НийгмийнЯрилцлага

Хүүтэй мөнгө зээлэх, байр түрээслэх зэргээр 4270 иргэн 67 тэрбумаар залилуулжээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа их сургуульд суралцахаар орон нутгаас ирсэн оюутнууд дотор байрны хүрэлцээ муу байдгаас түрээсийн орон сууц хөлслөх нь элбэг. Мөн хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгтэй ойрхон байр, байшин түр хугацаагаар түрээслэн суух иргэд ч цөөнгүй. Чухам энэ бүгдийг харж, анзаарсан этгээдүүд ашиг хонжоо хайж, иргэдийг залилан мэхлэх нь түгээмэл аж. Жилийн бусад үеүдэд орон сууц түрээслэх замаар иргэдийг залилах нь цөөн бөгөөд улирлын чанартай ч гэж хэлж болохоор.

-ДОЛООН САРЫН ХУГАЦААНД 3962 ИРГЭН БУСДАД ЗАЛИЛУУЛЖЭЭ-

Тухайлбал, энэ оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 14,956 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3665 нь залилах гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар өссөн үзүүлэлттэй буюу нийт гэмт хэргийн 25 хувийг дангаар эзэлж буй нь залилагчид мэргэшиж, арга заль нь нарийсч буйн нэг хэлбэр юм. Хамгийн сүүлийн жишээг дурдахад:

Дөрвөн охины эх, өрх толгойлсон эмэгтэй Л.Дангаамаа “Осмо” -ийн зууч гэж өөрийгөө танилцуулсан н.Эрдэнэбулган хэмээх залууд нэг өрөө байр түрээслэх төлбөрт хоёр сая төгрөг өгөөд залилуулсан тухайгаа бичсэн. Бид тухайн иргэнтэй холбогдож, тодруулга мэдээллийг авч байсан билээ. Тэрбээр хэлэхдээ:

-НЭГ ӨРӨӨ БАЙР ТҮРЭЭСЛЭХ ТӨЛБӨРТ ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨ ӨГӨӨД ЗАЛИЛУУЛЧИХЛАА-

"Эгч нь Өлзийт хороололд айлын хашаанд амьдардаг байсан. Намар хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгтээ явахад амар, дулаахан, тав тухтай гэж бодоод байр түрээслэе гэж бодсон юм.

Есдүгээр сарын 3-ны өдөр би “2019 онд ашиглалтад орсон, цэвэрхэн нэг өрөө байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу өөрийгөө "Осмо”-ын зууч гэж хэлсэн н.Эрдэнэбулган гэх хүүтэй холбогдсон. Яг хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгтэй ойр, хайж байсан байршилд байсан болохоор байр очиж үзэхээр тохироод утсаа тасалсан. Гэтэл төд удалгүй над руу эргэж залгаад “Эгч ээ над руу олон хүн залгаад байна. Та хэрвээ байрандаа найдвартай оръё гэвэл байрныхаа түрээсийн 80 хувийг төлөх хэрэгтэй байна” гэж хэлсэн.

Над руу хэд хэд залгаад хэлсэн учир би дөрвөн сарын байрны түрээс, нэмэлт барьцааны төлбөртэй хамт шилжүүлнэ гэхээр нь урьдчилгаа хоёр сая төгрөг шилжүүлээд, үлдсэн төлбөрийг байраа үзсэний дараа шилжүүлэхээр тохирсон. Ингээд надад “ажил орой 22:00 цагт тарна, тэгээд уулзаж байраа үзүүлье” гэж хэлсэн. Товлосон цагтаа залгахад дуудлага нь шууд тасраад байхаар нь завгүй байна гэж бодтол миний дугаарыг блок хийсэн байсан. Фэйсбүүк нь ч мөн нээгдэхгүй байлаа. Би Осмо руу залгаж асуухад “Манайд тийм хүн ажилладаггүй. Манай зуучлагчид бүгд 9908, 9907 эхэлсэн дугаартай байдаг” гэж хэлсэн. Тэгээд л дотор пал хийгээд явчихсан. Ийнхүү би гомдлоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан” гэв.

Тухайн иргэнд тохиолдсон эл харамсалтай хэрэг залилан мэхлэгчдийн ашигладаг түгээмэл арга гэх бөгөөд н.Эрдэнэбулган гэх этгээд нь хэд хэдэн иргэнийг ийн залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгааг эх сурвалж мэдээлсэн юм.

-Б.НЯМСҮРЭН: ӨНГӨРӨГЧ ОНД 4270 ИРГЭН 67,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БУСДАД ЗАЛИЛУУЛСАН-

Бид залилах гэмт хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнгээс тодрууллаа.

-Залилах гэмт хэргийн улмаас иргэдэд хэчнээн төгрөгийн хохирол учраад байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээг харахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг 2016 онд 2165, 2017 онд 2030, 2018 онд 5372, 2019 онд 4688, 2020 онд 4270, 2021 оны эхний 7 сарын байдлаар 3962 залилах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 24.7 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж, гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуй, нэгж байгууллагад учирсан хохирол 2016 онд 2 тэрбум, 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум, 2019 онд 13 тэрбум, 2020 онд 67,2 тэрбум төгрөгт хүрсэн.

Залилах гэмт хэрэг ямар хэлбэрээр ихэвчлэн үйлдэгддэг вэ?

