СУРВАЛЖИЛГА: Электрон тамхийг орчин үеийн соёлтой хэрэглээ гэх боловч үнэндээ аюултай

Бүх зүйл шинэчлэгдэн сайжирч, технологийн дэвшилтэд орсоор л. Бүр утаат янжуур хүртэл электронжиж “Электрон тамхи” нэрээр худалдаанд гараад удав. Үүний “PR” нь хүний биед хоргүй, тамхи татах дуршлыг алгуур багасгана, хаана ч татах боломжтой ба хажуу хүнээ дам тамхидалтад өртүүлэхгүй гэх. Гэвч үнэндээ үүний найрлага, хүнд нөлөөлөх хоруу чанар ямар байдгийг мэдэх үү, Бараагаа борлуулагчдын гэгээлэг үг бүхэнд итгэдэг юм биш биз. Хэрэв тийм бол манай сурвалжилгаас бага ч гэсэн мэдээллээ аваарай.
Электрон тамхи нь сорох үед нягт шингэн утаан бөөм ялгардаг. Үнэр, амт нь янжуурын бохиноос ялгаатай. Цахилгаанд залгаж цэнэглэдэг болон нэг удаагийнх гэсэн төрөлтэй байдаг аж.
-ОРЧИН ҮЕИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭДЭГ БОЛОВЧ ҮНЭНДЭЭ АЮУЛТАЙ ХЭРЭГЛЭЭ-
Нэг удаагийн уугиад дуусдаг бус олон удаа хэрэглэдэг учраас хүмүүс хоорондоо ээлжилж сорох тохиол их байдаг аж. Энэ талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ, “Цар тахлын халдвартай энэ үед электрон тамхи бол эрсдэл дагуулагч мөн. Үүний найрлагад никотин буюу донтуулагч бодис багтдаг. Энэ бодис хүний тархи, мэдрэл, уушги, зүрхийг гэмтээнэ. Тэгэхээр цар тахлын үед уушги, зүрх болон дархлаагаа хамгийн их хайрлах хэрэгтэй гэсэн ЭМЯ-наас өгдөг зөвлөгөөг мөрдөхгүй байна гэсэн үг. Орчин үеийн соёлтой хэрэглээ гэдэг боловч үнэндээ аюултай хэрэглээ.
-7000 ГАРУЙ ХИМИЙН БОДИС АГУУЛДАГ-
Ялангуяа жирэмсэн эхчүүд татгалзах хэрэгтэй. Үүнд 7000 гаруй аюулт химийн бодис агуулагддаг, хавдар үүсгэгчтэй гэсэн судалгаат нотолгоо байдаг. Тэгэхээр ураг хэвлийдээ гажих эрсдэлтэй гэсэн утга шүү дээ. Жирэмсэн эмзэг, мэдрэг гэлгүй залуу хүний тархийг ч гэмтээнэ.
Электрон тамхийг хэрэглэж байх үед батериа нь дэлбэрэх, шингэн нь задрах зэрэг эрсдэлүүд бүртгэгдсэн байдаг ч харьцангуй цөөн.
-ЦАР ТАХЛЫН ЦАГ ҮЕД ДАРХЛАА СУЛРУУЛАГЧ ЭНЭ МЭТ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ-
Коронавирусийн халдвараар тамхи татаж уушгины ажиллагааг хэвийн биш болгосон, архаг хууч өвчтэй, чихэр их хэрэглэдэг, хөдөлгөөн хийдэггүй хүмүүс ихэвчлэн өртөж байгаа. Тамхи татсанаар амьсгалын замын намираа хуучуур эсүүд гэмтдэг. Тэгэхээр энгийн тамхи ч бай, электрон тамхи ч бай хүнд хөнөөлтэй учраас цар тахлын цаг үед хэрэгдэхгүй байх нь чухал” гэх мэдээллүүдийг өгсөн юм.
Хэрэглэгчид борлуулж байгаа хүнээс ямар зориулалттайг асуудгаас эрүүл мэндэд минь ямар нөлөөтэй вэ гэж асуудаггүй аж.
ХҮНИЙ БИЕД ХОРГҮЙ ГЭСЭН. ҮНЭНДЭЭ...
