СПОРТСурвалжилга, Нийтлэл

“ХУЙРНАН ШУУГИГЧ” аварга А.Даваабаатар: Давна шүү, Даваа минь

Уншигч та бүхэнтэйгээ энэ удаа бид “Хуйрнан шуугигч” хүүхдийн бөхийн барилдаанаар олонд танигдаж, бөх сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээгээд буй ах дүүс А.Даваабаатар, А.Дашням нарын гэр бүлийг танилцуулъя.

Өврөөрөө дүүрэн хүүхэдтэй П.Амгаланбаатарынх бөхөд дурласан найм, долоо, хоёр насны гурван хүүтэй. Тэднийг А.Даваабаатар, А.Дашням, А.Идэрхангай гэнэ.

Биднийг Амгаланбаатарынд зочлон очиход Аварга А.Даваабаатар дүү А.Дашнямынхаа хамт хичээлийн даалгавраа хийж сууснаа, “шинэ” хүмүүстэй танилцахаар хичээлээ орхин гүйлдэж ирэв. Ингээд бидний энгүүн бөгөөд хөгжилтэй, үнэнч, гэнэн цагаан, гэгээлэг яриа хөврөв.

А.Дашням
А.Даваабаатар

Хоёр настай бяцхан Идэрхангай хоёр ахыгаа юу хийсэн бүрийг дагах бөгөөд байсхийгээд л “Барилдъя, барилдъя” гэж дэвж, шавна. Хэлд орох гэж хэд гуравхан үг хэлж байгаагийн нэг нь “Барилдъя” гэх үг аж.

Бидний яриа А.Даваабаатар аваргыг жаахан байхдаа лам болохыг хүсдэг байсан тухай сонихон яриагаар эхлэв. Гэрийнхээ хойморт, бурхны хэсэгт өөрийн гэсэн жижиг номтой “Миний ном тэр байна” гэж заагаад, багадаа түүнийгээ лам аятай уншдаг, зурагтаар ном хурах цаг гарвал төвлөрч суугаад сонсдог байсан тухайгаа ярив. Бас тэд үндэсний бөхийн спортод яагаад дурладаг, дэвээ шаваа гэдгийг юу гэж ойлгодог, ямар мэхэнд дуртай, хэрхэн суралцдаг зэрэг олон сэдвээр ичингүйрэн бас бахархангуй ярилцлаа.

Энэ жил “Хуйрнан шуугигч” бөхийн тэмцээнд Дашням барилдах боломжтой бол Даваабаатарын нас нэвтрүүлгийн барилдааны хязгаарыг давсан тул гарчээ.

Аав П.Амгаланбаатар:

АНХНЫ БАРИЛДААНД НЬ “ХҮҮТЭЙ БОЛЛОО” ГЭЖ БЭЛГЭШЭЭН ХУДАЛДАЖ АВААД ХАДГАЛСАН ЗОДОГ ШУУДГАА ӨМСҮҮЛСЭН

-Юуны өмнө та өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ уншигчдад маань танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэврагчаагийн Амгаланбаатар гэдэг. Гарал маань Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Сүүлд л Улаанбаатар хотод ирсэн. Биеийн тамирын чиглэлээр эхлээд явж байгаад сүүлийн 14 жилийн жил уул уурхайн салбарт орж ажиллаж байгаа. Яг одоо Оюутолгой компанийн Засварын хэлтэст ээлжийн ахлах хийж байна. Би эхнэртэйгээ 2010 онд гэр бүлж, том хүү А.Даваабаатар маань 2011 онд мэндэлсэн. Одоо гурван сайхан хүүтэй. Эхний хоёр маань жил дараалаад гарчихсан. Гурав дахь хүү маань хоёр настай. Гэр бүлийн хүн маань Хөдөө аж ахуйн их сургууль төгсөж Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ноолуур судлалын лабораторид ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх чухал ажил хийж байгаа.

-Танай гэр бүл Монголынхоо ард түмэнд хүүхдүүдээрээ их сайн танигдсан шүү дээ. Бөхийн спортыг танайхаас салгаж ойлгохооргүй ч болж. Таны эсвэл таны гэр бүлийн хүний талаас бөхийн удам бий юу?

-Манай гэр бүлийн хүний өвөө нь Доржпалам гэдэг Сэлэнгэ аймгийн заан хүн байсан. Ээжийн минь аав нэгдлийн дарга хийдэг, нутаг усандаа нэр төртэй, хүндлэгдсэн сайхан хүн байсан гэдэг. Өвөө нь их эрт тэнгэрт буцсан болохоор бид тийм ч сайн мэдээлэлгүй байгаад хүүхдүүд ийм амжилт үзүүлээд ирэхэд нь л мэдэж авсан. Нутаг хошууных нь хүмүүс манай өвөөгийнхөөр очиж, нутгийнх нь бөхчүүд санаа оноогоо хэлэлцдэг, тэднийг ахалсан маягтай, хувийн зохион байгуулалт сайтай, манлайлагч хүн байсан юм уу даа гэж би ойлгосон.

