НийгмийнЯрилцлага

Э.Эрдэнэчулуун: “Сайн хүлэг заяах, тэнгэрт халих нь хорвоогийн жам” гэж л сэтгэлээ жаахан тайтгаруулж сууна

-Монгол түмний буян заяа их ч шарга азарга шиг хурдан хүлэг дахиж төрнө гэдэг үнэхээр ховор-

“Цагаан гүүний шарга унага

Цамцаа дэрвүүлсэн хүүгийн шарга

Цайвар дэлтэй тод шарга

Цагийг эзэлсэн хурдан шарга

Торгон жолоо өргүүлсэн

 Тогоруу халтрын төл шарга

Төрийн наадмын түрүү шарга

Түмэн олны хайртай шарга” хэмээх “Хос шарга” дуу цагийг эзлэн төрсөн, ах, дүү хоёр шарга азаргыг магтан дуулсан уран бүтээл билээ.

Төрийн наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд тав түрүүлж, нэг айрагдан, “Амгалан төрийн ажнай шарга” цол хүрттэлээ монгол түмнээ олон, олон жил баясган, самсайг нь шархируулсан алдарт шарга азарга тэнгэрийн хүлэг болсонд моринд хайртай монгол хүн бүхэн харамсан, халаглаж сууна.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Тод манлай уяач Э.Эрдэнэчулууны унаган хүлэг, УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн шарга азарга 24 насандаа тэнгэрт хальж, ах шаргатайгаа уралдахаар одлоо. Бид Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Э.Эрдэнчулуунтай утсаар холбогдон, шарга азарганых нь талаар ийн ярилцлаа.

“ХОРВООГИЙН ЖАМ” ГЭЖ БОДОН СЭТГЭЛЭЭ ТАЙТГАРУУЛЖ СУУНА

-Сайхан намаржиж байна уу, Та. Монгол түмний бахархал болсон хайрт хүлэг нь тэнгэрт хальсанд харамсаж буйгаа илэрхийлье. Шарга азарга хорвоогийн жамаар тэнгэрийн хүлэг болов уу, эсвэл ямар нэгэн өвчин, зовиур байв уу?

-Хөөрхий минь 24 насандаа тэнгэрийн хүлэг боллоо. Хамгийн хайртай, дотнын хүнээ алдсанаас ялгаа юу байх вэ. Их харамсаж байна. Би Хэнтий аймгийн Баянхутаг суманд адуугаа оторлож явна.  Хөдөө, сүлжээгүй газар явж байгаад шарга азаргаа тэнгэрт хальсныг өчигдөр мэдээгүй. Өнөөдөр (өчигдөр) сүлжээтэй газар ирээд мэдлээ. Шарга азаргыг Б.Наранхүүгийн адуучин нь хариулан, маллаж байсан юм. Дэргэд нь байгаагүй тул яг ямар шалтгаанаар тэнгэрийн хүлэг болсныг нь сайн мэдэхгүй байна.

-Та хамгийн сүүлд азарган дээрээ хэзээ очсон бэ?

-Өнгөрсөн намар. 24 гэдэг азарганд өндөр нас. Багаасаа уягдсан ийм адуунд бүр ч өндөр нас. Шарга маань энгүй онцгой, эрүүл чийрэгтээ 24 нас хүрлээ. Адуу 32-33 хүрэх нь бий. Тэр бүр адуу 30 гаруй наслах нь ховор.

-Сүүлийн жилүүдэд “Азарга маань хорвоогийн жамаар нэг л өдөр тэнгэрт халих байх” гээд таны санаа зовж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Гэрт тэвэрч хонохоос бусдаар шарга азаргатайгаа хамт байсан. Багаас нь уяж, сойсон болохоор азаргандаа их дассан. Хаана ч явсан хамгийн түрүүнд азарга маань л бодогддог. Дэндүү ойрхон байсан болохоор тэр хэрээр хүнд тусдаг юм байна. Хүн, мал мэндлэх, үхэх нь хорвоогийн жам гэж бодон, сэтгэлээ тайтгаруулж сууна.

