Харвардын олон улсын тойм: Эрдэс баялгийн босгон дээрх Монгол Улс
Эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх Сибирийн уудам газар нутаг, өргөн уудам Говийн хооронд дэлхийн хамгийн сийрэг хүн амтай Монгол Улс оршдог. Сүүлийн 50 жилийн хугацаанд АНУ-ын Техас мужаас ч хоёр дахин том газар нутгийг хамарсан гурван сая гаруй хүн амтай энэ улс үндсэндээ нүүдэлчин амьдралын хэв маягаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийг туулсан.
Эхлээд өнгөцхөн харах аваас, Монгол Улс ойрын 20 жилийн хугацаанд 1990-ээд оны Азийн бар улс гэгддэг Хонгконг, Сингапур, Өмнөд Солонгос, Тайванийн аралтай эн зэрэгцэхүйц илүү баян улс болох боломжтой мэт санагдаж магадгүй юм. Үүнийг “чоно” эдийн засаг хэмээн нэрлэх агаад энэ нь басхүү тодорхой шалтгаантай аж: Нэгдүгээрт, дэлхий дээр нэг триллион ам.доллароос ч илүү ашигт малтмалын нөөц бий.
Нөгөө талаар, улс төрийн үр ашиггүй байдал, эдийн засгийн уналт, байгаль орчных нь сүйрлээс үүдэн ашигт малтмалын асар их нөөцтэй Монгол Улс өнөөгийн байдлаараа энэ хэвээрээ үлдэж магадгүй юм. Ерөөлтэй сайхан зүйл мэт санагдах зүйл нүд ирмэхийн зуурт л хараал болон хувирч, Монгол Улс энэ салаа замын үзүүрт ирээд байна.
TURQUOISE HILL
2001 онд Канадын “Айвенхоу Майнз” компани Монгол Улсын өмнөд хэсэгт орших Оюутолгойн ордоос шууд утгаараа алт, түүнчлэн зэс, молибден олборлосон. Оюутолгой бол Хятадын хилээс хойш ердөө 50 милийн /ойролцоогоор 80.4672 км/ зайд оршдог. “Оюутолгой” гэдэг нь хөрвүүлбэл исэлдсэн зэсийн өнгө юм. Арван жилийн дараа Монгол Улсын Засгийн газар дэлхийн уул уурхайн томоохон “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” томоохон корпорацуудтай хамтран тус уурхайг ашиглах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төслийн гуравны нэг орчмыг төрийн өмчит компани худалдаж авсан бол үлдсэн хэсгийг “Айвенхоу Майнз” эзэмшиж байсан. Дараа нь, 2012 онд “Рио Тинто” компани дэлхийн хамгийн том ашигт малтмалын хайгуулын төсөл болох “Оюутолгой”-н хяналтыг нэмэгдүүлэх зорилготойгоор “Айвенхоу Майнз” компанийг авсан. Монгол Улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/ хоёр оронтой тоогоор өссөн. Ирэх 50 жилд 500 мянган тонн зэс олборлоно хэмээн тооцож байсан.
“ОРГҮЙ БАЙСАН” ТЭСРЭЛТ
“Рио Тинто” компанийг авснаас хойш “Оюутолгой” Монгол Улсын уул уурхайн салбарын үлгэр жишээ болсон: илүү их бүтээн байгуулалт хийх, илүү их хөгжих итгэл найдвар, боломжоор дүүрэн байсан. Гэсэн ч, өнөөх л эдийн засгийн асуудал, байгаль орчны барьцааны хохиролд нэрвэгдсэн. 2013 онд Монгол Улсын Засгийн газар өмчлөлийг нэмэгдүүлэх, ашиглалтын лицензийн төлбөрийг нэмэгдүүлэх шаардлага тавьсны дараа таван тэрбум ам.долларын өргөтгөлийн ажлыг зогсоож, эл төслийг бүс нутгийн цэвэр усны нөөцөд аюул учруулсан хэмээн буруутгасан. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуягийг “Оюутолгой”-н зарцуулалтыг шалгах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн ч түүний намынхан буюу Ардчилсан Намын нөхөд нь түүнийг албан тушаалаас нь огцруулав. Харин Норовын Алтанхуягийн нэг зөвлөх нь нүүрсний хөтөлбөрөөс мөнгө шамшигдуулсан хэргээр баривчлагдаж, шалгагдаж байсан.