-Хүүгээ анх барилдуулъя гэсэн шийдвэрийг хэрхэн гаргаж байв аа? Магадгүй аз байв уу?

-Би бөхөд их дуртай. Бөхөөр хичээллэж байсан ч үе бий. Хоёр хүүгээ мэдээ орох цагаас нь л хажууд нь бөхөө үзээд сууна. Хүүхдүүдээ жаахан том болоход нь хамт барилдана. Ингээд удалгүй “Хуйрнан шуугигч” гэж хүүхдийн барилдаан байдгийг мэдээд аваад очсон. Гэтэл эхний барилдаанд нэг даваад, хоёрын даваандаа уначихсан. Дараа нь ахиж барилдаад адилхан нэг даваан, хоёрын даваандаа өвдөг шороодлоо. Ингээд гурав дахь барилдаан дээрээсээ хүрэл медаль хүртэж, дөрөв дэх барилдаан дээрээ шууд түрүүлчихэв. Аав нь юу сонирхдог, түүнийг нь хүүхэд нь дуурайсан юм болов уу даа гэж боддог. Анхнаасаа л гайгүй барилдаад явчихсан. Өөрөө л авьяастай байсан шиг. Зарим хүүхдүүд нэлээд олон барилдаж байж медальд хүрч байгаа харагддаг. Бид хэдийн хувьд их л хурдан медальд хүрчихсэн, түүндээ ч их баярлаж, бахадсан.

-Хоёр хүүгээ хэн барилдаан руу нь хүргэх үү?

-Манай хүн л их зөөсөн дөө. Ээлжийн ажилтай болохоор би яваад өгнө. Удаагүй медаль авчихсан болохоор түүндээ ч урамшаад идэвхтэй байсан даа.

-Та хүүгийнхээ анхны зодог шуудгийг хэрхэн бэлдэж өгч байв? Эхнийх нь л тэмцээн дээр шууд зодог шуудагтай барилдуулсан уу?

-Тийм. Би өмнө нь зах дээр явж байгаад “Хүүтэй боллоо” гээд бэлгэшээгээд худалдаад авчихсан байсан юм. Анхны тэмцээндээ орохдоо шууд л түүнийгээ өмсөөд очсон. Тэмцээнд орж түрүүлэх болсноос хойш хүмүүс ч их зодог шуудаг өгдөг болсон. Нутгийн бөхийн холбоонооос ч зодог шуудаг өгөөд хоёр хүү маань хоёр гурван ч зодог шуудагтай болсон байна.

БӨХ БАЙХААС ӨМНӨ ХҮН БАЙХ, ДАРУУ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ

-Хоёр хүүгийнхээ барилдааныг үзээд сууж байхад таны ч санаанд оромгүй уран гоё барилдаан үзүүлдэг байх. Бөх сонирхогчийн хувьд, бөхийн аавын хувьд түрүүлэх бүрт нь ч сайхан мэдрэмж авдаг болов уу. Олон аавын мэдрэхийг хүсдэг тэр мэдрэмж ямар байдаг вэ? Та үгээр илэрхийлээч...

-Сайхан шүү дээ. Тэр тусмаа үзүүр түрүүнд барилдахад нь их догдолдог. Би ч бөхийг их шимтэж үздэг, дээр нь догдлол ихтэй хүн шүү дээ. Хоёр хүүгээ үзээд сууж байхдаа их ч догдолно. Үгээр тайлбарлахад их хэцүү. Огшсон мэдрэмж гэхүүдээ.

-Сонин сайхан мэхүүд төрмөл юм шиг хийдэг гэж хүмүүс ярилцдаг. Тэр бүрийг нь та зааж өгдөг үү? Эсвэл өөрсдөө сурчихсан байдаг уу?

-Би хүүхдүүдтэйгээ барилдахдаа үеийнх нь юм шиг барилдаад, аль болох хүссэн мэхийг нь хийлгэж, унахдаа унаж, давахдаа давж өгдөг. Хоёр хүү минь дэрсхэн, хоорондоо ганцхан насны зөрүүтэй болохоор бие биедээ мэх хийсээр, мэдрэмж их суучихсан шиг байна лээ. Өөрсдөө ч их дуртай болохоор сайн боддог. Ийшээ хазайвал хөлөө гишгэчихнэ, тэгвэл ингэнэ гээд л. Би ч хүүхдүүддээ угсраа мэх хийж бай, нэг мэхэнд унахгүй, үүнд нь хонгодоорой гэх мэтээр ерөнхий юм хэлж өгнө. Даваабаатар бол илүү их бодож, мэдрэмжээрээ барилддаг. Айхтар бэлтгэл сургуулилт хийж, хүнээр юм заалгаад байдаггүй.

-Хоёр хүү өөр өөрсдийн зан төлөв, барилдааны онцлогуудтай. Бөх сонирхогчийн хувьд та тэдний онцлогийг хэрхэн тодорхойлох уу?

