УЛС ТӨР

Авлигачдыг сүржин баривчлаад, эцэст нь СУЛЛАХ технологи

АТГ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд дунд шатны албан тушаал хашдаг хэд хэдэн хүнийг авлигын хэргээр саатуулж, шалгаж эхлээд байна.

АТГ-аас хэнийг баривчилж буй талаараа мэдээлэл хийж, олон нийтэд мэдэгдсэн зүйлгүй. Гэхдээ өөрсдийн дотно шивнэдэг хэвлэлийнхэндээ баривчилгааны явц, хаана, хэзээ нэгжлэг хийж, хэнийг шалгаж эхэлсэн талаараа бор шувуу хүргэдэг. Ингэснээр эл мэдээлэл нь олон нийтэд цацагддаг. Үүний ачаар АТГ сайн ажиллаж, авлигатай тэмцэх тэмцлээ эхлүүлжээ гэх мессежийг хүргэх зорилготой.

Сүүлийн үед ч эл зорилгоо тун сайн биелүүлж чадаж байна. Дунд шатны, төрийн өмчит компаниудын дарга, хэлтсийн хурган дарга нарыг баривчилж, гэр орон, ажил дээр нь нэгжлэг хийж, авлигын байж болзошгүй их хэмжээний доллар, валютыг хурааж авч буй. Эл үйл явцыг хөндлөнгөөс ажиглахад дунд шат, өөрөөр хэлбэл хамгийн их авлигад идэгдсэн хэсэг рүүгээ орж ажиллаж буй нь сайшаалтай гэж үзэж болохоор.

Гэвч эцэстээ үр дүн нь анхны сүржин баривчилгаанаас зөрж, ял завшуулж, цагаан захтнуудаа сүржин баривчилж хорьчихоод өршөөгөөд, уучлаад, магадланд оруулдаг шигээ толгойг нь илээд явуулаад байх юм биш биз. Ингэх аваас АТГ, Засгийн газрын авлигын эсрэг тэмцэл нь үр дүнд хүрэхгүй л болов уу.

-Ч.ЧИНБАТ СУЛЛАГДСАН ДАРУЙДАА АЖЛАА ӨГӨВ-

Тодруулбал, АТГ-ын эрчимтэй баривчилгааны эхлэл нь “ТЭЦ-3” ТӨХК-ийн захирал Ч.Чинбат байсан. Түүнийг Эрчим хүчний яамны харъяа зарим байгууллагын удирдлагууд их хэмжээний төсөвт өртөг бүхий тендер сонгон шалгаруулахдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөлжсөн гэх үндэслэлээр шалгаж байна хэмээсэн. Мөн гэрээс нь мөнгө төгрөг хураасан.

Гэтэл гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчлагдаж, 48 цаг хоригдох хугацаандаа хийсэн хэргээ хүлээж, тэр ч бүү хэл батлан даалтаар суллагдсан даруйдаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр хэргээ хүлээсэн учир одоо хуулийн процесс үргэлжилнэ. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байгаа бололтой.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэж шийдвэрлэхийг хэлдэг.

-Ш.НЯМДОРЖ ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, 14 САЯАР ТОРГУУЛААД САЛАВ-

Тэгвэл АТГ-ын сүржин баривчилгааны дараагийнх нь НЕПГ-ын Ерөнхий прокуророор ажилаж байгаад элдэв хэл ам, тодруулбал, УИХ-ын гишүүн асан А.Адьяасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал шүүхэд хүргүүлсэн, АН-ын дарга С.Эрдэнэд хууль бусаар хилс хэрэг үүсгэсэн гэх мэт асуудлаас зайлсхийж Баянзүрх дүүргийн прокурорын газрын даргаар очоод байсан юм.

Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэргээр түүнийг 48 цаг баривчилж, нэмж яллагдагчаар татан 30 хоног цагдан хорих хугацаанд тэрбээр мөн л хэргээ хүлээж, хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэх хүсэлтээ гаргасан гэх.

Үүнийхээ ачаар энэ сарын 09-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр оров. Улмаар Ш.Нямдоржийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноогоод шоронгоос тавьж явуулжээ. Сүржин баривчилгааны төгсгөлд авсан хахуулиа төлөөд, дээр нь 14-хөн саяар торгуулаад дууслаа гэсэн үг.

