Нийгмийн

О.Ариунбилэг: Мэдээллийн сайт бол шинэ зууны сэтгүүл зүй

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Eguur.mn сайт энэ удаад Монголын мэдээллийн сайтуудын асуудлыг хөндөж буй юм. Энэ хүрээндээ тэргүүлэгч мэдээллийн сайтуудын нэг болох GoGo.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байгаад Mpress.mn сайтыг эрхлэн гаргасан О.Ариунбилэгтэй мэдээллийн сайтын эргэн тойрон дахь асуудлаар ярилцлаа.

-СЭТГҮҮЛЧИЙН АЖЛЫН 70 ХУВЬ НЬ "АМЬД" БАЙХ ЁСТОЙ-

-Та www.gogo.mn мэдээллийн сайтад олон жил ажилласан. Одоо өөрөө шинээр сайт үүсгэн байгуулж ажиллаж байна. Энэ өөрчлөлт нь танд хэрхэн "буусан" бэ?

-www.gogo.mn сайт аль хэдийн хөлөө олчихсон, бодлогоо тодорхойлчихсон, дүрэм журмаа гаргачихсан учраас миний хувьд өдөр тутам байгаад байх шаардлагагүй редакц. Олон хүнтэй, мөнгөтэй, хүссэн техникээ авч болдог газар. Гэтэл юу юу ч үгүй шинээр эхлэх санаснаас илүү хэцүү байсан. Гэхдээ болох л юм билээ. Нийт мэдээллийн сайтуудын хандалтын 80 орчим хувь нь сошиалаар дамждаг. Иргэд сошиалд мэдээлэл харж байхдаа тааралдсан, сонирхолтой линк рүү дарж орж уншиж байна. Түүнээс биш "com", "mn" гэж бичиж орохоо больчихсон. Тэгэхээр бид тэр хүмүүсийн сошиалд байх үед нь л гарч ирэх гээд байна. Хэрэглэгчид Gogo.mn гэж том сайт, Mpress.mn гэж ийм жижигхэн сайт гэж боддоггүй. Тухайн моментоор хүлээж авдаг юм байна гэдгийг хувьдаа би ойлгосон. Тийм учраас би өөрийн гэсэн сайт хийе гэж бодсон. Мэдээний машин хүнийг их залхаадаг. Телевиз бол өдөржин гүйж байгаад орой мэдээгээ гаргачихдаг. Гэтэл бид секундтэй уралдаж ажилладаг болохоор их хэцүү. Гэхдээ одоо анзаараад байхад том сайтууд л секундээр уралддаг юм байна. Бид нарт тэгэх шаардлага байхгүй болчхож байгаа юм л даа.

-Та том, тогтсон соёлтой редакцад ажиллаж байхдаа өөрийн гэсэн орон зайг үүсгэсэн. Гэхдээ хүлээж, дамжуулж буй нийгмийн үүрэг нь редакцын том, багаас үл хамаарч ялгаагүй байгаа мэдрэмж авав уу?

-Яг адилхан. Тухайн моментод, тэр хэрэглэгчийн сошиал зам дээр манай мэдээ байна. Тэр бүрд би сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэсэн мэдээ уншуулж байх ёстой юм билээ. Ц.Батбаатар багш манай “Мэдээний өрөө”-ний зөвлөх хийдэг. Тэр хүн хэлэхдээ “Сэтгүүлчийн ажлын 70 хувь нь "амьд" сэтгүүл зүй буюу үйл явдлыг дагаж явах ёстой. Цаг хугацааг дагаж барьцаалагдаж явах ёстой. Шуурхай байх ёстой. Сошиалынхан юу ярьж байгааг гаргаж өгч байж тэр "амьд" сэтгүүл зүй бий болдог юм байна л даа. Үлдсэн 30 хувь нь төлөвлөгөө, редакцын бодлого.

-Сошиал дагасан сэтгүүл зүй хийхээр бид шүүмжлэх дуртай хүмүүсийн амны бай болоод байна шүү дээ?

-Мэргэжлийнхээ нюансыг гаргаж байж л энэ чинь сэтгүүл зүй гэж хэлэгдэнэ. Жишээ нь сошиалд бүгдээрээ “Хятад углаашнаас тэмбүү гардаг гэнэ” гэж шуурч байхад бид түүнийг тодруулаад, чеклээд оруулах ёстой. Харин "Эмч нарын буруутай үйл ажиллагаа маш аймаар байна, манай дүүг алчихлаа” гээд нэг иргэн постлонгуут нөгөө хүнийг авч ирээд ярилцлага хийх нь сэтгүүл зүй биш. Үүний оронд сэтгүүлч “Эмч хүн алсан байж болох уу” гэж таамаглаад олон талын эх сурвалжаараа мухарлаад контентоо гаргаж ирэх нь сэтгүүл зүй. Гэхдээ би нэг юм олж мэдсэн.

