ТУС ТУСЫН СТРАТЕГИ: Ээлжит бус сонгууль явуулах нь ТЭДЭНД АШИГТАЙ

Эрх баригч намынхан дийлэнх олонхоороо нэгдэж, Ард нийтийн санал асуулгатай зэрэгцүүлэн УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах лоббиг хийж эхлээд буй. Уг мессежийг анхлан УИХ-ын дарга Г.Занданшатар телевизийн нээлттэй хэлэлцүүлэгт орох үеэрээ илэрхийлсэн. Төд удалгүй УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланкин дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Энд нэг сонирхолтой өнцөг байгаа нь, ээлжит бус сонгууль явуулах асуудлыг парламентын бүрэн бүтэн байдлаа хамгаалах учиртай спикер нь алга ташин дэмжсэн явдал. Шууд байдлаар гарын үсэг зурвал Үндсэн хуулийн зөрчил болох учраас нөхдөө уриалах ажилд идэвхтэй оролцож байгаа гэх. Бүр парламентын гаднаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан оролцож, “Зурвал тойргийг тань өгнө” гэхчлэн гишүүдтэй наймаа хийж явна.
Эрх баригч намын энэ үйлдэл тэдэнд ямар ашигтай вэ. Эдийн засаг талаас нь харвал ард нийтийн санал асуулга явуулах зардлаар сонгуулиа давхар зохион байгуулчихна. Гэхдээ ард түмний халааснаас гарах сонгуулийн зардалд гол учир оршоогүй. ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилт дуусч, гадны зээл, своп хэлцлүүдийн төлөх хугацаа наашилсан, саарал жагсаалтад орох өндөр эрсдэлтэй үе 2020 оны хавар тохионо.
Ийм гал усны дайнтай үеэр 65-уулаа дөрвөн жил парламентад суучихад “Дахин биднийг сонгооч” гэх нь хэт эрсдэлтэй. Нөгөө талаас У.Хүрэлсүхийн байр суурь ирэх хавар хүртэл ямар байх вэ гэдэг асуудал. Төрийн албаны хөлийг сүүлийн хорь шахам жил бэлдэж суусан М.Энхболд, Т.Бадамжунай нар зүгээр л эрх мэдлээ булаалгачихаад, чимээгүй өнгөрөхгүй. Тэд хөдөлж, тэмцэх, эсрэг стратеги хэрэгжлүүлэх нь гарцаагүй. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэгт байгаа юм.
Ийм эрх ашиг У.Хүрэлсүхэд байгаа учраас ээлжит бус сонгуулийг дэмжиж буй. Спикертэй санал нэгдэж, хүчтэй орж байгаа нь цаг хожих стратеги гэж харж болохоор. Ерөнхийлөгч гэтэл Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөлд хориг тавьчихав. Улайрсан үед бол хоригийг шууд л хэлэлцээд, нэг талд нь гаргачихна.
Улсын нэгдүгээр хүний зүгээс ил ба далд хэлбэрээр энэ удаагийн парламентыг хугацаанаас нь өмнө тарах хэлбэрийг дэмжсээр ирсэн. Тараад, дахин сонгууль явуулаг. Цаагуураа сонгодог парламентын бат бэх байдал алдагдах өндөр эрсдэлтэй. Парламентын хүч сулрах, ард нийтэд үнэмлэхүй байдлаар нэр хүндээ алдах нь хэнд ашигтай вэ.
Мэдээж Ерөнхийлөгчийн засаглалд олон нийтийг турхирч буй улсын нэгдүгээр хүнд ашигтай. Энэ ч үүднээс спикер хүртэл дэмжих түгжээнд итгэл үнэмшилтэйгээр нэгдчихээд байна. Дээр дурдсан логикуудаар харвал ээлжит бус сонгууль явуулах нь төрийн гурван өндөрлөгт ашигтай тусаж байгаа юм.
Ард олон тэгэхээр яах вэ, олонхийн лоббигоор хүйтний улиралд санал өгөх нэгэн түүхийг өөрсдийн эс хүслээр бүтээлцэх үү. Ийм тохиолдолд парламентын гаднаас сонгуульд оролцох хүмүүсийн эрх ашиг жинхэнэ утгаараа жалганд хоцорч байгаа юм.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.