-Нэг насны зөрүүтэй, нэг айлын хоёр хүүхэд гэхэд их өөр шүү. Даваабаатар их сэргэлэн, хурц, хараатай, хурдан сэтгэдэг, авхаалжтай, жавхаатай. Дашням хор шаргүй, тайван, өөрөө өөртөө их зөв байх гэдэг гүндүүгүй.  

-Спортод сэтгэлзүй их чухал. Тамирчид дэргэдээ сэтгэлзүйчтэй байх нь нийтлэг болж. Хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйчтэй байх одоогоор боломжгүй. Тиймээс өөрсдийнхөөрөө, цагаанаараа барилддаг шиг. Магадгүй сэтгэлзүйч нь аав ээж хоёр нь байдаг болов уу. Та хүүхдүүдээ барилдахаар гарахад нь юу хэлж зоригжуулдаг вэ?

-Сайн барилдаарай, миний хүү л гэдэг. Би ч өөр юм ярьдаггүй. Унасан хойноо хүүхдүүд их шаналдаг учраас элдэв юм хэлээд хэрэггүй. Спорт гэдэг ялалт, ялагдлын хослол учраас ялагдлаа гээд гундаж, уурлаад байх хэрэггүй гэж хоёр хүүдээ хэлдэг. Тэд өөрсдөө ч нэг унасан бол дараачийнх дээрээ алдаагаа засаж чаддаг. Тиймээс би тэдэнд үг хэлэхээсээ илүүтэй, өөрсдийнхөөр нь барилдуулдаг. Тэгээд ч намайг юм хэлэхээр бараг л хэрэгжүүлдэггүй юм /инээв. сурв/ Амьхандаа “тэгээрэй, ингээрэй” гээд л орилно. Тоодоггүй, өөрсдийнхөөрөө л барилдана даа.

Спортод мэдээж хор шар байна. Өөрөө өөртэйгөө тэмцэхээс өөр бусад элдэв муухай ааш зан сурчих вий гэж харин их анзаардаг. Бөх байхаас өмнө хүн байх, даруу байх талаас нь харин зааж зөвлөдөг. Хүүхдүүд маань ч харьцангуй гайгүй, муухай зангүй. Жаахан хүүхэдтэй барилдсан ч зөөлөн унагааж байгаа харагддаг. Давж, унахдаа гол нь биш. Дэвжээн дээр биеэ яаж авч явж байгаа байдал, яаж хүнийг хүндэлж байгаа, ямар хүмүүжил төлөвшилтэй, даруу төлөв байна гэдгийг нь илүү хардаг. Аав хүний хувьд үзүүрлэж, түрүүлэхэд нь баярлахаас илүү үүнийг нь харж баярладаг даа.

ХҮҮЕЭЭ, АВАРГЫН ААВ ЯВЖ БАЙНА ГЭДЭГ

-Уйлж, шаралхаж, шатах нь бага харагддаг. Магадгүй олны нүднээс далдуур сэтгэл хөдлөлөө гаргах уу?

-Дүү нь жаахан уйлдаг. Тэр тусмаа өмнө давж байсан хүүхдэдээ уначихвал уйлаад байдаг. Ах нь унахдаа уйлахгүй. Харин давчхаад элэг бүсээ тайлж байхдаа нулимс дуслуулж байгаа нь харагддаг. Нууцхан л уйлдаг.

-Хүүхдүүдийн барилдаан гэдэг аргагүй нэг тусдаа ертөнц болж. Томчууд, том бөхчүүл ч үздэг. Олон түрүүлсэн бөхөө “Аваргаа, аваргаа” гэж хүндэлдэг тийм нэг ертөнц.

-Тийм шүү. Аливаа спорт, энэ жүдо, үндэсний бөх гээд л жудаг ёсоо их сайн дагадаг. Даваабаатарыг очиход аав ээжүүд ч “аварга” гээд л, хүүхдүүд нь ч “аварга” гээд л дуудна. Хүүг үеийнх нь хүүхдүүд ч их хүндэлнэ. Өөрөө элдэв ааш зангүй болохоор ч тэрүү хүмүүс их сайн байдаг. Бөх хүүхдүүдийн аав ээжүүд хоорондоо их сайн найз нөхөд болцгоосон. Намайг чинь “Аваргын аав” гээд л хүндэлнэ /инээв сурв/. Яах аргагүй үндэсний бөхөд ямар дэг журам байдаг яг л тэр хүндлэл “Хуйрнан шуугигч”-ийн хүүхдүүд дотор бий.

-Хоёр хүүгийн тань үзүүлсэн мартагдахгүй барилдаануудаас та дурсахгүй юу?