Хэдийгээр маргаан эцэслэн шийдэгдсэн ч 2016 онд уул уурхайн бүтээгдэхүүний ханш буурч, Монгол Улсын хамгийн том экспортын түнш болох Хятадын эдийн засаг зогсонги байдалд орж эхлэв. 2017 онд Олон Улсын Валютын Сан 5.5 тэрбум ам.долларын тусламжийн багцыг баталсан. Харин эсрэгээрээ улсын өр огцом нэмэгдэж, улс орон эдийн засгийн хямралын үе рүүгээ орох болсон. 2019 онд “Рио Тинто” компани Оюутолгойн тогтвортой зэсийн үйлдвэрлэл 2021 онд эхэлнэ хэмээн таамаглаж байсан. Гэсэн ч, хугацааг 2023 он хүртэл хойшлуулав. “Рио Тинто” компани энэ саатлыг “КОВИД-19”-ийн цар тахал болон орон нутгийн геологитой холбоотой хэмээн дүгнэсэн байгаа бол бие даасан тайландаа муу менежментийн гайгаар төсвийн бараг 1.5 тэрбум ам.долларын хомсдолд хүргэсэн болохыг тогтоосон ба Монгол Улсын Засгийн газар ил тод байдлыг нэмэгдүүлэхийг уриалсан. Монгол Улс ийнхүү уул уурхайн мөрөөдөл нь биелэхэд хаалганых нь шонгууд байнга хөдөлж ганхаж байх шиг байгаа юм.
Илүү өргөн хүрээнд авч үзвэл, Монгол Улс уул уурхайн тэсрэлтийг удаа дараа эхлүүлээгүй нь байгалийн баялгаар баялаг олон орны зовлон болсон авлига, хээл хахууль, эдийн засгийн тогтворгүй байдал, байгаль орчны хор хөнөөлийн хослол болох “баялгийн хараал”-ын анхны шинж тэмдэг байж магадгүй юм. Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/ зэрэг байгалийн баялгаараа баялаг зарим улсууд байгалийн баялгаа хүртэж, эдийн засгийн гайхалтай хөгжлийн замыг туулсан байхад Ардчилсан Конго гэх зэрэг бусад улс орнууд 24 их наяд ам.долларын өртөг бүхий ашигт малтмалын асар их нөөцтэй хэрнээ дэлхийн хамгийн ядуу орны тоонд багтсан хэвээр байна.
Зүй зохистой засаглал, тогтвортой Засгийн газар байхгүй бол амласан тэрбум, бүр их наяд ам.доллар маш бага үр дүнд хүрч магадгүй тул энэ нь Монгол Улсын хүрч чадахгүй ирээдүй гэлтэй.
БОДИТ ЗАРДАЛ
Одоогийн уул уурхайн төлөвлөгөөтэй холбоотой эдийн засгийн эрсдэлээс гадна “Рио Тинто” компани байгаль орчныг сүйтгэгч гэдгээрээ алдартай. Австралийн уугуул иргэд амьдардаг газар орчныг сүйтгэхээс авхуулаад Мадагаскарын өмнөд хэсгийн усан замыг бохирдуулах хүртэл тус компани Монгол Улсын байгаль орчинд ээлтэй ажиглагчид, байгаль хамгаалагчдын санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Нутгийн малчдад амьжиргаагаа залгуулахын тулд ус хэрэгтэй байгаа ч үнэт баялгийн хомсдол улам бүр нэмэгдсээр байгаа энэ улсад “Оюутолгой” нэг секундэд 920 литр усны хэрэгцээг хангасаар байна. Уурхайн өргөтгөлөөс болж нөөц боломж хязгаарлагдмал газар руу нүүхээс өөр аргагүйд хүрсэн хэсэг малчид хэлэхдээ, тэднийг хууран мэхэлж байгаад нөхөн олговор олгох гэрээнд гарын үсэг зуруулсан хэмээн гомдол гаргасан. Гэсэн хэдий ч, Монголын ард түмний хувьд уул уурхай бол цорын ганц боломжит хувилбар мэт харагдаж байгаа юм: уул уурхай тэднийг ядуурлаас гаргана хэмээн гүн итгэж, энэ хүсэл нь урьд өмнөхөөсөө ч илүү хүчтэй болсон тул бэлчээрийн уламжлалаа хадгалж ирсэн олон мянган малчид уул уурхай руу хошуурах болсон.