Том сайтад ажиллаж байхад ийш тийшээ залгаад мэдээлэл авъя гэхэд өгчихдөг. Гэтэл жижиг сайтад өгдөггүй юм байна. Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг камер, микрофоноо бариад гүйгээд байдгийн учрыг олсон. Мэдээлэл өгөхгүй юм чинь яах юм. Албан бичгээ явуул гэдэг. Амьд сэтгүүл зүй хийх гэж байгаа хүмүүс долоо хоног хүлээгээд сууж байх уу. Бид долоо хоног бүү хэл минут секундээр уралдаж ажилладаг хүмүүс. Шинэ залуу сэтгүүлчид үүнд маш их бүдэрдэг, арга мухарддаг. Тэгэхээр долоо хоногийн дараа ав гэсэн хүнийг өрөөнийх нь үүдэнд хүлээж байгаад, барьж аваад яриа авч байна. А.Сүхбатаас ЖДҮХС-гаас авсан зээлээ яагаад төлөхгүй байгаа юм бэ гэхэд яриа өгөхгүй, нэг бол утсаа авахгүй, эсвэл албан бичиг өг гэнэ. Тэгэхээр гүйгээр очихоос өөр арга алга.

-Цаг, үе нийгмээ дагаад сэтгүүлчид ч ажиллах арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүй болж байна уу?

-Тийм. Гэхдээ ингэж дайрч ор гэж сурталчлан түгээх ёсгүй. Аль болох байж болох ерөнхий зарчмаа барьж, сурталчилж явна.

-САЙТЫГ ДОРД ҮЗЭЖ БАЙГАА НЬ ХОЦРОГДСОН СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮМҮҮСИЙН ИЛЭРХИЙЛЭЛ-

-Сайтуудыг муу сайтынхан, тэгээд биччихсэн байна гэхчлэн мэдээллийн хэрэгслийн платформуудаас доошоо хийгээд байдаг. Гэтэл яах аргагүй манлайлаад урагшаа гараад ирж байгаа. Тэгэхээр бид өөрсдийнхөө давуу байдлыг ойлгуулахгүй, тайлбарлахгүй бол явахгүй байна. Та үүнд коммент хэлээч?

-Шинэ зууны сэтгүүл зүй шүү дээ. Яагаад Америкт том сонингоо болиод сайт руу орж байгаа юм бэ. Одоо бид дараагийн шат руу орох болчихсон. Гэвч сэтгүүл зүйн салбарын  боловсон хүчний чадавхи маш муу байна. Хэрвээ чадавхи сайтай бол төлбөртэй мэдээлэл рүү орох цаг болсон. Нью-йорк таймс шиг ч юм уу. Эхлээд хэдэн мэдээ уншлаа. Таны лимит дууслаа. Араас нь төлбөрөө төлөөд унш гэдэг. Мөнгө төлснийхөө хариуд сонинд ч, телевизэд ч гараагүй аналитикууд унших ёстой. Гэхдээ манайд тийм аналитик хийдэг хүмүүс байхгүй. Сайтыг дорд үзэж байгаа нь тэдний хоцрогдсон сэтгэлгээ төдий чинээ байна гэсэн үг.

Цаг үеэ дагаж явж чадахгүй байгаа хүмүүсийн илэрхийлэл. Сэтгүүл зүй гэхээр дангаараа гүйгээд байх нь буруу юм билээ. Редакц судалгааны болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч байж хамтдаа төрийг хянана. Тэгэхгүй бид нар нэг мэдээ бичээд гүйгээд байдаг. Иргэний нийгмийн байгууллагууд нь сэтгүүлчдийг үздэггүй. Уг нь хамтарч ажилладаг талууд байхгүй юу. Гэхдээ бид чадахгүй байна л даа. Сайт дээр элдэв балай юм бичдэг, шар сайтууд гарч ирсэн. Гэхдээ эмхлэгдэж байна. Уншигчдын боловсрол сайжраад байна. Эд нар худлаа бичдэг, ийшээ орж болохгүй гэдгийг хоёр удаа уншаад л мэдчихдэг.

-Сайтууд сэтгүүлчидтэйгээ хэрхэн ажиллах ёстой вэ. Редакцууд сэтгүүлчээсээ юу хүсэж болох вэ?