-Ц.ГАНХҮҮГ БАРЬЖ ХОРИОГҮЙ, НЭГЖЛЭГ ХИЙЖ, ГАДУУР ШАЛГАЖ БАЙНА-

Дараагийнх нь Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү. Түүнийг АТГ-аас баривчлаагүй, гадуур шалгаж буй гэх. Түүнийг барьж хориогүй ч гэр, ажлын өрөө, ойр дотны хүмүүсийн гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр их хэмжээний бэлэн мөнгө, валют зэргийг хурааж авсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тиймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргав.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж хүү болон эхнэр, дүүгийнхээ барилгын компаниудад давуу байдал олгуулж, Зайсанд газар авч, өндөр зэрэглэлийн үнэтэй орон сууцны хорооллууд сүндэрлүүлсэн хэргээр ийн шалгаж буй юм. Гэхдээ тэр мөн л хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсэх биз. Зайсангийн үнэтэй газар бүхнийг түүсэн түүнд Ш.Нямдоржийг 14 саяар торгосон шиг ял оноогоод суллах аваас Монгол Улсад АТГ байхын ч хэрэг үгүй мэт.

Ц.Ганхүүгийн хувьд энэ албаа авахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн алба, Барилгын хөгжлийн төвүүдэд дарга хийж байсан нэгэн. Түүнийг анх М.Энхболд томилуулж байсан хүн бөгөөд ажил хийдэггүйгээрээ алдартай хэмээн яригддаг нэгэн.

-Б.ХҮДЭРБОЛДЫН ЦАГДАН ХОРИО ДУУСЧ, БАТЛАН ДААЛТАД ГАРЧЭЭ-

Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад нийслэлд ирж тасгийн дарга болоод байсан Б.Хүдэрболдыг мөн л АТГ-аас баривчилж, прокуророос 30 хоног цагдан хорих санал хүргүүлсэн ч шүүхээс 10 хоног цагдан хорихоор болсон. Түүний цагдан хорионы хугацаа дуусаад хэд хонож байна. Батлан даалтаар сулласан болов уу.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж буй юм. Түүний дүү нь “Чандмань Цагаан хад” компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй юм байна.

Б.Хүдэрболд 2017 онд даргаар томилогдсон бөгөөд тухайн үед 14 саяын орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин 2020 онд орлого нь 32 сая болж өсчээ. Мөн гэр бүлийн орлого нь 27 сая байна. 75 саяын үнэтэй нэг орон сууцтай. 42 саяын үнэтэй хоёр машинтай. 82 саяар үнэлэгдэх малтай. 15 саяын үнэт эдлэлтэй. 45 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

-ХӨСҮТ-ИЙН С.ЭНХЗАЯАГ СУЛЛАЖ, И.ОРХОНЫГ ЦАГДАН ХОРЬЖ БАЙНА-

Түүнчлэн, ХӨСҮТ-ээс л гэхэд хоёр албан тушаалтныг баривчилж, шалгаж эхлээд буй.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд хуулийн хүрээнд 48 цагийн хугацаанд түүний гэр болон албан газарт шалгалт явуулсан. Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчыг ажилд оруулах нэрээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт татан шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байна. И.Орхоны хувьд ХӨСҮТ-д 15-аас дээш жил ажиллаж байгаа юм байна. Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа хуулиараа дууссаны дараа прокурорын саналын дагуу 30 хоног цагдан хорьсон билээ. Хорионы хугацаа нь дуусах тун дөхөж байна.

Мөн өнгөрсөн сард ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяаг шөнө гэрээс нь баривчилсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авч, давуу эрх олгосон, улсын төсвөөс санхүүжүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад худалдаалсан зэрэг шалтгаанаар саатуулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, хувийн лабораториудад хийсэн PCR шинжилгээний хариуг шуурхай гарган өгч, авлига авдаг байсан байж болзошгүй юм байна.

Тэгвэл прокуророос түүнийг суллаж, батлан даалтад гадуур шалгаж байна.

С.Энхзаяагийн хувьд ХӨСҮТ-д мөн л 20-иод жил ажиллаж буй, дархлагдсан албан тушаалтан. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулж байсан билээ.

-Ш.АЛТАНЧИМЭГ, Д.ЦОГТЖАРГАЛ НАРЫГ ГАДУУР БАЙЦААЖ БАЙНА-

АТГ-аас есдүгээр сарын 7-нд Татварын ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргалын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Ингэхдээ түүнийг албадан саатуулаагүй бөгөөд гадуур шалгаж байгаа юм. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж татварын байцаагчдын хяналт шалгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгосон гэх мэдээлэл байна.

Д.Цогтжаргал нь 2017 оноос татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд ТЕГ-ын дэд даргаар томилогдсон.

Энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч иржээ. Тодруулбал, 2020 оны ХОМ-ээр өөрөө 29 сая, гэр бүл нь 71 саяын орлоготой гэжээ.

216 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, 50 саяын Toyota, LEXUS RX400 машинтай. Гурван сая төгрөгийн хадгаламжтай, 163 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Мөн АТГ-аас есдүгээр сарын 9-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс  мэдүүлэг аваад, буцаажээ. Мөн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.

Түүнийг  ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй талаар албаныхан мэдээлэл өгөөгүй ч гэр бүлийн орлого нь огцом өсч, хэд хэдэн компанийн хувьцааг худалдан авсан нь АТГ-аас шалгах шалтгаан болсон бололтой. Ш.Алтанчимэг өнгөрсөн жил “Дорж тойн бьютик” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, “Говийн төмөрзам” ХХК-ийн 33 хувь, “Ресурс альяанс” ХХК-ийн 20 хувийг худалдан авсан байна. 

Түүнчлэн гэр бүлийн орлого нь бараг хоёр дахин өсч, 59.4 саяд хүрсний зэрэгцээ банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж нь мөн хоёр дахин өсч 31 саяд хүрчээ. Түүний хувьд  2019 онд Зээлийн батлан даалтын сангийн дэд захирлаар томилогдож байв. Улмаар  2020 оны наймдугаар сард Гүйцэтгэх захирлын албыг хаших болсон нэгэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хүүк оок 2 иймэрхүү

Zochin
Zochin

Barag buh niiteeree hulgai,avilgaliig huleen zovshoorchihson,yalanguya huuliinhan oorsdoo,tiimees ch zoolon handaad bdag bh

Зочин
Зочин

МАН ын шоу их ээ

Зочин
Зочин

Авилгачид Шүүгчиддээ авилгаа өгөөд хоригдсон болж, байцаагдсан, баривчлагдсан дүр үзүүлээд "мөр бүтэн" дээрээ �##�бан туша�##�аа өгөөд л "бултаж" байна. Харин МАН болон АТГ нэг их олон хүмүүс илрүүлж, хариуцлага тооцож, ял оноогоод байгаа мэт харагдаад байна. Иргэдийн толгой "ажиллаж" л байгаа ш дээ. Битгий "гурилдана" гээч юм хийгээд бай л даа. Иргэд нэгдээд л "өөрсдийн гараар" авилг�##�ын эсрэг тэмцсэн нь дээр дээ. Арай ч ийм дүр зураг харагдахгүй байх шүү!!!

Зочин
Зочин

Авилгачид Шүүгчиддээ авилгаа өгөөд хоригдсон болж, байцаагдсан, баривчлагдсан дүр үзүүлээд "мөр бүтэн" дээрээ �##�бан туша�##�аа өгөөд л "бултаж" байна. Харин МАН болон АТГ нэг их олон хүмүүс илрүүлж, хариуцлага тооцож, ял оноогоод байгаа мэт харагдаад байна. Иргэдийн толгой "ажиллаж" л байгаа ш дээ. Битгий "гурилдана" гээч юм хийгээд бай л даа. Иргэд нэгдээд л "өөрсдийн гараар" авилг�##�ын эсрэг тэмцсэн нь дээр дээ. Арай ч ийм дүр зураг харагдахгүй байх шүү!!!

Иргэн
Иргэн

Авилгачид Шүүгчиддээ авилгаа өгөөд хоригдсон болж, байцаагдсан, баривчлагдсан дүр үзүүлээд "мөр бүтэн" дээрээ �##�бан туша�##�аа өгөөд л "бултаж" байна. Харин МАН болон АТГ нэг их олон хүмүүс илрүүлж, хариуцлага тооцож, ял оноогоод байгаа мэт харагдаад байна. Иргэдийн толгой "ажиллаж" л байгаа ш дээ. Битгий "гурилдана" гээч юм хийгээд бай л даа. Иргэд нэгдээд л "өөрсдийн гараар" авилг�##�ын эсрэг тэмцсэн нь дээр дээ. Арай ч ийм дүр зураг харагдахгүй байх шүү!!!

Зочин
Зочин

АТГ өөрсдөө цэвэрхэн үү! Ямар нүүрээрээ ийм ажлаа хийдэг байнаа. Хулгайч хулгайчдаа дургүй үлгэр үү тэ.
Тэр АТГ дашдаваа нямдагва 2г олон нийтийн өмнө ш�##�га. Луйварчид.

Холбоотой мэдээ

Back to top button