“Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглэнэ”

Өнөөдөр /2022.04.15/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Залуусын жагсаалын үеэр тавигдсан 15 багц, нийтдээ 270 орчим шаардлагад Засгийн газар ажлын хэсэг байгуулж, судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Саналуудыг багцалбал 74 хувь нь үнийн өсөлттэй тэмцэх, 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх, 12 хувь нь авлигал, тэгш бус байдлыг үгүй болгох, 12 хувь нь цалин, нийгмийн баталгааг сайжруулах зэрэг агуулгатай байн.
Бид саналуудын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэнэ, үлдсэн нь дунд хугацаанд шийдэгдэх буюу хууль эрх зүйн шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлууд байна гэж үзлээ.
Засгийн газар нэг амьсгаагаар биш үе шаттайгаар, хамгийн их санал өгсөн асуудлаас нь эхлээд ажиллахаар ярилцлаа” гэлээ.
Тэрбээр юун түрүүнд үнийн өсөлтийн асуудлаар ямар арга хэмжээ авч буйгаа тайлбарлалаа.
Үнийн өсөлтийн чиглэлээр:
“Зарим тохиолдолд стандарт бус гэж болох арга хэмжээ авахаас өөр аргагүй байгаа тул энэ агуулгаар хууль өргөн барьсан. Тодруулбал, гол нэр төрлийн барааны үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийг өргөн барьснаар өнөөдөр батлагдлаа.
Нэгт, үүгээр шатахуун импортлогчдод зээлийн хүүгийн татаас өгч, эргэлтийн хөрөнгийг нь шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээл олгоно. Сангийн болон мөнгөний бодлогыг хамт хэрэгжүүлэх замаар шатахууны үнийг боломжит дээд хэмжээнд барих хууль эрх зүйн нөхцөл бий болсон гэсэн үг. Олон улсын зах зээлтэй уялдаад, 1000 орчим төгрөгөөр нэмэгдэж болзошгүй судалгаа гарсан байгаа. Энэ бүхэл арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарч байна.
Хоёрт, мах гурилын үнийг тогтоон барих боломж бий болно. Улаан буудайн өмнөх жилийн нөөцийг Засгийн газар худалдаж авна. Улмаар хомстолоос сэргийлж, хаврын тариалалтад бэлтгэх.
Гуравт, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварын 5 хувийг он дуустал тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих маягаар, импортоор орж ирдэг бараануудыг татвар тэглэснээр тогтоон барих маягаар явж байна.
Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг тэглэх хуулийг мөн өргөн барихаар болсон. Ингэж тэднийг төрөөс дэмжинэ.
Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 1 их наяд төгрөгийн зээл олгож, хүүгийн татаасыг Засгийн газар төлнө. Хүнсний ногоо, улаан буудай, хүнсний агуулах зоорь барих, боловсруулах үйлдвэр барих ААН-үүдийн зээлийн татаасыг олгоно”.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГ импортын барааны га�##�ь, НӨАТ-ыг тэглэх л юм. Гол нь татваргүй орж ирсэн барааны үнэ өсөөд байдаг нь гайх�##�тай!!!...