-Ш.Уламбаяр начиныг сүүлд харцага болоход Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл хүндэтгэл үзүүлж, барилдаан зохион байгуулсан. Тэр үеэрээ багачуудаас Даваабаатар, Дашням хоёрыг нутгийн нэр гаргаж байгаа гээд, томчуудаас аймгийн арслан Мөнхтогтох, дундаас Мөнхтогтох нарыг ирж барилдаач гэж урилга өгсөн. Бид хэдийг яваад очтол хөдөөнийхөн айхтар бичиг баримт шалгахгүй оруулчихсан учир хоёр хүү том том хүүхдүүдтэй барилдлаа. Гэтэл хоёр хүү хоёр талаас барилдаж явсаар үзүүр түрүүнд гараад ирсэн. Ингээд ах нь түрүүлж, дүү нь үзүүрлэлээ. Ах дүү нар минь Тосонцэнгэлд байдаг учир бүгд л хөдөөнөөс сум руу орж ирээд хоёр хүүгийн барилдааныг үзсэн. Аав ээж ах дүү, нутгийн хүмүүс үзэж байхад хоёр хүү минь үзүүр түрүүнд гарч ирэхэд үнэхээр бахархсан. Энэ барилдаан хэзээ ч мартагдахгүй.

Бас цагаан сарын барилдаанаар нэг барилдав. Өнгөрсөн жил нь Хэнтийд болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлчихсэн байсан л даа. Гэтэл Хэнтийн хүүхдүүд ирсний дотор, өнгөрсөн жил хүүтэй хамт үзүүрлэсэн хүү ирсэн байв. Алдартан бөхийн дэвжээтэй хамтран зохион байгуулсан их ч том тэмцээн болж, хэвлэл мэдээллийн байгууллагууд ч ирсэн харагдсан. Энэ тэмцээнд үзүүр түрүүнд гарч ирээд, УАШТ-нд өмнө жил үзүүрлэсэн хүүхэдтэйгээ барилдаж түрүүлсэн. Сүүлд сонсохнээ тэр хүү Даваабаатараас хоёр ч нас ах хүүхэд байсан гэнэ лээ. Хүү өөрөө сандрахгүй, айхгүй, жавхаатай барилддаг нь сайхан.

-Том бөхчүүд бяцхан бөхчүүдээ хараад их өхөөрддөг юм билээ. Зарим нь барилдааныг нь таслахгүй үздэг ч гэдэг. Тааралдвал зааж сургах нь бий юу?

-Нээрэн, бөхчүүд их үздэг юм билээ. Заримдаа гадуур тааралдвал “Хөөх, аварга явж байна” гээд л бэлэг өгөх нь бий. Хамтдаа зургаа авхуулна. Саяхан бид хэд Хангай харцагаас очиж аавынх нь тариалсан тарвас худалдаж авсан юм. Тэгэхэд “Хамаагүй том хүүхэдтэй барилдаж болохгүй шүү” гэж хүүд захисан байсан.

-Бөхчүүд гэлтгүй бөх сонирхогчид ч хүүг нь хараад таньдаг байх?

-Тийм шүү. Би ч хөдөө гадаа ажлаа их явна. Хүүхдээр минь их таньдаг болчихож. “Хүүеээ, аваргын аав явж байна, зургаа даруулъя” ч гэнэ /инээв. сурв/ Хүүхдийн бөхийг шударга гоё барилдаан болдог гээд хүмүүс их дуртай юм билээ. Архангайд манай нэг ахынх бий. Тэнд барилдаан болох өдрийг тооцож, цагт нь тааруулаад мал хуйгаа зохицуулж, байхгүй байгаа нэгнээ дуудаж байгаад бөөнөөрөө зурагтынхаа өмнө яг суугаад үздэг гэсэн. Хүүг нэг долоо хоног өнжүүлчихээр утасдаад л “Яагаад сая барилдсангүй вэ, юу болоод байна аа” гээд л асууна. Хөдөө гадаа явж байгаад л хүмүүстэй яриа дэлгэвэл, Даваабаатарын талаар дуулгахаар “Чи чинь түрүүн хэлэхгүй яасан хүн бэ, аваргын аав байж шүү дээ” гээд л ярина.

-Тэр бүрт л хүүгээрээ, хүүхдүүдээрээ бахархах сэтгэл төрдөг байх даа?

-Бөх гэдэг ямар сайхан спорт болохыг мэдэрдэг. Энэ олон хүний хайр, итгэл хүндэтгэлийг хүлээсэн болохоор яаж ийгээд энэ хоёрыгоо бөх болгочихсон гэх хүсэл дотор минь байдаг.

А.Даваабаатар, А.Дашням нар:

ДАВНА ШҮҮ, ДАВАА МИНЬ

-Та хоёр уншигчдадаа өөрсдийгөө танилцуулахгүй юу? Хэн нь эхлээд өөрийгөө танилцуулмаар байна?

А.Дашням: Хэн нь ч байсан яахав /инээв. сурв/ Намайг Амгаланбаатарын Дашням гэдэг. Би 141 дүгээр сургуульд сурдаг. Одоо хоёрдугаар ангид сурдаг.

А.Даваабаатар: Намайг Амгаланбаатарын Даваабаатар гэдэг. Би найман настай. Орхон Хасу сургуулийн 3А ангид сурдаг.

-Хичээл эхлээд сургуульдаа явахад гоё байна уу?

А.Дашням: Жаахан дунд л байна.

-Та хоёр хэд сурч байна?

А.Дашням: Маш сайн сурч байгаа.

А.Даваабаатар: Гайгүй ээ.