Түүнчлэн дэлхийн ихэнх улс нүүрс болон бусад чулуужсан түлшнээс татгалзана хэмээн амлаж байгаа энэ цаг үед Монгол Улс харин ч нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Тус улсын нүүрсний үйлдвэрлэл нь дэлхийн хамгийн том коксжих нүүрсний орд болох Тавантолгой, Хөшөөт зэрэг ордуудад түшиглэдэг ба тэдгээр нь ихэвчлэн Хятадын гангийн үйлдвэрүүд рүү очдог.
Нүүрс ачсан машинууд Хятад-Монголын хилээр тогтмол орж гарч байгаа тул уурхайчдын хот гэгддэг Цагаан-Хадын удирдлагууд “КОВИД-19”-ийн тохиолдол нэмэгдэх нь бүс нутгийн эдийн засгийн сүйрэлд хүргэнэ гэж болгоомжилж байгаа юм. Уул уурхайн төрийн өмчит охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятад, Австралийн хооронд үүссэн нүүрстэй холбоотой хурцадмал байдлыг далимдуулан төмөр замд хөрөнгө оруулалт хийж, нүүрс тээвэрлэхийг зөвлөсөн байдаг.
Монголын байгаль орчныг хамгаалах ашгийн бус байгууллагын нэгэн менежерийн хэлснээр “Ходоод нь хоосон улс хүрээлэн буй орчны талаар боддоггүй” гэсэн.
Гэсэн ч, нүүрсний монгол орны байгаль орчин, ард түмэнд үзүүлж буй нөлөөллийг үл тоомсорлож болохгүй юм. Нүүрс бол тус улсын байгаль орчныг хэр их бохирдуулсныг мэдэхийн тулд дэлхийд хамгийн бохир агаартай нийслэл Улаанбаатар хотоос харахад л хангалттай. Агаарын бохирдлыг хэмжихэд ашигладаг PM 2.5-ын хэмжээ өвлийн улиралд ДЭМБ-аас санал болгож буй хэмжээнээс даруй 40 дахин их байгаа юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй уушгины хатгалгаа нь Монгол Улсад бага насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Нийслэл хот руу шилжвэл тэндээ ажлын байртай болно гэсэн итгэлээр олон мянган хүн хөдөөнөөс хот руу нүүдэллэх болсон ба өдгөө Монгол Улсын нийт хүн амын 45 гаруй хувь нь Улаанбаатар хотод бөөгнөрөн аж төрж байна. Монголын өвөл эрс тэс уур амьсгалтай ба -40 градус хүртэл хүйтэрдэг тул айл өрхүүд нь ихэвчлэн “гэр” гэх нүүдэлчдийн сууцаа халаахын тулд жилд нэг сая тонн нүүрс түлдэг.
2019 онд нийслэл Улаанбаатар хотынх нь агаарын бохирдол эрс муудсан нь Засгийн газарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглохоос өөр гарц үлдээгээгүй. Гэсэн хэдий ч, айл өрхүүд цэвэршүүлсэн шахмал түлшийг өдөр тутам хэрэглэх болсон ч хотын агаарын чанарын үзүүлэлтээрээ дахиад л дэлхийн хамгийн муу агаартай улсад орох болсон. Бүс нутагт агаарын бохирдлын хор уршиг их байгаа ч гэсэн Улаанбаатар хотын нэгэн иргэн ярихдаа, “Хөдөөгийн амьдрал хүнд байна, учир нь цалинтай ажил байхгүй” гэсэн. Энэ мэт шалтгаанаар хот руу шилжин суурьших үзэгдэл ихэссэн. Үүний зэрэгцээ Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн бүс нутагт хөрсөн дэх хүнцлийн агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 хувиас давж, дэлхийн хамгийн хуурай орны нэг хэрнээ усны нөөцөө бохирдуулж байгаа юм.
