
НҮБ дахь эх сурвалжийн мэдээлснээр, “Талибан” хөдөлгөөний төлөөллүүдтэй холбоотой асуудлыг энэ оны арваннэгдүгээр сарын эхээр л шийднэ, үүнийг шийдэхийг хэн ч яаравчлахгүй байгаа ажээ.
Өмнө нь, Афганистаны Засгийн эрхийг гартаа оруулаад байгаа “Талибан” хөдөлгөөнийхөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх боломж олгохыг хүссэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш “Талибан” хөдөлгөөний шинээр томилсон Гадаад Хэргийн сайд Амир Хан Муттакигаас дээд хэмжээний уулзалтад оролцож, НҮБ-ын индэр дээрээс үг хэлэхийг хүссэн захидал хүлээн авсан талаар НҮБ-ын ЕНБД-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд НҮБ-ын дээд удирдлагуудын өмнө одоо Афганистаныг хэн төлөөлөхийг шийдэх ёстой болчихоод байгаа гэж мэдээлж эхэлсэн. Итгэмжлэх хорооны есөн гишүүн улс Афганистаны энэ асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Тус хороонд АНУ, ОХУ, БНХАУ, Швед, Багам, Бутан, Чили, Намиби, Сьерра Леон гэсэн улс багтдаг юм.
Өмнө нь, Афганистанд “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн эрхийг барьж байх үед /1996-2001/ тус хөдөлгөөн НҮБ-д дуу хоолойгоо илэрхийлэх ямар ч төлөөлөлгүй байсан билээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.