Л.Дангаамаа: Өөрийгөө “Осмо” -ийн зуучлагч гэсэн залууд түрээсийн ХОЁР САЯ төгрөгөө залилуулчихлаа

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой орон нутгаас хотод ирэх оюутнуудын хөдөлгөөн нэмэгдэж, түрээсийн байр ховордож, төдий хэрээр үнийн хөөрөгдөл үүсдэг. Түүнийг дагаад түрээсийн байртай холбоотой луйврын хэргүүд ч ихэсдэг нь харамсалтай.
Цахим ертөнцөд Л.Дангаамаа хэмээх дөрвөн охинтой өрх толгойлсон эмэгтэй "Осмо” -ийн зууч гэж өөрийгөө танилцуулсан н.Эрдэнэбулган хэмээх залууд нэг өрөө байр түрээслэх төлбөрт хоёр сая төгрөг өгөөд залилуулсан тухайгаа бичсэн. Бид тухайн иргэнтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.
-Юуны өмнө танд тохиолдсон явдалд харамсаж буйгаа хэлье. Та юу болсон тухай хэлж өгөөч?
-Есдүгээр сарын 3-ны өдөр би "2019 онд ашиглалтад орсон, цэвэрхэн нэг өрөө байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу н.Эрдэнэбулган гэх хүүтэй холбогдсон. Ингээд очиж үзнэ гэж тохироод утсаа тасалсан. Гэтэл төд удалгүй над руу эргэж залгаад "Эгч ээ над руу олон хүн залгаад байна. Та хэрвээ байрандаа найдвартай оръё гэвэл байрныхаа түрээсийн 80 хувийг төлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.
Над руу хэд хэд залгаад хэлсэн учир би дөрвөн сарын байрны түрээс, нэмэлт барьцааны төлбөртэй хамт шилжүүлнэ гэхээр нь урьдчилгаа хоёр сая төгрөг шилжүүлээд, үлдсэнийг байраа үзсэний дараа төлбөрөө хийхээр тохирсон. Ингээд надад "ажил орой 22: 00 цагт тарна, тэгээд уулзаж байраа үзүүлье” гэж хэлсэн. Товлосон цагтаа залгахад дуудлага нь шууд тасраад байхаар нь завгүй байна гэж бодтол миний дугаарыг блок хийсэн байсан. Фэйсбүүк нь ч мөн нээгдэхгүй байсан.
-Танд өөрийгөө юу гэж танилцуулсан бэ?
-Надад өөрийгөө "Осмо”-ийн зуучлагч гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бүр итгэчихсэн. Бас утсаар ярихад хоолой нь миний охинтой адилхан жаахан хүү шиг л байсан. Тэгэхээр нь би итгэчихсэн юм аа. Өгсөн дансаар нь шилжүүлэхэд гарсан нэр нь ч Эрдэнэбулган гэж гарч байсан. Би Осмо руу залгаж ярихад "Манайд тийм хүн ажилдаггүй. Манай зуучлагчид бүгд 9908, 9907 эхэлсэн дугаартай байдаг” гэж хэлсэн. Тэгээд л дотор пал хийгээд явчихсан.
-Таныг байр түрээслэхийн тулд таван ханатай гэрээ зарсан гэж харсан. Одоо хаана байгаа вэ?
-Тийм ээ. Эгч нь Өлзийт хороололд айлын хашаанд амьдардаг байсан. Намар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгтээ явахад амар, дулаахан, тав тухтай гэж бодоод байр түрээслэе гэж бодсон юм аа. Одоо Өлзийт хороололдоо айлын гэрт амьдарч байна. Олуулаа учир айл хүндрүүлээд эндээ удаан амьдарч чадахгүй байгаа.
-Зараар харсан байр нь хаана байрлалтай байсан бэ?
-19, Алтай хотхонд байсан. Яг л хүүхдүүдийн сургуультай ойрхон байсан болохоор тохироод байсан юм. Эгч нь 8-р сараас хойш л байр хайсан болохоор яг хайж байсан байршилд байр түрээслэнэ гэсэн болохоор хэт түргэджээ. Охидоо байранд оруулаад, сайн ажиллавал болно байх гэж бодсон.
-Та ямар ажил хийдэг вэ?
-Эгч нь Таван толгой түлш ХХК-д хянагч хийдэг байж байгаад гарсан. Одоохондоо ажилгүй байна аа.
-Та гомдлоо цагдаагийн байгууллагад гаргасан уу?
-Тийм ээ гаргасан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа.
-Оруулсан пост тань олон хүнд хүрсэн харагдсан. Тантай холбогдож байна уу?
-Тийм ээ. Туслая гэсэн хүмүүс байна. Гэхдээ би тэр мэдээллийг хүмүүст сэрэмжлүүлэх зорилгоор л оруулсан юм аа. Одоог хүртэл цээжний мухарт нөгөө хүүг ярих болов уу гэж хүлээж сууна. Утас руу нь зөндөө зурвас бичсэн. 500,000-г аваад эгчдээ үлдсэнг өгчих гэж гуйж үзсээн.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ИХ итгэмтгий байж болохгүй. ХҮНД итгэх боломжгүй