Гемодиалезид ордог ч хүүхэдтэй болсон анхны эмэгтэй: Үхсэн ч гомдолгүй гэж гарын үсэг зураад охиноо төрүүллээ

Түүнийг Очбаярын Номин гэдэг. Одоо 23 настай, шинэхэн ээж. Тэрбээр есөн настайдаа бөөрний гломерулонефрит гэх оношоор оношлогдсон юм. Тодруулбал, энэ оношоор оношлогдсон тохиолдолд яваандаа бөөр солиулах эсвэл диализын аппаратанд орохоос өөр сонголтгүй болдог байна. Диалаз эмчилгээ нь бөөрний өвчин эцсийн шатандаа орсон хүнд хийдэг бөөр орлуулах эмчилгээ бөгөөд энэ эмчилгээнд ордог эмэгтэй хүн жирэмсэн болох, хүүхэд төрүүлэх боломжгүй аж.
О.Номингийн хувьд жилийн өмнөөс энэ эмчилгээнд орж хүүхэдтэй болох итгэл найдвараа алдаад байсан төдийгүй түүнийг 12 настай байхаас эхлэн эмч нар нь жирэмсэн болж болохгүй, хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгийг нь сануулж, зөвлөдөг байжээ. Гэвч тэрбээр жирэмсэн болоод зогсохгүй хүүхдээ эсэн мэнд төрүүлээд удаагүй байгаа юм. Энэ тохиолдол манай улсын хувьд анхных бөгөөд дэлхий нийтэд ердөө дөчин л ийм тохиолдол бий.
Бид түүнийг тантай уулзуулахын сацуу эх, хүүхэд хоёрыг эсэн мэнд уулзахад хамгийн их хичээл зүтгэл гаргасан эмнэлгийн багийн төлөөлөл болгож МУ-ын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Гэплийн Ганхуягийг уулзуулж байна.
-Жирэмсэн болсон гэдгээ мэдээд бүхнээрээ хамгаалаад, төрүүлнэ дээ л гэж бодсон–

-Хүүхдээ өлгийдөж аваад хэд хонож байна, хүүтэй болсон уу, охинтой болсон уу?
–Арванхоёрдугаар сарын 22-нд төрсөн. Төрөөд 19 хонож байна. 2,600 гр охинтой болсон.
-Жирэмсэн болсон гэдгээ анх хэзээ мэдэв?
-Диализд орсон үед эмэгтэй хүний сарын тэмдэг нь ирэхээ больчихдог. Тийм учраас жирэмсэн болох магадлал маш бага байдаг. Анх диализд орж эхэлсэн үеийн эхний хоёр сар миний сарын тэмдэг ирээгүй. Харин дараагийн хоёр сард нь ирээд ахиж ирэхээ больчихсон юм. Тэр үед жирэмсэн болсон гэж бодохгүй диализаас болоод гэж ойлгосон. Тэгсэн хэрнээ хордлоготой, хонины мах үнэрлэж чадахгүй тийм байдалтай хэсэг хугацаанд явсан. Манай эмч намайг харчихаад чиний хордлого гүйцэд сайн буухгүй байна аа, цөснөөс шалтгаалж байгаа байж магадгүй цөсөө эход харуулчих гэсэн юм. Тэгээд яг дотрын эход харуултал эмч нь намайг жирэмсэн болсон байна гэдгийг хэлсэн. Тэр үедээ бол эмч нар зөвшөөрөхгүй байх даа гэдгээс их айж байсан. Өөрөөр бол анх мэдсэн тэр өдрөөсөө л төрүүлэхийг маш их хүссэн. Тухайн үеийн мэдрэмж үнэхээр сайхан. Бүхнээрээ хамгаална даа л гэж бодсон. Яагаад гэвэл эмч нарын зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан. Тэр үед хүүхэд маань аль хэдийнэ хоёр сартай болчихсон байж билээ.
-Эмч нар нь хэр зэрэг эсэргүүцсэн бэ?
