
Европын Холбоо /ЕХ/-ноос 2015 онд болсон Сирийн дүрвэгсдийн хямралын гашуун туршлагыг давтахгүйн тулд Афганистаны дүрвэгсдийг хүлээж авах төслийг боловсруулж эхэлсэн талаар “Финаншиал Таймз” /Financial Times/ агентлаг мэдээллээ.
Өмнө нь ЕХ-ны гишүүн орнуудын Дотоод Хэргийн Яамны удирдлагуудын мэдэгдэлд, ЕХ нь олон тооны цагаачид, дүрвэгсдийг хүлээн авч буй Афганистаны хөрш зэргэлдээ улс орнуудыг хамгаалж, дүрвэгсдийг хүлээж авах зохистой, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дэмжлэгээ бэхжүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.
ЕХ-ны орнууд Сирид өрнөсөн дотоодын дайны улмаас үүссэн цагаачлалын хямралаас зайлсхийхийн тулд ийм тусламжийн багц хөтөлбөрийг бэлтгэж байгааг онцлов. Үүнд зарцуулах төсвийг Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран зэрэг улсуудад хувиарлах боломжтой бөгөөд Афганистаны хөрш орнуудад дүрвэгсдийг хүлээн авахад туслах зорилгоор ашиглана гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоо ЕХ дүрвэгсдийг хүлээж авахын тулд ийнхүү Афганистаны хөрш зэргэлдээ орнуудад 600 сая Еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр зэхэж байгаа аж.
“Энэ нь Брюсселийн зүгээс Пакистан, Узбекистан, Тажикистан, тэр байтугай олон улсын хориг арга хэмжээ тогтоосон байгаа Иран Улсад хүртэл дээрх мөнгөн тусламжийг хувиарлана гэсэн үг” гэдгийг онцолжээ.
(Эх сурвалж: Financial Times)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.