Уул уурхай монголын ард түмэнд ноцтой үр дагавар авчирсан нь ойлгомжтой ч эрх баригчид нь үүнээс татгалзаж чадахгүй байгаа юм. Ашигт малтмалын бүтээгдэхүүн нь Дотоодын Нийт Бүтээгдэхүүн /ДНБ/-ий 23 хувийг бүрдүүлдэг ба 1940 оноос хойш агаарын хэм 4 градусаар нэмэгдсэн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын эдийн засгийн уламжлалт тулгуур болсон газар тариалан, мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Чухамдаа 2017 онд том ган гачиг болж, ургац алдах магадлалыг нэмэгдүүлсний дараа тус улс үр тарианы экспортоо зогсооход хүрсэн билээ. Өдгөө уул уурхайн салбар нь тогтворгүйд тооцогддог бол Монгол Улсад уламжлалт амьдралын хэв маягаа хадгалах, хүн амын нягтаршил ихсэж буй Улаанбаатар хот руу нүүх, эсхүл уул уурхайд ажиллах л гэсэн сонголтын өмнө ирээд байгаа олон мянган хүний цорын ганц “мөнхийн” сонголт нь Говийн уурхайд ажиллах.
ЧОНО СЭРЖ БАЙНА
Мэдээж монголын ард түмнийг, эдийн засгийг нь чухам ямар ирээдүй хүлээж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэвзээ “Рио Тинто” компани 2023 онд тогтвортой зэсийн таамаглалаа биелүүлж, Монгол Улсын Засгийн газар ил тод байдал, зарцуулалтын арга барилаа сайжруулж чадвал бүх хүнд хөгжил цэцэглэлт ирж, ядаж баялгийн хувьд тодорхой орон зай бий болно. Усан хангамжийн хязгаарлагдмал байдал, Улаанбаатар хотын сая иргэдийн өдөр бүр амьсгалж буй агаар, эсхүл малчдын үе дамжин нутагшиж ирсэн газар нутагтай холбоотой байгаль орчны зардал гарах нь дамжиггүй. Гэсэн хэдий ч, гацаанд орсон хандлага хэвээр үргэлжилж, Монгол Улс эдийн засаг, байгаль орчны хос хямралыг даван туулах арга зам хайхаас өөр аргагүй болно.
Үүнээс үүдэн олон олон монголчууд эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас хараат байдалд орж, Хятад улсаас эрэлт хэрэгцээний хамааралтай байгаадаа санаа зовж байгаа нь эдийн засгаа солонгоруулах арга зам хайхад хүргэж байна. Нэг боломж нь ноолуурын салбарт байгаа юм: Дэлхийн түүхий ноолуурын тавны нэг орчим хувийг Монгол Улс үйлдвэрлэдэг ба энэ нь хувцас загварын салбарт ямааны ноос улам бүр түгээмэл бараа болж байгаа юм. Бэлчээрийн даац нь цөлжилтөд нөлөөлсөн хэдий ч илүү тогтвортой арга барил нь газар орныг муутгах байдлыг бодитоор бууруулж, малчдад тогтвортой орлогын эх үүсвэрийг бүрдүүлж чадна. Монгол Улс ойрын ирээдүйд ямар замаар явахаас үл хамааран байгаль орчны асуудлаа түлхүү анхаарч үзэх шаардлагатай.
Яг л 10 жилийн өмнөх шиг тухайн үед “Майнголиа” /Minegolia/ гэгддэг байсан Монгол улс уул уурхайн асар их баялагтай болохын ирмэг дээр ирээд байна. Гэсэн ч, Монгол Улс өмнө нь өчнөөн олон ард түмний туулж амссан “баялгийн хараал”-аас зайлсхийхийг үнэхээр хүсч байвал “чонын” эдийн засагт нь олон саад бэрхшээл байна.
(Эх сурвалж: “Harvard International Review” сэтгүүлийн туслах редактор Пранай Варада)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул уурхай аварна,уул уурхай аварна гэж бүгдээрээ уул уурхайн ухагчид-болвоо,тэндээс гарах �##�тан гулдмай нь илжгийг хуурагч өвстэй адил.зэс нь явж явж хүний хүний тархинй эдэд шигтгэх чип гэгч болвоо. Зэсээр амилагч утас компютэр нь нэг нь нөгөөгөө зомби(оюунгүй хүн) болгох зэвсэг болваа