"Тэнгис": Эхлүүллээ

Сэтгүүл зүйн бүтээл хатуу бас хөнгөн болж байна. Сэтгүүлчийн эргэцүүлэл, бодрол, мэдрэмж үнэгүйдсээр л. Зарим хүн “Уран зохиолоос сэтгүүл зүйд хөл тавигсад энэ салбарыг гажуудуулсан” гэнэ. “Үеэ өнгөрөөгчид уянгалж л чадна. Одоо уянга хэрэггүй” ч гэнэ. Дата анализад суурилсан, бичвэр багатай, бүдүүвч дийлсэн... Энэ л тренд болж, ийм сэтгүүлчид моодонд орж байна.
Тэгвэл, эсээ сэтгүүл зүйн бүтээлийн төрөлд орох болов уу. Зохиолч Г.Аюурзана “Нэг нь баримт, нөгөө нь эргэцүүлэл голлодог болохоос бичлэгийн хэлбэр нь адилхан” гэжээ. Харин Л.Өлзийтөгс “Сэтгүүл зүйн эсээ уран зохиолын эсээнээс аль эрт салсан. Харин уран зохиолын эсээ сэтгүүл зүйн эсээ болж чаддаг” гэсэн байх юм.
Зүгээр л эргэцүүлэл, бодрол, мэдрэмж уншин сэтгэлээ дүүргэх, тэгж чөлөөлөгдөх, тийм нэг орон зайд хэсэг зуур саатах хэрэгцээ өнөөгийн хүмүүсээс холдон одохгүй л болов уу. Энэ нь баримтад түшиглээд, мэдрэмжээр сүлж, эргэцүүллээр хэлбэржиж байвал сэтгүүл зүйн шинэлэг, эрэлт хэрэгцээ бүхий төрөл болох боломжтой ч юм шиг. Үзэл бодлоос аль болох ангид байх нь сэтгүүл зүйн салбарыг аврах ч дахин дахин давтаад буй мэдрэмж, эргэцүүлэл гээчээс холдох аргагүй.
Нөгөө талаар эсээ гэдэг ийм төрлөөр дамжуулж, ямар ч сэдвийг баримт, эш таталгүйгээр сэрхийтэл хөндөж, хүрч, нөлөөлж чадна гэлтэй. Цаг үе нь орхин одсоор буй юм шиг мөртлөө үг бол үг, бичвэр бол бичвэр. Тэр үл хуучрах шинж чанартай аж. Хүний сэтгэл ч, мэдрэмж ч тэр ижил. Ялангуяа хүний мөн чанар үл өөрчлөгдөх зүй тогтолтой.
Товчхондоо, улам бүр мэргэжлийн, цаг үеэ дагасан сэтгүүл зүй хийхээр хичээж байгаа ч ийм орон зайг таягдаж хаяхыг хүссэнгүй. Тийм болохоор заавал сэтгүүл зүйн бичвэрийн төрөлд хамааруулах, дөхөж очуулах, тэгж хэлбэржүүлэхийг ч хичээхгүй. Энд хүний ертөнцийн дотоод, гадаад хязгааргүй хүрээний сэдэв хөндөгдөх боломжтой. Тэгэхээр, өнөөдрөөс эхлэн “Тэнгис: ...” хэмээн үргэлжлэх цуврал эсээний булангаа эхлүүллээ. Зорилго нь, хүмүүс улам хатуу болчих вий, бүхнийг материалд хайрцаглан дотоод мэдрэмж, эргэцүүллийг чухалчлахаа байх вий гэсэн эмзэглэлээс үүдсэн юм. Бас бичвэр хэзээ ч үнэгүйдэхгүй гэсэн хувь миний итгэл үнэмшил хүнд жин дарсан билээ.
Цас ороход цасны тухай. Улс төрчид төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулж, ил тод мэдээллийг нуун дарагдуулж байвал бас энэ тухай. Заримдаа зүгээр л мэдрэмжээ, заримдаа зүгээр л олж авсан баримтаа. Зүгээр л гудамжаар алхахдаа хараад өнгөрсөн дүр зургаа, ярилцагчаасаа тээж үлдсэн дурсамжаа, түүний өгчилгөсөн бодролыг бичнэ. Харин өнөөдөр зүгээр л эхлүүлж буй тухайгаа бичлээ. Цаашид сонин сайхан эргэцүүлэл, бодрол, гол нь мэдрэмжээр уулзъя.
Өлгөмж: “Тэнгис” булан Eguur.mn сайтын бүтээдэг контент, тэдгээрийн хэм хэмжээг төлөөлөхгүй бөгөөд манай редакц улам бүр мэргэжлийн байх, баримтыг үзэл бодлоос тусгаарлахаар ажиллаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд, энэ бол хараат бус, хэвлэн нийтлэх орон зай. Иймийн тулд энэ буланг сэтгүүл зүйн бүтээлийн стандартад нийцүүлэх нь зорилго биш бөгөөд эхэнд дурдсанчлан мэдрэмж, эргэцүүллийг чухалчилсан, дутуу орон зайг нөхөх нэгэн оролдлого юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daraa daraagiin bichveruudiig n tesen ydan huleej baiy
Амжилт хүсье.