УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

ХЭЛЭЛЦЭЭ: Засгийн газар “Оюу толгой”-г 100 хувь эзэмших санал гаргаагүй

Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээний явцын талаар хамгийн сүүлд нэгэн шинэ мэдээлэл түгсэн нь ихээхэн анхаарал татсан. Энэ нь Засгийн газар “Оюу толгой” ХХК-иас үлдсэн 66 хувиа худалдан авч, компаниа 100 хувь эзэмших санал гаргасан тухай юм. Харин энэ мэдээлэл худал бөгөөд, тийм санал гаргасан удаагүй гэдгийг албаны эх сурвалжууд тодотгож байна.

"ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ”-Н ХҮЧИЙГ ЧАНГАТГАХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАНА

Том зургаар нь харсан ч Засгийн газар “Оюу толгой” ХХК-иа 100 хувь эзэмших нь бололцоогүй бөгөөд ашигтай хувилбар биш. Харин одоогоор эзэмшдэг 34 хувиа худалдаж, оронд нь роялти татвар авдаг болбол илүү өгөөжтэй гэсэн хувилбарыг эдийн засагчид хэлдэг. Гэхдээ Засгийн газарт ийм санал байхгүй бөгөөд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гол зорилготой байгаа юм.

Харин “Оюу толгой” ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг “Эрдэнэс оюу толгой” компанийн засаглалын асуудлыг хэлэлцээний хүрээнд ихээхэн нухацтай гаргаж тавьж буй. Монголын Засгийн газрын байгуулсан эл компани уг нь Оюу толгой төслийн менежментэд хяналт тавьж, үйл ажиллагаанд нь тодорхой үүргээр оролцох учиртай. Гэсэн ч сүүлийн жилүүдэд тус компани хөрөнгө оруулагч талаас ил тод мэдээлэл авч чадахгүй, ерөнхийдөө үл тоогдсон маягаар ажиллаж ирсэн харагддаг. Иймд нэгэнт компанийн 34 хувийг эзэмшдгийн хүрээнд Оюу толгой төсөлд хяналт тавих, ижил мэдээллээр хангагдах шаардлагатай байгааг Засгийн газар онцолдог. Энэ үүднээс ч Н.Цэрэнбатыг “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн захирлаар томилсон гэж харагдаж байгаа юм.

ДАЛД УУРХАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ САНХҮҮЖИЛТЭЭС БОЛЖ ЗОГСООГҮЙ, ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хэлэлцээний хүрээнд яригдаж буй өөр нэг мэдээлэл бол далд уурхайн асуудал.

Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөсөн боловч хэтэрсэн. Харин Засгийн газар уг нэмэгдэл зардлыг хараахан хүлээн зөвшөөрч, батлаагүй байгаа. УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй УИХ-ын түр хорооны гишүүд энэ тал дээр тас гөжсөн байр суурь илэрхийлдэг.

Харин “Рио Тинто” группээс нэмэгдэл зардлыг батлахгүй бол далд уурхайн ашиглалтад орох хугацаа дахин хойшлох эрсдэлтэй гэдэг байр суурийг сүүлийн үед илэрхийлж байна. Түүнчлэн эс баталбал далд уурхайн төслөөс бүр гарах ч бололцоотой гэдгээ мэдэгдсэн удаатай.

Гэхдээ нэмэгдэл зардлыг батлахгүй байгаагаас үүдэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсоогүй. Анх төсөвлөсөн 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээндээ ажил явагдаж байгаа бөгөөд энэ чигээр ирэх оны нэгдүгээр улирал хүртэл үргэлжлүүлэх бололцоотой гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн хамгийн сүүлд хөрөнгө оруулагч талаас, өөрсдийн “халаас”-наас 50 сая ам.доллар гаргаж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулсан тухай ч мэдээлэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button