Нийгмийн

"Ковидын дараах уушгийг сэргээхийн тулд агаар цэвэр байх ёстой”

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн удирдаж буй агаарын бохирдолтой тэмцэх дэд хорооноос "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо. Уг уулзалтын үеэр хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэлүүд тавигдсан юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ "УИХ дахь агаарын бохирдлын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагууд ДЭМБ-тай хамтраад агаарын бохирдол хүнд хэрхэн нөлөөлж байгаа талаар харилцан ярилцлаа. Энэ уулзалтаар гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын талаар зөвлөлдөж байна. Ногоон хөгжлийн бодлогын нэг хэсэг бол агаарын бохирдол яах аргагүй мөн. Зарим хэсгээрээ агаар маш бохир болчихсон. Хэдийгээр төрөөс агаарын бохирдлыг бууруулах арга авч байгаа ч дэлхийн хэмжээнд манай улсын агаарын бохирдол өндөр гэж заасан хэвээр байгаа.

Агаарын бохирдол 40 хувиар буурсан нь манай улсын хувьд амжилттай үзүүлэлт ч гэлээ агаарын чанарыг илүү сайжруулах шаардлагатай байгаа. Цаашид хүүхэд багачуудын гадаад болон дотоод орчин дахь агаарын чанар ямар байгааг тооцоолж сайжруулахын тулд агаарын бохирдлын дэд хороо хуралдаж хэлэлцсээр байх болно” гэлээ.

Хэлэлцүүлгийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица дүгнэн хэлэхдээ “Дэлхий дахинаа ковидоор өвчилсөн иргэдийн уушгины ажиллагааг сэргээх маш чухал байгаа. Үүний тулд амьсгалж байгаа агаар цэвэр байх хэрэгтэй. Ялангуяа агаарын чанарыг сайжруулах биш, бохирдлыг бууруулах талаар авч хэлэлцэж байгаа нь энэ удаагийн хэлэлцүүлгээс олзуурхууштай зүйл нь байлаа.

Агаарыг бохирдуулдаг олон хүчин зүйл байдаг шүү дээ. Хог хаягдал, хөрс, усны бохирдол ч агаарын бохирдолд нөлөөлнө. Монгол улсын агаарын бохирдол дэлхийн стандартаас 45 хувиар их байх хандлагатай байдаг. Энэ эрсдэлд хүргэхгүйн тулд өнөөдрийн уулзалт өндөр ач холбогдол үзүүлнэ” гэлээ.

Түүнчлэн өнөөдрийн хэлэлцүүлгийг НҮБ-ын төлөөлөгч ийн дүгнэлээ. Тэрбээр "Хэлэлцүүлэг дээрх илтгэлүүдийг сонслоо. Үүнээс харвал Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэхийн тулд нэлээдгүй ажил хийж, төлөвлөгөө боловсруулжээ. Ингэхдээ сайжруулсан шахмал түлш түлдэг болсон зэргээр төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлж яваа юм байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Тиймдээ ч агаарын бохирдолтой тэмцэх тухай хөтөлбөрүүдийг нь болон хэрэгжилтийг нь ханган ажилладаг юм.

Гэрийн дулаалга болон Монгол гэрийн дулаалга багц, чип зэрэг багцуудыг хэрэгжүүлээд явж буй. Энэ төслийг хэрэгжүүлж байх явцад гэр хорооллын айл өрхүүдийн хэрэгцээний асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдэх хэрэгтэй” гэлээ.


Агаарын бохирдлын талаарх илтгэлүүдээс онцлон хүргэхэд:

Агаарын бохирдолтой хатуу тэмцэхгүй бол эрүүл мэндийн салбарын ачаалал туйлдана

Боловсруулаагүй нүүрсийг сүүлийн жилүүдэд хэрэглэхээ больсон ч олон улсын стандарт хэмжээнээс 2.5 дахин их байна. Хэдийгээр агаарын бохирдол өнгөрсөн жилээс бага байгаа ч гэлээ дэлхийн стандартаас өндөр байгаа. Агаарын бохирдол нь зүрх судас, уушгины өвчлөлд ихээр нөлөөлдөг болохыг тогтоогоод буй тухай онцлон хөндсөн бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг баримтаар нотолж эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг хөндөж байлаа.

Түүнчлэн илтгэгчид илтгэлийнхээ төгсгөлд "Томуугийн улиралд  Бохир агаараар амьсгалж байгаа хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаа та бүхэнд баярлалаа” хэмээн онцлон хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button