УЛС ТӨР

Концессын хууль: УИХ-ын хувилбарын өмнүүр зүтгүүлж буй Б.Жавхлан сайдын төсөлд БИЗНЕСМЕН ГИШҮҮД оролцоно

Сэтгүүлч М.Тэнгис өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Бүгдийг, бүх бүтээн байгуулалтыг төр хийх боломжгүй. Харин хувийн ААН-үүдтэй төр түншилж ажиллах нь эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Иймд концессын хувилбар гадаадын орнуудад түгээмэл жишиг. Гэвч манайд төр нь ч, хувийн хэвшил нь ч концессын гэрээ байгуулж ажиллахаас эмээдэг, зайлсхийдэг дүр зураг тогтсон.

Харин өнгөрсөн онд УИХ-ын дарга Г.Занданшатар төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг нарийвчлан зохицуулах хуулийн төсөл боловсруулна гэж дуугарч байв. Үүнийгээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх, эдийн засагт дэмтэй бодлогуудын нэг гэж онцолсон. Улмаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболороор ахлуулсан ажлын хэсэг гарч, хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн нь бий. Мөн үүний зэрэгцээ Сангийн яамнаас ижил хуулийн төсөл өргөн барив.

НЭГ: Гэнэт өргөн баригдсан хууль ба Д.Өнөрболор гишүүний бухимдал

Өмнө дурдсанчлан, 2021.06.16 буюу өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Д.Өнөрболор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нар багтсан. Улмаар Сангийн яамтай ч хамтран, энэ хугацаанд хуулийн төсөл дээр ажилласнаа Д.Өнөрболор гишүүн хэлж байна.

Харин энэ оны тавдугаар сарын сүүлээр Засгийн газраас, тодруулбал Сангийн яамнаас ижил нэртэй хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжээд, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Хөгжлийг ухраах хууль оруулж ирлээ” хэмээн бухимдсан. Энэ нь тус хуулийн төсөлд түүний ахалж ажилласан ажлын хэсгийн санал дүгнэлт тусаагүй, гэнэтхэн дэргэдээс “цохиж” орж ирсэн дүр зураг харуулах шиг.

Харин Засгийн газар талаас Д.Өнөрболор гишүүний ажлын хэсгийн санал дүгнэлт, боловсруулсан төсөлтэй нь танилцах хүсэлт тавьсан ч нааштай хүлээж аваагүй гэдэг мэдээллийг өгч байна.

ХОЁР: Эрх мэдлийн бүтэц нэмж, “Барих-шилжүүлэх” механизмыг хассан Б.Жавхлан сайдын хувилбар

Яг өдгөө УИХ-аар хэлэлцэгдэж буй, Сангийн яамнаас өргөн барьсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд хэд хэдэн онцлох өнцөг бий. Үүнээс товч дурдъя.

Нэгт: Энэ асуудлыг хариуцсан хөгжлийн төвийг байгуулна. Энэ төв тухайн төслийг судалж, Засгийн газраар хэлэлцүүлэх эсэх зөвшөөрлийг олгохоор тусгажээ. Мөн дэргэдээ сан байгуулах бөгөөд хөгжлийн төвөө санхүүжүүлэх зорилготой.

Хоёрт: Түншлэлийн төрлүүдээс “Барих-шилжүүлэх” механизмыг хасахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил төслийг гүйцэтгэсэн дороо төрд шилжүүлж, гэрээгээ дүгнэх боломжгүй. 20-40 жилийн хугацаанд хувийн хэвшил төлбөрөө гүйцээж авна гэж Б.Жавхлан сайд өөрөө тайлбарлав.

Гуравт: Дагалдах хуулийн төслүүдэд заасанчлан, Засгийн газар түншлэл байгуулах хэд хэдэн төрлийн төслүүд дээр баталгаа гаргана. Өөрөөр хэлбэл Засгийн газар баталгаа гаргаж байж тодорхой төслүүд хөдөлнө. Энэ нь өрийн баталгаанаас өөр ойлголт гэдгийг тодотгоё.

Дөрөвт: Энэ хүрээнд Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Улмаар эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын гэрээнээс үүсэх өрийг Засгийн газрын өрийн мэдээллийн санд бүртгэхгүй байхаар тусгажээ.