22 настай эмэгтэй хэрэглэгч хэлэхдээ, “Танилууд маань татаж байсан. Түүнийг нь хараад надад сэдэл төрж, удалгүй өөртөө нэг удаагийн электрон хэрэгслийг авсан юм. Би энгийн янжуур хэрэглэдэггүй. Тиймээс хоргүй юм чинь гээд албан байгууллага дээрээ ширээний араас л татчихдаг. Дам тамхидалт үүсгэхгүйгээс гадна надад таашаалтай, амттай санагддаг. Гэвч сүүлийн өдрүүдэд түүнийг хэрэглэсэн өдөрт найтаах шинж ихээр илэрсэн” гэлээ.
25 настай эмэгтэй хэрэглэгч хэлэхдээ, “Тамхи татвал тайвширдаг гэх үгийг олон сонсож байсан. Сэтгэл санааны байдлаас үүдэн тамхи татахыг ихэд хүсээд байсан учраас арай хоргүй гэж үзээд электрон тамхийг хэрэглэх болсон. Энэ нь миний сэтгэл санааг өргөж, тайвшруул байгаа. Олон нийтийн газар хэрэглэхэд хүмүүсийн анхаарлын төвд байгаа мэт санагдаад урамтай” гэв.
Дээрх хоёр иргэн хоёул электрон тамхины хор хөнөөлийг мэддэггүй байсан ба борлуулагч хэлэхдээ, “Хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, тамхи татахыг хүссэн мэдрэмжийг дарна. Тамхи татдаг бол дуршлыг бууруулна” гэсэн үгэнд бүрэн итгэсэн байв.

Тамхи хүнийг тайвшруулдаг гэж та бодож байна уу. Донтуулагч никотин агуулдаг эл хэрэглэгдэхүүн ямар учраас хүнд тийм мэдрэмжийг төрүүлдэг тухайд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал В.Баярмаа бидэнд тайлбарлав.
-ТАМХИ ТАТАХ ПРОЦЕСС НЬ ЕРДӨӨ Л ГҮНЗГИЙ АМЬСГАЛАХ ДАСГАЛ-
Тэрбээр, “Электрон тамхи утаа гаргахгүйн дээр тамхи татах дурыг сайн дардаг. Тамхи татах гэдгийг чинь яг үндсэн процесс нь юу гэхээр ерөөсөө л амьсгалын замаар тамхиа татахдаа гүнзгий амьсгаа аваад буцаад гүнзгий амьсгал гаргадаг хөдөлгөөн хийж байгаа. Энэ амьсгалын хөдөлгөөнөөрөө тэр хүн асар их тайвшрал авдаг. Тэгэхээр заавал тамхи татаж тайвшрахын оронд тамхи татахгүйгээр амьсгалын дасгалыг гүнзгий амьсгал аваад гаргах байдлаар тайвшрах боломжтой.
Хүмүүс тамхи татахгүй бол тайвширч чадахгүй байна, тамхи татахаар сайхан болдог, хоол идсэнийхээ дараа тамхи татмаар санагддаг гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар өөрийгөө тамхины хэрэглээтэй зан үйлд хэвшүүлээд байдаг. Түүнээсээ салах их дургүй. Ер нь салах боломжтой юу гэвэл боломжтой. Тамхи татдаг хүмүүс өөрсдөө тамхи татах хэрэггүй гэдгийг ухамсарлаж, энэ тамхинаас гарна гэсэн итгэлийг өөртөө төрүүлж тамхинаас гарах оролдлогоо шууд бусдын өмнө зарлаж гаргах боломж нь нээлттэй байдаг. Тэр арга зүйг энд тэнд зөндөө заагддаг. Хүн болгон л татдаг, хүний амьдралын хэвшил мэт буруу ойлгосон байна.
Гэтэл тамхийг удаан хугацаагаар хэрэглэх юм бол тамхинд донтох эрсдэл гэж өвчний аравдугаар ангиллаар олон улсын түвшинд F17 буюу тамхинд донтох сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогддог. Архи, тамхи, стресс энэ олон эмгэгүүд эдгэрдэг, илааршдаг, эмчлэгдэх боломжтой өвчний дотор ордог” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
za shaajiindaa delhii niiteeree hamaagui ayulgui geed notoltson bhad