-Бөхийн спортоор ийм багаасаа хичээллэж, олон амжилт үзүүлсэн байна. Та хоёр энэ спортын юунд ингэж дурладаг юм бэ?

А.Дашням: Надад барилдаан нь гоё. Барилдахын мэх нь гоё.

А.Даваабаатар: Давах нь гоё. Түрүүлэх бүр илүү гоё.

-Ямар ямар мэх хийх дуртай вэ?

А.Дашням: Хавирах, өмсөх, хутгах мэх хийх дуртай

А.Даваабаатар: Хутгах, хавирах, гар ачих мэх хийх дуртай.

-Түрүүлж чадахгүй үедээ өөртөө юу гэж хэлдэг вэ?

А.Даваабаатар: Давна шүү, Даваа минь гэж хэлдэг.

-Та хоёр бие биеийнхээ барилдааныг хэр их үздэг вэ?

А.Даваабаатар: “Хуйрнан шуугигч” гарч байх юм бол дуустал нь үздэг.

А.Дашням: Нэг их үздэггүй юмаа.

-Дүү нь чинийхээр хэр сайн барилддаг вэ?

А.Даваабаатар: Гайгүй.

БИД ХОЁР ЧУХАЛ БАРИЛДААН ДЭЭРЭЭ ААВЫН ЗААСАН МЭХИЙГ ХЭРЭГЛЭДЭГ

-Дүү нь барилдаан дээр ямар тактикууд дээр сайн байгаа харагддаг вэ?

А.Даваабаатар: Хавираа, гар ачаа хоёроо сайн хийгээд байдаг шиг санагддаг.

-Харин ах нь чиний хувьд хэр барилддаг шиг санагддаг вэ?

А.Дашням: Сайн шүү.

-Ах чинь ямар мэхэндээ сайн, ямар давуу талтай барилддаг гэж чи боддог вэ?

-А.Дашням: Мэх нь их сайн. Хавираагаараа л намайг давчхаад байдаг.

-Хамгийн сүүлд та хоёр хэзээ барилдав? Ямар барилдаан болсон бэ?

А.Даваабаатар: Есдүгээр сарын 13-нд барилдсан. Багануурт барилдаж түрүүлсэн.  30 гаруй хүүхэд байсан. Нэлээд хүч шавхаж барилдсан. Би эхлээд нэг даваад, уран барилдаан үзүүлтэл хоёр дахь барилдаандаа өрсөлдөгч рүүгээ хутгаад дайртал мордоод давчихсан. Би нэлээд сэтгэл дундуур. Гэтэл ахиад барилдаан гарч сайн өрсөлдөгчтэйгөө унаж, унагасаар гурав дөрөв тойрсон. Ингээд тав дахь барилдаан дээрээ хоёуланг нь даваад түрүүлсэн дээ. Сэтгэгдэл маш өндөр байсан.

-Дашням хэнд унаад үзүүрлэсэн бэ?

-Төгөлдөр. Хөлд ороод уначихсан.

-Барилдаж байхад юу хамгийн чухал гэж та хоёр бодож байна?

А.Дашням: Унагаах

А.Даваабаатар: Анхаарал чухал, барилдаанаа сайн харах.

-Барилдаж байгаа зарим бөхөө сайн мэддэг учир тактик боловсруулах уу?

А.Даваабаатар: Тийм. Харин анх барилдаж байгаа хүүхэдтэй их тонгойж барилддаг.Тэгээд л шууд золгоод бариад авдаг.

А.Дашням: Хамаагүй л барилдчихдаг шүү дээ. Хааяадаа л боддог.

-Та хоёр бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ? Хаанаас шинэ мэх сурч байна?

А.Даваабаатар: Зурагтаар бөх гарч байвал үздэг. Түүнээс сурдаг. Бас аав мэх зааж өгдөг. Бид гурав гэртээ их барилддаг.

А.Дашням: Заримдаа аав зааж өгнө, заримдаа зурагтаар үзнэ. Сүүлд аав гар таллах, хөл авах мэх зааж өгсөн.

-Шинэ сурсан мэх нь хэцүү байна уу? Сүүлийн барилдаанд хэрэгжүүлсэн үү?

А.Даваабаатар: Амархан. Бид хоёр чухал барилдаан дээрээ хэрэглэдэг. Гэртээ харин хамаагүй, энгийн л барилдчихдаг.

БИД ХОЁР ШУВУУ НИСЭХЭЭР ДУУРАЙЖ ДЭВДЭГ

-Та хоёрыг дэвээ, шаваа их сайхан хийдэг гэж үзэгчид нь хэлдэг юм билээ. Дэвээ шаваа гэж ер нь юу юм бэ?

А.Даваабаатар: Шувуу нисэж байгаа юм шиг л... Ингээд, ингээд /дэвж үзүүлэв. сурв/  л дэвдэг. Бид хоёр шувуу нисэхээр дуурайж дэвдэг. Зарим хүүхдүүд бас их гоё дэвж, шавдаг. Тэднээс заримдаа суралцдаг. Уран гоё хийхсэн гэж хүсдэг.