Эдгээрээс харахад:

  • Шинэ бүтэц үүсгэж, Засгийн газар баталгаа гаргах нь: Төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн оролцоог нэмэгдүүлсэн
  • “Барих-шилжүүлэх” механизмыг хасах нь: Хувийн хэвшлүүдийн сонирхлыг бууруулсан /Зарим гишүүд “20-40 жилийн дараа төлбөрөө авна гэж гэрээ байгуулах ААН олдох уу” гэж шүүмжилж байв/
  • Өрийн удирдлагын тухай хуулийг өөрчлөх нь: Концессын гэрээгээр төр хувийн хэвшил талд хэчнээн өр төлбөрт унасан ч Засгийн газрын өр дээр нэмэгдэхгүй зэрэг логик уншиж болж байна.

ГУРАВ: Шинэ ажлын хэсэгт бизнесмен гишүүд оржээ

Өдгөө хэрэгжиж буй Концессын тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журам энэ хуулийн төсөл батлагдсанаар хүчингүй болно. Ирээдүйд хийгдэх төрөл бүрийн үйлчилгээ, бүтээн байгуулалт энэ хуулийн дагуу, хувийн хэвшилтэй түншлэх агуулгаар хийгдэнэ. Иймд зөвхөн Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх асуудал биш гэж харагддаг. Гэвч хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх шинэ ажлын хэсгийг гаргахдаа Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нарын бизнес эрхлэгч гишүүдээр бүрдүүлсэн нь анхаарал татсан.

Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэгт багтсан гишүүд, тэдний бизнесийг танилцуулбал:

  • Ц.Цэрэнпунцаг – “Жем интернэшнл” ХХК спирт, архи, пиво үйлдвэрлэдэг. Үүнээс гадна зураг төсөл боловсруулах, ЦДШ ба дэд станц угсрах, ашигт малтмалын хайгуул хийх, ариутгал-халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх үйл ажиллагааны чиглэлтэй
  • Ж.Ганбаатар – “Камдер”, “Сээкл”, “Моннидер” зэрэг ХХК-иудаар барилга барьж, гадаад худалдаа эрхэлдэг
  • Ж.Бат-Эрдэнэ – Өдгөө ХОМ-д нь хувьцаа эзэмшил бүртгэлгүй ч “Наянтус” ХХК-тай хамаарал бүхий. Тус компани барилга барьж, гадаад худалдаа эрхэлдэг
  • Д.Бат-Эрдэнэ – “Ажнай констракшн” ХХК-иар гадаад худалдаа, тэр дундаа барилгын материалын худалдаа эрхэлдэг. ХОМ-тээ 20 компанийн хувьцаа эзэмшдэг гэжээ
  • Б.Баттөмөр – “Ойнбирж”, “Тэс петролиус”, “Эм ойл” зэрэг ХХК-иудаар газрын тосны худалдаа болон ачаа тээврийн бизнес эрхэлдэг байна.

Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Оюунчимэг нар мөн багтаж байгаа юм.

Үүнээс харахад, Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг бичилцэх гишүүдийн ихэнх нь өөрсдөө хувийн бизнес эрхлэгчид байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хуулийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас санаачлан, өргөн барих боломжтой. Яг үндсэн чиг үүрэг нь УИХ-д хадгалагдаж буй ч сүүлийн үес Засгийн газраас бодлогын томоохон хуулиудыг түлхүү өргөн барих болсон.

Эцсийн дүндээ, эл хуулийн төсөл нэн шаардлагатай, цаг үеэ олсон нь үнэн билээ. Процесс хөөж харвал, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн өмнүүр Засгийн газар төслөө зүтгүүлсэн дүр зураг харагдаж буй. Нөгөөтээгүүр Д.Өнөрболор гишүүний ажлын хэсэг яг ямар хуулийн төсөл боловсруулсан, Сангийн яамтай энэ чиглэлд хамтрах саналыг хөшигний ард хэрхэн хүлээж авсан нь тодорхойгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2022 08:35

Цэрэнпунцаг иймэрхүү ажлаа амжуулах гэж парламентад орсон

Зочин
Зочин
6 сар 16, 2022 09:51

Уг нь УИХ-ын гишүүд л хуулиа санаачилж, батлуулах ажлаа хиймээр

zochin
zochin
6 сар 16, 2022 10:43

Dandaa toroos ideh huseltei uls , ene tend ym baiguulaal ideh durtai. Uiliin ur neg l odor haalgiig chin togshino doo.

Холбоотой мэдээ

Back to top button