-Бид дараагийн шатандаа орох цаг болчихсон. Бичээд байна. Нийгэмд уншдаг, гарчигладаг, уншихыг үл ойшоодог хүмүүс байна. Уншдаг хүмүүс нийгмээ чирч явдаг. Тэр хүмүүст зориулсан контент гаргана гэдэг нь манай ниймийн хувьд чухал сорилт. Одоо бид гарчигладаг хүмүүст зориулж ажиллаж байна. Тиймээс одоо гарчигладаг хүмүүсийг уншдаг болгох ёстой. Гэхдээ сэтгүүл зүй хүмүүсийг уншиж сургах үүрэггүй л дээ.

Сэтгүүл зүй зөвхөн мэдээлэх үүргээ л хүлээнэ. Бид өдөр тутмын мэдээ хийгээд яваад байх уу, аналитикууд гаргаж ирэх үү гэдэг нь редакцын бодлогын асуудал. Танай редакц хүүхдүүдээр маш сайн бичүүлж байгаа анзаарагддаг. Яваандаа улам сайжраад л байна. Гэхдээ ихэнх редакцууд сэтгүүлчдээ маш их ажлаар дарж байгаа нь буруу. Ийм байх ёстой гээд бүр сургачихсан. Ар гэргүй мэт зүтгүүлдэг. Энэ байдлуудаа бид залуу үеэ дагаж, өөрчлөхөөс өөр аргагүй байгаа.

-Сайтууд олноороо шинээр бий болоод байх ч нэг нь "Аргагүйдлээ" гэж дампуурлаа зарладаггүй. Магадгүй энэ нь хөгжлийнх нь нэг төрлийн гажуудал шиг байгаа юм?

-Монголын сэтгүүл зүй дампуурдаг байх ёстой. Яагаад дампуурахгүй, хэн дампууруулахгүй байна вэ гэвэл улс төр дампууруулахгүй байна. Юу ч бичдэггүй, ямар ч хөдөлмөр гаргадагүй нэг гар таван яамнаас арав, арван сая төгрөг авчихдаг. Кофе уугаад сууж байхдаа нэг мэдээ хуулаад хийчихдэг. Улстөрчдийн хүсэл бол сэтгүүл зүйг хүчгүйдүүлэх. Бидний контентын нэр хүнд алдраад байна. Араас нь хүний толгой дээр кофе асгаад өмнөхийг нь мартуулдаг. Иргэний нийгэм ямар нэг сэдэв дээр тогтоод, бүгдээрээ өөрчлөх гээд хүчээ нэгтгэвэл дийлдэхгүй байхгүй юу. Хэсэг бусгаараа сул, нэгдэггүй. Тэгээд дампуураад алга болчихдоггүй байх чинь улстөрчдийн хүсэл. Дампуурахгүй байна гэдэг нь бас энэ салбарт эрх ашигтай мөнгө эргэлдэж байгааг харуулсан жишээ юм.

-Редакцтай сайтууд тодорхой ялгарал бий болгочихвол энэ бүхнээс салж чадах уу?

-Хэзээ билээ нэг гаргасан судалгаанд хамгийн сайн контент бэлтгэдэг телевизүүд хамгийн их алдагдал хүлээсэн байсан. Гэтэл юу ч хийхгүй телевизүүд яг адилхан мөнгөөр гэрээ хийгээд мөнгө авчхаж байгаа юм. Яг энэ жишиг мэдээллийн сайтууд дээр бас гарсаар байна. Жишээ нь, танай редакц. Ороод ирэхэд ажил нь оволзож байна. Нөгөө талд огт ингэж ажилладаггүй редакц танайхаас чинээлэг амьдраад байж болоод байна шүү дээ. Үүнийг одоо яаж цэгцлэх ёстой юм бол.

-УНШИЖ БАЙГАА ЮМАНДАА МӨНГӨ ТӨЛЖ СУРААГҮЙ НИЙГЭМ-

-Хэрсүү уншигчдыг хэрхэн бэлдэх ёстой юм бэ?

-Тэр ч сэтгүүлчдийн хийдэг ажил биш байх аа. Монголын бүх болохгүй, бүтэхгүй зүйлийг ярихаар боловсрол дээр очдог. 30 жил боловсролын салбарыг шууд хаясны гороо амсаж байна. Цаашид улам илүү их амсана. Өнөөдөр Сингапурт дунд сургуулийн сурагчдад мэдээллийн боловсролын хичээл орж байна. Орос, Украины дайн бол мэдээллийн дайн болж байна шүү дээ. Хүнээс тунгаан бодох чадвар шаардаж байна. Гэтэл манай боловсролын систем бидэнд тунгаан бодох чадвар зааж өгдөг юм уу.