-Залилах гэмт хэрэг нь эдийн засгийн харилцаанд тулгуурлан үйлдэгддэг. Иргэд өдөр бүр эдийн засгийн харилцаанд орж байдаг. Тухайлбал гap утас, автомашин худалдаж авах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх гэх мэтээр тогтмол эдийн засгийн харилцаанд ордог.

-БАЙР ТҮРЭЭСЛЭХ, ХУДАЛДАХ, ХҮҮ ӨНДӨРТЭЙ МӨНГӨ ЗЭЭЛЭХ ЗЭРГЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛАХ НЬ ТҮГЭЭМЭЛ БАЙНА-

Залилах гэмт хэрэг дотор түгээмэл үйлдэгдэж байгаа, хохирол ихтэйг ангилж үзвэл, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг “худалдах, худалдан авах”, "түрээслэх, түрээслүүлэх”, "арилжих”, “барьцаалах”, мөн иргэд хооронд өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр бусдыг залилах, хуурамч баримт бичиг ашиглан бусдын эд хөрөнгийн өмчлөх эрхийг залилах, гадаад улсад зорчих виз гаргаж өгөх, иргэдийн и-мэйл, фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтрэн тэдний нэрээр ойр дотнын найз, нөхөд, ах, дүү нараас мөнгөн тусламж гуйх замаар иргэдийг хохироосоор байна.

-Сарын энэ үед залилагчид иргэдийг ямар байдлаар мэхэлдэг вэ?

-Тухайн үеийн нийгэм, эдийн засгийн харилцаа хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, хаана идэвхтэй үйл ажиллагаа байна тэр хэсэгт залилагч этгээд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, хүмүүсийн хүсэл хэрэгцээнд тулгуурлаж гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. Жишээлбэл:

Сургууль, цэцэрлэг эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулъя, бусад улс оронд сургуульд явуулах мөн хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэмэгддэг. Тэгвэл энэ үеэр залилагч этгээд тэдний хүсэл сонирхолд тулгуурлан хямд үнэтэй боломжийн нөхцөлтэй / сар бүрт хөлсөө төлөх, барьцаа мөнгөгүй, сургууль үйлчилгээнд ойр гэх мэт/ таатай нөхцөлийг санал болгож бусдын байрыг түрээсэлж, ордерыг нь хуурамчаар үйлдэн цааш 5-6 хүнд давхар түрээслэх замаар залилах гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгддэг.

Мөн цахим орчин, зарын сайтуудад “Хямд, таатай нөхцөлтэй байр түрээслүүлэх” зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэдээс энэ байрыг “Одоо хүн түрээслэх гээд үзэж байна. Та урьдчилгаа мөнгө шилжүүлбэл нөгөө хүнийг болиулаад хадгалж байя” гэх хэлбэрээр иргэдийг залилах тохиолдол байдаг.

-ТҮРЭЭСИЙН БАЙРАНД ОРОХДОО, БАЙРНЫ ОРДЕРЫГ ТҮЦ МАШИНААС ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ЗАМААР ШАЛГАЖ БОЛНО-

-Түрээслэх гэж байраа хэний нэр дээр байдгийг мэдэх боломжтой байдаг уу?

-Дээрх тохиолдолд иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос уг байрныхаа талаар сайтар лавлаж тодруулах, тухайн ордер жинхэнэ эсэхийг шалгах, магадгүй ТҮЦ машинаас тодорхойлолт, лавлагааг хамт аваад шалгаж болно. 

Ер нь ямар ч тохиолдолд гap утас, цахим орчинд, дэлгэцийн цаана хэн байгааг нь мэдээгүй байж бусдад мөнгө шилжүүлж болохгүй. Өөрийнхөө үйлдэлд хариуцлагатай байж сайтар нягталж байж та өөрийгөө эрсдэлд оруулахгүй, эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Залилах төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиар хянан шалгахын тулд ямар нэгэн байдлаар хохирлын доод хэмжээг зааж өгсөн байдаг уу?

-Зарим гэмт хэрэг хохирлын хэмжээ шаардаж Эрүүгийн хэрэг үүсгэдэг бол Залилах төрлийн гэмт хэрэг ямар нэгэн байдлаар хохирлын хэмжээ шаарддаггүйгээрээ онцлогтой.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй бусдыг өмчлөлд байгаа зүйлийг л ямар нэгэн хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ нь гэмт хэрэг болж бүртгэгдэж байдаг.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан.

-БУСДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ НАЙМ ХҮРТЭЛХ ЖИЛЭЭР ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭНЭ-

Дээрээс нь тухайн гэмт хэргийг хүндрүүлэх зүйл заалт гэж бий. Албан тушаалын байдлаа ашигласан, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ. Мөн дээр дурдсан олон шатлалт пирамид луйврын арга ашигласан, энэ үйлдлээ байнгын орлогын эх үүсвэр болгосон бол 12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг хуулийн зүйл заалттай байдаг.

Цагдаагийн байгууллага залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Үүний нэг бол "Ятгах тусам нягтал, Нягтлах тусам аюулгүй” гэсэн тодорхой төрлийн гэмт хэрэгт чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан аян арга хэмжээ юм. Тухайлбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдэд хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт  өртөж болзошгүй иргэдэд анхааруулах зорилгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусах нягтал-2” аяныг Цагдаагийн Ерөнхий газар, Монголбанк, банкууд хамтран зохион байгуулсан бол үүний үргэлжлэл болгон “Ятгах тусам нягтал-2021” аяныг дээрх байгууллагуудын оролцоотойгоор 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button