Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Маргаан дагуулсан цементийн үнийн хохирогчид нь түрээсийн байранд “ШУЛУУЛЖ” буй иргэд

Цар тахлын нөлөөгөөр хоёр, гурван жил нам зогсож, алдагдал хүлээсэн барилгын компаниуд, царцсан бүтээн байгуулалтын ажлууд хавар болж, цар тахал хумигдаж эхэлсэн энэ үед сэргэх гэж байна. Сэргэнэ гэдэг нь хилээр бага багаар ачаа бараагаа татаж, барилгын ажлаа дөнгөж эхлүүлж байна гэсэн үг.

Гэтэл яг бүтээн байгуулалт өрнөдөг улирал эхлэхтэй зэрэгцээд барилгын хамгийн гол түүхий эд болох цементийн үнэ 30 хувь нэмэгдсэн нь хүнд цохилт болоод байна. Тодруулбал, манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг бөгөөд жилийн хэрэгцээний цементийг хоёр дахин хангахуйц цементийг дотоодын дөрвөн үйлдвэр хангаж байгааг албаныхан мэдээлдэг. Тэд цементийн үнээ дараах байдлаар нэмээд байна.

  • Мөнхийн баян гал - 16 хувь
  • Хөтөлийн цементийн үйлдвэр - 24 хувь
  • МАК - 26 хувь
  • Монцемент - 28 хувь

-ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ ГЭСЭН “ШАНТААЖ” УУ, БОДИТ ӨСӨЛТ ҮҮ-

Тэдний гурав нь Хөгжлийн банкнаас зээл авсан нь олон нийтэд хардлага төрүүлээд буй.

Үүнд,

  • УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий "МАК" : 70.8 сая ам.доллар,
  • УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хамаарал бүхий "Монполимет" : 65 сая ам.доллар,
  • "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий "Хөтөл": 61 сая ам.долларын зээлийг тус тус авсан байдаг.

Тиймээс үгсэн тохиролцсон мэт эдгээр компаниуд цементийн үнээ 30 хувь нэмснийг “шантааж” гэж хардах үндэслэл байгаа юм. Үүнийг нь ч БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар хэвлэлд ил цагаан яриад өгчихсөн.

Тэрбээр “Яамны зүгээс цементийн нэмсэн үнийнхээ арван хувийг буулга гэж шаардлага тавихад Хөтөл, Монполимет, МАК гурван компани Хөгжлийн банкны асуудлыг зохицуулж өгөөч гэдэг санал тавьсан. Мөн тухайн компаниуд эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж, НӨАТ-аас чөлөөлж өгөөч гэсэн. Сангийн сайдын хувьд цөөн хэдэн компанид зориулсан шийдвэр гаргах боломжгүй гэж хэлсэн. Харин эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх боломж бий эсэхийг судалж байна. Хэрвээ хөнгөлбөл хагас жилдээ 20 гаруй тэрбум төгрөг болох тооцоо байна” хэмээн шалдаа буун, үнэнээ өчсөн.

Нэг үгээр бол Хөгжлийн банкнаас хэрэгтэй үедээ зээл авч ашигласан эдгээр компаниуд зээлээ төл гэх төрийн шахалт ирэхтэй зэрэгцэн төр засгаа буцаад шахаанд оруулж, ард иргэдийн амьдрал доройтсон энэ үед эх оронч байсангүй юу. Эсвэл үнэхээр үнээ нэмэхээс өөр аргагүй байдалд хүрэв үү.

-ДАРГА НАР ЦЕМЕНТИЙН ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА-

Манай дарга нар ч энэ процессыг, үнэ нэмэгдсэнийг дэмжиж, хүлээн зөвшөөрч, буулт хийж буй.

Тухайлбал, БХБ-ын дэд сайд Э.Золбоо хэлэхдээ “Цементийн компаниудын хэлж буйгаар үнэ өсөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн. Цемент үйлдвэрлэхэд шаардлагатай бараа материалын үнэ нэмэгдсэн. Тухайлбал түлш, тээвэр, нүүрс, ажиллах хүчний зардал, шохойн чулуу зэргийн үнэ тодорхой хувиар нэмэгдсэн нь үнэ нэмэх шалтгаан болсон гэдгийг онцолсон” хэмээсэн.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тээвэр ложистик болон гадаад зах зээлийн асуудалтай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Хэдийгээр бид дотоодын цементийн хэрэглээгээ өөрсдөө хангадаг ч, өндөр өртөгтэй. Энэ үүднээс цементийн үнэ өссөн болов уу гэж бодож байна. Ер нь аль болох дотоодоос хэрэглээгээ хангах боломжтой бүтээгдэхүүнээ аль болох гадаадаас авахгүй байсан нь дээр. Харин үндэслэлтэй, үндэслэлгүй үнээ нэмсэн асуудал л чухал. Үндэслэлтэй бол, тухайн ААН үнээ нэмэх бүрэн эрхтэй" гэлээ.

Зарим дарга нар нь бүр хааж боож, Хятадаас цемент оруулж ирэх талаар ярьж байх жишээтэй. Тухайлбал өчигдөр Шадар сайд С.Амарсайхан “Цемент үйлдвэрлэгчид үнээ буулгахгүй бол Хятадаас цемент оруулах зэрэг дараагийн арга хэмжээнүүдээ авна" гээд хэлчихсэн. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих уриатай Засгийн газрын гишүүний энэ үг мөн л олон хүний эгдүүцлийг хүргээд авав.

МАК: ӨДӨРТ 50-ХАН ЧИНГЭЛЭГ ОРУУЛЖ ИРЖ БАЙЖ ЯАЖ ХЯТАДААС ЦЕМЕНТ ЭКСПОРТЛОХ ВЭ

Бид энэ асуудлаар нэр бүхий гурван компаниас тодруулга, мэдээлэл авахаар холбогдсон ч ганцхан МАК цемент компанийн зүгээс мэдээлэл өглөө.

Тус компанийн зүгээс “Тээврийн зардал, дизель түлшний үнэ өссөн. Дизель түлшээ литр тутмыг нь 3100 төгрөгөөр авч байгааг та бүхэн мэдэж байгаа. Түүнчлэн Хөдөлмөрийн шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дахин нэг ээлжийн ажилчид нэмж авах шаардлага үүссэн. Үүнийг дагаад цалингийн зардал 30-40 хувь нэмэгдсэн.

Цементийн үйлдвэр маш нарийн тоног төхөөрөмжтэй, сэлбэг хэрэгсэл нь Монголоос олдохгүй шүү дээ. Тэгэхээр яах аргагүй олон улсаас, Италиас сэлбэг захидаг. Гэтэл өнөөдөр хил гаалиар ачаа бараа оруулахад сугалаа сугалж байна. Хамгийн багадаа контейнерээр 56 мянган юаниар оруулж байна. Вагоноор бол хамгийн багадаа 35 сая төгрөг болсон байгаа. Тиймээс үнэд өөрчлөлт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байгаа юм. Ганцхан Монгол Улс биш Хятад, Солонгос, Япон, Индонези улсад цементийн үнэ өсчихсөн. Яагаад гэхээр дэлхийн зах зээлд дээр нүүрсний үнэ өсөж байгаа учраас. Түүнээс гадна тээвэр, ложистикийн гацаанаас үүдэлтэй. Нэг кг цемент 240-260 төгрөг байгаа юм. Кг-аар жишвэл 260 төгрөгөөр нэг чүдэнз ч авч чадахгүй шүү дээ. Ингээд харьцуулаад бодоод үзэх хэрэгтэй шүү дээ. 2021 онд орон сууцны үнийн өсөлт аль хэзээний эхэлчихсэн байсан. Арматурын үнэ ч өссөн байсан. Мөн барилгын бусад материалын үнэ ямар болсон байгаа билээ. Үүнээс харахад үйлдвэрт ажиллаж, амьдарч байгаа 500-600 хүн, тэдний хоол хүнсний зардал гээд маш их зардал гардаг.

Хэвээ бид цементээ импортоор авбал кг-ыг нь 754 төгрөгөөр авах юм байна гэсэн график тооцоог Lemonpress.mn сайтад нийтэлсэн байсан. Импортоор авлаа гэхэд хил гааль дээр чанарыг нь шалгадаг багаж, тоног төхөөрөмж нь хэр билээ. Буух эзэнгүй, буцах хаяггүй л цементүүд ирнэ шүү дээ. Өнөөдөр хилээрээ өдөрт 50-хан чингэлэг оруулж чадахгүй байгаа улс яаж хилээрээ цемент оруулах гээд байгаа юм бол гээд хараад, гайхаад сууж байна” хэмээсэн юм.

БАРИЛГЫН КОМПАНИУД: ЦЕМЕНТИЙН ҮНЭЭС ҮЛ ХАМААРАН БАРИЛГЫН АЖЛАА УРАГШЛУУЛАХААС ӨӨР АРГА АЛГА

Тэгвэл энэ үнийн өсөлт бодит байдалд барилгын компаниудад, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ.

Хэдхэн хоногийн өмнө гэхэд хамаг байдгаа зарж, цуглуулсан хэдэн төгрөгөөрөө орон сууц захиалсан иргэд бухимдлаа барьж дийлэхгүй хэвдэлд хандсан. Тухайлбал, 2020 оны сүүлээр ашиглалтад оруулна гэж урьдчилсан захиалга авсан "Sky VIP construction" ХХК өнөөдрийг хүртэл барилгаа дуусгаагүй, дөнгөж цутгалтаа дуусгаад байгаа аж. Учир нь цар тахалтай холбоотой хөл хорио, барилгын материалын үнийн өсөлт, хил хаасантай холбоотойгоор асуудал иймдээ тулсан хэмээн компанийн зүгээс тайлбарлаад буй. Гэвч орох оронгүй, оочих аягагүй, хамаг байдгаа барилгын компанид өгчихсөн иргэд хоёр, гурван жил түрээсийн байр дамжиж, эцэстээ түрээсийнхээ үнийг ч дийлэхгүй болохдоо аргаа бараад гарч ирж буй нь энэ.

Тиймээс хэд хэдэн барилгын компанитай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд орон сууцны барилгуудын ажил ерөнхийдөө эхэлж, байр захиалсан иргэдийн сэтгэл санаа бага ч болов уужирч буй бололтой. Хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж байна.

Барилгуудын гүйцэтгэгч компаниудын хувьд авч өгсөн бараа материалаар нь ажлаа л урагшлуулдаг учраас үнэ ханш, бусад зүйлсийн талаар мэдэхгүй. Урдах ажлаа л хийдэг гэлцэв. Харин захиалагч компани болон бетон зуурмагийн компанийн төлөөллүүдтэй холбогдоход:

“Хоёр, гурван жил зогссон барилгын ажлууд одоо нэг эхэлж байна. Энэ хугацаанд захиалга өгсөн иргэд болон барилгын компаниудын хооронд маш их үл ойлголцол үүссэн. Одоо бид цементийн үнэ өссөн эсэхээс үл хамааран, нэмсэн үнээр нь авч барилгын ажлаа явуулахаас өөр арга алга. Алдагдлаа компаниуд өөрсдөө хүлээж байгаа”

“2020 онд цементний үнэ тогтворгүй, 2021 онд арай тогтворжсон. Гэтэл энэ жил дөнгөж гурван сар гараад дотоодын цемент үйдвэрлэгчид үнээ нэмсэн. Манай гол түүхий эд цемент учраас үнэд өөрчлөлт орж байна. Нэг куб метр тутамдаа 30-40 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Нэг машин зуурмаг 7-12 куб метр байдаг” гэлээ.

-ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ҮҮДЭЖ БАЙР ЗАХИАЛСАН ИРГЭДЭЭС НЭМЭЛТ ТӨЛБӨР ШААРДАЖ БАЙНА-

Мөн нэгэн барилгын компанийн захиралтай холбогдож дараах тодруулгыг авсан юм.

-Сайн байна уу. Барилгын материалын үнийн өсөлт, дээрээс нь цементийн үнийн өсөлт барилгын компаниудад ямар хүндрэл учруулж байна вэ?

-Барилгын компаниуд бартераар цемент авахаа больсон. Дандаа бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг болсон. Барилгын нийт материалын дунджаар 20 хувийг бетон болон цемент эзэлдэг. Тэгэхээр нийт барилгын материалын 20 хувь нь 30 хувийн үнийн өсөлт үзүүлэхээр орон сууцны нэг метр квадрат тутамд 150 мянга орчим төгрөгийн нэмэгдэл үзүүлэх юм. Үнэтэй барилгуудад бол бүр илүү нэмэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн барилгын компаниуд бэлэн мөнгөний дутагдалд орсноор үйл ажиллагаа нь доголдож байгаа юм.

-Энэ их үнийн өсөлтөөс үүдэлтэй, барилгууд царцсантай холбоотой иргэд маш их хохирч байгаа. Хэдэн жилийн өмнө захиалсан байр нь ашиглалтад ордоггүй, түрээсийн байранд хамаг мөнгөө үрж, зарж байгаа иргэд олон байна?

