Top StoriesСурвалжилга, Нийтлэл

Цагаан сарын бэлтгэл: Барааны үнэ хямд ч худалдаачдад ашигтай ажиллах боломж хомс байна

Цагаан сарын бэлтгэл эхэлжээ. Цар тахлын хоёр жилд урьдынхаараа өргөн дэлгэр тэмдэглээгүй монголчуудын хувьд туулай жилийг илүү цомхон, шинэ хандлагаар угтах хүлээлттэй. Гэхдээ идээ, ширээгээ засна, бэлэг сэлтээ базаана.

“Мишээл экспо” төвд Цагаан сарын үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд дэлгэсэн. Энд үндэсний хувцас үйлдвэрлэгчид ч бараа, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргасан юм. Баярын ширээ засахад наад захын хэрэгцээ бүхий бараанууд, цагаан идээ, бэлгэнд өгч болох багц бүтээгдэхүүнүүд “Мишээл экспо” дахь үзэсгэлэнд цогц бүрэн байсан юм.

Улаанбаатарчууд нэг дороос бэлтгэлээ хангахыг илүүд үзэх нь дийлэнх учир энэ жилийн Цагаан сарын бэлтгэл ажлын өнгө төрхийг чухам энэ үзэсгэлэнгээс сурвалжлахаар зорьсон. Бэлтгэл ажлын өнгө төрхийг харуулахын тулд үзэсгэлэн буусны дараа сурвалжилгыг хүргэж байна.

Сурвалжилгын явцад хэдэн тодорхой зүйл ажиглагдав:

  • Бараа, бүтээгдэхүүний үнэ маш хямд
  • Худалдан авагчид цөөн хийгээд худалдан авах чадвар сул
  • Мөн үзэсгэлэнгийн павильоны түрээс өндөр учраас худалдаачид ашигтай ажиллах боломж хомс байлаа.

Жилийн жилд айл хунараар хэсэхэд тавгийн идээнийхээ оройд тухайн жилийнхээ амьтанг юугаар бэлгэдэж, зассан нь анхаарал татдаг. Зарим айл шар тос тавьдаг бол зарим нь боорцгон “боргоцой”-г ч сонгодог. Тэгвэл энэ жилийн тренд давсан урлал аж. Өөрөөр хэлбэл, давсаар хийсэн цагаан, шар өнгийн туулайг хэвийн боовны лангуунууд нийтлэг өржээ. Энэ жилийн Цагаан сараар айлуудын тавгийн идээний орой хэсэгт давсан туулайг олонтой харж болох нь.

Цаашлаад хэвийн боовны үнэ ханшийн талаар мэдээлэл өгөхөд, орц найрлагаасаа шалтгаалаад ₮4500-₮6700 төгрөгийн хооронд байна. Уламжлалт хэлбэртэйгээс илүү бөөрөөр нь хөндлөн зүссэн юм уу гүрмэл хэвийн боовыг дийлэнх өрсөн байна. Худалдан авагчдын хувьд амталж үзээд, шар тосны орц ихтэйг сонгох хандлагатай. Гэхдээ ихэвчлэн хэвийн боовны сонголтдоо төдийлөн их ач холбогдол өгөхгүй байна.

"Өгөөж"- ийн боов 4250₮-6000₮
"Бамбууш"-ийн боов 4150₮-6200₮
Гүрмэл 5700₮-6700₮

Хэвийн боовоо цуглуулж явсан иргэн Б.Азжаргалаас тодруулахад “Ёс гэдэг утгаараа ямар ч хамаагүй боовоор л тавгаа засна гэж бодож байна. Өвөрмөц, содон байдлаар засъя гэвэл гүрмэл хэвийн боов сонгож болох бололтой. Гэхдээ Цагаан сарыг цомхон тэмдэглэх тул ёс төдий л хандана” хэмээж байлаа.

Дараагийн онцолж болох зүйл бол мэдээж үндэсний хувцас. “Мишээл экспо”-гийн үзэсгэлэнд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүд цөөнгүй байна. Мөн үндэсний хувцсыг орчин үеийн загвар дизайнаар урласан урчууд, брэндүүд олон, сонголт өргөн байлаа. Үнэ ханшийн хувьд ч өнгөрсөн жилүүдээс хямд. Харин загвар, хийцийн хувьд иргэд даавуун материалтай хантааз юм уу модерн хэв маяг шингэсэн даруухан хувилбаруудыг ихээр сонирхож байгаа аж. Харин сүүлийн жилүүдэд тренд болсон хүннү загварын дээл тийм ч сонирхол татахаа больжээ.

Эмэгтэй загварын дээл худалдаж буй эмэгтэйгээс зарим зүйлийг тодруулахад “Хувь хүн бүрийн сонирхлоос шалтгаалаад янз, янзын л өнгө, загвар “гүйж” байна. Харин иргэдийн худалдан авах чадвар муудсан нь эрс мэдэгдэж байна. Бид үнээ нэмээгүй. Бүр нэлээд буулгасан. Гэвч гүйлгээ муутай, иргэд тун бага худалдан авалт хийж байна” хэмээж байлаа.

Гутал, малгайн борлуулалт муу байна. Гутлын лангуунууд ихэвчлэн хүн цөөтэй. Малгайн дээр ганц, нэг хүмүүс зогсох ч мөн л ижил дүр зураг ажиглагдаж байлаа. Булган малгайн павильон дээр зогсож буй эмэгтэйн хувьд “Өнөөдөр ганц малгай л зарлаа. Иргэдийн санхүүгийн чадамж буурсан нь яах ч аргагүй мэдэгдэж байна шүү. Эдийн засгийн байдал сайжрах байгаа даа л гэж найдаж байна. Миний хувьд малгайгаа ердийн үеийнхээс 50 мянган төгрөгөөр татуу худалдаж байгаа. Гэтэл эндхийн түрээс өндөр. Хоёр долоо хоног нь 1.2 сая төгрөг болж байна. Ерөнхийдөө ашигтай ажиллах боломж бага л харагдаад байна” гэлээ.

“Мишээл экспо”-гийн үзэсгэлэнд “Сүү” ХК, “Бурамхан” зэрэг хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн үйлдвэрлэгчид олон байна. Үүнээс гадна гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд үндэсний үйлдвэрлэлээр болон импортын хэлбэрээр цөөнгүй дэлгэгджээ. Тэдний дунд “Монгол Алтайн барагшун” ХХК-ийн лангуу анхаарал татлаа.

Тэд бэлгийн багцдаа 5+1 урамшуулал зарлажээ. Бэлгийн багц нэг бүрийн үнэ 10 мянган төгрөг. Дотроо 100 мл-ээр савлагдсан шууд ууж хэрэглэх 10 ширхэг барагшунтай. Энэ нь зах зээлийн ханшаас 5 мянган төгрөгөөр татуу тогтоосон үнэ юм байна. Энд зөвхөн бэлгийн багцаас гадна барагшуны охь, барагшунтай үе мөчний наалт зэрэг олон бүтээгдэхүүн хямд үнээр зарагдаж байх юм.

Онцлог нь, тэднийх мөн л түрээсийн зардалд 1.5 сая орчим төгрөгийг долоо хоногт төлж буй боловч борлуулалт тааруу байгааг онцолж байлаа. “Монгол алтайн барагшун” ХХК түүхий эдээ өөрсдөө түүдэг. Түүж ирээд боловсруулж, ийн эцсийн бүтээгдэхүүн болгодог дотоодын нэгэн аж ахуйн нэгж юм. Мэдээж бусад худалдаа эрхлэгчдийн адилаар энд ашигтай ажиллах боломж хомс, алдагдал хүлээх ч эрсдэлтэй байгаа боловч ийн бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, бэлгийн багц дэлгэжээ.

Бид Цагаан сарын бэлтгэлээ базааж буй иргэдээс байр суурийг нь сонслоо:

Иргэн Т.Билэгдэмбэрэл “Энэ жил аль болох л бага зардал гаргана. Гэхдээ сүүлийн жилүүдэд уулзаж, золгож чадаагүй хамаатан саднуудынхаараа бол орно гэж бодож байна. Юмны үнэ харьцангуй гайгүй байгаа ч авч буй цалингийн дэргэд амаргүй л тусаж байна. Энд баярын ширээ засах, бэлэг цуглуулахад шаардлагатай бүх бараа байхгүй байна л даа, гэхдээ л үзэсгэлэнгээс бэлтгэлээ базаахад нэг сая төгрөг хол гарчихаар дүнтэй байна” гэлээ.

Мөн иргэн Р.Золзаяа “Монгол хүн юм чинь Цагаан сараа ёс, уламжлал гэж бодон сайхан тэмдэглэнэ гэж зорьж байна. Монголчуудын хандлага хэтийдтэл их мөнгө зардаг, баярхдаг байдлаас холдсон болов уу гэж бодоод байгаа. Хэн, хэндээ дараа учруулахгүй мөртлөө үндэсний баяраа сайхан ёслон тэмдэглээд сурчихвал аштай юу даа. Гэхдээ манайх залуу гэр бүл учраас зочилж ирэх зочин бага, тэр утгаараа бэлэг бараг л бэлдэхгүй. Зөвхөн гэр бүлийн хэмжээнд хангалттай ёсолно гээд үзэхэд 500-700 мянган төгрөг шаардлагатай болж байх шиг. Эндээс цагаан идээ, хэвийн боовоо авлаа” хэмээж байв.

Цагаан сарын баяр болоход долоон хоногийн хугацаа үлдсэн байна. Өдгөө иргэд ид бэлтэлдээ гараад буй. Дүр зургийг “Мишээл экспо”-д дэлгэгдсэн үзэсгэлэн худалдаагаас харахад, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид төдийлөн ашгийн төлөө бус хандлагатайгаас гадна түрээс өндөр тул алдагдал хүлээх ч эрсдэлтэй байгаа талаар ярьцгааж байсан. Харин иргэдийн хувьд аль болох цомхон тэмдэглэнэ, ёс уламжлал учраас идээ ширээгээ засна, харин гоёж гангалах, бэлэг сэлт бэлдэхэд төдийлөн санхүү зарлагадахгүй гэсэн байр суурь нийтлэг баримталж байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэз
Нэз
2 сар 13, 2023 11:56

Дотоодын үйлдвэрээ дэмжье гэхээр үнэ нь арай өндөр байнаа. Авхаа больсон.

Зочин
Зочин
2 сар 13, 2023 19:14

Хөдөөнийхөн айхтар болцон байна. Цагаан идээ дэндүү үнэтэй байхаар яаж орлого орох вэ

Холбоотой мэдээ

Back to top button