-Унасан үедээ Дашням өөртөө юу гэж хэлдэг вэ?

А.Дашням: Дашням аа, чи тэнэг юмдаа гэж боддог /инээв. сурв/

-Та хоёр анхныхаа барилдаануудыг санадаг уу?

А.Дашням: Санадаггүй ээ

А.Даваабаатар: Түрүүлж байснаа л санадаг.

-Анх түрүүлэхэд их сайхан санагдаж байсан уу?

А.Даваабаатар: Тийм. Нямбаярыг давж байж түрүүлж байсан юм.

(Нямбаяр нь А.Даваабаатарын дээд үед барилдаж байсан, олон сайхан даваатай бөх хүүхэд)

-Та хоёр унахаараа уйлдаг уу?

А.Даваабаатар: Энэ уйлдаг /Дашням руу заав. сурв/. Би уйлдаггүй.

-Чөлөөт цагаараа бөхөөс өөр юу хийх дуртай вэ?

А.Дашням: Бөх барилдах дуртай.

А.Даваабаатар: Бөх барилдахаас өөр гэж байна шүү дээ, Дашням аа. Бид хоёр гадаа гарч тоглох дуртай.

-Хэн нь сагс тоглох дуртай билээ.

А.Даваабаатар: Би дуртай.

-Та хоёрыг гадаа тоглож байхад чинь үеийн найзууд нь аварга байна гэж таньдаг уу?

А.Даваабаатар: Намайг таньдаггүй

А.Дашням: Намайг лав таньдаг. Ганцхан хүн таньсан.

ЖУДАГ ГЭЖ БИЕ БИЕНИЙГЭЭ ХАЙРЛАХ, ХАЙРЛАЖ УНАГААХЫГ ХЭЛДЭГ БАЙХ

-Хүндэлдэг бөхчүүдтэйгээ тааралдахад таниад, сайхан үгс хэлж байсан дурсамж бий юу?

А.Даваабаатар: Анар харцагатай нэг тааралдаж, хамтдаа зургаа авхуулж байсан. Бас Мөнхбат аваргатай Увсын 20 жилийн ойгоор хамт зургаа авахуулсан. Мөнхбат аварга, Батсуурь аварга хоёр үзүүр түрүүнд барилдсан. Намайг сайн барилдаарай гэсэн.

А.Дашням: Бас Хангай харцагатай тааралдсан.

А.Даваабаатар: Том хүүхэдтэй битгий барилдаарай гэж захисан.

-Хангай харцага чамд яагаад тэгж хэлсэн юм бол? Чи тэр үгийг нь юу гэж ойлгов?

А.Даваабаатар: Дээш явахгүй болчихно, зүрх нь зогсчихно гэж бодсон байх.

-Та хоёр том болоод бөх болно гэж боддог уу? Ямар хүн болно гэж мөрөөддөг вэ?

А.Дашням: Жүжигчин

-Хөөх, чи яг чадна аа, их гоё мэргэжил байна.  

А.Даваабаатар: Хааяа л бөх болно гэж боддог. Би сагсчин болно.

А.Дашням: Биш биш, би цагдаа болно.

-Аав ээж хоёр нь та хоёрыг барилдаж байгааг хараад мэдээж их баярладаг байх. Тэгж их баярлаж байгаа аав ээж хоёрыгоо харахаар ямар мэдрэмж төрдөг вэ?  

А.Даваабаатар: Аав ээж хоёрынхоо ачийг хариулж байгаа юм шиг санагддаг.

А.Дашням: Гоё санагддаг.

-Үзүүр түрүүнд хоёулаа үлдэж барилдаж байсан гэсэн. Тэр том барилдаанд хоёулхнаа тунаж үлдэхэд ямар байсан?

А.Дашням: Би унаад өгчихсөн.

-Өө, чи өөрөө унаад өгчихсөн юм уу?

А.Дашням: Тиймээ, би албаар унаад 100 мянган төгрөг авсан юм.

А.Даваабаатар: /инээв. сурв/

-Одоо та хоёр хэд хэдэн медальтай болсон байна?

А.Даваабаатар: 39 алтан медальтай, нийт 50 гаруй медаль байгаа.

А.Дашням: Хорин хэдэн медаль бий. Одоо би чамайг гүйцнэ дээ.

-Та хоёр Монгол бөхийн жудаг гэдгийг юу гэж ойлгодог вэ? Яаж барилдахсан, ямар бөх байхсан гэж хичээдэг вэ?

А.Даваабаатар: Би ихэнхдээ авч шиддэггүй, зөөлөн тавьдаг. Жудаг гэж бие биенийгээ хайрлах, хайрлаж унагаахыг хэлдэг байх.

А.Дашням: Би заримдаа аваад шидчихдэг. Заримдаа Даваабаатарыг аваад шидчихвэл зодуулдаг. Жудаг гэдгийн талаар толгойнд орж ирэхгүй байна, тайван бодсон ч орж ирэхгүй байна.