-Үр төлийг нь хэр сайн авч үлдсэн бэ. Одоо хурдалж байгаа нь бий юү?

-Би бага шаргынхаа эр төлийг нь тэр бүр уяагүй. Аль болох азарга тавиад, үр төлийг нь сайн авч үлдэхийг чухалчилсан юм. Үржилд нь түлхүү анхаарсан гэсэн үг. Бага шаргын төл нэг халиун адуу даагандаа улсын наадамд айрагдаж байсан.

-Шарга азарга улсын наадамд зургаан удаа түрүүлсэн. Азарганыхаа уяа, сойлгыг хэр сайн тааруулсан гэж боддог вэ. Дахиад түрүүлэх боломж байсан уу?

-Амьд амьтан тул биеийн байдал нь янз бүр болно. Бас уяаны алдаа, оноо гарна. Жил бүр уяа сойлгыг нь нэгэн жигд тааруулна гэдэг хэцүү. Мэдээж би жил бүр улсын наадамд түрүүлгэе гэсэн чин сэтгэлээр уясан.

Бага шаргыг хурдална гэх багцаа надад байсан. Даага болоход нь хүмүүс “Сайхан хүлэг заяажээ” гэдэг байв. Дааганд нь уяж чадаагүй. Шүдлэнд нь уяад, уралдуулахад улсын наадамд шууд түрүүлсэн.

Шарга маань их номхон, дөлгөөн хүлэг байсан. Унаад явахад хашин. Жаахан лазандуу, тамираа тэр бүр гаргадаггүй. Тиймдээ ч уяаны аяыг сайн даадаг онцлогтой хүлэг байсан.

Улсын наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдсан нь үнэхээр бахдам, Монголд байхгүй амжилт. “Тэгсэн бол дахиад түрүүлэх байсан, илүү амжилт гаргах байсан” гэж одоо ярих дэмий.  Цаанаасаа тийм хувь заяа, тохиолтой байсан байх.

-Таныг, монгол түмнээ олон удаа баярлуулсан. Шарга азаргаараа хамгийн их бахархсан, дурсамжтай наадам аль нь вэ?

-2004 оны улсын наадам. Тэр жил дөрвөн том уралдаанд уралдахдаа бүгдэд нь түрүүлсэн. Хавар нь Дорнодод болсон тахилгад барагцааг нь үзье гэж бодоод сойтол түрүүлсэн. Дараа нь улсын наадамд, Өвөрхангайд болсон “Их хурд”-д түрүүлсэн. “Их хурд”-д уралдуулна гэж тооцоод улсын наадамд арай дутуу уяатай очсон юм.

“Их хурд”-ын дараа Алтан овооны тахилгад түрүүлсэн. Хамгийн хурдан, онцгой жил нь 2004 он байсан болохоор би онцлоод байгаа юм. Бага шарга маань улсын наадамд есөн удаа уралдахдаа зургаа түрүүлж, хоёр айрагдсан. Сайн хүлгийн буянд сайхан амьдарч явна аа, ах нь.

-Та бага шаргынхаа хурдыг ер нь хэмжиж байв уу?

12 насандаа улсын наадамд түрүүлж байгаа нь

-Хэмжилгүй яах вэ. Өөрийнхөө тааваар давхихад 42-43, жаахан хүчлэхэд 44-45 км/цаг хүрдэг байсан. Хамт уралдаж буй хүлгүүдээс шалтгаална. Хүн заагаад өгчихсөн юм шиг өөрөө хурдаа тааруулаад уралдчихдаг онцгой хүлэг байсан даа.

-Шарга азарга шиг хурдан, онцгой хүлэг дахин төрөх болов уу?

-Монгол түмний буян заяа их тул хаана ч хурдан хүлэг төрж болно. Эд эрхтэн, хувь заяа нь хүртэл ийм тэгш төрөх нь үнэхээр ховор. Бага шарга шиг маань хурдан, онцгой хүлэг дахин төрнө гэдэг үнэхээр ховор.