-Диализын хяналтын эмч маань үгүй ээ, амь насанд аюултай гэсэн. Харин амбулторийн эмч маань төрүүлье, үзээд алдъя гэж хэлсэн. Гэхдээ төрүүлнэ гэж амлаж чадахгүй, Монголд ийм тохиолдол байхгүй. Хүүхэд нь том хоёр сартай болчихсон учраас үзээд алдъя. Диализын үед хүүхэд нь ээжийнхээ биед дасан зохицож чадахгүй, өсөлтгүй болох эрсдэл өндөр байдаг учраас чадах хүртлээ л явъя гэсэн. Ингээд л эмчтэйгээ ярьж зөвлөөд эхэлсэн дээ.
-12 настай бага байхаас л эмч нар “Чи жирэмсэн болж болохгүй, хүүхэдтэй болж чадахгүй шүү” гэж хэлдэг байсан–

-Охиноо тээж байх хугацаанд биед нь ямар нэгэн өөрчлөлт, хүндрэл гарсан уу?
-Эмч нарын хяналт маш сайн байсан учраас тэднийхээ зөвлөгөөгөөр сүйдтэй юм мэдрээгүй ээ. Гайгүй байсан. Тодорхой хэмжээнд даралт ихсэх, цус багадах зэрэг өөрчлөлтүүд л. Мөн цус сэлбүүлэх шаардлага үүссэн. Хүүхэд эхийн биенээс өөр цусны бүлэгтэй бол цус задрах эрсдэлтэй гэж үзсэн юм. Энэ даваа бүрийг сайн эмч нарынхаа буянаар саадгүй даваад гарсан даа.
-Охин болон таны биеийн байдал одоо сайн байгаа юу?
-Миний хувьд диализын аппаратандаа орж байгаа болохоор жаахан хямарч байгаа. Жишээ нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг хориглодог гээд л хоолны дэглэм чухал байгаа. Харин охины маань бие бол маш сайн байна.
-Жирэмсэн болох боломжгүй, болохгүй гэж эмч нар хэзээнээс хэлдэг байсан юм бол?
-Анх есөн настайдаа, 2007 онд оношлогдож байсан. Гломерулонефрит оношоор оношлогдсон бол яваандаа бөөр солиулдаг эсвэл диализд ордог. Намайг 12 настай бага байхаас л эмч нар “Чи жирэмсэн болж болохгүй, хүүхэдтэй болж чадахгүй шүү” гэж хэлдэг байсан. Тухайн үед би ЭХЭМҮТ-ийн хаяналтад байж байгаад том болоод гуравдугаар эмнэлэг рүү шилжсэн. Тэр үед ч гуравдугаар эмнэлгийн эмч нар жирэмсэн болж болохгүй шүү гэж байнга хэлдэг байлаа.
Би диализд орохгүйгээр өвчнөө хүндрүүрэхгүй 14 жил явсан ч өмнө жилийн арванхоёрдугаар сараас орж эхэлсэн.
-Та хүүхдээ тээж, төрүүлэх шийдвэр гаргахдаа “Би үхсэн ч харамсахгүй, гомдолгүй” гэдэг гарын үсэг зурсан гэсэн?
-Тэгсэн. Жирэмсэн гэдгээ мэдээд диализын эмч нартаа хэлэхэд нэг эмч нь зөвшөөрөөд нөгөө эмч нь эсэргүүцсэн. Нэг эмч маань дэмжсэн учраас төрүүлье гэж шийдээд хяналтад орохоор үндсэн харьяаллынхаа дагуу өрхийн эмнэлэгт очтол зөвшөөрөөгүй. Харин түр оршин сууж байгаа газрын өрхийн эмнэлэг маань хүлээж авсан. Ингэхдээ таны шийдвэр учраас хүндэлж байна. Гэхдээ та амь нас эрсэдсэн ч гэсэн гомдолгүй гэдэг ар гэрийн чинь зөвшөөрөл байх ёстой гэсэн.
Үүний дагуу диализын эмч маань жирэмснийг цааш үргэлжлүүлнэ гэдэг гарын үсэг зураад, түүн дээр манай гэрийнхэн гомдолгүй гэдгээ илэрхийлж манай эгч, нөхөр бид гурав гарын үсгээ зурж өгсөн.