Ээж Н.Одгэрэл:

ДООД АЙЛ АААЯАДАА “АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА” ГЭЭД ХААЛГА ТОГШДОГ ШҮҮ

-Гурван сайхан хүүтэй, хоёр нь Монголын бөх сонирхогчдын хайр, хүндэтгэлийг хүлээлээ. Ийм жаахандаа амжилт үзүүлж яваа хүүхүүдээ харахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Сайхан барилдаад явж байхад нь маш их бахархдаг.

-Эх хүн өөрийгөө хоёрдугаарт тавьж, үр хүүхдээ нэгдүгээрт тавьж явдаг шүү дээ?

-Тиймээ, хаана л барилдаан байна, тэнд л хоёр хүүгээ дагаад явна.

-Та хүүхдүүдийнхээ авьяасыг хэзээ анх олж харав?

-Даваабаатар уг нь эхлээд лам болно гэж ярьдаг хүүхэд байсан. Байнга л “Ном хурах цаг үзнэ, номоо уншина” гэнэ. Аавыгаа ирсэн үед нь “Гандан оръё” гэсээр байнга л гандан орно.Удалгүй ийм барилдаан болдгийг нь олж мэдээд авч очсон. Өөрөө ч их сонирхсон. Дэрсхэн хоёр хүүхэд болохоор хоорондоо барилдсаар Дашням ч бөх сонирхдог болсон доо. Мэдрэмжтэй, авьяастай юм гэдгийг нь 2014 онд мэдсэн. Түүнээс хойш уйгагүй хүүхдүүдээ зөөж, барилдаан алгасаагүй.

-Бөх сонирхогч, бөхчүүдийн дунд амьдарч яваа ганц эмэгтэй. Одоо бөхийг гаргаахгүй болоо байхдаа?

-Тийм шүү /инээв. сурв/ Хүүгээ барилдахаас өмнө огт сонирхдоггүй байсан. Манай хүн бөх үзээд суухаар нь уурлангуй, дургүй. Удахгүй хүү ч барилддаг боллоо. Одоо зурагтаар бөх гарвал том жижиг, эр эмгүй сууж байгаад хамтдаа үзнэ.

-Хоёр настай хүү нь ч одоо барилдах гээд байдаг болсон уу?

-Хоёр ахыгаа барилдахаар л малгайг нь авч өмсөөд л “Барилдъя” гээд зогсчихдог болсон. Даваабаатарын хамгийн анх өмсөж байсан зодог шуудаг одоо таарч байгаа, түүнийг нь өмсөөд л, аав нь ч зодог шуудаг өмсөөд, энд дөрвөн зодог шуудагтай хүн л барилдана даа.

-Хамгийн дээд давхарт амьдардаг юм байна? Хүүхдүүд байнга барилдаад байхаар доод айлаас чих халууцуулж байна уу?

-Хуучин айл нь гайгүй байсан. Шинэ айл орж ирсэн.  Хааяадаа “Арай дэндэж байна” гээд хаалга тогшдог шүү /инээв. сурв/ Даваабаатар сагсанд дуртай болохоор аав нь төмөр шийд гагнаад өгчихсөн байсан, ядаж түүнийгээ авчхаад л сууна даа.

-Бидэнд цаг гарган сайхан яриа дэлгэсэн танай гэр бүлийнхэнд баярлалаа.

-Манайхаар зочилсон та нартаа ч мөн маш их баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тулгаа
Тулгаа
9 сар 28, 2019 10:47

Энэ хүү одоо бгаасаа их спортоор л явах хэрэгтэй дээ чөлөөт жудо гээд үндэсний бөхийн мэдрэмжтэй юм чинь сайхан суурь болно доо

Зочин
Зочин
9 сар 28, 2019 13:46

хайр хайр

Эгдүүнүүд
Эгдүүнүүд
9 сар 28, 2019 15:46

Бөхөөс өөр гэж байна штээ Дашнямаа гэнээ xD эгдүүтэй

Зочин
Зочин
9 сар 28, 2019 23:45

Ёстой хөөрхөн үзээд баймаар

uragsha
uragsha
9 сар 29, 2019 12:52

za eruul bval bolnodoo

Зочин
Зочин
9 сар 30, 2019 10:47

Энэ сайхан барилдааныг зохион байгуулж, үзэгч түмэнд хүргэдэг, хүүхдүүдийг ирээдүйн бөхийн ёс жудгаас эхлээд тэсвэр хатуужил, тэмцэлдэх чадварт сургадаг MNC телевизэд т�##�архаж байна:

zorigoo
zorigoo
10 сар 1, 2019 01:10

dvv nartaa ulam ih amjiltiig hvsyee.iim bagaasaa mongol buhiin judag ymar bh yostoig yrij baihad manai tom awarguud bodoj vlger jishee bolmoor l bgan.mun end ymarch nairaa bhgvi uran goyo barildaan boldog uchraas ed nariigaa vzeh durtai shvv

