Монголчуудад 25 жил тусалж яваа 80 настай Анита: Амьдралын багахан боломжоо ашиглаж, бусдад тусалдаг

Анита Фарни Монгол Улсад 1998 онд анх иржээ. 1960-аад онд хамт ажиллаж байсан Азийн сангийн нэгэн ажилтан анх “Монголд очиж эмэгтэйчүүдтэй уулзаач” гэж хэлснээр Анитагийн Щвейцарь-Монгол чиглэл дэх аялал эхэлж. Товчхондоо тэр өөрийн амьдралын 25 жилийг монголчуудад, тэр дундаа боловсролын салбарт зориулан амьдарч байна.
Олон улсын "Тахь" групп нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн тэрбээр Монгол улсад тахь нутагшуулах, багш, оюутнуудыг Щвейцарьт суралцуулах, өөрийн улсаас багш нарыг урьж англи хэл заалгах, мөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хэрэгцээтэй эд зүйлсээр туслахад тэр эндэх цаг хугацаагаа зориулж буй.
Сүүлийн жилүүдэд хатагтай дунд сургуулийн англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй хүүхдүүдэд зориулсан номуудыг эрхлэн гаргаж байна. Ингэхдээ монголчуудын амьдралаас сэдэвлэсэн зохиолоо өөрөө бичиж, бүх зардлыг шийдэн хэвлүүлж үнэгүй тараадаг юм. Нэг номоо 10 мянган ширхэг хэвлүүлж, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй түгээдэг.
Түүнчлэн Щвейцарь улсаас дахин ашиглах боломжтой эд зүйлсийг цуглуулж Монгол руу ачуулан хэрэгцээтэй хүмүүст хүргэнэ. Нэг удаад бүр 1000 гаруй хичээлийн самбарыг манай сургуулиудад зориулан ачуулж байжээ. Харин энэ удаа цуврал номоо хэвлүүлэх, шинээр гарах номынхоо хэвлэлтэд ивээн тэтгэгч олох зорилгоор ирээд байна.
Анита Фарни МУИС-ийн хүндэт доктор, "Алтан гадас" одонт.
-Монголын боловсролын салбар хүүхдүүдийг унших сургах, сайн багш бэлтгэхэд анхаарах хэрэгтэй-

-Та өөрийгөө танилцуулаач?
-Би Америкт төрсөн. Гэхдээ сүүлийн 53 жил Щвейцарьт амьдарч байгаа. Намайг Щвейцарь эсвэл Америк хүн гэж алинаар нь ч хэлсэн болно. Дээхэн үед би Тайваньд франц, англи хэл зааж байлаа. Тэр үед хамт ажиллаж байсан, хожим Монголд Азийн сангийн захирлаар ажиллах болсон нэгэн танил маань Монголд очиж эмэгтэйчүүдтэй уулзаж, танилцаж, тэдэнд туслаач гэж хэлсэн. 1998 он шүү дээ. Тэр цагаас хойш ковидын жилээс бусад бүх он жилүүдэд Монголд ирж, өөрийн гэсэн соёл боловсролын хөтөлбөрийг зохиогоод ажиллаж байна даа. Жишээ нь, 108 оюутныг Щвейцарьт сургасан. Тэр эмэгтэйчүүд одоо буцаж ирээд герман, англи хэл зааж байна. Бас англи, герман хэлний 45 багшийг Щвейцарьт урьж сургасан. Мөн Щвейцариас 160 гаруй герман, америк, щвейцарь хүмүүсийг урьсан. Тэд зургаан долоо хоногоос гурван жил хүртэл Монголд амьдарч хичээл заасан. Би олон улсын "Тахь" группын ТУЗ-ийн гишүүн. Манай байгууллага тахийг Монголын говийн Б хэсэгт нутагшуулсан. Энэ бол миний анхаарлаа хандуулдаг чухал ажлын нэг юм. Тахь одоо үржсээр байгаад 500 толгой болсон. Ирэх жил бид Дорнодын талд тахь нутагшуулах төлөвлөгөөтэй байна.
-Та монгол хүүхдүүдэд зориулж өөрөө ном зохиож, хэвлүүлж, үнэгүй тарааж өгдөг. Энэ ажлыг хэдийнээс эхлэв?
-Анх тахийн тухай хүүхдүүдэд танилцуулах гэтэл ном хэрэг болсон. Тэгээд Улаанбаатар хотоос ээжтэйгээ тахийн тал руу аялж байгаа охиноор гол дүр болгож “Туяагийн аялал” анхны номоо бичиж, 10 мянган хувь хэвлээд найман аймагт үнэгүй тараасан. Ном маань амжилттай болсон учраас англи, монгол орчуулгатайгаар хүүхдүүд өөрсдийнхөө орны тухай уншиж танилцах боломжийг олгохоор үргэлжлүүлсэн. Хүүхдүүд унших ном бага байдаг юм билээ. Тийм учраас л би бичсэн. Ер нь англи хэл дээр монгол хүүхдүүдийн амьдралынх нь тухай бичсэн гэж ойлгож болно. Ингэхдээ яг өөрсдөд нь байдаг асуудлуудыг хөндсөн. Үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, архидалт, авлигал, цахим гадуурхал гээд бүгдийг нь багтаасан. Энэ мэтээр би бичсээр найм дахь номоо ирэх долоо хоногт хэвлэлтээс авах гэж байна. Тэр бол гэр бүлийн хүчирхийллийн тухай юм. Түүний дараагийн гурван номны чимэглэл, зураглал дээр ажиллаж байна. Ингээд удахгүй 11 ном болох нь дээ.

-Бүгд л өөр өөр асуудлыг хөндсөн үү?
-Зарим ном дээр ижилхэн зүйлсийн тухай өгүүлдэг. “Анхмаагийн хариулт” бол ажил хайж байгаа ганц бие ээж, багш эмэгтэйн тухай ном. Сургууль ажилд авахын тулд түүнээс мөнгө нэхнэ. “Халиун, Кэйт хоёр” монголчуудын өнгөт арьстай хүмүүст хандах хандлага, дээрэлхэлт, онлайн булли мөн тамхидалтын тухай ч оруулсан. “Асрагч Чимгээ” номондоо гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудал хөндсөн. Эмч найз нараасаа сонссон кэйсүүдээ бодоод л бичсэн. Надаас хүмүүс та энэ нийгэмд болж байгаа зүйлсийг яаж мэддэг юм бэ гэж асуудаг. Би 26 дахь удаагаа Монголд ирж байна. Ирэх болгондоо найзуудаасаа энд юу болж байгааг асууж мэдээд, үүнийгээ номондоо оруулахыг хичээдэг. Баримт дээр тулгуурлаад миний зохиосон үйл явдлууд миний байнга очдог Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймгуудад болж байгаагаар өрнөнө.
-Өмнө нь та зохиол бичиж байв уу?
-Би зохиолч хүн биш, суралцаж л байна. “Туяагийн аялал” анхны ном гэдгийг түрүүнд хэлсэн шүү дээ. Гаргасан номуудаа эргээд харахаар арай өөрөөр бичих олох байж гэж харсан. Тийм учраас одоо гарах номнууд илүү сайн болох болов уу. Би хэвлэхээсээ өмнө дотнын хүмүүсээрээ уншуулдаг. “Адмон” хэвлэлийн газрын Р.Энхбат монгол хэл руу орчуулж бас эднийд хэвлэдэг. Бид монголын боловсролын салбарын талаар олонтой ярилцаж, яаж туслах хэрхэн сайжруулж талаар БШУЯ-тай бас хамтран ажилладаг. Бага насны хүүхдүүдийг уншиж сурах, багш нараа сайн бэлтгэх нь маш чухал. Монголын багш нарын цалин багахан нэмэгдсэн гэж сонссон. Үүнд их баяртай байгаа ч инфляц нэмэгдсэн болохоор амьдрал нь асуудалтай л байна даа.
-Бага насны хүүхдийг уншиж сургах нь боловсролын салбарын чухал асуудал гэж хэллээ. Чухам яаж гэдэг талаар зөвлөөч?
-Хэдхэн хоногийн өмнө БШУЯ, БЕГ-ын хүсэлтээр ирсэн АНУ-ын Фүүлбрайт сангийн мэргэжилтэн Жессика Парра Монголд ажиллаж, унших чадварыг хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө сургалт хийсэн. Түүний судалгаанаас монгол эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ ном уншиж өгдөг уламжлал, дадал байдаггүй юм байна гэж дүгнэгдсэн. Гэтэл бусад орнуудад хүүхдэд 1 настайгаас эхлээд ном уншиж өгдөг. 3-4 нас хүүхдийн тархины оргил хөгжлийн үе байдаг. Энэ үед нь ном уншиж өгнө гэдэг маш их ач холбогдолтой. Уншиж сурна гэдэг бүх мэдлэгийг олж авахын эх үүсвэр. Тэгэхээр энэ маш эрт эхлэх ёстой. 1-2 настай хүүхэдтэй ээж, аавууд өвөр дээрээ суулгаад ном уншиж өгдөг цагийг заавал гаргах ёстой. Тав уншиж өгөхөд хүүхэд ойлгоно, цээжилнэ. Номыг эргүүлж уншдаг, ойлгодог дадал сууж эхэлнэ. Америкийн кантри дуучин Долли Партон 0-5 нас хүртэлх хүүхдэд "Сард нэг ном" хөтөлбөрийг явуулдаг. Өөрөөр хэлбэл 0-5 нас хүртэл нэг хүүхэд 60 номтой болчихно гэсэн үг. Тэр уг номнуудаа үнэгүй тараадаг.
