтэн болдог уу гэдэгтэй холбоотой маргаан мянга биш юм аа гэхэд нэг зуу гаруй жил үргэлжилж байгаа юм.
1835 онд мэндэлсэн Италийн алдартай сэтгэл зүйч Чезаре Ломброзо /Cesare Lombroso/ гэмт хэрэгтэн гэдэг заяамал буюу төрөлхийнх гэсэн бүхэл бүтэн онолыг дэвшүүлсэн байдаг. Онолд ирээдүйн гэмт хэрэгтнийг аль хүүхэд байхаас нь гадна төрхөөр /жижигхэн духтай ч юм уу/ нь тодорхойлж болдог гэсэн байдаг. Харин орчин үеийн зарим эрдэмтэд хүнд түрэмгий байдлын тусгай ген байдаг гэж маргадаг бөгөөд тэрхүү ген нь эрт орой хэзээ нэгэн цагт хууль зөрчихөд нь хувь нэмрээ оруулдаг гэж үздэг.
Хүн үнэхээр эхээс мэндлэхдээ л гэмт хэрэгтэн болж мэндэлдэг гэсэн онолыг зөв гэж үзвэл түүнийг гэмт хэрэгтэн болохгүй байхад нөлөөлөх гадны хүчин зүйл бас байх нь гарцаагүй. Тэдгээр хүчин зүйлс нь мэдээж өсч хүмүүжсэн орчин, нийгмийн нөхцөл, амьдралын тодорхой хэв маяг, дадал зуршил их нөлөөтэй.
Магадгүй таны хүүхдэд түрэмгий зан авир гаргах хандлага байлаа гээд заавал гэм хэрэгтэн болно гэсэн үг огт биш. Гол нь хүүхдийн тэрхүү түрэмгий цочир ааш зан, хандлагыг цаг тухайд нь эерэг чиглэлд чиглүүлэх юм бол ирээдүйд хууль зөрчих үйлдэх гаргах магадлал тун бага.
БИД БҮГД ГЭМТ ХЭРЭГТНҮҮД
Бид бүгд тодорхой нэг хэмжээгээр гэмт хэрэгтэн болж болзошгүй. Бид хэзээ нэгэн цагт эрүүгийн хариуцлага хүлээх тийм муу зүйл хийхгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй. Онолын хувьд, ямар ч хүн, тэр байтугай хамгийн ёс суртахуунтай, хамгийн оюунлаг хүн ч гэсэн өөрийгөө болон эсхүл хайртай хүмүүсээ хамгаалах зайлшгүй шаардлагатай тулгарч, ямар нэгэн онцгой аюултай байдалд орвол хууль зөрчих магадлал тун өндөр.
Заримдаа хүн өөрийн хүслээр бус гэмт хэрэгтэн болж ч болно. хууль дүрмийг хамгийн ихээр сайн дагаж мөрддөг иргэн маргааш машинаа унаад хэн нэгнийг дайраад хөнөөгөөд шоронгийн хаалга ч татаж болно. Энэ бол таашгүй зүйл. Техник гэдэг зүйл чимээгүйхнээр хүмүүсийг хүсэл зоригийнх нь эсрэг алуурчин болгодог. Хэдийгээр хүний амийг хөнөөхөөргүй ухамсартай байлаа ч техник технологийн эвдрэл гэмтлийн улмаас хүнийг гэмтээхийг бүр цаашлаад амь насыг нь хөнөөж ч болно. Тиймээс алив нэг зүйлээс хэт хамааралтай болно гэдэг сөрөг үр дагавартай. Техник технологийн дэвшил өндөр хөгжөөгүй үед гэмт хэргийн гаралт, төрөл зүйл нь ч цөөн байсан. Орчин үед бүх зүйл ухаалаг гэсэн тодотголтой болохын хэрээр гэмт хэргийн төрөл зүйлүүд ч улам ихэссэн. Үйлдэх арга барил нь хүртэл улам л нарийссан. Цахим гэмт хэрэг гэгч урьд хожид сонсогдож байгаагүй гэмт хэргийн шинэ төрөл бий болсон.
Ямар ч тохиолдолд та хүүхдээ хууль зөрчихөөс зуун хувь хамгаалж чадахгүй. Гэсэн ч, хүүхдээ санаатай гэмт хэрэг үйлдэхгүй байхад нь нөлөөлөх хүч танд бий. Тэр хүч бол хайр.
Зуу гаруй жилийн өмнө хувь хүний сэтгэл судлалын тогтолцоог үндэслэгч Альфред Адлер /Alfred Adler/ хүний бүх буруу үйлдэл нь хайр дутаснаас үүдэлтэй гэсэн байдаг. Түүний хэлснээр, ирээдүйд итгэх итгэлээ алдсан хүүхэд л хамгийн аюултай гэжээ. Амьдралын тодорхой зорилгогүй, цөхрөнгөө барсан хүүхдүүд ихэвчлэн хамгийн ноцтой гэх гэмт хэргийг үйлдэж, шүүхийн өмнө ял сонсч, хуулийн хязгаарыг давдаг.