–Нөхөр маань чамайг хэзээ ч орхихгүй, эцсийг нь хамтдаа үзнэ гээд дэргэд үлдсэн–

Ханийнхаа тухайд юу гэж хэлэх вэ. Хамтдаа том давааг давж чадлаа шүү дээ?
–Бид хоёр анх 2021 онд танилцаж байсан. Танилцаад удаагүй байх үедээ би ийм оноштой, эмч нар намайг хүүхэдтэй болох боломжгүй гэдэг ээ. Хэрвээ чи олон хүүхэдтэй болоод өнөр өтгөн айл гэр болж амьдрахыг хүсдэг бол хоёулаа эрт больсон нь дээр. Харин ганц надтай л амьдраад болно гэвэл энэ харилцаагаа цааш үргэлжлүүлье гээд хэлж байсан юм. Тэгэхэд манай нөхөр, би яг итгэлтэй байна аа, чамтай эцсийг нь хүртэл хамт явна гэж хэлсэн.
Диализд орсныхоо дараа би дахиад л хэлсэн. Одоо хүүхэдтэй болж бүр чадахааргүй боллоо, найдлага тасарлаа. Тийм учраас би чамд дахиад сонголтыг өгч байна аа гэхэд салахгүй ээ, чид бид хоёрт хүүхэд өргөж авах, тээгч эх хөлслөх гээд боломжууд байгаа шүү дээ гээд дэргэд үлдсэн. Тэр өдрөөс хойш хэдхэн сарын дараа яг л бэлэг шиг охин минь ирсэн.
-Охинтой болоод илүү их хүч, эдгэрэх, эрүүл болох урам авсан гэж ойлгож байна. Хамгийн ойрын зорилгоо хэлээч?
–Ойрын том зорилго бол донор олох л байна даа. Бөөр шилжүүлэн суулгуулчихвал нэг бөөртэй ажиллаад эхлэхээр энгийн хүн шиг хөдөлмөрлөж, нөхөртэй дэм болж чадна. Учир нь диализд долоо хоногийн гурван өдөр дөрвөн цагаар орохоор ямар ч ажил хийх боломж гардаггүй. Тиймээс бөөрөө солиулаад мэргэжлээрээ ажиллаж ханьтайгаа хамт охиныхоо төлөө зүтгэнэ ээ.
-Донорын олдоц нь хэр байдаг юм бол?
-Тархины үхжилттэй буюу амьгүй донор олдоход уддаг. Хамгийн багадаа 2-3 жил хүлээх шаардлагатай. Одоогийн байдлаар хүлээлгийн жагсаалтад орчихсон байгаа. Нарийн шинжилгээ өгчихсөн байдаг учраас таарахыг нь дарааллын дагуу дээрээс нь дуудаад явдаг. Донор олдчихвол хагалгааг нь манай улсад үнэгүй хийнэ. Хэрвээ амьгүй донороос үгүй гэвэл хамаатан саднуудаасаа донор олж болдог.
О.Номинг хүүхдээ төрүүлэхийг дэмжсэн МУ-ын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Гэплийн Ганхуяг эмч түүний тухай болон бөөрний архаг өвчлөл, түүгээр өвдсөн хүмүүс, диализийн аппарат эмчилгээний талаар ийн ярилаа.
–О.Номингийн энэ төрөлт Монголд анх удаагийнх–

-Танай тасагт эмчлүүлдэг Номингийн тухай ярихгүй юу, хэзээнээс диализын аппаратад орох болсон бэ?
-Манай үйлчлүүлэгч Н-ийн хувьд одоо 23 настай, эмэгтэй. Энэ хүүхдийн бөөр долоон наснаас нь эхлэж өвдсөн. Бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэлтэй. Энэ архаг үрэвсэл нь шээсээр уураг алдаад, хавагнаад, даралт нь ихсээд удаан хугацаанд явахаар өвчлөлийнхөө хувьд 15-20 жилийн дараа бөөрний архаг дутагдалт оруулдаг. Архаг дутагдалд орсноороо бөөрний аппаратад орохоос өөр аргагүй зайлшгүй шаардлага үүсдэг. Тиймээс бид диализд авч эхэлсэн.
-Оны өмнө хүүхэд төрүүлсэн юм билээ. Уг нь ийм оноштой хүмүүсийг хатуу хориглодог, амь насанд нь эрсдэлтэй, боломжгүй гэж үздэг шүү дээ?
