"Монголын Мистер-2022" тэмцээний Улсын аварга Ш.Галсандорж: Спорт миний амьдралд хамгийн эерэг нөлөөг үзүүлж чадсан

2012 оноос эхлэн "Таванбогд" ХХК-д ажиллаж буй, Монголын мистер Ш.Галсандоржтой товч ярилцлаа.
-"Монголын Мистер-2022" 31 дэх удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний классик бодибилдинг ангилалд улсын аварга болсонд тань баяр хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач.
-Баярлалаа. Намайг Шугарсүрэнгийн Галсандорж гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. МУБИС-ийн компьютер, график дизайнерын анги төгссөн. Мөн МСҮТ-ийг автомашины засварчин мэргэжлээр төгсөөд 2012 онд анхны ажлын гараагаа “Таван Богд” ХХК-д засварчнаар эхлүүлж одоог хүртэл компанидаа тууштайгаар ажиллаж Борлуулалтын менежерээр ажиллаж байна.

-Та бодибилдингийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Анх оюутан болж ирээд 2012 онд бэлтгэлийн зааланд орж үзэж байсан. Тухайн үед гоё биетэй ах нарыг хараад тийм болох хүсэл шууд төрсөн. Тэр жилдээ хэсэг явж байгаа шантраад больсон. 2014 оноос буцаад хэсэг явж байгаад ажилд ороод дахиад 3 жил хаясан. 2020 оноос өөртөө зорилго тавиад хувийн багш аваад тууштай хичээллэж байна.
-Анх бодибилдингээр хичээллэж байсан үеэ одоогийнхтой харьцуулахад?
-Одоо өөртөө илүү итгэлтэй, илүү тэвчээр хатуужилтай болсон. Эхэлсэн бол дуусгаж чадна гэсэн сэтгэл зүйтэй болсон. Энэ чанар маань спортоор дамжин надад ирж амьдралын бусад хэв маягт минь эерэг нөлөө үзүүлж байгаа.
-Энэ спортын хамгийн сайхан болон хэцүү зүйл нь юу вэ?
-Өөрийн бие бялдар, эрүүл мэнддээ анхаарал тавьж, хичээж өөрчлөгдөж байгаа маань гэр бүл ойр тойрныхонд нөлөөлж тэд нар минь эрүүл байх, зөв хооллох, амьдралын зөв хэв маягтай болж дагаж өөрчлөгдөж эхэлсэн нь энэ спортын хамгийн сайхан нь. Хэцүү нь гэвэл маш их тэвчээр шаарддаг бас шантрах үе зөндөө байдаг.

-Таныг энэ спортод амжилт гаргах үндэс нь юу байсан бэ гэвэл та юуг онцолж хэлэх вэ?
-Тууштай байдал. Хүн өөрийгөө л хуурч болохгүй.
-Гадаадын улс орнуудад спортын тамирчин байх нь бүтэн цагийн ажил болсон байдаг. Таны хувьд ажил болон спортоо хэрхэн хослуулдаг вэ?
-Миний хувьд оролцсон тэмцээн бүрийнхээ бэлтгэлийн хажуугаар давхар ажлаа хийсэн. Долоо хоногийн таван өдөр ажиллаад давхар тэмцээнд бэлдэж бэлтгэл хийхэд ядрах үе бишгүй л гарсан. Гэхдээ ажлын хамт олны дулаан энерги, дэмжлэг, эерэг орчинд дотроосоо цэнэглэгдэж байсан. Намайг Улсын аварга болоод ирэхэд хамт олон, удирдлагууд маань их бахархалтайгаар хүлээж авсан.
-Тамирчин хүнд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал байдаг. Та тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-“Өөрийнхөө төлөө шүү. Заавал ард нь гарах ёстой” гэж өөртөө хэлж өөрийгөө зоригжуулдаг.
-Бэлтгэлийн үеэр хооллолтоо хэрхэн зохицуулдаг вэ?
-Бага багаар өдөрт 4-5 хооллодог. Эрүүл зөв хооллолт маш чухал байдаг.
-Аливаа амжилтын цаана үргэлж түшиж тулж, дэмждэг гэр бүл, найзууд, эргэн тойрны хүмүүс байдаг. Танай гэр бүлийнхэн, найзууд болон ажлын хамт олон тань таныг хэр дэмждэг вэ?
-Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүс, ажлын хамт олон маань бүгд л ойлгож дэмждэг дээ. Урам өгч, урамшуулах нь ч их. Манай "Таван Богд" ХХК-ийн хамт олон тэмцээний дараа баяр хүргэж, урамшуулж, тэмцээний минь тухай пост хүртэл хийж бахархаж байгаа нь гоё санагдсан. Энэ дашрамд хамт олондоо баярлалаа гэж хэлье.
-Ярилцлагын төгсгөлд бодибилдингоор хичээллэх сонирхолтой хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл. Юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ спортоор хичээллээд заавал тэмцээнд ороод амжилт гаргах нь чухал биш та гэртээ хоёр цаг дэмий зурагт үзэж, утас оролдож байхаар дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл байгаарай, тууштай байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээн, уралдаанд амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг үг үнэн юм даа
Юун ч мундаг юм, гоё з�##�уу байна
Хөөрхөн з�##�уу байна ш дээ, найз охинтой юм болов уу?
Соши�##� хөгжсөн цаг шүү дээ, хаж олоод хараач ккк