СПОРТ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн зээрд хязаалан түрүүллээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлдэг уламжлалтай. Наадмын салхи хагалдаг хязаалан насанд газар газраас ирсэн 411 хурдан хүлэг бүртгүүлснээс 306 нь гарааны зурхай руу хөдөлсөн. Өөрөөр хэлбэл, 105 нь сэрвээний өндрөөсөө болж хасагдсан гэсэн үг юм.

Энэ насанд даагандаа төрийн наадам түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд мордсон. Улмаар хязаалан насны морьд барианы зурайд орж ирлээ.

  1. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Данзандоржийн Одхүүгийн зээрд хязаалан
  2. Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Ламжавын Пүрэвдоржийн хээр хязаалан
  3. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн уясан хээр үрээ
  4. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Туваанжавын Гантөмөрийн зээрд
  5. Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан зээрд

Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ. Хүй долоон худагт морины сэрвээний өндрийг хэмжих төхөөрөмж тавыг суурилуулан, шалгаж байна.

Мөн унаач хүүхдүүдийг хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд шалгаж урт бүс, урт суртай ташуур, шүгэл зэргийг хураалаа. Учир нь урт сураар бусад морьд, хүүхдүүдийг ташуурдах, бүсээ зориуд дэрвүүлж морьдыг үргээх, гэнэт шүгэлдэж морь, хүүхдийг цочоох зэргээр саад учруулдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button