Сурвалжилга: Зайсангийн уулзварт өөрчлөлт оруулснаар Яармагийн түгжрэл буурчээ
Нэгдүгээр сарын 21-ний өглөөний 06.00 цагаас эхлэн Зайсангийн тойрог буюу ХААИС-ийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт оруулсан.
Ингэснээр, хойноос ирж буй автомашин зүүн гар тийш, баруунаас ирж буй автомашин мөн зүүн гар тийш эргэх боломжгүй болсон.
Бүр тодруулбал, Энхтайваны гүүр даван хотын төвөөс ирж буй тээврийн хэрэгсэл Zaisan Hill рүү, уулын зам руу шууд эргэж болохгүй, чигээрээ яваад Зайсан толгойг тойрч, энэ урсгал руу ордог болсон.
Мөн Яармагаас ирж буй тээврийн хэрэгсэл хотын төв руу уруудахын тулд мөн Зайсан толгойг тойрч, Zaisan Hill-ийн хажуу замаар орон, баруун гар тийш эргэснээр Энхтайваны гүүрийг чиглэх боломжтой болсон юм.
Энэ өөрчлөлт эерэг болон сөрөг ямар өөрчлөлт авчирч буй талаар сурвалжиллаа.

Зайсанд: Зорчигчид өөрчлөлтөд дасаагүй, бухимдалтай байна
Бид эхлээд Зайсангийн тойрогт хүрэлцэн ирлээ. Энд дээр дурдсаны дагуу замын цагдаа зохицуулалт хийхээс гадна, "Нэг урсгалтай", "Зүүн гар тийш эргэж болохгүй", "Орох хориотой" зэрэг тэмдэг, тэмдэглэгээнүүд байршсан байв. Үүний дээр, эгнээ зааглаж, конусууд ч байрлуулжээ.
Шууд зорьсон урсгал руугаа эргэж болдог байсан бол өдгөө заавал Зайсан толгойг тойрох ёстой болсон нь энд зорчиж яваа жолооч нарт бухимдал үүсгэж байгааг харж болохоор байв. Мөн зарим зорчигчид шинэ өөрчлөлтийг мэдээгүй болохоор ч тэр үү, замын цагдаа, гэрлэн дохионы чиглүүлгийг дагах эсэхээ шийдэж ядан түр зогсознох нь харагдаж байв.
Зохицуулалт хийж байсан замын цагдаа "Зайсан толгойг тойрох шаардлагатай болсон нь л зорчигчдод стресс үүсгэж байна. Тойроход их хугацаа орохгүй, өндөр ачаалалтай үед 15-20 минут л шаардаж байгаа. Үүнийг эс тооцвол Яармагаас болон Зайсангаас төв рүү чиглэсэн замд хөдөлгөөний ачаалал эрс багассан. Ялангуяа Яармагийн түгжрэл бууруулахад том хувь нэмрээ оруулж байгаа" гэлээ.
Тэрбээр энэ тухайд ТЦА-наас өгсөн албан мэдээллийг эш үндэс болгох нь зүйтэй хэмээсэн тул нэрийг нь дурдалгүй, ярьсан зүйлийг нь бичлээ.
Яармагт: Түгжрэл эрс буурсныг оршин суугчид хэлж байна
Үүний дараа Яармагт очсон юм. Тэндхийн оршин суугч, зорчигчдод Зайсангийн тойрогт оруулсан өөрчлөлт хэр нөлөөлж буй талаар байр суурийг нь сонссон юм. Улаанбаатарын хамгийн хүнд түгжрэл Яармагт бий болдог. "Яармагт гэртэй бол ажил дээрээ хоносон нь дээр", "Яармаг руу орой явбал бие засах саваа бэлдсэн нь дээр" гэх мэт ёж яриа ч бий болоод багагүй хугацааг өнгөрөөж буй билээ.
Харин оршин суугчид түгжрэл буурсан талаар ярьж байна.
Иргэн А "Өглөө 06.20 цагийн автобусанд амжихгүй л бол ажлаасаа хоцордог байсан. Харин сүүлийн өдрүүдэд 07.20 цагийнхд суусан ч 08.00 цагийн ажилдаа амжаад ирж болж байгаа. Тийм учраас Зайсангийн тойрогт хийсэн өөрчлөлт үүнд нөлөөлсөн болов уу гэж бодож байна" гэлээ.
Мөн сурагчдаас байр суурийг нь тодрууллаа. Тэд хотын төв рүү сургуульдаа явахад түгжрэх нь багассан талаар ярив. Түүнчлэн "Аав, ээж нар үүнийг Зайсанд хийсэн өөрчлөлтөөс болсон гэж ярьж байна билээ. Түгжрэл багассан нь бидэнд мэдэгдэж байгаа гэлээ".
ЕБС-ийн сурагч Т "Өглөө хичээлдээ явахад ч, орой тараад ирэхэд ч заавал 2 цаг орчим түгжирдэг байсан. Харин сүүлийн өдрүүдэд түгжрэл багассан шүү. Ихдээ л 1 цаг 30 минут, бусад үед 1 цаг дотроо харьж байгаа" хэмээж байв.

Тоон үзүүлэлт: Яармагийн гүүрний ТХ нэвтрүүлэх чадвар 37 хувиар өсжээ
Тэгвэл албаны хүмүүсийн тооцоо, судалгаа юуг өгүүлж байна вэ.
Хамгийн анх ТЦА-наас болон Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс Зайсангийн тойрогт өөрчлөлт оруулснаар: ХААИС-ийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 35.5 хувиар нэмэгдэж, уулын зам дахь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэнэ хэмээн тооцоолж байсан юм.
Тэгвэл, пүрэв гарагт ТЦА-наас мэдээлэл хийхдээ:
- Яармагийн гүүрний /баруунаас зүүн чиглэсэн хөдөлгөөн/ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 37 хувиар өссөн. Цагт 2177 автомашин нэвтрүүлдэг байсан бол өдгөө 2992 болж нэмэгдсэн.
- Энхтайваны гүүрний /хойноос урагшаа/ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 44 хувиар өссөн. Цагт 1754 автомашин нэвтрүүлдэг байсан бол өдгөө 2529 болж нэмэгдсэн гэж мэдээлсэн юм.
Үүнээс харахад, анхны тооцоолол болон одоогийн нөхцөл байдлыг харахад эерэг өөрчлөлт орсон байна. Яармагийн оршин суугчид ч түгжрэл буурсан талаар мэдээлж байгаа юм.
Харин Зайсангийн тойрог нэг чиглэлтэй болсон учраас, заавал Зайсан толгойг тойрох шаардлагатай байгаа нь тэнд зорчиж буй жолооч нарт бухимдал үүсгэсээр байна. Энэ нь Яармагт, эсвэл төвд биш Зайсанд амьдардаг оршин суугчдын амьдралын хэмнэлд тодорхой өөрчлөлт оруулж буй нь мэдээж. "Яармагийн түгжрэлийг бууруулах үйлийн үр Зайсангийн оршин суугчдын толгой дээр ирж гээд л тайван байхаас" гэлцэх хүмүүс цөөнгүй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Марш�##�ын гүүрний түгжрэл бас байхгүй болсон. Ер нь их зөв зохицуул�##�т болсон.
Уулзварыг урт хугацааны түрээсээр өгвөл асууд�##� байхгүй болох биш үү.Төр аж ахуйд хутг�##�дах хэрэггүйг 30 жил нотлосон бус уу.
Mash zuv bvr Oncsain zoxicuulalt bolson! Amjilt xvsie!