ХУУЛИЙН ТӨСӨЛ: Криптовалютын зах зээлийг хумьж, ноёлогчдод боломж олгоно

УИХ-д өргөн баригдаад буй Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн ач холбогдол маргаан, мэтгэлцээн дагуулж байна. Манай улс энэ чиглэлд баталсан ганц ч хуульгүй, энэ анхных нь болох юм.
Олон нийтийн зарим хэсэг уг хуулийг баталснаар криптовалют руу хөрөнгө оруулаад алдсан ч нөхөн төлүүлэх эрсдэлийн механизмтай болно гэж ойлгодог. Харин зарим нь эсрэгээрээ, Монголд виртуаль хөрөнгийн зах зээл хөгжихөд саад, тушаа болсон хууль гэж харж байна.
НЭГ: ХУУЛЬ ХАРИЛЦАГЧИЙН ТОЛГОЙГ ИЛЭХГҮЙ
Тэгвэл, тус хуулийн төслийн нэг онцлох агуулга нь харилцагч буюу виртуаль хөрөнгийн үйлчилгээ авч буй иргэдэд бодит хамгаалалт болохгүй. Өөрөөр хэлбэл, харилцагч их хэмжээний өр зээл тавьж, эрсдэл үүсгэн криптовалют худалдан аваад “шатах” эсэхээ өөрөө л тооцоолно. Өөрөө л шийднэ. Чингээд өөрийн сонголтод эзэн болно гэсэн гол концепцыг хууль хадгалжээ.
Бүр түүнчлэн, энэ хууль виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон харилцагч хооронд үүссэн маргааныг “Шийдвэрлэхгүй” гэж тодотгон зааж өгчээ.
Харин эсрэгээрээ үйлчилгээ үзүүлэгчдийг нэлээн чангалсан байгаа юм.
ХОЁР: ӨНДӨР БАС ОЙЛГОМЖГҮЙ СТАНДАРТЫГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД ТАВЬЖЭЭ
Ерөөс тус хуулийн төсөл юунд чиглэж байна гэхээр, Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд босго тавих. Тэр босгыг давж чадахгүй бол эрх олгохгүй, хууль зөрчвөл мэдээж хаана, торгоно, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нөгөө яг үйл ажиллагаа явуулж буй нэгж хэсгээ төр нь дарамталдаг схем энд ч хэрэгжинэ гэлтэй.
Хуулийн төслийн долдугаар зүйлд, үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлагуудыг жагсаасан байгаа. Үүндээ “Өр зээлгүй компани байх”, “Дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх”, “Нууцлалын өндөр системтэй байх”, “Баг хамт олон нь мэргэшсэн байх” гэх мэт олон зүйл тусгасан.
Нэг талдаа, харилцагчидтай гэрээлэхдээ “Та өөрөө л сонгоно шүү. Яг бодит ийм, ийм эрсдэл байгаа шүү” гэдгийг сануулах, бичгэн байдлаар тусгаж өгөхийг ч үүрэг болгосон байна. Энэ бол ёс зүйтэй заалт.
Харин виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид мэргэшсэн эсэхийг, систем нь өндөр нууцлалтай эсэхийг юугаар үнэлж тогтоох нь тодорхойгүй. Маш ерөнхий, бүдүүн тойм агуулга л дурдагджээ.
ГУРАВ: БҮРТГҮҮЛЭХДЭЭ 100 САЯЫН ХУРААМЖ ТӨЛНӨ
Мөн виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр холбогдох байгууллагад бүртгүүлэхийн тулд 100 сая төгрөгийн хураамж төлөх заалттай. Цаашлаад тус хуулийн төслийн 6.1.1-6.1.4-т заагдсан үйлчилгээнүүдийг эрхлэхийн тулд тус бүрд нь 50 сая төгрөг төлнө.
Аа, мөн мөнгөө төлөөд, бичиг баримтаа цуглуулаад явуулсан хүсэлтийг нь хүлээж авах эсэхийг зургаан сарын дотор шийдвэрлэнэ гэж заасан. Ингэхээр хэт удна. ББСБ-ын хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Тодорхой бизнес эрхлэхээр шийдээд хөдөлж буй хүмүүс 100 сая төгрөг бэлэн гаргаж өгнө, тэгээд зургаан сар бүртгүүлэх эсэхээ мэдэхгүй хүлээж сууна гэдэг асар том эрсдэл.