ХҮҮХДЭЭ БИТГИЙ ГАНЦААРДУУЛ
Эцэг, эхчүүд аль болохоор хүүхэдтэйгээ ойр дотно байж, байнга ярилцаж байх хэрэгтэй. Хүүхэддээ ганцаардах мэдрэмж төрүүлэхгүйн тулд анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй юм. Уйдсан, ганцаардсан хүүхдийн ааш авир эвдэрч, “дотогшоо” сэтгэлтэй болдог. Үүний сацуу, хэт зөөлөн хандаж бас болохгүй. Буруу зүйл хийвэл нь тохирох шийтгэл оноож, хариуцлага гэгчийг мэдрүүлж байх нь зүйтэй. Харин, юу муу, юу сайн вэ гэдгийг сайтар тайлбарлаж өгөх нь зөв.
Эцэг, эхийн хараа хяналт сул, халамж хайран дунд өсч торниогүй хүүхдийн толгойд элдэв янзын бодол эргэлдэж эхэлдэг. Тиймээс хүүхэддээ муу зүйл хийх сэдэл төрүүлэхгүйн тулд хүүхдээ хөгжилтэйгөөр завгүй байлга. Хамтдаа зураг зурах, хүүхэлдэйн кино үзэх, сонирхдог хамтлаг дуучдынх нь талаар хөнгөн яриа өрнүүлэх зэргээр уйдах зав өгөхгүй байх нь чухал.
Ухаалаг гар утас, айпад гэх зэрэг технологийн дэвшил өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон энэ цаг үед эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал, халамж эрс буурсан гэхэд хилсдэхгүй. Хүүхэд нь уйлахаар гар утсаа атгуулчихдаг эцэг, эх ихэссэн. Гол нь, хүүхэд чинь гар утсаар чухам юу үзэж, юу харж байгааг сайтар хянаж байх нь чухал. Ер нь бол эцэг, эхчүүд хүүхдэд сайн нөлөө үзүүлэх, тархи оюуныг нь зөв тийш залах мэдлэг олгосон, амьдралд сургасан нас насных нь онцлогт тохирсон бичлэг, нэвтрүүлэг, эсхүл хүүхэлдэйн кинонуудыг тусад нь файл үүсгэж, хадгалж аваад үзүүлж байвал тустай. Бид завгүй үедээ тэр бүр хүүхэддээ анхаарал хяналт тавьж чадахгүй болохоор ингэх нь аюулгүй.
ХАМГИЙН “ГЭМТ ХЭРЭГТЭН” НАС
Гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр нас бол 13-18 насныхан гэсэн гадаадын сэтгэл судлаачдын судалгаа бий. Хамгийн аюултай нас ч гэгддэг. Учир нь, хүүхэд энэ насан дээрээ бие даан сэтгэх чадваргүйн улмаас бусдын үгээр, ятгалагаар гэмт хэрэг үйлдэх нь элбэг аж. Анх төрсөн мэдрэмжээрээ л хариу үйлдэл үзүүлдэг нас. Ямар ч шүүлтүүргүй гэсэн үг. Хэрвээ ингэчихвэл үр дүн нь ямар байх вэ гэдгийг огт тооцоолдоггүй нас гэсэн үг. Энэ насны хүүхэд алив зүйлд ихэнхдээ сэтгэлийн хөдлөлөөр ханддаг. Түүхэн дэх хамгийн аймшигт аллага үйлдсэн хүүхдүүдийн хэргийн талаар өгүүлье.
АЙМШИГТ АЛЛАГЫН ЭЗЭД
Аркадий Нейланд, 15 настай, ЗХУ
Аркадий Нейланд гэх 15 настай хөвгүүн бол дайны дараа ЗХУ-д буудуулж нас барсан цорын ганц өсвөр насны хүүхэд.
Аркадий хүү 1949 онд Ленинград хотод мэндэлжээ. Тэрбээр ээж, хойд эцэг, хоёр дүүтэйгээ дөрвүүлээ нийтийн байранд нэг өрөөнд аж төрдөг байв. Хойд эцэг нь ээжтэй нь архидан согтуурж, хоорондоо маргалдаж, зодолдоно. Хүүхдүүдээ ч зоддог байж. Аркадий 12 настайгаасаа хулгайн хэргээр цагдаагийн байгууллагын хавтаст хэрэгт бүртгэгдсэн байв. Ингээд хүү 15 настай байхдаа цаазаар авах ял авах нэгэн аймшигт гэмт хэрэг үйлдсэн байна. Аркадий шуудан зөөгчийн дүрд хувиран нэгэн орон сууц руу нэвтэрч, 37 настай гэрийн эзэгтэйг 15 удаа сүхдэж, бяцхан хүүг зургаан удаа сүхэдсэн аймшигт хэрэг үйлдсэн юм. Ингээд хойд эцэг, ээждээ зодуулж байсан хүү нэг л өдөр алуурчин болон хувирав. Тэрбээр аллага үйлдсэнийхээ дараа хохирогчийн гэрт өглөөний цай ууж, сүхдэж алсан эмэгтэйнхээ хэд хэдэн эротик зургийг авч, эцэст нь орон сууцыг нь галдан шатаагаад зугтсан байдаг. Аркадий Нейландийг Никита Хрущевийн зарлигаар буудан хороох ял оноосон юм.
