УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлалын эхний тойм: БНСУ-Монголын харилцаа илүү сайжирсан дараагийн 30 жилийн төлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалаа өчигдөр албан ёсоор эхлүүллээ. Түүний очсон эхний газар Сөүл дэх Монгол сургууль байсан. БНСУ-д 53,000 монголчууд амьдардаг. Тодруулбал, нэг аймгийн дайтай хүн ам төвлөрсөн газар юм. Энэ утгаараа Ерөнхий сайд хамгийн түрүүнд БНСУ-д өсөж өндийж буй бяцхан монголчуудтайгаа уулзахыг чухалчилсан юм. Тэрбээр дараа нь БНСУ-дахь монголчуудтай уулзаж, үгийг нь сонсож, бодлогоо танилцуулсан гэх мэтээр ер нь айлчлалын эхний өдөр  иргэдээ эргэж очиж байгаа агуулгыг хадгалж байсан юм.    

Сөүл дэх Монгол сургууль нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрддөг. Дашрамд, өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улсын 39 хотод 59 монгол сургууль, хэл соёлын төв байнгын үйл ажиллагаа явуулж байна.Ерөнхий сайд монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлж, үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүссэн.

Мөн “Алсын хараа-2050" бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой Монголын баялаг юм” хэмээн захисан.

Ерөнхий сайдын өчигдрийн хөтөлбөрт Засгийн газрын гишүүн сайд нартай уулзахаас гадна өөр нэг чухал арга хэмжээ багтсан нь Монгол-БНСУ-ын бизнес форум байсан. Олон улсын байдал эгзэгтэй болж буй энэ үед БНСУ бидний хувьд баруун руу харсан цонх, технологи дамжуулах суваг болж үлдэж буй учрыг бид өчигдөр мэдээлсэн. Энэ зорилгыг биелүүлэх гол суваг нь хоёр улсын бизнес эрхлэгчид юм. Ерөнхий сайд форумд хэлсэн үгдээ энэ тухай тодорхой дурдаж, форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа хийгээд, хүлээлт их байгаа болохоо илэрхийлсэн юм.

Тэрбээр “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 33 жил болж байна. БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод бас 33 жил боллоо. Монголын ардчилсан хувьсгал, БНСУ-тай харилцах харилцаа хоёр нас чацуу байдаг юм. Өнгөрсөн 30 жил манай улсын хувьд ардчиллыг тогтоох, бэхжүүлэх он жилүүд байсан. Шилжилтийн хүнд цаг үед тусалж дэмжиж байсанд БНСУ-ын нийт ард түмэнд монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Энэ удаагийн айлчлалыг хоёр улсын харилцаанд шинэ 30 жилийг эхлүүлэх айлчлал гэж ойлгож болно.

Өнгөрсөн 30 жилийн найрамдалт харилцаагаа дүгнээд, эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагаанд шилжих үе ирж байна.

Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны нөхцлийг тохирох зорилго агуулж байгаа.

Зөвхөн төр засгийн түвшинд биш, салбар хооронд, хөрөнгө оруулагчид, иргэд хоорондын харилцаа илүү хөгжсөн 30 жил байгаасай гэж хүсэж байна.

Монгол Улс эрчим хүч, түлш шатахууны хувьд хараат байдлаасаа гарах зорилт тавьж, энэ зорилтоо “Шинэ сэргэлтийн бодлого” гэж нэрлэсэн. Сарын дараа Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орох гэж байна. Дэлхийд дөрөв дэх том зэсийн уурхайтай болж байна. Энэ салбарт дараа, дараагийн Оюутолгойг нээх боломж бий.

Цар тахал, дайн тулаантай байгаа ч улс орнууд даван туулахаас өөр ямар ч аргагүй. Давахын тулд илүү ойрхон байх ёстой гэж ойлгож байгаа. Хамтарч, байгаа нөөц бололцоогоо хамтдаа ашиглах цаг хугацаа ирсэн гэж ойлгож байгаа. Энэ хүрээнд БНСУ-ын ААН-үүдтэй хамтарч ажиллахад бэлэн байна.

Монгол Улс далайд гарцгүй, хоёр улсын дунд оршдог landlocked улс. Гэхдээ Парламентын ардчилалтай, чөлөөт зах зээлийн эдийн засагтай улс. Mindlocked биш гэж бид ярих дуртай. Энэ утгаараа олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзэж ирсэн.

БНСУ 2030 оны дэлхийн экспог зохион байгуулахаар өрсөлдөж байгаа. Манай Засгийн газар хуралдаад БНСУ-ыг дэмжихээр шийдсэн. Учир нь, БНСУ-ын хөгжил, олон улс дахь үүрэг оролцоо нэмэгдэх нь нягт харилцаатай Монгол Улсын хувьд ашигтай юм” хэмээн онцолсон юм.   

Монгол, Солонгосын бизнес форумд Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгч, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагаас оролцлоо.

Ерөнхий сайд энэ өдөр мөн БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын сайд Ким Сын Хо, Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн сайд Хан Дун Хүн нартай уулзаж, ажил хэргийн яриа хэлэлцээр өрнүүлсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жины хамт

Тухайлбал, Пак Жинд 2023-2025 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан гадаадын нэг сая жуулчин авах зорилт тавьж байгаа, Монголд зочлох жилийн нээлтийн ажиллагааг БНСУ-аас эхлүүлж, “Монголд тавтай морилно уу” арга хэмжээг зохион байгуулж байгаагаа танилцуулан энэ салбарт хамтрах саналаа тавьсан. Хууль зүйн сайдтай авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтрах асуудлыг хөндсөн бол хүний нөөцийн сайдтай төрийн албан хаагчдыг чадавхижуулах ажилд хамтрахаар тохиролцсон юм.

Ерөнхий сайдын айлчлал өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдрийн уулзалтуудаас хамгийн чухал нь Ерөнхий сайдтай хийх уулзалт хэлэлцээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button