-Энэ эмэгтэй өөрөө их азтай. Учир нь дэлхий нийтэд буюу Канадад, Америкт, Хятадад, Орост энэ тохиолдол маш ховор байдаг. Яагаад гэвэл бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй, архаг дутагдалтай хүн жирэмсэн болох тохиолдол мөн л маш ховор. Жирэмсэлсэн ч ураг нь бүтэх магадлал бүр бага байдаг.
Бидний зүгээс хяналтыг зөв зохистой явуулснаар эсэн мэнд төрж эх хүн болох хувь заяаг нь тэврүүлсэндээ баяртай байгаа. Бидэнтэй хамтарч ажилласан Улаанбаатар мед эмнэлгийн гемодиализын тасгийн эмч Энхбаяр, сувилагч А.Наранбаяр, техникч Ганзориг болон ар гэрийнхэн нь маш сайн дэмжиж өгсөн.
Мөн бидэнтэй ЭХЭМҮТ-ийн эмч Хишигжаргал, хяналтад авсан эмч Мөнхбат болон дотрын зөвлөх Сэлэнгээ эмчдээ баярлалаа гэж хэлэх байна.
-Манай улсын анхны тохиолдол гэсэн, үнэн үү?
Бид дэлхийд үүнтэй адил тохиолдол хэр олон байдаг тухай ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний сэдэв, өгүүлэл зэргийг уншиж багагүй судалж үзсэн. Дэлхийн хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд ердөө 40 хүн л төрсөн байна. Харин энэ тохиолдол Монгол Улсын хувьд анхных болж бүртгэгдэж байгаа юм.
-Хүүхдээ төрүүлэхийг нь зөвшөөрөх болсон шалтгааныг асууж болох уу?
-Урд нь нэг удаа жирэмсэн болж байсан ч хоёр сартайдаа ураг нь бүтээд зулбаж байсан. Энэ удаагийн жирэмслэлтийн үед бид нэлээд удаан ажигласан. Тодруулбал, эхлээд гурван сартай болог түүний дараа диализыг ингэж удирдана гээд удирдамжийн дагуу ажилласан. Мөн тухайн хүн маань долоон хоногт стандартын дагуу гурван удаа ордог байсан бол жирэмсэн болсноосоо хойш 4-5 удаа болж нэмэгдсэн. Хамгийн гол нь бид зөв чиглүүлж л чадсан гэж хэлэх байна. Бусдаар бол хүүхэдтэй болох үгүй нь хүний эрх шүү дээ. Манай улс диализд орж байгаа өвчтөнүүдэд даатгалаас мөнгийг нь олгодог болсон. Нэг удаа ороход 165,000 төгрөг болдог.
-Диалаз эмчилгээ гэдэг бөөрний өвчин нь эцсийн шатандаа орсон хүнд хийдэг бөөр орлуулах эмчилгээ–

-Үргэжлүүлэн энэ өвчин болоод эмчилгээний талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юу. Диализ гэдэг үгээс эхэлье?
-Гемодеализ гэдэг нь бөөр орлуулах гэсэн үг. Өөрөөр хэлбэл бөөрний шүүх ёстой хортой бодисыг шүүх эмчилгээг явуулж байдаг. Анх 1890-ээд оны сүүлээр дайны үед шархадсан, бөөр нь эндсэн хүмүүсийг эмчлэх зорилгоор анх нээсэн гэж үздэг.
Монгол Улсад диализын аппаратыг анх 1976 онд нээсэн. Диалаз эмчилгээ гэдэг маань бөөрний өвчин нь эцсийн шатандаа орсон хүнд хийдэг бөөр орлуулах эмчилгээ гэсэн үг. Тухайн хүний хоёр бөөр хоёулаа нэг минутад 100 мл цус шүүж байх ёстой. Гэтэл нэг минутад 10 мл ээс доош цус шүүж эхлэвэл цусанд нь шээс хурчихдаг. Тэрхүү хурсан цусыг шүүх зорилгоор энэ эмчилгээг хийдэг гэж энгийнээр ойлгож болно. Үүнийг бид бөөр орлуулах буюу гемодиализ эмчилгээ гэж нэрлэдэг.