ДЭЛХИЙН ЖИШИГ: МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ХЯНАХ СИСТЕМ Л ЧУХАЛ
Дэлхийн ихэнх улс орнууд криптовалютын тухай хуультай. Үүгээрээ виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээ ингэж чангалах гэхээс илүүтэй нэгэнт дэлхийн чиг хандлага болсон тул системийн хувьд аюулгүй байх талд нь ажилладаг аж.
Жишээлбэл, АНУ харьцангуй чөлөөт хуультай мөртлөө виртуаль хөрөнгөө хувь иргэн өсгөж, хөрвүүлж, өөртөө тодорхой хөрөнгө оруулалт болгох боломжтой байхыг шаарддаг. Харин манай хуулийн төсөлд криптовалютаа хувьцаа болгож хувиргахыг хориглосон байгаа.
БНХАУ-ын хувьд үйлчилгээ үзүүлэгчид биш харилцагчидтай нь асуудал ярьдаг байна. Тэр бүү хэл өвөр монголчуудыг койн олборлохыг хоригложээ.
Тайваны хувьд үйлдвэрлэгч орон болох бололцоо бага тул криптовалютаар хөрөнгөжих зорилго тавьж, энэ зах зээлийг чөлөөтэй нээжээ. Бүх иргэдээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, БНХАУ-ын эдийн засгийн хараат байдлаас гарах үүднээс ард түмэндээ криптовалют авахыг санал болгож буй гэх мэдээлэл байна.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
Криптовалют бидний хувьд шинэ тутам учраас айж, бэргэмээр. Гэхдээ дэлхийн чиг хандлага нэгэнт ийш явчихсан, энгийн л нэг ойлголт болжээ. Мэдээж энэ эрсдэлтэй. Төгрөг шиг алтаар баталгаажихгүй, төв банкнаас криптовалютын эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах боломжгүй. Ханшийн асар хурдтай өсөлт, бууралтаас иргэд хожиж ч, хохирч ч болно.
Гэхдээ энэхүү хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал, шинээр криптовалютын зах зээлд хөл тавих гэсэн хүмүүсийн хүслийг тас цавчихаар агуулгатай байгаа юм. Дор хаяж 100 сая төгрөг гаргаад зургаан сар хүлээнэ гэдэг хэн хүний зориглох үйлдэл биш. Тэгэхээр ерөнхийдөө энэ салбарын ирээдүйн хөгжилд бол тээг, тушаа болох хууль. Нэг хэсэгтээ хэдхэн компани ноёлогч болж гүрийх дүр зурагтай. Уг нь дэлхийн зах зээл дээр өдөр бүр шахуу шинэ койн арилжаалагддаг.
Нөгөө талд одоо криптовалют гаргасан хоёр компани хууль батлагдсаны дараа нөхөн бүртгүүлж таарна. Хэрэв тэднийг бүртгэх боломжгүй гэчихвэл нөгөө гаргасан олон койн үнэгүй болж л хувирна. Энэ хамгийн анхаарал татах нюанс юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад зүйн биткойн �##�бан есоор хорьчихсон.Яг үндэсний в�##�ьттайгаа харьцдаг крипто в�##�ют гаргах эсэхээ судлаж байна гэсэн.Хүний хармаанд байгаа,хадг�##�амжинд байгаа мөнгийг луйварчид хулгайлчихаж чадаад байгаа нөхдөд бол цахим мөнгө амтат хоол л гэсэн үг.Төр хууль гаргах хэрэгтэй.1 д төр хариуцлага хүлээхгүй,2 т Банкнаас зээл авч цахим мөнгө авахыг хориглох ,3 т Өөрөө цахим мөнгө гаргачихаад бусдыг түүндээ ури�##�ан дуудахгүй байх зэрэг нэн тэргүүний хууль батлах нь зүйтэй.Маш өндөр хүчин чад�##�тай компъютороор олборлох хэрэгтэй болдог.Манай иргэд болгонд тийм боломж байгаа юу.Миний дэлгүүрт орж ирчихээд кристо в�##�ютаар наймаа хийе гэвэл би лав зөвшөөрөхгүй.Харин банкны картыг чинь уншуулъя гэж хэлнэ.Үүнд нэг их ури�##�ан дуудах хэрэггүй.Ури�##�аг хэлээд байгаа хүмүүс луйварчид байж магадгүй бас мөнгө угаагч дээрэмчин байж болзошгүй шүү