Нийгмийн

АУТИЗМ ба миний амьдрал

Хүн бүрийн ялгаатай байдал, эрхэм чанарыг хүндэтгэн, ээлтэй нийгмийг бий болгохын төлөө “ХААЛГАА НЭЭЕ” аяныг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ-аас олон нийтэд хандан уриалж байна. 

ХҮҮХЭД БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙГ

Энэхүү аяныг эхлүүлэн эцэг эхчүүдээс ирүүлсэн нийтлэлийг бид цувралаар APDC Mongolia нүүр хуудсаар хүргэх юм. Та  ч бас бидэнтэй нэгдэн дуу хоолойгоо ирүүлээрэй. 

 АУТИЗМ БА МИНИЙ АМЬДРАЛ

Энэхүү нийтлэлийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Би Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт ам бүл нөхөр 3 хүүхдийн хамтаар тавуулаа амьдардаг. Миний 2 хүү аутизмтай. Өмнө нь нэг айлын хоёр хүүхэд өвдсөн бол их гайхдаг байлаа. Одоо бол өөрөө энэ нөхцөл байдлыг хүлээн авсан учраас мэдээж гайхахаа больсон. Тэгэхээр миний амьдралд урилгагүй морилсон “Аутизм” хэмээх эмгэгийн талаар хэсэгхэн өгүүлье. Урьд өмнө нь хэзээ ч амьдралдаа сонсож байгаагүй энэ нэр томьёотой арваад жилийн өмнө танилцсан. 

Өнөөдөр дэлхийн хүн амын 1% буюу 70 сая хүн Аутизмын хүрээний эмгэгтэй байна гэсэн судалгаа бий. 58 хүүхэд тутамд 1 тохиолддог гэсэн. Энэ өвчнийг анх 1943 онд Лео Каннер гэдэг эмч дүрсэлж тодорхойлсон гэх бөгөөд одоо аутизмын гол шинжүүд бүхий аутизмыг “сонгодог аутизм” буюу “Каннерийн аутизм” хэмээн нэрлэдэг юм Австрийн эмч Ханс Аспергер 1944 онд нийгэмших чадвар муутай хэсэг хүүхдүүдийг дүрсэлсэнээр “Аспергерийн хам шинж” гэдэг ойлголт бий болсон  тухай уншиж мэдлээ. Энэ хоёр эмчийн хувьд хоёулаа дүрсэлсэн байдаг нь их сонирхол татлаа.

 Монголын Аутизмын Холбооноос гаргасан 2020 оны судалгаагаар насанд хүрсэн аутизмтай хүн 23, 6-15 нас буюу ЕБС-ын насны 387, СӨБ буюу 3-5 насны 375 хүүхэд манай улсад амьдарч байгаа аж. Бид л өмнө мэддэггүй байснаас биш аутизмтай хүүхдүүд болон томчууд урьд өмнө  нь Монголд байж л байсан байх. Харийн төдийлөн ялгаж, салгалгүй, бүх эмгэгийг нийтэд нь “оюун ухааны хомсдол” гэдэг ангилалд нэгтгэн багтаадаг байсан болов уу гэж би боддог. Харин одоо бол би аутизмтай хүүхдүүдийг оюун ухааны хомсдолтой гэж яагаад ч хэлж болохгүй гэж бодож байна. Учир нь  тэд аливаа юмсыг ойлгодог ухаантайг нь хараад байгаа учраас тэр л дээ. 

Ховд аймагт 420 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгаа бий. Тэдгээрийн 13 нь аутизм оноштой. Тэдний ихэнх нь эрэгтэй, учир нь аутизм эрэгтэй хүүхдэд тохиолдох нь 4-5 дахин их байдаг. Аутизмтай хүмүүсийн 1/3 нь эпилепситэй буюу унаж татдаг байна.

Манай хоёр хүүгийн хувьд нэг нь унаж татаж эхэлсэн нь үүнийг гэрчилдэг. Аутизмтай хүмүүсийн 25%-30% нь хэл яриаг ашигладаггүй гэдэг. Хүслэн хүүгийн маань хувьд огт ярьдаггүй. 

Аутизмын оношийг дунджаар гурван настайд нь тавьдаг гэж үздэг. Харин манай гэр бүлийн хувьд хожуу, 6-7 насанд нь л оношлуулж мэдсэн байдаг юм. Хүүхдээ эмчид үзүүлэхэд “эрүүл” гэж оношлогдон явсаар, бид ч итгэсээр хөгжлийн хувьд хоцрогдуулж цаг алдсан. Аутизмтай хүмүүсийн 40% нь оюуны чадавхи хэвийн буюу өндөр гэж явдаг. Энэ нь тэд үйл явдал болон хэлж ярьж байгаа зүйлсийг ойлгоод байдагтай холбоотой. Аутизм бол өвчин биш, эмгэг учраас аутизмтай гэж оношлогдсон хүн насан туршдаа аутизмтай л байна. 

Миний танил хүмүүс хүүхдүүдэд маань эрүүл энхийг хүсч “хурдан эдгээрэй” л гэдэг. Гэтэл энэ нь өвчин биш учраас эдгэрэх ямар ч боломжгүй. Үүнийг л нийтээрээ, миний ойр дотныхон ч ойлгох  хэрэгтэй болж байгаа юм. Аутизмын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, мөн эмчилгээний арга ч гараагүй л байна. Энэ эмгэгийг ямар нэгэн багаж техникээр илрүүлэх боломжгүй, зөвхөн асуулга ажиглалтаар оношлодог содон онцлогтой. Энэ байдал нь  ч анх намайг гайхшруулж байв. Эмч хүүхдээс маань хэдэн асуулт асууж, хамт жаахан тоглосныхоо дараа л “аутизмтай байна” гээд палхийтэл хэлчхэж билээ. 

Ингээд л хамгийн түрүүнд амнаас гарсан асуулт: 

-Юу? Аутизм гэж юу вэ? 

-Аан энэ үү? Хэл яриа,  харилцааны бэрхшээл.

-Тодруулбал? 

-“Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг”

-Ийм юм бас байдаг аа. Тэгээд миний хүү цаашид яана гэсэн үг билээ?

-Танай хүүхэд хэзээ ч чамтай ярихгүй л байх даа

-Тийм үү? Ямар сонин юм бэ? Их сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүү байгаа юм.

-Тийм ээ, зарим ийм төрлийн хүүхэд хүний ярьсан яриаг давтдаг. Нэг хэвийн хөдөлгөөн хийдэг. Хүүхэд бүрт нийтлэг болон хувийн онцлог байдлаар илрэхдээ хэл яриа, зан чанар, хандлага харилцаа нь өөр өөр байдаг.

-Сонин юм. Эм уугаад эдгэрэх үү?

-Эм байдаггүй. Эмгэг учраас эдгэрэхгүй гэж үздэг. Та нар амин дэм, дархлааны эм өгч болно л доо. Гэхдээ та нар сайн судлаарай. Сургалтаар дамжуулаад сайжирдаг тал бий гэсэн шүү ...

Иймэрхүү л яриа бидний дунд болоод өнгөрсөн. Нэг хүү маань жаахан ч гэсэн ярьдаг. Намайг “ээж ээ” гэж дуудахгүй ч “Чимгээ” гэдэг нэрээр минь дууддагт их л баярладаг даа.

Аутизмын шинж тэмдгүүд 6 сартайгаас илэрч эхлэн, 18 сартайд аутизмыг оношлох боломжтой байдаг ч хүүхдүүдийн маань мэндэлсэн 2000 оны эхэн, дунд үеүдэд хүмүүс энэ талаар ямар ч ойлголтгүй байдаг байлаа. “Анд хүүхдүүд ТББ” 2013 онд,  Монголын Аутизмын Холбоо 2014 онд байгуулагдаж байсан түүхтэй. 

Одоо энэ үед залуу аав ээжүүд хүүхдээ маш сайн анзаарч харж мэдэрч анхааралтай хянамгай хариуцлагатай байх хэрэгтэй. Аль болох хүүхдийг эрт оношлох тусам хүүхдээ хөгжүүлж чадна. Аутизмтай хүмүүс тэдэнд тохирсон арга барил, сургалтын хөтөлбөрөөр суралцах бүрэн чадвартай. Манай гэр бүлийн хувьд гэр ахуйн зөв дадал хэвшилд байнга сургахаас гадна зурган харилцааны арга, хэл заслын хичээл, тоо тоолол заадаг.

Аутизмтай хүмүүс оюуны өндөр чадвар сайтай ч нийгэмших чадвар сул учраас ердөө л 10% нь ажил хийдэг. Үлдсэн 90% нь гэртээ үлдэхээс аргагүй. Харин 5 хувь нь найз нөхөдтэй болж, гэр бүл зохионо. Энэ тоон баримтаас харахад, аутизмтай хүмүүсийн амьдралын чанар маш доогуур байгаа нь илт.  

Эндээс харахад тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх арга замыг үргэлж эрж хайх шаардлагатай болж байгаа юм. Хүн хүнээ хайрладаг, ойлгодог, сурч хөгжих, ажиллах амьдрах орчныг нь бүрдүүлдэг тийм хүнлэг энэрэнгүй нийгмийг үнэхээр хүсч байна.  

Амьдралын маань түүхээр багахан ч гэсэн хамт байж аялсан танд баярлалаа. 

Хүүхэд бүрийн аз жаргалтай амьдралын төлөө ХАМТДАА

П.АЛТАНЧИМЭГ

Ховд аймаг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button