-Бөөр бүрэн эмчлэгдэх боломжгүй болсон гэж ойлгож болох уу, орлуулдаг гэхээр?
-Мэргэжлийн хүний хувь хэлэхэд, бөөрний өвчин өөрөө олон янз. Бөөрний өвчний төгсгөлийн шат нь бөөрний архаг дутагдал. Энэ архаг дутагдлыг эмчилдэг шат дараалсан гурван эмчилгээ бий.
1. Эмийн эмчилгээ
2. Бөөр орлуулах эмчилгээ
3. Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ
Манай улсын бөөр судлалын анагаах ухаан маань дэлхийн хэмжээнд хүртэл хөгжсөн. Учир нь бид анх 1996 онд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжиллтай хийсэн. Харин 2006 онд бөөр шилжүүлэн суулгах үндэсний албан ёсны багтай болсон. Бид 2000 онд бөөрний өвчний нас баралтаар дэлхийд гуравдугаарт ордог байсан. Харин одоо тавдугаарт жагсаж байна. Тэгэхээр биднийг амжилттай яваа анагаах ухааны нэг салбар гэж ойлгож болно.
-Иргэд бөөр өвдлөө гэдэг нэрийдлээр эмийн сангаас эмчийн зөвшөөрөлгүй антибиотик авч уудаг.Тэр үедээ зүгээр гэж боддог ч архагшуулж байгаагаа мэддэггүй–
-Диалазын аппаратад орж байгаа нь аврагдаж буй хэлбэр гэж ойлгож болох уу?
-Тийм. Амь нас нь аврагдаж, амьдралын чанар нь сайжирч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл диализд тогтмол ороод байвал амьдраад байна л гэж ойлгох хэрэгтэй.
-Энэ аппаратны хүрэлцээ манай улсад хэр байдаг вэ. Мөн энэ аппаратад ордог хэдэн хүн байна?
-2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 250 аппарат, 1200 хүн орж байсан. Харин 2022 оны арванхоёрдугаар сарын 01-ны байдлаар 1350 хүнтэй, 280-аад аппараттай болсон байна. Дэлхийн жишгээр бол гурван сая хүн амд 500 ширхэг байх ёстой юм. Тэгэхээр хүрэлцээ муу гэсэн үг. Энэ диализд орж чадахгүй нас барж байгаа олон хүн бий шүү дээ.
-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаануудыг дурдвал?
-Чихрийн шижин, буруу хооллолт, амьдралын хэв маяг, архи тамхины хэрэглээ, илүүдэл жин зэрэг эдгээр шалтгаан нөлөөлж байна. Өмнө нь бөөрний өөрийнх нь түүдгэнцэлийн үрэвсэл нэгдүгээрт ордог байсан. Харин одоо өөр.
Жил ирэх тусам бөөрний архаг үрэвсэлтэй хүний тоо нэмэгдсээр байна. Өргөн хүрээнд авч үзвэл үүнд нийгэм, эдийн засгийн байдал нөлөөлж байгаа. Мөн хувь хүний эрүүл мэндийн боловсролын асуудал маш чухлаар яригдана. Учир нь энэ өвчнөөр манай улсын долоон хүн тутмын нэг нь шаналж байна.
Нөгөөтэйгүүр манайхан нуруу, бөөр өвдлөө гэж их ярьдаг. Энэ тохиолдолд бөөрний өвчин мөн эсэхийг үзүүлж тогтоох ёстой. Үүнтэй уялдаад дур мэдэж эм авч уудаг байдалд хяналт тавьж бодлогоор зохицуулалт хийх нэн шаардлага үүсээд байгаа. Яагаад гэвэл манай иргэд бөөр өвдлөө гэдэг нэрийдлээр эмийн сангаас эмчийн зөвшөөрөлгүй антибиотик авч уудаг. Тэр үедээ зүгээр гэж боддог ч архагшуулж байгаагаа мэддэггүй. Ийм л учраас нарийн мэргэжлийн эмч яагаад байдаг, яагаад заавал үзүүлсний дараа эм авч уух ёстой вэ гэдгийг ойлгох нь чухал.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа