НИЙГЭМУРЛАГ

Зураб Церетели Монголд: Далд шидэт реализм

XX зууны урлагийн «шарк»-ууд болох Пикассо, Дали, Шагал нартай харилцаж, тэднээс суралцсан гүрж гаралтай Оросын зураач Зураб Церетели нь өөрийн давтагдашгүй уран бүтээлээ туурвиж, өдгөө 5000 гаруй бүтээлээрээ нэгэнтээ дэлхийд нэрээ цуурайтуулсан гайхалтай уран бүтээлч билээ.

Түүний уран бүтээлийн цар хүрээ монументал том хэмжээний барималаас уран зураг хүртлээ маш олон төрлийг хамарсан байдгаас хүүхэдлэг, энгийн шинж чанартай атлаа хүний амьдралын энгийн ахуйгаас авхуулаад сэтгэлийн чанад дахь нарийн нуугдмал шинж чанар тэргүүтэй бүхий л талыг харуулж чадсан зураасан зургийн ажлууд нь гүрж ард түмний угсаатны зүйн нарийн судалгаа, ажиглалт дээр үндэслэслэн туурвигдсан.

Ид шид болон бодит байдлыг хослуулсан мэт энэ бүтээлүүдийг үзсэнээр анхлан үзэгч абугай ч, урлагийн мэлмий нь нээгдсэн урлаг сонирхогч хүмүүн ч бай, мэргэжлийн уран бүтээлч ч мөн адил өөрийн сэтгэл зүрхний гүнийг тольдох мэт өөрийн гэсэн зүйлсээ олж харах боломжтой.

Дүрслэх урлагийн академи болон Монголын уран зургийн галерейн урилгаар дэлхийн алдарт өв болсон Церетелигийн зураасан зургийн энэ үзэсгэлэнг эх орондоо үзэх боломж олдож буй нь Монголын дүрслэх урлагийн түүхэнд болж буй томоохон үйл явдал билээ. Үзэсгэлэнгийн нээлт үнэ төлбөргүйгээр 2022 оны 04 сарын 19ний 14.00 цагт болно.

Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа : 2022 оны 04 сарын 19-с 05 сарын 02-ныг дуустал

Байршил : Монголын Уран Зургийн Галерей-н 3давхарт, Төв тэнхим

/Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-3, СТӨ-Б корпус, Улаанбаатар хот, Монгол Улс/

Зураб Церетелигийн товч намтар:

Зураб Константинович Церетели нь (ЗХУ, Тифлис хотод 1934онд төрсөн) зөвлөлтийн , гүржийн болон оросын уран бүтээлч зураач, барималч, багш сурган хүмүүжүүлэгч бөгөөд 1997 оноос одоог хүртэл Оросын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр ЗХУ-н Дүрслэх урлагийн академийн гишүүн (1979 оноос), Зөвлөлтийн социалист хөдөлмөрийн баатар (1990), ЗХУ-н Ардын зураач (1980), Оросын Холбооны Улсын Ардын зураач (1994), Ленины нэрэмжит шагналт (1976), ЗХУ-н хоёр удаагийн Төрийн шагналт (1970, 1982) болон Оросын Холбооны Улсын Төрийн шагналт (1996) уран бүтээлч юм.

Уран зураг, зураасан зураг, баримал болон монументаль-чимэглэлийн урлаг (фреск хана туурганы зураг, мозаик чулуун шигтгэмэл г.м) гэх мэт төрлүүдээр 5000 гаруй уран бүтээлүүдийг туурвисан. Монументаль зургийн уран бүтээлчийн хувьд олон том төслүүддээр ажиллаж байснаас Ульяновск дахь Ленины хөшөө дурсгал, Измайлово дахь зочид буудлын цогцолбор, Ялт дахь «Ялта-Интурист» зочид буудлын цогцолбор, Сочи дахь «Ривьера цэцэрлэгт хүрээлэн», Тбилиси дахь Үйлдвэрчний Эвлэлийн ордон, Москва дахь Большой теартын Шинэ тайз гэх зэргийг дурьдаж болох бол уран барималчийн хувьд Нью-Йорк дахь НҮБ-н барилгын өмнө «Сайн сайхан мууг ялан дийлж буй нь», Москва хотноо «Мөнхийн найрамдал», Севиль хотноо «Шинэ хүн мэндэлж буй нь», Лондон хотноо «Үл итгэлцлийн ханыг нураах нь» , Рузь дахь Зое Космодемьянская-д зориулсан баримал зэргийг дурьдаж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button