Олон улсын тамирчид морьт харвааны тэмцээнд оролцохоор Монголд иржээ

Өнөөдөр /2019.09.04/ Хан Монгол морьтны холбооноос энэ сарын 07, 08-нд “Хийморь” Морьт харвааны олон улсын тэмцээн Чингисийн хүрээ цогцолборт болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын морин сур харвааны холбоо ажиллаж байгаа бол хамтрагчаар “Хан Монгол” морьтны холбоо, Түүхэн тулааны урлагийн нийгэмлэг, Монгол тулааны урлагийн холбоо оролцож байна. Тэмцээнд Малайз, Канад, Унгар, Өмнөд Африк зэрэг 17 орны 40 гаруй тамирчид оролцохоор хүрэлцэн иржээ.
Сануулахад, есдүгээр сарын 02-ны өдөр БНСУ-д болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуу Гран при шагнал хүртсэн. Хэвлэлийн хурлын үеэр Гран при шагнал хүртсэн Э.Эрдэнэ болон бусад шагналууд хүртсэн морьт харвааны тамирчид хүрэлцэн ирсэн байв.
Мөн Монгол улсад зохиогдож буй уг тэмцээнд олон улсын хэд хэдэн тамирчид ирж байгаагийн нэг нь Унгарын алдарт харваач, Олон улсын морьт харвааны холбооны тэргүүлэх зөвлөлийн гишүүн Кристол Мехти иржээ.

Тэрбээр “Монголд анх удаа ирж байна. Монголд зохиогдож буй энэ тэмцээнд оролцох гэж буйдаа маш их баяртай байна. Зохион байгуулалт маш сайн байгаа. Монголчуудын мориндоо хайртай, моринд чадварлаг байдлыг ажиглаж байна. Цаашид Монгол улс морьт харвааны томоохон төв болж хөгжих боломжтой. Европ улсуудад зохион байгуулалтын хувьд илүү хөгжсөн байгаа. Харин Монголд эртний спортоо дахин хөгжүүлж байгаа гэдэг утгаар бид зохион байгуулалтын тал дээр туршлага хуваалцахаар ирлээ” гэв.
Монголд зохион байгуулагдах морьт харвааны олон улсын тэмцээний зохион байгуулалтын хорооны нарийн бичгийн дарга Д.Болд “Морьт харваа бол спортоос гадна их гүнзгий агуулгатай спорт. Спортоос гадна аялал жуулчлалын салбарт эдийн засгийн ач холбогдолтой гэж бид хардаг. Мөн залуусыг бүтээлч байх боломж олгож байгаа. Учир нь морьт харваагаар хичээллэхийн тулд залуус өөрсдөө шинээр эмээл, нум, сум зэргээ хийж эхлээд байна. Та бүгдийг Чингисийн хүрээнд есдүгээр сарын 07, 08-нд ирж дэмжихийг хүсэж байна. Та бүхний дэмжлэг бидэнд хамгийн чухал юм шүү” гэлээ.

Энэ удаагийн тэмцээнд ирж буй гадны улсын тамирчид Чингис хааны өлгий нутагт морьт харвааны тэмцээнд оролцохоор ирж буйдаа сэтгэл өндөр байгааг тэмцээн зохион байгуулагчид онцолж байлаа.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.