НОБГ: Автомашины дугуйны дотуур хаммераар завь хийж яваад амиа алдсан тохиолдол гарсан

НОБГ, НЦУГ, НЭМГ-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.
НОБГ-аас мэдээлэхдээ "Гол мөрний дагуу завьт эргүүл ажиллаж эхэлснээс хойш арван хүнийг живж нас барсан байхад нь гаргасан. 36 иргэнийг аварч хамгаалсан. Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор амарч зугаалах үедээ бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх аян есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Завьт эргүүлээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхэс гадна зориулалтын бус хийлдэг завиар, автомашины дугуйны дотуур хамер хүртэл ашиглаж амь насаа алдах тохиолдол гарч байсан. Эрсдэлтэй газруудад анхааруулах самбар байрлуулж ажиллана.
Зургаадугаар сар хур тунадас ихтэй сар байсан учраас гол, мөрний түвшин нэмэгдсэн. Долдугаар сар мөн бороо хур бороо ихтэй сар байх төлөвтэй байна" гэлээ.
ЦЕГ-аас мэдээлэхдээ "Гол анхааруулах зүйл бол хулгайн гэмт хэрэг. Өдөрт дунджаар арав орчим хулгайн хэрэг бүртгэдэг бол иргэд амарч зугаалах энэ үед хоёроос гурав дахин өсдөг. Жил бүрийн долоо, наймдугаар сард нэмэгддэг. Тиймээс эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлээрэй. Түүнчлэн гэр бүлээрээ энд тэнд явж байна гэж мэдээллээ цахим орчинд тараадаг. Гэрийнх нь хаяг байршлыг нь мэддэг шуналтай этгээдүүд үүнийг ашиглаж гэр оронд нь орох магадлал өндөр байдаг. Он гараад эхний зургаан сарын байдлаар 1400 орчим хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл байна. Тухайлбал, голд живж, өндрөөс унаж амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдэж байна. Энэ бол эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотой байна.
Мөн дэлхийн олон улсад судлагдсан нэг мэдээ бол дулааны улиралд хүүхэд гэнэтийн осолд өртөх нэг номерын аюул бол гол усанд осолдох. Тиймээс үүнд маш сайн анхаармаар байна. 3500 орчим цагдаагийн алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ. Мөн морьт, завьт эргүүл, оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нар ажиллана.
Жил бүрийн наадмаар 150 орчим хүүхэд эцэг эхээсээ төөрдөг. Тиймээс хүүхдийн гарт утасны дугаартай бугуйвч зүүлгэх арга хэмжээ авна. Эцэг эхчүүд мөн хүүхдээ гараасаа хөтөлж явах гэх мэтээр анхааралтай байхыг сануулж байна" гэлээ.
НЭМГ-аас мэдээлэхдээ "Өнгөрсөн 2021 оны амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 үзлэг хийж байсан байна. 9269 түргэн тусламжийн дуудлага ирж байсан. Энэ удаагийн баяр наадам удаан хугацаагаар үргэлжилж байна. Ковидын аюул тасраагүй байгаа. Тэгэхээр энэ амралтын өдрүүдэд үндсэн тусламж үйлчилгээнээс гадна цэнгэлдэх болон Хүй долоод ажиллах явуулын үзлэгийн цэг, вакцинжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.
Наршилтаас сэргийлэх, усанд осолдсон үеийн анхан шатны тусламж, харшил, гэмтэл ослоос сэргийлэх мэдээллүүдийг НЭМГ-аас цахим байдлаар олон нийтэд түгээж байна. Манай иргэд хорхог, айраг, сархад хэрэглэдэг. Эдгээр зүйлсийг давхар хэрэглэх нь нойр булчирхайн цочрол үүсгэдэг. Тиймээс хоол, ундаа тохируулж хэрэглэхийг санууж байна. Сүхбаатарын талбайн урд Шангриллагийн үүдэнд дархлаажуулалтын цэг ажиллана.
Яаралтай тусламжийн 14 цэг, 24 цагийн үйлчилгээтэй нэг цэг ажиллана. 128 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жижүүрийн эмч, сувилагч нар ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. хэвтүүлэн эмчлэх 17 эмнэлийн яаралтай тусламжийн тасаг ажиллана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.