-Барилгын материалын үнийн өсөлт, хил гааль хаасантай холбоотойгоор барилгуудын ашиглалтад орох хугацаа хойшлоод байгаа юм. Өртөг нь 70-80 хувь өссөн, компанийн санхүүжилт өссөн гээд барилгын компаниуд маш их алдагдалтай ажиллаж байгаа.

-Үнийн өсөлтөөс үүдэлтэйгээ анх хямдхан захиалга авсан  байрнууд захиалагчдаасаа дахиад мөнгө нэхэж байгаа юм билээ. Танай компанийн хувьд ийм асуудал гарч байгаа юу?

-Компани, захиалагч иргэдийн хооронд маргаантай асуудлууд их байна. Үнийн өсөлттэй холбоотойгоор яах аргагүй захиалагчдаас дахин нэмэлт мөнгө авч таарч байгаа. Тэгэхгүй бол барилгын төсөл зогсох аюул нүүрлээд байна. Худалдан авагчид мэдээж нэмүүлэхгүй гэж асуудал үүсгэж байна. Өнгөрсөн хугацаанд олон компанид яг энэ асуудал тулгарсан.

-Мэдээж иргэд анхны байгуулсан гэрээгээрээ байрандаа орно гэх байх. Үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа иргэд байх юм уу?

-Байдаг. Манай орон сууцны захиалагчдын хувьд зах зээл дээр байрны үнэ өсчихсөн учраас түүнийгээ бас бодолцож, компанитай тохиролцоонд хүрсэн. Метр квадрат тутамдаа 300 мянган төгрөг нэмүүлсэн 70-80 захиалагч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 22, 2022 08:41

Хөгжлийн багкны зээлдэгчид зовлонгооо яриад л бна уу

Иргэн
Иргэн
3 сар 22, 2022 10:51

ХУЛГАЙЧУУД хулгайгаар хөлжиж хулгайн АРГААР төрийн банкнаас зээл аваад ЭРГЭЭД зарим пялдага болон ХАМ хулгайчдаа ашиг өгч ард түмний эсрэг хандаж байгаа нь харамс�##�тай байна..ХЯТАДААС ЦЕМЕНТ ОРУУЛЖ ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГОЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМАР НЬ ЯВУУЛАЯА. БАНКНЫ зээлээ тэглүүлэхээр ард олныг хэрэгцээг БАРЬЦААЛЖ БАЙНААДАА.

Зочин
Зочин
3 сар 22, 2022 10:59

Хувийн хэвшлүүд даварчихжээ . Шууд ил цагаан шантааж хийдэг болжээ . Тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэх шиг . Банк шууд хураагаад, битүүмжлээд авдаг биз дээ . Бас цемент оруулж ирж чадах юмуу гээд даапа�##�ж байх шив дээ . Авсан зээлэндээ хураагаад авах хэрэгтэй . Төрийн өмчит компаниуд болгочих хэрэгтэй ш дээ

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 22, 2022 15:04

Хөгжлийн банкнаас зээл авахаасаа өмнө үйлдвэр нь баригдсан, үйл ажиллагаа нь явагдаж байсан шүү дээ. Ш�##�гаад үнэхээр бодит нэмэгдэл бол харж үзэх ёстой. Хятадаас чанаргүй цемент зөөгөөд, нэг өвчин гарахад л хил хаагдаад юу чүгүй болно шүү дээ.

ЗОЧИН
ЗОЧИН
3 сар 22, 2022 15:06

ХӨТӨЛ-ийн зээлийг ш�##�гах хэрэгтэй. Эднийх цементийн үйлдвэр нь хуучин байсан шүү дээ. Одоо нэмэж юу хийсэн, цементээ үйлдвэрлэж байгаа юм уу. Хөтлийн үйлдвэрийг өрөнд нь хурааж авах хэрэгтэй

Жирийн иргэн
Жирийн иргэн
3 сар 23, 2022 08:40

Барилгын матери�##� болон барилгын үйлдвэрлэл эрхлэгчид үнэхээр ханасан ашиг олж байсан үе өнгөрсөн он жилүүдэд маш их байсан . Гэтэл өнөөдөр ийм үед мөн л тэр ашггаа үргэлжлүүлэхийг хичээж байгаа нь үнэхээр муу байна.Энэ байд�##� цаашдаа эрэлт , нийлүүлэлтийн �##�инд ч ашиггүй биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button