НийгмийнСПОРТ

Дэлхийн аварга М.Анхцэцэгийн анхны тодотгол бүхий ТҮҮХЭН АМЖИЛТУУД

Өнөө жил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн М.Анхцэцэг өчигдөр дэлхийн аварга болж, Токиогийн олимпод медалийн үзүүрээс атгаад алдан, IV байрт шалгарсан дутуугаа гүйцээлээ. Ингэснээр ДАШТ-ий хоёр хүрэл медалийнхаа өнгийг хувирган, дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны туйванч болов.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин М.Анхцэцэг 23 настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж амжив.

Түүний аав Т.Мөнжанцан, ээж Д.Мөнхчимэг нар нь армийн хүн. М.Анхцэцэгийг 12 настай байхад нь тэднийх ажил, амьдралын эрхээр Дорнод руу шилжжээ. Тэр үед аливаад тууштай, ухаалаг ханддаг тэрбээр спортдоо үнэнч үлдэн, эмээтэйгээ хамт амьдарсан юм. Бяцхан охин гэр бүлээ дагаад явж болох л байсан нь мэдээж.

13 настайдаа ОУХМ болсон

М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Түүгээр ч үл барам тус тэмцээнээс спортын дэд мастер цолны болзол хангасан юм. Залуу туйванчийн ур чадвар, амжилт өдрөөс өдөрт ахисаар 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.

М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийн, амжилтын төлөө хамт зүтгэж явна.

Өөр орноос тавьсан их хэмжээний мөнгөн дүнтэй саналаас татгалзсан

Гурван жилийн өмнө М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекстан зэрэг дөрвөн орноос санал ирсэн юм. 

Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр 12 мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 сая вон амлажээ. Хамгийн бахархмаар нь багш, шавь хоёр эл саналыг хүлээж аваагүй, “Зөвхөн Монголдоо” гээд л эх орондоо үлдсэнээр нь монгол түмэн өдгөө ч бахархдаг.

Энэ талаар түүнээс тодруулахад “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө л өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол миний гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад гаргасан шийдвэр.

Миний хамгийн ихээр бахархдаг зүйл бол олон улсын тэмцээний тавцан дээр гараад “Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA” гэж дуудуулах юм. Эх орон хүнд ганц л олдоно шүү дээ” хэмээн даруухан өгүүлсэн.

Харамсалтай нь гадныханд тэрбумаар үнэлэгдэж буй М.Анхцэцэг тийм шийдвэр гарган, эх орондоо үнэнч үлдээд удаагүй байхдаа залуучуудын Азийн АШТ-д санхүүгийн хүндрэлийн улмаас ганцаараа оролцсон. Дараа нь мөн оюутны ДАШТ-д хүч сорин, хоёуланд нь түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Азийн АШТ-д өрсөлдөхөд зардал нь нэг хүний 3.6 сая, оюутны ДАШТ-д оролцоход 5.4 сая төгрөг аж. Тамирчин бүхэнд тохиолддог санхүүгийн асуудал М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт тулгарсан нь тэр.

М.Анхцэцэгийн анхны тодотгол бүхий түүхэн амжилтууд

НЭГ: Оюутны ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч

2016 онд Мехсикт болсон оюутны ДАШТ-д дасгалжуулагчгүй, ганцаараа оролцохдоо түрүүлсэн.

Улмаар Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд Монголын анхны оюутны дэлхийн аварга туйванч болсон юм. Харамсалтай нь тус тэмцээний үеэр гараа хүнд бэртээсэн юм.

ХОЁР: ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч

М.Анхцэцэг гарныхаа бэртлийг жил гаруй эмчлүүлсэн ч 2017 онд ДАШТ-д гурав дахь удаагаа өрсөлдөхөөсөө өмнө бүрэн эдгээж амжаагүй. Улмаар тэр жил ДАШТ-д бэртэлтэй өрсөлдөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д хүрэл медаль хүртэн, анхдагч болсон. Монгол тамирчин хүндийг өргөлтийн төрлөөр ДАШТ-ээс медаль авч чадахыг тэрбээр үлгэрлэж, анхных нь жимийг гаргасан юм.

Түүнийгээ 2019 онд давтан, ДАШТ-ий хошой медальтан боллоо. ДАШТ-ий медальт түүнээс өөр монгол туйванч үгүй.

ДАШТ-д анх оролцохдоо л шуугиулсан

М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Улмаар Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм.

Мөн тус тэмцээний дараа гарсан чансаагаар дэлхийн чансааг залуучуудад тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдийн ангилалд VI байрт бичигдсэн.

Харин дараа жил нь ДАШТ-д хүч сорихдоо огцом шахалтаар 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж, VIII байрт шалгарсан билээ.

Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 шахсан бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь өргөж чадаагүй ч тэрбээр түүхэн амжилтын эзэн болсон. Учир нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.

Тэрээр 2015 онд УАШТ-д түрүүлэхдээ огцомоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцомоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүний давтсан бол ДАШТ-д хол тасархай түрүүлж, УАШТ-ийх шигээ өргөсөн бол мөнгөн медаль авах байлаа.

ГУРАВ: Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн

Хүндийг өргөлтийн спортоор 12 жил хичээллэж байгаа М.Анхцэцэг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 70 гаруй шинэчлээд буй. Энэ бол яах аргагүй өндөр амжилт. Тэрбээр энэ жил ДАШТ-д өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн 81 кг-ын дээд амжилтыг гурван удаа ахиулсан юм.

ДӨРӨВ: Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч

Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд 2015 онд өрсөлдсөн. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа үнэлэгддэг тус тэмцээнд хүч үзсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.

Зүгээр ч нэг оролцох бус огцомоор 112 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль авч, мөн тус тэмцээнээс медаль авсан Монголын анхны туйванч болсон юм.

ТАВ: Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны туйванч

М.Анхцэцэг 2016 онд залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж тус тус мөнгөн медаль авсан. Ийнхүү нэг алт, хоёр мөнгөн медаль авснаар мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм.

Учир нь М.Анхцэцэгээс өмнө Монголын тамирчид тус тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан билээ.

ЗУРГАА: Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч

 Олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох 2016 оны Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч болсон юм.

ДОЛОО: “Рио-2016”VIII, “Токио-2020”-д IV байрт шалгарав

М.Анхцэцэг “Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөн огцом шахалтаар 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан юм. Тэгсэн нь мөн л Монголын туйванчдын олимпын дэвжээнд гаргасан хамгийн өндөр амжилт. Тэрбээр олимпод анх удаа хүч сорьсон нь тэр.

Тэрбээр өнөө жил Япон улсад болсон “Токио-2020” олимпын наадамд медалийн үзүүрээс атгаад алдан, IV байрт шалгарсан.

НАЙМ: ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо. Тэрбээр огцом өргөлтөөр 109, түлхэлттэй өргөлтөөр 141, нийлбэрээр 250 кг өргөн дэлхийн аваргаас алтан медаль хүртэх болзол хангав.

Ингэснээр ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч М.Анхцэцэг бас нэгэн түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны туйванч болсон нь энэ юм.

М.Анхцэцэгийн гаргасан томоохон амжилт

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль
2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан

2021 он: Токиогийн олимпод IV байрт шалгарсан

2021 он: ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны туйванч болсон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button