Э.ЭРДЭНЭЧУЛУУН МАНЛАЙД ЗАЯАСАН ЭНГҮЙ ХУРДАН ХОС ШАРГА

Улаанбаатар хотод төрж, өссөн Э.Эрдэнэчулуун манлай нэг л мэдэхэд хурдан моринд хорхойсох болжээ. Улмаар 1994 оны хавар хурдан морь сонирхох, сэтгэлд таарсан хүлэг олдвол худалдаж авахаар Дорж гэдэг хүний хамт Хэнтий аймгийн Галшар суманд очжээ. Тэгж явахдаа элэгний өвчинтэй болсон ханьдаа саамийг нь уулгахын тулд охин шарга даагатай нэгэн цагаан гүүг худалдан авч, “Морин тойруулга”-ын халтар азаргандаа хураалгасан байна. Дараа жил нь цагаан гүүнээс эр шарга унага мэндэлжээ.

Саамыг нь өгөхөд уяхан сэтгэлтэй эхнэр нь “Ийм хөөрхөн амьтан саамаа бүтэн хөхөг. Би сүүнээс нь хороогоод яах вэ” гээд өөр гүүний саам уухыг хүсчээ. Саамыг нь л эхнэртээ уулгахын тулд авч ирсэн гүүнээс нь мэндэлсэн шарга даага 1997 оны улсын наадамд хэрхэн айрагдаж, Э.Эрдэнэчулуун манлайг баярлуулан, наадамчин олныг баясгасныг манай уншигчид сайн мэднэ. Энэ үед ханийнх нь бие улам дордсоор байлаа. Дараа жил өнөөх цагаан гүүнээс дахин эр шарга унага мэндэлсэн нь “Амгалан төрийн ажнай шарга азарга”.

АХ, ДҮҮ ХОЁР ШАРГА ХАМТ УРАЛДСАН, ТҮРҮҮЛСЭН АНХНЫ БӨГӨӨД СҮҮЛЧИЙН УЛСЫН НААДАМ

Моринд хайртай монгол түмэн одоо ч дурсан, үлгэр домог мэт ярьдаг наадмуудын нэг нь яах аргагүй 2000 оны улсын наадам. Соёолонгийн уралдаанд ах шарга магнайдаа тоосгүй хурдлан, түрүүлж явснаа гэнэт хадуурч, уралдааны зам руу эргэж нийлэн, өмнөх морьдоо гүйцээд түрүүлсэн билээ. Тэр жил дүү шарга нь улсын наадамд анх удаа хурд сориод шүдлэнгийн уралдаанд түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн юм. Ах, дүү хоёр шарга хамт тоосоо өргөсөн, түрүүлсэн анхны бөгөөд сүүлчийн улсын наадам нь тэр байлаа, харамсалтай нь.

Улсын наадамд хоёр үрээгээ түрүүлгэсэн Э.Эрдэнэчулуун манлай наадмын дараа Хэнтийн Галшар суманд болсон Өвгөн ноёны наадамд очжээ. Том шарга гурав дахь давхар уяагаар очсон нь тэр. Тэнд очоод удаагүй байтал ханийнх нь бие гэнэт муудан, сандаргаад юун үрээний уяа сойлго манатай байж. Аргагүйн эрхэнд таана, хөмүүл ихтэй нутагт 3-4 хоног орхиод явсан гэнэ. Өвгөн ноёны уралдаанд айргийн тавд давхиж яваад үзүүр дээр жаахан суугаад зургаад орсныхоо орой нь том шарга эндсэн юм.

Энэ талаар Э.Эрдэнэчулуун манлай “Ханийн минь бие муудаад үрээндээ анхаарч чадаагүй. Таана, хөмүүлтэй нутагт хэд хонуулсан нь нөлөөлсөн. Уяж буй адуунд хурцдалгүй яах вэ. Харамсахгүй байхын аргагүй хурдан буян. Надад нэг хэсэг үнэхээр хүнд байсан, сэтгэлээр унасан. Талийгаач хань минь ч бас их харамссан. Сүүлээр нь хуур хийлгэсэн” гэж харамсан өгүүлсэн юм. Монголын нэгэн цуут хүлэг том шарга тэнгэрт хальсан харамсалтай түүх ийм буюу.