Мэдээллийн дайн улам илүү өрнөнө. Бид живэх үү, яах вэ. Таксинд явж байгаа 30 настай залуу “Эгч ээ, би Солонгос явах гэсэн юм. Хаана, яаж очиж уулзах вэ. Солонгосын элчин дээр очдог юм уу” гэж асууж байгаа юм. Ухаалаг утсаараа хайлт хийж үзсэн үү гэхэд юу гэж хайхаа мэдэхгүй байна гэсэн. Тэр хүүхдийг 12 жил сургасны үр дүн хаана байна. Сэтгүүлчид хүмүүсийг боловсруулахгүй байна гэдэг. Сэтгүүлчдэд иргэдийг боловсруулах үүрэг байхгүй. Бид мэдээлэх л үүрэгтэй.

-Иргэд, олон нийт, хувийн хэвшлийнхэн редакцуудыг зарлага гаргаж ажилладаг аж ахуй нэгж гэж ерөөсөө хардаггүй. Бид үүн дээр яг хэрхэн тайлбарламж хийх ёстой юм бэ?

-Сэтгүүл зүй бол бизнес. Гэхдээ Монголын нөхцөлд маш хэцүү. Уншиж байгаа юмандаа мөнгө төлж сураагүй нийгэмд маш хэцүү бизнес. Бид төрийн байгууллатай гэрээ хийхгүй бол өөр яах юм. Хэн бидэнд реклам сурталчилгаа өгч байгаа юм. Тийм л сүрхий иргэдээ боловсруулмаар байгаа юм бол аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагатай байгаач гэж хэлмээр байдаг.

Монголын томоохон бизнесүүд хэвлэл мэдээллийн салбар луу мөнгө гаргахдаа дургүй болсоор байна."Та нар яагаад фэйсбүүкт бүүст хийхийг илүүд үзэж байгаа юм бэ. Бид энд та нарын контентыг боловсруулаад өгье гэж байхад яагаад фэйсбүүкт мөнгө өгч байгаа юм бэ" гэж асуумаар байна. Манай зах зээл өөрөө хэт хумигдмал. Гадаадынхан шиг зах зээл томтой бол хамаа алга. Сард 1000 төгрөг төлөөд мэдээллээ авчихдаг нийгэмтэй болтлоо удахаар байна.

Бүгдээрээ хариуцлагатай байж чадахгүй болохоороо хэн нэг буруутныг хайдаг. Тэгээд нүдэнд нь хэвлэлийнхэн харагдаж байгаа юм. "Өө, муу хэвлэлийнхэн үүнийг ч, түүнийг ч сурвалжилсангүй. Худалдагдсан" гээд шүүж эхэлдэг. Өмнөө гаргаж ирэх нэг бамбай хэрэгтэй болонгуут үүндээ хэвлэлийг ашигладаг. Энэ нь нэг төрлийн нийгмийн гажуудал болчхоод байна.

-Та томоохон редакцад байхдаа ч, одоо шинэ сайт үүсгэсэн үедээ ч сэтгүүлчид рүү чиглэсэн контент хийхийг чухалчилсаар ирсэн нь харагддаг. Та яагаад ийм үйлдлийг хийдэг юм бэ?

-Шарилжин дунд сарнай ургадаггүй гэдэг. Би "Сэтгүүл зүйн болох, болохгүй зүйлс ямар хамаатай юм. Ажлаа л хийе" гэж мэдээж болно. Гэхдээ надад камер байна. Тодорхой туршлага байна. Зөв зүйлсийг хэлээд өгөх эх сурвалжууд байна. Тэгэхээр энэ болохгүй байгаа зүйлсийг засах чиглэлд тодорхой үйлдлүүд хийгээд өгье гэж санадаг. Нэг тасархай баян байлаа гэж бодоцгооё. Тансаг машин уначхаад, гудамжад 1000 приустэй хамт түгжрээд зогсвол баян хүний хэрэг гарахгүй. Дэлхий нийтээрээ тэгш бус байдлыг арилгаж байж л урагшаа явах юм байна гэдгийг ойлгочхоод байна. Тэгш байдал руу л ойртохгүй бол, бусдаа чирэхгүй бол хамтдаа унах юм байна гэдгийг ойлгочихлоо. Тиймээс л бид чадах зүйлсээ хийж, сэтгүүл зүйн нэр хүндийг аврах, хамгаалахын төлөө ажиллах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ариунбилэг тууштай ажиллаж байгаа сайн сэтгүүлч шүү

Холбоотой мэдээ

Back to top button