gouppp
gouppp
10 сар 6, 2019 03:24

* Сайн байна уу, бүгд яаж намайг олж авсан тухайгаа маш сайн мэдүүлгээ өгч байгаадаа баяртай байна
Хотын банкны менежер хийдэг ОЛИВЕР-аас миний хүсэх зээлийн хэмжээ
Компани, би энэ боломжийг хурдан ашиглан бүх дэлхийд мэдэгдэхийг хүсч байна
үүнээс би Улаанбаатар хотоос Гүнжаажанцангийн МСУХ-ны Энхжарг�##�, зээл авахаар хайж байсан
өөрийн бизнесийг дэмжих зардлаар өөрийн бизнесээ эхлүүлэх, тиймээс би явсан
хуурч байгаа зарим зээлдүүлэгчтэй уулзах үед онлайн зээл хайх
миний тэр үед жаахан мөнгөө үрэн таран хийж эргэлзэж үгүй ​​хийж байсан
бага мөнгөтэй байсан тул би одоо юу хийхээ ч мэдэхгүй байна
өөрсдийгөө жинхэнэ зээл гэж нэрлэдэг хуурамч новшнууд авав
зээлдүүлэгчид, Тиймээс би интернетээр аялж байхдаа нэгэн итгэлтэй өдөр
ажил хайж байхдаа форум дээр бичсэн зарим гэрчлэлийг олж мэдлээ
нэг хатагтай Катика, хатагтай Моника нар хотоос зээлээ хэрхэн авдаг т�##�аар ярилцлаа
банкны компанийн и-мэйл хаяг: ([email protected]) ([email protected])
Тиймээс би маш их айж байсан тул энэ шүүх хурлыг заав�##� өгөх ёстой гэж өөртөө хэлсэн
бусад зээлдүүлэгчид надтай харьцахад би түүний өмнө очсон
Форум дахь сэтгэгдэлд орсон хувийн и-мэйл хаяг, би түүнтэй холбоо барьсан бөгөөд түүний компаниас зээл авсан зарим үйлчлүүлэгчид, ноён Адам, хатагтай Моника Луис нарыг хүлээн авсан гэж мэдэгдэж, түүнтэй уулзаж ярилцахыг хүссэн юм. үүнд би их баяртай байсан
би хүссэн зээлийнхээ хэмжээг авах боломжтой зөв компанид байгаа. Тэд надад зээлдэгчийн зээлийн өргөдлийн маягтыг бөглөж, буцааж өгөхийг хүссэн. Би тэдэнд өөрийнхөө тухай бүх мэдээллийг өгсөн болно. Тиймээс надад нөхцөл, болзлыг нь өгсөн. тэдний компанийн бүх зүйл ямар ч саат�##�гүй, 24 цаг хүрэхгүй хугацаанд миний зээлийн хүчинтэй дүн (18,392,620,893.74 төгрөг) байгааг надад мэдэгдсэн.
 бүртгүүлж, зээлийн зөвлөлөөрөө батлуулсан болно
итгэмжлэгдсэн төлөөлөгч, Тийм учраас тэр үед би тэдэнд банкны дэлгэрэнгүй мэдээлэлээр илгээх хэрэгтэй гэж хэлэхэд би их баяртай байсан. Гэхдээ би ийм зүйлд бага зэрэг эргэлзэж байсан тул энэ зээлдүүлэгч Ноён УВАРУ-д итгэж, итгэж байгаагаа хэлсэн. банкны дансаараа гайхахаар миний банкнаас хүлээн авч, анхааруулга өгдөг
дүнг миний данснаас хуримтлуулсан болно
(18,392,620,893.74 төгрөг)
Зээлийн сануулга
Данс: ** 1027
Тоо: (18,392,620,893.74 төгрөг)
Тайлбар: CS DP BY UWERU
Огноо: 05 / СЭДЭВ / 2019 18:09
Үлдэгдэл: N 1700,000,341.45CR
Онлайн гүйлгээгээ хий
Мэдээлэгчдэд зориулсан EMAIL US @ @ ([email protected]). ([email protected])

 Тиймээс би зээлээ авсан гэдгээ яар�##�тай и-мэйлээр мэдэгдээрэй
Амжилттай ажилласан Ах дүү нар аа. Зээлийн жинхэнэ компанийг хайж байгаа хэвээр байгаа. Би ноён Абрахамтай эелдэг харьцахыг зөвлөж байна
ижил И-мэйл: ([email protected].) ([email protected]), мөн тэр таны хүссэн зээлийн хэмжээг авахад тань тус�##�на гэдгийг би мэдэж байна, Э-мэйлээр
өнөөдөр, та хийсэн зүйлдээ баяртай байх болно. Улаанбаатар хотын Гүнжаанцангийн Энхжарг�##�

Бпх
Бпх
5 сар 15, 2023 20:55

Бөшчүүд ээ! Монгол бөхийн барилдаан ямар байдгийг үзье гэвэл энэ хүүгийн барилдааныг үзээрэй.

Бөх
Бөх
5 сар 15, 2023 20:56

Бөхчүүд ээ! Монгол бөхийн барилдаан ямар байдгийг үзье гэвэл энэ хүүгийн барилдааныг үзээрэй.

Холбоотой мэдээ

Back to top button