Д.Буяндүүрэн: Малчид бэлчээрээ хайрлаж, бууриа хол сэлгэдэг байгаасай

ХХААХҮЯ-аас бэлчээрийн доройтлыг тодорхойлох тэмцээнийг “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн багаас зохиов. Эл тэмцээнд Архангай аймгийн Тариат, Чулуут сумын 15 орчим малчид оролцож бэлчээрийн ургамлыг нэрлэсэн билээ. Энэ тэмцээнийг уламжлал болгон жилд нэг удаа зохиодог бөгөөд энэ удаагийн тэмцээнийг дээрх сумдад өнгөрсөн долоо хоногт зохиожээ. Харин төслийн хаалт өчигдөр болж өндөрлөв.
МАЛЧИД БИД ЦЭЦГИЙН ТОЛГОЙ ХАРААД Л БАЯРЛАДАГ

Эл тэмцээнд оролцсон 15 орчим малчдаас багаараа дэд байранд шалгарагсдын төлөөлөл Д.Буяндүүрэнтэй ярилцаж, бэлчээрийн ургамлыг нэрлэх нь ямар үр өгөөжтэй болоод малчид үүнийг мэддэг байхын давуу талыг хуучилсан юм. Тэрбээр,
“Намайг Дарамдадийн Буяндүүрэн гэдэг. Би 1992 оноос хойш мал маллаад өдгөө 30 жилийн нүүрийг үзэх гэж байна. Архангай аймгийн Тариат сумын малчин. Тухайн тэмцээнд оролцох үед хоёр мерт дөрвөлжин квадрат газарт байх ургамлуудыг нэрлэхээс гадна ямар нөлөөтэй, яагаад энд ургасан зэргийг дурдаж яавал энэ бэлчээр сэргэхийг тоймлосон юм.
Гэнэт л ийм тэмцээн болох нь тэнд нутгийнхан цугларч байна гэхээр нь хүүтэйгээ хамт хадландаа явж байгаад зам нийлж, очиж оролцсон. Манай баг уг тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан. Учир нь тухайн куб газарт 11 төрлийн ургамал байна. Үүний 60 хувь нь соргог бэлчээр ба 40 хувь нь доройтжээ гэж оношлосон юм.

ДОРОЙТОЛТОЙ БЭЛЧЭЭРИЙГ СЭРГЭЭХ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ
Энэ жил бороо хур, чийг элбэг байсан учраас тухайн бэлчээрийн хэсэг талаас илүү хувь нь эрүүл байсан. Хэрвээ талаас бага болоод ирвэл тухайн бүсэд малаа идээшүүлж буй малчин нь мал сүргийнхээ тоо толгойг барих, бууриа хол сэлгэж, малаа өөр зүгт бэлчээх хэрэгтэйг илтгэдэг.
ЭРҮҮЛ БОЛООД ДОРОЙТОЛТОЙ БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ
Бэлчээрийг яаж эрүүл, доройтолтойгоор нь ялгадаг вэ гэхээр ердөө л ургаж буй ургамлаар нь ялгах боломжтой. Доройтолтой бүсэд шарилж, лууль, тарван, бут, сөөг зэрэг хогийн ургамал гэж нэрлэгддэг мал тоож иддэггүй ургамал ургадаг юм. Харин эрүүл бүсэд аль болох цэцэглэдэг агь, таана, таван салаа зэрэг орно. Тэгэхээр бидний нэрлэсэн тухайн газрын 60 хувьд нь цэцэглэдэг төрлийн ургамал ногоонууд байсан гэсэн үг.
ТЭНГЭР ЯМАР БАЙНА, МАЛЧНЫ СЭТГЭЛ ТИЙМ БАЙДАГ...
Малчид бид цэцгийн толгой хараад л баярладаг. Тэнгэр ямар байна малчны сэтгэл тийм байдаг. Хэрэв сайхан байх юм бол малчны магнай тэнийж малын зоо тэнийнэ гэдэг л болдог доо. Харин бороо хургүй, хуй хавсраад байвал сэтгэл санаа яг л тэнгэр шигээ бүүдийж, бүрхээд ирнэ. Малчин хүний баялаг, өв хөрөнгө нь мал учраас энэ зүйлийг маань тэтгэх, бороо хур, ээсэн дулаан нар налайгаасай л гэж бодно. Энэ зун хур сайн орсон учраас өнтэй өвөл болж, тарган тавтай онд орох нь гээд сэтгэлийн угаас баяр төрөөд их сайхан байгаа шүү.

