Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын аварга цолыг хураах саналыг ерөнхийлөгчид өргөн барина

Энэ жил төрийн наадамд түрүүлсэн улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн нь олныг ихэд бухимдуулж, талцуулж байна. Түүний цолыг хураах уу, Н.Батсуурьд даян аварга, Д.Анарт улсын заан цол нөхөж олгох эсэх нь олны сонирхлыг татаж байгаа нь мэдээж. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “Улсын наадмын түрүү бөхөөс допинг илэрсэнд харамсаж байна. Э.Оюунболдод ямар шийтгэл ноогдуулах, цолыг нь хураах эсэхийг хүмүүс их сонирхож байна. Юуны түрүүнд Үндэсний бөхийн салбар хороо хуралдан, шийдвэрээ гаргана. Дараа нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдан, тодорхой шийдэлд хүрнэ. Тэгснийхээ дараа Э.Оюунболдын цолыг хураах эсэхээ Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ хүргүүлнэ. Баяр наадмыг зохион байгуулах хорооноос холион бантан хутгасан, андуурсан юм байхгүй. Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай ямар ч тамирчны шээсийг солих ямар ч боломжгүй. Хэрвээ болдог сон бол допингийн шинжилгээг улсын наадмын өмнө авмаар байна. Гэтэл 512, 1024 бөхөөс шинжилгээ авах зардал өндөртэй. Одоо 16 бөхийн шинжилгээний хариуг зарлах гэж хэр удаж байгаа билээ. Олон улсын жишиг ч тийм байдаг, тухайн тэмцээний дараа тамирчнаас допингийн шинжилгээ авдаг. Тэгэхээр энэ бол бөхчүүдийн хариуцлага, ёс зүйн асуудал" гэв.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.