Б.Анхбаяр: Жолооч нар “Шинэ оны мэнд, сайхан баярлаарай” гэхэд гоё санагдсан

Өнгөрөгч баярын өдөр /2021.12.31/ Төв шуудангийн уулзварын гэрлэн дохионд зохицуулагч хийсэн албан хаагч өвлийн өвгөний хувцас өмсөөд үүрэгт албаа гүйцэтгэсэн нь олны анхааралд өртөөд буй. Бид Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Анхбаяртай холбогдож товч ярилцлаа.
-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Өнгөрөгч жилүүдэд цагдаагийн алба хаагч нар өвлийн өвгөний хувцастай албан үүргээ гүйцэтгэж байв уу?
-Өнгөрөгч жилүүдэд манай алба хаагчид Санта Клаусын улаан хувцас өмсөж байсан. Монгол өвгөний хувцас өмсөж байгаагүй.
-Алба хаагч нар ярилцаад хувцас өмсөх шийдэлд хүрэв үү, эсвэл удирдлагаас үүрэг, чиглэл ирсэн үү?
-Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, удирдлагууд, алба хаагчид ярилцаад дараах шийдэлд хүрсэн. Баярын өдөр уур амьсгал оруулж, иргэддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн юм.
-Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хэдий хугацаанд өвгөний хувцас өмссөн бэ?
-Тухайн өдөр хоёр цаг орчим хувцсаа өмсөөд үүргээ гүйцэтгэсэн. Гадаа хүйтэн байсан учир богино цагт өмссөн. Алба хаагчид ч мөн зөрчил гаргасан жолоочийг торгох бус аль болох зөрчлийг арилгуулж, сануулах арга хэмжээ авч ажилласан.
-Алба хаагч нар дулаан хүрэмнийхээ гадуур өвлийн өвгөний хувцсыг өмсөв үү?
-Зузаан хүрэмний дээгүүр дээл өмсөх боломжгүй тул цамцан дээрээ өвгөний хувцас өмссөн. Өвлийн хүрэмний гадуур өмсөхөд багтахгүй гэх мэт асуудал гарсан.
-Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өвлийн өвгөний хувцастай зохицуулагч цагдааг хараад ямар хандлага гаргасан бэ?
-Сэтгэл хангалуун байсан. Хүмүүс зураг авах, хажуугаар өнгөрөхдөө цонхоо буулгаад "Шинэ оны мэнд, сайхан баярлаарай” хэмээн уриалагхан хүлээж авсан шүү. Тэгэхэд их гоё санагдсан.
-Та урьд өмнө баярын өдөр ээлжинд гарч байв уу.
-Гарч байсан. Тухайн өдөр би өглөө 08:00 цагаас оройн 18:00 хүртэл ажиллаад гэртээ оноо гаргасан. Хүүхдүүд минь аавыгаа хараад их баярлаж хүлээж авсан.
-Бидэнтэй ярилцсанд танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.