-Азаар би номуудаа өөрөө санхүүжүүлж хэвлэж чаддаг-

-1998 оноос хойш 26 удаа иржээ. Хамгийн удаан нь хэр хугацаагаар байсан юм бол?
-Хамгийн ихдээ 35 хонож байсан. Ирэх болгондоо маш завгүй, буцахдаа ихэд ядарчихсан байдаг. Нэг л удаа 21 хоногоор ирсэн жуулчин зөндөө юм үзчихсэн байна. Тэгэхээр би Монгол Улстай танилцаж амжаагүй л явна гэж өөрийгөө дүгнэхэд хүрсэн. Энэ удаад би ихэнх цагаа Улаанбаатарт өнгөрүүлнэ. Учир нь дараагийнхаа номуудыг хэвлүүлэх, мөн энэ ажил дээр хамтрах хөрөнгө оруулагч олох ажил байгаа.
-Та нэг номыг 2.5 ам.доллароор 10 мянган хувь хэвлэж үнэгүй тараадаг юм байна. Энэ бүх санхүүжилтээ хэрхэн босгож ирсэн бэ?
-Азаар би зарим номоо өөрөө санхүүжүүлж, хэвлэж чаддаг. Надад тийм боломж байна. Дээрээс нь “Монгол боловсрол”, “Ротари” клуб, “Лайн” клуб, найз нөхөд, хамаатан садан гээд надтай хамтран ажиллагсад олон бий. Харин сүүлийн жил цаас маш үнэтэй болж, зузаан ном хэвлүүлэхэд зардал өндөр болжээ. Тийм учраас монгол хүүхдүүдэд унших ном хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хувь хүмүүс, байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авч чадах болов уу. Хөдөө хүүхдүүдэд англи хэл дээр унших ном цөөн. Ном байлаа ч худалдан авахад хүндрэлтэй учраас би үнэгүй тараах ёстой гэж боддог. Тэгээд үүнийг санхүүжүүлэх хүн гарч ирнэ гэдэгт найдаж байгаа.
-Та олон жил дахин хэрэглэх боломжтой эд зүйлийг монгол руу зөөсөөр иржээ. Түүртдэг үү?
-Энэ амьдралд минь надад бага зэргийн боломж бололцоо байгаа учраас түүнийгээ ашиглаж бусдад тусалъя гэж боддог. Одоо би 80 нас хүрчихлээ. Дээхэн цагт би 1000 гаруй хичээлийн самбар цуглуулаад Монгол руу явуулж байлаа. Одоо заримдаа ядрах болжээ. Ер нь бол энэ амьдралд бололцоотой байгаа хэн ч гэсэн бусдадаа туслах ёстой гэж би боддог. Монголчууд өөрөө үндэсний баячуудтай, эд баялагтай боллоо. Ийм хүмүүс нь эргээд бусдадаа туслах тийм цаг ирнэ байх аа. Хэн нэгэнд бусдад туслах боломж байгаа л бол бусадтай хуваалцах хэрэгтэй. Миний энэ бүх ажил намайг аз жаргалтай болгодог. Мөн Монголоос Щвейцарьт аваачиж сургасан эмэгтэйчүүдийн ажил үйлс дэлгэрч, эргэж ирээд монгол хүүхдүүдэд тэр бүхнээ хуваалцаж байгааг харахад таатай байдаг.
-1000 самбар яаж цуглуулсан бэ. Санаанд багтамгүй ажил шүү?
-Мэдээж маш их ажил болсон. Манай тэндхийн сургуулиуд хангамж сайтай. Одоо ухаалаг самбарууд хэрэглэх болсон учраас өмнө хэрэглэж байсан самбарыг цуглуулаад нааш нь явуулсан. Хэрэглэгдэхүүн нь маш чанартай. Хүүхдийн ширээ л гэхэд 15 жил хэрэглэсэн байхад энд ирээд ч мөн тийм хугацаанд ашиглах боломжтой. Би 27 чингэлэг Монгол руу ачуулсан.
-Цаашдаа та ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Бие минь дийлж байвал жил болгон ирнэ. Одоо чөлөөт хэвлэлийн тухай ном бичнэ. Ирэх жил сонгууль болох гэж байгаа, хэвлэл мэдээллийн бие даасан, улс төрчдөөс хараат бус байхын ач холбогдлыг таниулах нь чухал. Монгол залуус 1990 оны шилжилтийн үе ямар хэцүү байсныг тэр бүр мэддэггүй. Би тэр талаар ч бас бичнэ. Бичих сэдэв их байна шүү дээ. Тэгээд номоо хэвлээд үнэгүй тараагаад, ер нь хийдэг бүх ажлаа үргэлжлүүлсээр байх болно.
-Та Щвейцарь улсаас 160 багшийг Монголд авч иржээ. Тэдэнд Монгол орныг хэрхэн танилцуулдаг вэ?
-Монголын талаар сонирхдог ч мэддэг хүмүүс ховор байдаг. Тийм учраас би холбож өгдөг. Саяхан нэг байгууллага дээр очиж Монголын тухай танилцуулахад гурван хүн ирж багшилья гэж санал тавьсан. Щвейцарьт нийгмийн даатгалын шимтгэл өндөр учраас тэтгэвэр өндөр тогтоодог. Тэр утгаараа тэтгэвэртээ гараад аялах боломжтой хүмүүс олон. Монголд ирсэн багш нар дунд тэтгэврийн хүмүүс олон бий. Би бас олон орны залуус нэгдэх ёстой гэж боддог. Одоо цагт жуулчид зүгээр нэг аялахыг хүсдэггүй, байгаль орчин, хүмүүнлэгийн чиглэлээр бусдад туслахыг эрхэмлэх болсон шүү дээ. Би монголчуудыг нөхөрсөг, найзархаг, зочломтгой, сурч мэдэх дуртай гэж танилцуулдаг.
-Түгжрэл, агаарын бохирдол, төлөвлөгөөгүй хот дэлхийн хаана ч байдаг асуудал-

-Монголын тухай танд шүүмжлэл бий юу?
-Шударга биш асуулт байна. Би энэ оронд ирчхээд шүүмжилж, элдэв юм ярих нь зохисгүй. Монгол үнэхээрийн сайхан орон. Хаана ч байдаг асуудлууд л энд байна шүү дээ. Төлөвлөгөөгүй хот, түгжрэл, агаарын бохирдолтой нүүр тулж байна. Гэвч үргэлж сурч мэдье гэдэг хүмүүстэй учраас удахгүй сайхан болно. Би Монгол Улсыг ирэх бүрдээ хөгжиж байгааг мэдэрдэг. Дэлхийн байдал амаргүй байна шүү дээ. Монголчуудын өнөөдрийн нүүр тулаад байгаа асуудал хаа сайгүй л бий. Ганцхан монголчуудын асуудал биш шүү дээ. Арванхоёр+дугаар сард болсон нүүрсний эсрэг жагсаалыг би хувьдаа маш их дэмжсэн. Ийм элдэв хэргийг олж илрүүлээд, зохих шийтгэлээ авах ёстой. Энэ бүх асуудлаа монголчууд өөрсдөө л шийднэ.
-Таныг танил тань яагаад Монголд очооч гэж хэлсэн юмбол?
-Тэр хүн Монголд 1990-ээд онд ажиллаж байсан. Түүнээс өмнө бид Тайвань улсад хамт ажиллаж байсан учраас орон нутаг, үндэсний болон олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай холбоо тогтоож, анхаарлаа хандууулж явдгийг мэддэг. Тэр утгаараа надад Монголын тухай хэлсэн. 1995 онд би Бээжинд болсон НҮБ-ын эмэгтэйчүүдийн хуралд оролцоод эмэгтэйчүүд энэ нийгэмд ямар чухал үүрэгтэй болохыг илүү ихээр мэдэрч, дараахан нь Монголд ирсэн. Хятадад эмэгтэйчүүд дэлхийн талыг авч явдаг гэдэг зүйр үг бий. Би бол талаас илүү эсвэл тэдний авч яваа тал илүү хүчтэй гэж боддог.
-Би таныг маш олон дүрээр харж байна. Байгаль хамгаалагч, хүмүүнлэгийн ажилтан, зохиолч гээд л. Энэ бүхнээс өмнө та ямар ажил хийж байсан бэ?
