СПОРТ

Харваачийг шуурхай гэгч нь шийтгэсэн хэрнээ бөхчүүдийн толгойг илсээр байх уу

Жил жилийн улсын наадмын дараа допингтой холбоотой асуудал бөхчүүдийг талцуулж, олныг бухимдуулдаг болоод уджээ. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг зарлах гэж хэдэн сараар сунжруулна. Түүнийгээ зарлах гэж бөөн юм болно. Хөрөнгө бэлтэй, танил талтай нь дээгүүрээ зохицуулаад, ганц нэг бөхөөр туг тахиад өнгөрдөг гэж хардах хүн цөөнгүй. Гэтэл өнөө жилийнх шиг улсын наадамд түрүүлсэн бөх допингтой нэр холбогдсон түүх үгүй. Тэгээд бүр “Миний шээсийг сольчихож” гээд өөрөөсөө допинг илэрснийг хүлээн зөвшөөрсөн билээ.

Баяр наадмыг зохион байгуулах хороо, Допингийн эсрэг үндэсний төвийнхөн допинг илэрсэн харваачийн шинжилгээний хариуг ямар хурдан зарлаж, тэр ч бүү хэл тохирох шийтгэлийг нь шуурхай гэгч нь оноосныг бид харсан. Тэд хэрвээ хүсвэл ийм шуурхай ажиллах боломжтойг энэ үйл явдлаас бэлхнээ харж болно. Орон нутаг, улсаас дөмөгхөн дэмждэггүй, бор зүрхээрээ зүтгэж яваа харваачдад төр төмөр нүүрээ ингэж харууллаа. Хөөрхий харваач санамсаргүйгээр ханиадны эм уутал өнөөх нь допингийн төрлийн бодис агуулсан байсныг учирласан. Гэхдээ үүгээр харваачийг өмөөрөх гээгүйг тодотгоё. Буруу зүйл хийсэн хүн шийтгэл хүлээх учиртай.

Гэтэл үндэсний бөхчүүдийн шинжилгээний хариуг хэдэн сараар сунжруулж, таг чиг байгаагийн цаад шалтгаан юу вэ. Ер нь ийм зураглал жилийн жилд давтагддаг. Тэгээд тэдэн бөхөөс допинг илэрлээ, эсвэл илэрсэнгүй гэдэг. Үүний цаана ямар хуувилдаан өрнөдгийг таахад бэрх. Дөрвөн бөхөөс допинг илэрлээ гэхэд гурвыг нь зарлаад, нэгийг нь тас нуугаад өнгөрөхийг үгүйсгэх аргагүй.

Хоёр бөхөөс допинг илэрсэн асуудал наймдугаар 9-нд нийтэд ил болж, Баяр наадмыг зохион байгуулах хорооныхон энэ талаар 12-нд албан ёсоор олонд мэдэгдсэн. Түүнээс хойш хэр удаж байгаа билээ. Аливаа хууль, дүрэм хүн бүхэнд тэгш үйлчлэх учиртай. Айлын хүүхдийг алаг үзээд яах вэ. Адилхан л үндэсний спортоор хичээллэн, амжилтын төлөө зүтгэж яваа хүмүүс шүү дээ. Харваачийн эрхийг шуурхай гэгч нь хассан хэрнээ бөхчүүдийн толгойг илсээр байх уу. Бөхчүүд, харваачид гээд спортын аль ч төрлийн тамирчдад төр төмөр нүүрээ адилхан гаргадаг байя.

Б.ГАНСҮЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 26, 2019 17:07

харваачид мөнгө байхгүй. бай шан багатай тул шүүхийг хахуульдаж чадахгүй. бөхөд бол мөнгө �######� байна шүүхийг хахуульдаж �######�өөрөө дарж сууж чадна

Холбоотой мэдээ

Back to top button