Г.Занданшатар: Д.Ганбат даргын авсан завсарлага бүлгийн шийдвэр мөн үү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй заалтуудаар санал хураалт явуулж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Маргааш өглөө 09:00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдах юм.
Хуралдааны эхэнд уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна. Иймээс 30 минутын завсарлага өгье. Д.Ганбат гишүүн ганцаараа гарч явж байна шүү дээ. Бусад нь үлдэж байна. Бүлгийн шийдвэр, бүлгээс авч байгаа завсарлага мөн үү. Үүнээс хойш АН-ын бүлгийн саналыг бүх гишүүдийн гарын үсэг дарсан саналаар л тооцно шүү. Учир нь олдохоо болилоо. Завсарлага авахдаа ч цаашид тийм л зарчмаар явна " хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.