-Би ээж бас эхнэр байсан. Нөхрөөсөө салаад олон жил болжээ. Би хоёр охинтой. Тэд 45, 49 настай. Нэг охин маань Бангладешт байгаль хамгаалах чиглэлээр 20 гаруй жил ажиллаж байна. Нэг охин маань Щвейцарьт амьдардаг эмч хүн бий. Би өөрийнхөө хотын иргэдийг төлөөлөн парламентын гишүүн байсан. Улс төрийн үйл ажиллагаанд их идэвхтэй оролцдог байсан. Мөн байгаль хамгаалах олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байсан. Миний аав профессор хүн байсан учраас манайх олон оронд очиж амьдарч аялж сурсан гэр бүл. Миний төрсөн ах, дүү нар Судан болон бусад оронд хүмүүнлэгийн ажил хийдэг.
-Та 80 настай гэсэн ч залуухан харагдаж байна шүү. Хэрхэн ийм байгаа нь хэн нэгэнд үлгэр дуурайл, сэдэл болно доо?
-Би үргэлж идэвхтэй амьдардаг. Үргэлж сурч мэдэхийг хүсдэг. Миний бодлоор сайн багш сурагчаа сониуч болгон хүмүүжүүлэх ёстой. Хүүхэд төрөөд их сониуч байдаг. Түүнийгээ л алдаж болохгүй, өтөл насаа хүртэл хадгалж байх ёстой. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Би одоо ч маш сониуч, үргэлж сурч мэдэхийг хүссэн хэвээр л явна. Тэгэхээр хүмүүс үргэлж сониуч, сурч мэдэхийг хүсэж, хичээн шамдаж байгаарай. Зөвхөн өөрийгөө биш бусдыг бодож байгаарай. Амьдралд зарим хүмүүс боломжтой, нөхцөл сайтай, зарим нь боломжгүй байна. Гэвч харилцан хүндэтгэл үргэлж байх ёстой юм шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярл�##�аа таньд. Эрүүл энх аз жарг�##�ыг хүсье.
Маш сайхан эерэг мэдээ байна. Манай төьд ч бас их олон зүйлсээр туслаж байсан. Баярл�##�аа
Egel daruu engiin ene saixan gerel gegee tsatsruulsan emegtei Mongol ulsiin ireeduin tuluu sanaachlaga gargan zurx setgelee zoriulan olon saixn uil ajillagaa zoxion baiguuljee Tanidaa bieiin eruul mend setgeliin amar amgalang xusie
Энэ ямар сайхан хүн бэ. Үнэхээр чин сэтгэлтэй өгөөмөр хүн байна
Анита тандаа баярл�##�аа. Эрүүл энхийг хүсэн ерөөе
сэтгэл сайхан болохоор царай зүс нь хүртэл сайхан юм Маш овор багатай , монгол эмэгтэйгээр бол 50 гарсан юм шиг л харагдаж байна.
энэ сайхан сэтгэлт Монголын хойч үе хүүхэд багч уудад гэгээлэг сайхан үйлс бүтээн буй эрхэмийн үйлсыг дэмжин санхүүжүүлэх дэмжих сайхан сэтгэлт шинэ цагийн бизнес з�##�уус гарч ирнэ гэдэгт найдаж байна.
Өөрийн амьдр�##�ын багагүй хугацааг манай орны хүмүүсийн сайн сайхны тулд зориулж байгаа буурайд баярл�##�аа.урт нас�##�ж удаан жаргаарай.Гадаадын хүн чин сэтгэл гаргаж өөрийн хөрөнгө мөнгөө манай улсын сайн сайхны төлөө зарцуулж байхад манай ихэнх эрх мэдэлтэнгүүд баяжих бэлжих шун�##�даа автаж улс орноо тонон дээрэмдэж байгаа нь даанч гомдмоор.
Yostoi bie saitai hun shuu.Terneesee iluu saihan setgeltei.Mongold ih ch tus bolj bgaa daa.
Sain saihaniig husie Anita.
Үнэхээр мундаг хүн шүү. Хүндэтгэн дээдэлж явдаг.
Баярл�##�аа таньд, эрүүл энх,сайн сайхныг хүсье!
Манай хүүхэд багачуудын болон монгол нутагт тахь нутагшуулахын төлөө ихийг хийж буй танд их баярл�##�аа. Бахархам мундаг танд эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол хүүхдүүдийн боловсролд сайхан хувь нэмэр оруулж байгаа таньд т�##�арх�##� дэвшүүлье
Таньд т�##�арх�##� дэвшүүлье