Мэри Флора Белл, 11 настай, Их Британи
Мэри гэх энэ охин анхны гэмт хэргээ 1968 онд буюу 11 насныхаа төрсөн өдрийн өмнөх өдөр үйлджээ. Тэрээр дөрвөн настай Мартин Браун гэх хүүхдийн амийг хөнөөсөн. Хэдэн сарын дараа Мэри өөр нэгэн эмэгтэй найзынхаа хамтаар дахин нэг хүүхдийн амийг авч одов. Тэд амийг нь хөнөөсөн хүүхдийн цогцос дээр “М” үсэг сийлж, бэлэг эрхтэнийг нь огтолж авахаар хэргийн газар луу эргэж очсон болохыг цагдаагийн байгууллагын хавтаст хэрэгт дурьдсан байдаг. Мэри хийсэн хэргийнхээ төлөө 12 жил шоронд ял эдэлж байгаад суллагдсан байна. Суллагдсаныхаа дараа овог, нэрээ өөрчилж, хүүхэд төрүүлсэн аж.
Жесси Померой, 14 настай, АНУ
“Бостоны залуухан эрдэг” хочит Жесси Померой 14 настайдаа /1897 онд/ дөрвөн настай бяцхан хүүхдийг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр баривчлагджээ. Гэсэн ч, үүнээс гурван жилийн өмнө Жесси өөр долоон ч хөвгүүнийг харгис хэрцгийгээр тамлан тохуурхаж байсан аж. Үүнийх нь төлөө Жессиг хүүхдийн засан хүмүүжүүлэх төвд өгсөн байдаг. Төд удалгүй Жесси тэндээс суллагдаж, ээжийнхээ дэлгүүрт орж ирсэн 10 настай охиныг хэрцгийгээр зэрэмдэглэн хөнөөсөн. Энэ хэргийнхээ дараа сарын дараа хүүхэд хулгайлж, хотын гаднах намаг руу аваачиж, толгойг хүзүүнээсээ тасарч унатал нь хутгаар сийчсэн хэрэг үйлдсэн байна. Цагдаа нар хэргийн газарт Жессид хүүхдийн цогцосыг харуулаад чиний хийсэн хэрэг мөн үү гэж асуухад тоосон шинжгүй “Би л хийсэн бололтой” гээд хэнэггүй зогсож байсан гэж хавтаст хэргийн бүртгэлд бичээстэй байдаг.
Жасмин Ричардсон, 12 настай, Канад
2006 онд 12 настай Жасмин Ричардсон гэх энэ охин эцэг, эхийнхээ амийг нь хөнөөгөөд дараа нь 8 настай дүүгийнхээ хоолойг хэрчсэн аймшигт хэрэг үйлдсэн. Дүүгийнх нь хүзүүнээс олгойдлон гарах цус тоглоомнууд руу нь үсрэхийг бахдалтайгаар харан зогссон гэлцдэг. Тэгээд гэрээсээ оргон зугтсан байна. Цагдаа нар эхэндээ Жасмин охиныг хэрцгий алуурчны барьцаанд орсон, эсхүл амиа алдсан байх гэсэн таамаг дэвшүүлж байсан ч хожим нь Жасмин өөрөө алуурчин байсныг нь олж тогтоосон байдаг. Түүнийг Жереми Стейнке гэх найз залуутайгаа хамт байхад нь баривчилсан юм. Жереми Стейнке бол мөн аллага үйлдэж байсан гэмт хэрэгтэн. Жасмин хийсэн хэрэгтээ огтхон ч харамсаагүй хэмээн мэдүүлэг өгсөн байдаг.
Энд өгүүлсэн хүүхдүүд бүгд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, амьдралын орчин бололцоо тааруу байсан гэр бүлд өсч торнисон байгаа юм.
Тэгэхээр эцэг, эхчүүд бид хүүхдээ хаана, юу хийж, хэнтэй нөхөрлөж байгааг сайн хянаж байх маш чухал. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог гэсэн үгийг үргэлж санаж явцгаая.
Үр хүүхдээ хайр халамжаар дутаалгүй, хэрүүл маргаан гарахаар байсан ч хүүхдийнхээ хажууд маргалдалгүй эвтэй сайхан амьдралын хэв маягийг дадуулцгаая, эцэг эхчүүд ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.