“ХАНИА Л ЭМЧИЛЧИХ ЮМ САН” ГЭЭД ШАРГА АЗАРГАТАЙГАА ХАМТ ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД

Том шаргыг эндсэний дараа Э.Эрдэнэчулуун манлайгийн эхнэрийн бие улам мууджээ. Ханиа эмчлэхийн тулд өнгөтэй, өөдтэй бүхнээ хамж шимэн байж 70-аад мянган ам.долларын өртөгтэй, элэг солиулах мэс заслыг Бээжинд хийлгэсэн нь амжилттай болов. Гэвч аз жаргалтай, элэг бүтэн амьдрал удаан үргэлжилсэнгүй. Дараа жил нь буюу 2004 оны хавар ханийнх нь бие дахин өвджээ. Дахин мэс засалд оруулахын тулд дахиад 60 гаруй мянган ам.доллар шаардлагатай.

Ханиа л эмчлүүлэх сэн гэж хичээн, сэтгэлээ чилээж буй эзнийхээ сэтгэлийг шарга азарга ойлгож буй мэт тэр жил болсон дөрвөн том уралдаанд духандаа тоосгүй хурдалжээ. Тэдгээр нь хамгийн том бай шагналтай дөрвөн наадам болох улсын наадам, Зүүн бүсийн наадам, “Их хурд”, "Алтан овооны наадам” байлаа. Эзнийхээ итгэлийг алдалгүй ийн хурдалж, эмчилгээний зардалд нэмэр болжээ. Шарга азарганыхаа бай, шагнал болох жип машин тэргүүтнийг борлуулан, эмчилгээний зардлыг бүрдүүлсэн байна. Э.Эрдэнэчулуун манлай “Шаргынхаа ачаар бүрдүүлж чадлаа” гээд баяр хөөр дүүрэн Бээжинд очиход эхнэр нь ихэд баярлан, уйлсан гэдэг. Хэдийгээр эзэн, хүлэг хоёр хамтдаа зүтгэсэн ч хөөрхий хань нь 21-хэн хоногийн дараа өөд болжээ.

Хорвоо орвонгоороо эргэсэн мэт санагдан, Э.Эрдэнэчулуун манлай сэтгэлээр их унажээ. Эхийнх нь сүүнээс хороогоод яах вэ гээд ах шаргынх нь саамыг уугаагүй, нинжин сэтгэлт бүсгүйн амийг аварч чадаагүйдээ харууссан мэт дүү шарга 2005, 2006 онд их турж, гавьтай давхиагүй. Улмаар 2007 оны улсын наадамд дахин түрүүлж, эзнийхээ сэтгэлийг баясган, уй гашууг нь багахан ч атугай нимгэлсэн юм.

УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү шарга азаргыг худалдан авснаас хойш Э.Эрдэнэчулуун манлай хайрт хүлгийнхээ уяа сойлгыг тааруулсаар байв. Улсын наадамд хамгийн сүүлд 12 насандаа түрүүлж, цагийг эзэлсэн хурдан хүлэг гэдгээ баталсан юм.

ХОС ШАРГЫН ХОСГҮЙ АМЖИЛТ

https://www.youtube.com/watch?v=1dRoN7Iyn-U

Том шарга

1997 он: Улсын наадамд даагандаа айргийн тавд хурдалсан

2000 он: Улсын наадмын соёолонгийн уралдаанд түрүүлсэн

Архангай аймагт болсон “Тамирын хурд”-д түрүүлсэн

Бага шарга

2000 он: Улсын наадамд анх тоосоо өргөхдөө шүдлэнгийн уралдаанд түрүүлсэн

Архангай аймагт болсон “Тамирын хурд”-д түрүүлсэн

Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны наадамд айргийн гуравт давхисан

2001 он: Улсын наадмын хязаалангийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан

2002 он: Улсын наадмын соёолонгийн уралдаанд түрүүлсэн

Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлсэн

2003 он: Улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан

2004 он: Улсын наадамд түрүүлсэн

“Их хурд” уралдаанд түрүүлсэн

Алтан овооны их тахилгад түрүүлсэн

2007 он: Улсын наадамд түрүүлсэн

“Их хурд”-д аман хүзүүдсэн

2008 он: Улсын наадамд түрүүлсэн

2009 он: Улсын наадмаас 12 насандаа зургаа дахь түрүүгээ хүртсэн. Алдарт шарга азарга улсын наадамд есөн удаа уралдахдаа зургаа түрүүлж, хоёр айрагдсан нь яах аргагүй давтахад бэрх бахдам амжилт мөнөөс мөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уяач
Уяач
10 сар 25, 2021 08:22

Моринд хайртай олон монголчууд уйллаа даа. тэнгэрийн хүлэг болон дүүлэн нисээрэй

Монгол
Монгол
10 сар 25, 2021 08:27

Адуу гэж гайх�##�тай амьтан шүү

Хүн
Хүн
10 сар 25, 2021 09:29

Адгуус яахавдээ тэгээл дууслаа харин хүн гэдэг өөрииг сонгоод л амьдардаг юм хүн чинь яг үнэндээ мориноосоо дор үнэнч биш шүүдээ дор нь марта�##� ....

Зочин
Зочин
10 сар 25, 2021 10:11

Морьтон монголын бахархол байсан даа

Зочин
Зочин
10 сар 25, 2021 10:22

Ёстой л жам юм даа
Түүнээс ч харамсмаар л байна шүү

Зочин
Зочин
10 сар 25, 2021 11:35

Сайхан юмдаа... Х�##�хын буян заяа их олон сайхан хурдан хүлэг төрж байна цаашид ч төрнөө...

Зочин
Зочин
10 сар 25, 2021 11:55

Аргагүй л яс сайтай адуу юм даа. Морь 27-31 нас�##�даг. Азарга гэхэд үнэхээр урт нас�##�жээ. Сайн хүн болж төрөөрэй

Зочин
Зочин
10 сар 25, 2021 20:00

Төр засаг 1600 хүнээ арчаагүйгээсээ болоод �##�дчихаад ингэж харамссан уу.Үгүй.Нэг адгуус үхжээ.Эрдэнэт хүмүүний нэр �##�дараас илүү юу.Үгүй л байхгүй юу.Эр хүн эдлэж хэрэглэдэг адгуус 1600 хүний амьнаас үнэтэй юу.Бодоорой.Тэнгэрт х�##�илаач гэх шиг.Сэтгүүл сайтад 1600 хүнийг нэг бүрчлэн ингэж бичвэл хүн ойлгоно уу гэхээс эр хүний хэрэглэдэг нэгэн адгуус үхчихлээр ингэж гашуудана гэж бодсонгүй.Эрдэнэчулуун ч чулуун зүрхтэй юм аа

Зочин
Зочин
10 сар 25, 2021 22:53

Бурхан болсон хань нь А.Сүхбат аваргын төрсөн эгч шүү дээ.

Хуульч
Хуульч
10 сар 27, 2021 20:00

Э.Эрдэнчулуун уяачийн эхнэр га�##�ийн байцаагч байхдаа 2008 онд Замын-Үүд боомтоор техникийн спирт хууль бусаар оруулснаас Багануурт олон хүн нас барж, эрүүл мэндээрээ хохирсон. Энэ үйлдэлд эхнэр нь ял аваагүйгээр барахгүй цагаадаж улсаас хохирогчдод нөхөн гэж их хэмжээний төлбөр төлөгдсөн байдаг. Адсаг хүнээс илүү амьны үнэтэй болсон энэ цаг мөчид цөөхөн хүн амьтай Монгол улс хөгжихгүй ээ.

Хуульч
Хуульч
10 сар 27, 2021 20:02

Хурдан морь үнэ хэдэн доллар вэ? Нас барсан иргэний хохирол хэдэн төгрөг вэ?

Холбоотой мэдээ

Back to top button