Одоо үеийн залуус сууринд сонирхолтой. Гэхдээ малчин болохыг хүсдэг, дуртай залуус ч цөөнгүй. Залуус ч гэлгүй нутгаа, бэлчээрийн бүсээ хайрлаж, бууриа сэлгэх нь их чухал. Мал маллах 30 жилийн туршлагаасаа хэн нэгэн хүн заагаач гэвэл үүнийг л захина” гэлээ.
Малчин хүн бэлчээрийн бүсээ хайрлан, хамгаалж байх хэрэгтэй талаар Архангай аймгийн Тариат сумын малчин Д.Буяндүүрэн хэлсэн бол “Ногоон-Алт малын эрүүл мэнд” төслийн бэлчээр хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа сайн бэлчээртэй байхын давуу тал, үүний үр шимийг бидэнд тайлбарласан юм. Тэрбээр,
САЙН БЭЛЧЭЭРТЭЙ БАЙНА ГЭДЭГ САЙН МАЛЧНЫ ГАВЬЯА

“Бэлчээрийн ургамал таних тэмцээнийг уламжлал болгож малчдын дунд тодорхой аймаг сумдад зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээн маань Архангай аймгийн Тариат суманд болсон. Бэлчээрийн доройтлын хэмжээг мэддэг, оношлодог байх нь шинжээч, мэргэжлийн хүмүүсээс гадна малчин хүний хийх ажил гэж болно. Учир нь малчид малаас гарч буй сүү, сүүн бүтээгдэхүүн, махныхаа чанарыг бэлчээрийн чанараараа хэмждэг. Мэдээж доройтолтой нутгийн малаас гарах бүтээгдэхүүний чанар сул, соргог бэлчээрт идээшдэг малын бүтээгдэхүүнийг гүйцэхгүй шүү дээ. Тийм учраас малчид малынхаа бүтээгдэхүүнийг илүү үнэлүүлэхийн тулд бэлчээр нь гол шалгуур болдог. Тиймээс энэ тэмцээн малчдын бэлчээрээ хэр мэдэрч, цаашид яах ёстойг сорьдог.
Дэлгүүрээс малын гаралтай бүтээгдэхүүн авахдаа доройтолтой бэлчээрийнх үү, соргогийнх уу гэж иргэд ялгана. Ер нь малчин нь хариуцлагатай юу, үгүй юу гэдгийг тодорхойлоод байгаа юм. Тиймээс л малчид бэлчээртээ ургаж байгаа ургамлуудаа мэддэг байх хэрэгтэй. Ямар ургамал олшроод байгаа вэ, энэ нь ямар үр дагавартай вэ зэргийг оношлож мэддэг байх чухал.
Ер нь орон нутгийн малчид нутагт нь очоод энэ тэмцээнийг зохиоход их дуртай байдаг. Сайн бэлчээртэй байна гэдэг сайн малчны л гавьяа юм. Малчдаас энэ ямар ургамал вэ гэж асуухаас илүү энэ ургамал ургаснаараа энэ бэлчээр юу болж байна вэ, яах ёстой вэ гэдгийг олох, олуулах зорилготой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн шүү. Одоо бол.уулын хярд.нь.зусаад.ар бэлд нь намаржиж хаваржаад.өвөр бэлд.нь.өвөлжиж бна. Хуучин шиг �##�сын зайн отор.нүүдэл.гэж байхгүй болсон.Ийм үед.ургам�##� ногоо нөхөн үржих нөхцөл.�##�га бэлчээр нь.т�##�хлагдаад хөрсний элэгдэлд.орж байгаа даа