
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2022.03.09/ болж, сонгуулийн эцсийн дүн нь өнөө өглөө /2022.03.10/ гарсан.
Гол өрсөлдөөн одоогийн эрх баригч “Тобуро” Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч И Жэ Мён болон хамгийн том сөрөг хүчний Консерватив Иргэний хүч намаас нэр дэвшигч Юн Сок Ёл нарын хооронд өрнөсөн юм. Нэр дэвшигчид сонгуульд ширүүхэн өрсөлдсөний эцэст Юн Сок Ёл 0,73 хувийн зөрүүгээр ялалт байгууллаа.
Ингээд Өмнөд Солонгосын шинэхэн Ерөнхийлөгч болсон Юн Сок Ёл гэж чухам хэн болох талаар товчхон өгүүлье.

Тэрбээр 1994 онд Тэгү хотын прокурорын газраас ажлын гараагаа эхлүүлж, ерөнхийдөө авлига, хээл хахуультай холбоотой хэргүүд дээр ажиллаж байжээ. 1999 онд Ким Дэ Жунгийн тэргүүлсэн Засгийн газрын хүнд сурталтнууд Юн Сок Ёлыг эрс эсэргүүцэж байсан ч, тэрбээр авлигын хэрэгт нэр нь холбогдсон Комиссын туслах Пак Хи Воныг баривчилж байсан.
2002 оны нэгдүгээр сард Юн Бэй, Ким И нарын өмгөөлөгчөөр богино хугацаанд ажилласан боловч өөрийгөө эл албан тушаалд тохирохгүй хэмээн үзээд өөрөө татгалзсан удаатай.
Үүний дараа хожим нь прокуророор буцаж ирээд Ерөнхийлөгч Ро Му Хёныг дэмжигч Ан Хи Жон, Кан Кым Вон зэрэг хүмүүсийг ялласан. 2006 онд тэрбээр мөн “Хьюндай Моторз” компанийн захирлыг хүртэл хээл хахуулийн хэрэгт хамсаатан хэмээн саатуулж, шалгаж байсан юм. 2008 онд тэрбээр Ерөнхийлөгч И Мён Багтай холбоотой BBK-ийн хувьцааны ханшийг өөрчилсөн хэргийг мөрдөн шалгах бие даасан хуулийн багт ажиллаж байв.
Энэ мэтээр Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёл нь авлига, хээл хахуулийн эсрэг тууштай, шударгаар тэмцсээр ирсэн нэгэн аж.
Түүний сонгуулийн гол амлалтынх нь нэг нь улс оронд нь үүрлэсэн авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэхээс гадна Өмнөд болон Умард хоёр Солонгосын асуудал, тодруулбал Умард Солонгостой харилцах харилцааг ч анхаарна гэсэн. Тухайлбал, Умард Солонгосын түрэмгийллийг таслан зогсоохын тулд АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Өмнөд Солонгост байршуулах томоохон амлалт өгсөн. Түүнчлэн, Ерөнхийлөгч асан Мүүний Засгийн газрын хамгийн том бүтэлгүйтлүүдийн нэг гэгддэг үл хөдлөх хөрөнгийн бодлогыг голчлон анхаарч ажиллана гэсэн юм.
Эх сурвалж: Yonhap
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АТААРХАЖ ҮХЛЭЭ ХӨГЖИЛТЭЙ ЁС ЗҮЙТЭЙ ОРОНД ЭРХ БАРИХ ЁСТОЙ ХҮН Л ГАРДАГ ЮМ БАЙНА.МАНАЙД БОЛ ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ХҮЧИНДЭГЧ ЯАГИ МЭТИЙН ТӨМСӨГНҮҮД ДЭЭШЭЭ ГАРАХ ЮМ ДАА
Ямар азтай улс орон гэж манайх ч дээ